Ч.Улаан: УИХ Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг батлаагүй шүү

: 13 өдрийн өмнө / 2018-06-12 10:18:32

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Оюутолгойн гэрээг сайжруулах лобби бүлэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Юун дээр анхаарч байна вэ?


-Лобби бүлгийн гишүүд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ, Оюутолгой Тавантолгойн орд газрыг ашиглах талаар төрийн бодлого чиглэлүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын тогтоол шийдвэрүүдтэй нарийвчлан танилцаж байна. Үүний дараа энэ төслийн хэрэгжилтийн явцад үнэлэлт дүгнэлт өгөх ажлаа хийнэ. Ер нь лобби бүлгийн эхний зорилго бол УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийг дэмжиж, хамтарч ажиллах шүү дээ.

Тэр хүрээнд тодорхой асуудлаар санал санаачилга гаргах, тооцоо судалгаа хийх зорилготой. Гол нь Ажлын хэсэг ажиллаад дүгнэлтээ гаргахад түүнийг хүлээж авах улс төрийн болоод нийгмийн дэмжлэг үзүүлэх хөрс суурийг бэлтгэх чиглэлд лобби бүлгийн анхаарал бас онцгой хандаж байгаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ бид гурвын зүгээс Оюутолгой төслийн хэрэгжилтийн явцын талаар Засгийн газраас хийж буй ажлын асуудлаар асуулга тавьсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад тавьсан асуулгыг УИХ-аар ойрын хугацаанд хэлэлцэнэ. Бид мөн нэмэлт тодруулах материалуудыг авахаар саналаа явуулчихсан байгаа. Ингээд ойрын үед УИХ-аар Оюутолгойн асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Үүнд л гишүүд бэлдэж байна даа.

-УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үүн дээр Оюутолгойн гэрээг сайжруулах лобби бүлэг 15 гишүүнтэй. УИХ-ын төвшиндөө ингэж далайцтай анхаарал хандуулаад эхлэхээр Оюутолгойн гэрээнд “но” байна гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа?

-Өөрөө “но" байхгүй гэж бодож, тэгж итгэж байна уу.

-Итгэж байгаа хэрэг ч биш л дээ. Ерөнхийдөө ямар нэгэн юм илэрнэ гэсэн хүлээлттэй болчихлоо.

-“Но" байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна шүү дээ.

-Мөн “но” байхгүй гэдэг хэсэг бий.

-Өмнө нь байсан. Тэд давамгайлж ч байлаа. “Ер нь энэ төслийн явцыг хянаж шалгах хэрэггүй. Төр ч анхаарах хэрэггүй. Энэ бол аж ахуйн асуудал, ингээд зөнд нь орхи” гэсэн үзэл бодолтой УИХ, Засгийн газар байлаа шүү дээ. Одоо байдал өөрчлөгдсөн. Тэнд “но" байна гэж нийтээрээ зөвшөөрч байна. “Но" дотроо онцгой анхаармаар асуудлууд бий.

-Нэгдүгээрт, Монгол Улсын хууль дүрэм хэрэгжиж байна уу, үгүй юу. Хоёрдугаарт, Монголын талд оногдож байгаа өгөөж, үр ашиг бага байна. Гуравдугаарт, энэ зарцуулж байгаа хөрөнгө мөнгөний үр ашиг, зарцуулалт нь “но”-той байна гэдэг асуудлаар нийгэм өнөөдөр нэгдсэн ойлголтод хүрчихлээ шүү дээ. Тийм ч учраас УИХ-ын ажлын хэсэгт ийм гурван чиглэлээр ажиллаарай гээд чиглэл өгчихлөө. Энэ гурван чиглэлээр нэлээд ул суурьтай, тооцоо судалгаатай дүгнэлт гарна гэж нийгэм хүлээж байгаа.

-Ажлын хэсэгт Оюутолгойн асуудлаар дуугардаг иргэний байгууллагын төлөөллүүд нэлээд орсон байсан. УИХ-ын гишүүдийн идэвх ч өндөр байгаа. Үүнийг гадаад талдаа харагдах байдлаар тийм оновчтой явдал биш гэж шүүмжлэх хүмүүс байдаг?

-Янз бүрийн л бодолтой улс байдаг байх. Ер нь яах гэж Монгол Улс Оюутолгойн орд газраа ашиглаж байгаа юм.

-Хөгжих гэж?

-Хөгжиж, ард түмний амьдралыг сайжруулах гэж шүү дээ. Гэтэл Оюутолгойн төслийн үр өгөөж нь ямар байна вэ. Тэгвэл бид нөгөө хөгжих гэсэн мөрөөдөл маань хэр бодитой байна гэдгийг яагаад анхааралдаа авч шалгаж болохгүй гэж. Бид асар үнэтэй баялгаа хөрөнгө оруулагчдад итгэж, ашиглуулж байна шүү дээ. Тэгэхдээ харилцан ашигтай байя, хэн хэн нь өгөөж хүртье гэдэг л байр суурьтай байгаа. Түүнээс Оюутолгойг зогсооё, тараая, хөөж явуулъя гэж Ажлын хэсэг болоод лобби бүлгийн гишүүд албан ёсоор байр сууриа илэрхийлсэн зүйлтэй би бол огт таараагүй.

