Ж.Батдэлгэр: Шинэ хуулиар ГАЗРЫН ХЭВЛИЙД их, бага хэмжээгээр ХАЛДСАН Л БОЛ эрүүгийн ХЭРЭГ ҮҮСГЭДЭГ болсон

: 122 өдрийн өмнө / 2018-05-21 09:53:06

Дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг угтан “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний хүрээнд хууль бусаар ашигт малтмал олборлох, түүнтэй холбогдох хэрэг, зөрчлийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Ж.Батдэлгэртэй ярилцсанаа хүргэж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээг эхэлж байгаа юм байна. Тус аяны зорилго юу вэ?

ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран Дэлхийн байгаль хамгаалах өдрийг угтан улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд явж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг”-ийн талаар иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн зөв ойлголтуудыг өгөх, хор уршигийг нь таниулах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, байгаль экологидоо эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм.

Ер нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт ямар хэргүүд багтдаг вэ?

Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг  таван  төрлөөр шалгаж байна. Тухайлбал Байгаль орчныг бохирдуулах, Ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах, Хууль бусаар ан агнах, мод бэлтгэх, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах зэрэг гэмт хэрэг зөрчлийг шалгаж байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэж яг юуг хэлэх вэ?

Хуулийн нэр томъёогоор ”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлдэг. Харин ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэсэн ойлголтыг  өөр өөр ойлгох хэрэгтэй.  Жишээ нь:

”Ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялагыг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;

”Ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэдэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж, хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийг хэлнэ.

Сүүлийн жилүүдэд Ашигт малтмалыг хууль бусаар олборлох, ашиглах зэрэг зөрчлүүд хэр гарч байна вэ?

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох төрлийн гэмт хэргийн хувьд 2013 онд 41, 2014 онд 38, 2015 онд 39, 2016 онд 53, 2017 онд 104 гэмт хэрэг бүртгэгдсэн тоон судалгаа гарсан. Эндээс харахад гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа.

Гэмт хэрэг өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлс юу вэ?

Хэд хэдэн хүчин зүйлийг нэрлэж болно. Тухайлбал хуучин мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулиар заавал хохирол учруулж байж гэмт хэрэгт тооцдог байсан. Харин шинэ хуулиар материаллаг бүрэлдэхүүн шаардахгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсоноор эрүүгийн хариуцлага татаж байгаа нь гэмт хэрэг өсөх нэг үндэслэл болж байна. 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжилтийг хангах үүднээс энэ төрлийн гэмт хэргийн шалгалтуудыг эрчимтэй явуулсанаар нуугдмал байсан гэмт хэргүүдийг илэрүүлэн бүртгэлд оруулснаар гэмт хэргийн тоо өсөж харагдаж байгаа юм.

Уул уурхайн салбарт яг ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийхгүй хаях, байгаль орчинд хортой техник технологиор үйл ажиллагаа явуулах, химийн хортой бодис ашиглан зөвшөөрөлгүй байж хортой бодис ашиглах /мөнгөн ус, цианит натри гэх мэт/, хайгуулын лицензтэй байж олборлолт явуулдаг зэрэг нийтлэг зөрчлүүд гардаг.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буй гол шалтгаан нөхцөл нь юу бэ?

Нэг талаас манай иргэдийн хувьд  хууль, эрх зүйн мэдлэг багатайгаас  болж байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдлууд байна. Нөгөө талаас богино хугацаанд хялбар аргаар их хэмжээний мөнгөтэй болох зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх тодорхой нэг шалтгаан болж өгч байна.

Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд энэхүү нэгдсэн аяныг зохион байгуулж байгаа юм. Иймд иргэн бүр  “Байгалиа хамгаалъя” аянд өөрийн хувь нэмрээ оруулж,  идэвхтэй нэгдэн оролцохыг уриалж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Үнэн болов уу
120 өдрийн өмнө / 66.181.169.106

Их бага хэмжээгээр газрын хэвлийл халдвал эрүү үүсгэнэ гэнэ. Үнэн бол сайхан аа.