Ерөнхийлөгч хөгжлийн тэс өөр санал тавьж сюрприз барилаа

: 120 өдрийн өмнө / 2018-05-23 10:00:23

Түүний Эдийн засгийн чуулганд тавьсан илтгэлд ШХАБ-тай илүү ойртох тухай санаа, бүр төлөвлөгөө дурдагдав. Илүү ойртох гэдэг нь ажиглагчийн дараагийн статус буюу элсэж орно гэсэн үг юм. 

ШХАБ нь жил ирэх бүр улам цэрэг, батлан хамгаалахын талын шинжтэй байгууллага болж НАТО, өрнөдтэй илт шатрын өргийн 2 талд байршиж байгаа. Хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, нөлөөллийн бүсээ хэзээ ч хуваалцахгүй. Харин манай улс төвийг сахина гэсэн уран статусийг тодорхойлоод удаж байна. Ерөнхийлөгч Элбэгдорж үүн дээр чадамгай тоглодог байв.

Бид чинь болоогүй бас “цөмийн зэвсгийг үл дэмжих” нтр гэсэн өхөөрдөм малгайтай. Үнэндээ маниусаас шалтгаалж дэлхий дээр, тэр байтугай манай улсад юу ч өөрчлөгддөгүй юм. Ганц том төсөл дээр нь гэхэд гадныхан л үзэлцдэг. Өөрөөр хэлбэл өрнөд ба орос, хятадууд. Бид зөвхөн коммэнт л бичиж “эх оронч мөн бишээ” үзэлцдэг гэдгээ мэдэх хэрэгтэй. Үүнийг Ерөнхийлөгч илтгэлдээ тодорхойлохдоо “Монголын эдийн засагт  бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол Их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарьлалт, таталцал, түлхэлцэл юм” гэж хэлсэн. Амьдрал дээр хоёр хөршийн геополитикийн тоглоомыг өрнөдийн бодлого давамгайлж чадахгүй, тоглоомынх нь дунд бид л туйлдсаар байгаа нь үнэн.Ерөнхийлөгчийн багийнхан энийг “1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна” гэж тодорхойлжээ. 

“Төвийг сахих статус”, “гуравдагч хөршийн бодлого” нь бид хоёр их хөршийнхөө нөлөөнд бүрэн орчихгүй тэсч үлдэх зорилготой гэж томьёлдог. Үүнийгээ ч чадан ядан хийсээр ирсэн. Өрнөдийн хөрөнгө оруулалтад найр тавина, үйлдвэр байгуулна, эцсийн бүтээгдэхүүн хийнэ гэдэг “гэнэхэн төсөөлөл” санаанууд энд явдаг. Эсрэгээр хоёр хөрш биднийг ядуу, нэмүү өртөгтэй стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалгүй, боловсролгүй байлгах гэж чармайдгийг сүүлийн 20 жилийн тохиолдлуудаас тод харж болно. Бид хэрэндээ л тэмцэж “төвийг сахисаар” ирсэн билээ. 

Гэтэл Ерөнхийлөгч Баттулга энэ тэмцлийг зогсоож нэг талдаа гарах санал санаачлага гаргалаа. Энэ нь түүний илтгэлд буй “...монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Харьцуулахад 2017 оны байдлаар БНХАУ-ын зүгээс Казахстанд 42,8 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, 50 тэрбум долларын зээл олгожээ” гэдэг өгүүлбэрээс тод харагдав. Сайхан өгүүлбэр. Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа холдох вэ. Энэ бол Өрнөдийнхнийг гаргаад хятадуудыг оруулж ирье гэдгээ ил тод зарласан хэрэг. Өөр утга байхгүй. Яг л ийм процесс болно. Хятад ороогүй үлдсэн хэсэгт нь оросууд орж ирнэ. Ахиж өрнийн, америкийн хөрөнгө оруулалт энэ тэрийг мартаж таарна. Магадгүй зөв ч байж болох юм. Ши даргын хэлсэн "Хятад хөгжиж байна, хаялгаас нь хүртвэл хүрт" гэсэн үг үүнээс өөрөөр хэрэгжихгүй болохыг Монголыг тойрсон Бүс ба зам хөтөлбөрөөс хангалттай харж байна. Гагцхүү үндэсэрхэг үзэл тунхаглан гарч ирсэн, хамгийн античайна үзэлтнүүдийн нягт дэмжлэгтэй Ерөнхийлөгч хэллээ шүү дээ гэдэг нь л гайхал төрүүлж байгаа юм. Магадгүй бизнесмэн хүнд улс нь удаан мөнгөгүй, байрандаа цогиод байгаа нь тэсвэрлэшгүй санагдсан байж болох юм. Мөнгө ч цутгана л даа. Мэдээж энэ нь түүний хэлсэнчлэн “прагматик” уу гэвэл тийм. ШХАБ-д “зөвшөөрөх” нь бидний мөнгө хурдан олох найдвартай арга мөн нь мөн. Гуя дагаж хүзүү л байх байх...  

Одоо үүнийг УИХ-аар хэлэлцэнэ, магад унана. Харин Ерөнхийлөгчийн Хятадад айлчлахын өмнө хийсэн том комплимент болж үлдэнэ. Михайл болгонд л бодол байдаг шүү дээ.

Нийтлэлч Артаньян
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
119 өдрийн өмнө / 64.119.21.179

HAR UHAANAAR TOVIIG SAHIHAHIIN ESREG

эрка
120 өдрийн өмнө / 27.123.214.82

Айл хүний амь нэг гэдэг.Мөнхийн 2 хөрштөйгөө найзалсан нь дээр байхаа

эрка
120 өдрийн өмнө / 27.123.214.82

Айл хүний амь нэг гэдэг.Мөнхийн 2 хөрштөйгөө найзалсан нь дээр байхаа