Хэрэгжиж байгаа төслийнхөө үр ашгийг дээшлүүлье гэсэн санаа. Төсөл хэрэгжээд 10 жил боллоо. Эргээд харахад бидний хүсэн хүлээсэн өгөөж гарахгүй байна. Хоёрдугаарт, тэнцүү байдал, харилцан ашигтай байх нөхцөл бас хангагдахгүй байгаа. Бидэнд оногдож байгаа хувь, өгөөж бага байна. Энэ нь бидэнд мэдрэгдээд байна шүүдээ. Мөн бидний ирээдүй бас бүрхэг байна. Хэрвээ энэ мэтээр явах юм бол бид өгөөж, үр ашиг хүртэх биш харин хүлээсээр байгаад эцэст нь өртэй үлдэх эрсдэл бодитой болчихлоо.

-Та Дубайн гэрээг хэлж байна уу?

-Төсөл эхэлж байхад 2019 оноос ногдол ашиг хүртэнэ гэж байсан. Гэтэл Дубайн гэрээ байгуулаад 2019 он чинь 2033 он болж хойшилсон. Дахиад зээл авчих юм бол 2033 он чинь цаашаагаа яваад өгөхийг хэн үгүйсгэж байгаа юм. Ийм мэтийн бодитой эрсдэл, болгоомжлох байдал үүсээд байна шүү дээ.

Тэгэхээр энэ байдалд дүгнэлт хийхийг би бол зайлшгүй зүйтэй асуудал гэж бодож байна. Зүгээр мухар сохроор чээжээрээ хамгаалаад хөрөнгө оруулагчид юу л гэж хэлнэ, тэр бүгдийг хүлээн зөвшөөр гэсэн байр сууринаас хандвал энэ дэндүү идэвхгүй, болчимгүй байр суурь болно гэж бодож байна. Тийм ч учраас өнөөдөр нийгэм өөрөө энэ асуудалд онцгой анхаарал хандуулаад эхэллээ.

-Тэгвэл УИХ-аас гарсан ажлын хэсэг, лобби бүлгийн ажлуудын дараа манай хүртэх өгөөж нэмэгдэх үү. Тухайлбал, Дубайн гэрээнд буцаагаад өөрчлөлт оруулах боломж нь ямар байдаг юм бол?

-Яагаад бид төслийн өгөөжийг нэмэгдүүлж чадахгүй гэж. Яагаад нэмэгдүүлэх учиргүй юм. Ингээд үг дуугүй хүлээн зөвшөөрөөд байж болохгүй шүү дээ.

-Олон улсын чанартай гэрээнд өөрчлөлт хийх гэхээр сүүлд нь олон улсын шүүх дээр очоод ялагдлаа барилаа гэсэн асуудал үүсээд ярвигтай болчихдог тал бий гэж бодлоо?

-Олон улсын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнд бол энэ төслийг сайжруулаад явах тэр зохицуулалт, механизмууд нь суучихсан байгаа. Тэрийгээ дагаад явах юм бол хоёр тал асуудлаа гаргаж тавиад, санал нэгдээд, гэрээгээ өөрчлөөд, сайжруулаад явах бүрэн бололцоотой. Мэдээж сайжруулах, өөрчлөх саналд хүрэхийн тулд аль аль тал нь ажиллах ёстой. Тэгэхгүй зүгээр сууж байхад гэрээ шинэчлэгдэхгүй шүү дээ.

-Оюутолгой гэснээс Оюутолгойтой холбоотой гэрээг хийсэн хоёр Ерөнхий сайд, нэг Сангийн сайдыг хуулийнхан шалгаж байгаа. Та үүнийг хэрхэн харж байна. Тухайн үедээ УИХ-аараа шийдвэр гаргачхаад одоо гардан хийсэн хүмүүсээ бариад байгаа юм биш биз?

-УИХ-аас ямар шийдвэр гарсан юм.

-Оюутолгой төслийг хөдөлгөх.

-Хөдөлгөнө гэдэг өөр хэрэг шүү дээ. УИХ-ын дөрвөн тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зургаан зөвлөмжөөр Оюутолгой төслийг хэрхэн хөдөлгөх удирдамж, чиглэлийг тодорхойлсон байгаа. Тэгэхээр энэ Монгол төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг өнөөдөр үнэлж дүгнэх учиртай. Ингээд хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Үнэн мөнийг нь хууль хяналтын байгууллага тогтоох байх. Ер нь бол УИХ-аас баталж өгсөн Монгол төрийн бодлого тэр хэмжээгээр хэрэгжсэн үү, үгүй юу гэдгийг үзэх ёстой. УИХ Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг батлаагүй шүү. Та нар УИХ баталсан гэж ойлгоод яриад байх шиг байгаа юм. Хоёр удаа Засгийн газраас УИХ-д Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг оруулж ирсэн. Хоёр удаа УИХ Засгийн газарт буцаасан. Буцаах болгондоо тодорхой асуудлуудыг гэрээнд тусга гэж чиглэл өгч буцааж байсан. Энэ гэрээнд тэр нь тусгагдаагүй байгаа. Тэгэхээр УИХ-аас батлагдаагүй, УИХ-аас өгсөн чиглэлүүд бүрэн хэмжээгээрээ тусаагүй гэрээ юм.

“ТАВАНТОЛГОЙН ТӨСӨЛ ДЭЭР ТӨРӨӨС ӨГСӨН УДИРДАМЖ ЧИГЛЭЛИЙГ ТУСГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨДЛӨХГҮЙ”

-Тавантолгойгоо хөдөлгөх асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлэг шийдвэрээ гаргасан гэж ойлгосон. Эхлээд 30 хувьд IPO гаргана гэж байснаа одоо зарим УИХ-ын гишүүд өөр эх сурвалжаас хөрөнгийг нь босгох хэрэгтэй гэж яриад эхэллээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үүн дээр бас л УИХ-аас 2008 онд өгсөн тодорхой чиглэл байгаа. УИХ-ын 40 дүгээр тогтоол, 39 дүгээр тогтоол гараад Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэл, удирдамжийг баталж өгсөн. Үүнийгээ бариад л явах хэрэгтэй. Тэр шаардлагуудаа хангасан нөхцөлөөр гэрээ хийж, хамтарч ажиллах ёстой.

-Тавантолгойг хөдөлгөх асуудал С.Баярын Засгийн газраас эхлээд зургаа дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэж байна. Стратегийн орд гэдэг утгаар УИХ-ын төвшинд шийдвэр гардаг. Тиймээс үе үеийн Засгийн газраас оруулсан төсөл УИХ дээр очоод замхардаг л даа. Ер нь хэзээ Тавантолгой далайцтайгаар хөдлөх юм бэ?

-Төрийн бодлого, төрөөс өгсөн удирдамж чиглэлийг тусгаж чадахгүй л бол энэ хөдлөхгүй шүү дээ. Нэгэнт УИХ-аас чиглэл өгөөд ингэж л ашиглая гээд бодлого гарчихсан байхад тэр бодлогын дагуу бүх юм явна. Тэр бодлоготой нийцэхгүй бол алхам тутамдаа хүндрэлтэй учраад тэр нь цаашаагаа явж чадахгүй болоод сүүлд нь зарим хүмүүс нь хянагдаж, шалгагдаад байна шүү дээ.

Тийм учраас хэрвээ УИХ-аас тодорхойлсон төрийн бодлого буруу байна гэвэл тэрийг засах саналаа Засгийн газар оруулж ирэх ёстой. "Энэ нөхцөл, удирдамжаар чинь ашиглаж чадахгүй юм байна" гэвэл өөрчлөх саналаа оруулж ирэх хэрэгтэй. Тэр нь орж ирээгүй байгаа бол өмнө нь батлаад өгчихсөн төрийнхөө бодлогыг бариад түүндээ тохирох түншээ олохын төлөө ажиллах ёстой. Ийм л зүйл шүү дээ.

-Олон улсын зах зээл дээр 30 хувийн IPO гаргана гэдэг дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь бол тэр IPO гаргах, газрын доорх баялгаа үнэлээд урьдчилж худалдах энэ бүх хэлбэрийг чинь тэр удирдамжид заагаад өгчихсөн юм шүү дээ. Ийм ийм арга замуудыг ашиглаж болно, үүнийгээ судал гээд. Тэр хүрээнд л хийж байгаа нэг асуудал. Тэрийг судлаад яаж хэрэгжүүлэх гэж байгаа механизмаа оруулж ирэх ёстой. Түүнээс биш IPO гаргах гэдэг чинь шинэ юм биш шүү дээ. 39 дүгээр тогтоолд биччихсэн байгаа. Харин үүнийгээ яаж гаргах гэж байгаа юм гэдгээ Засгийн газар оруулж ирээд УИХ-аас зөвшөөрлөө аваад явах ёстой.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх тухай асуудал одоо ид яригдаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би бол ер нь яагаад ШХАБ-Д элсэж болохгүй гэж гэж боддог хүн. Эдийн засаг, хамтын ажиллагааны интеграцид идэвхтэй оролцоод, хөршүүдтэйгээ хамтраад ажиллавал бидэнд олон давуу тал бий болмоор харагдаж байгаа. Би эдийн засаг, санхүү талаас нь ярьж байна. Харин улс төрийнхөө талаас ямар байхыг нухацтай ярилцана байх.

-Эдийн засгийн хувьд хөрш орнуудынхаа хамтын ажилд оролцох ч улс төрийн блок маягийн байгууллага учраас гуравдагч буюу Америк болон Европын орнуудаас хөрөнгө татахад хэцүү болно гэх юм?

-Хүмүүс янз бүрийн л байр суурьтай байгаа. Би тэр хүмүүсийг хагалж хариу өгдөг хүн биш шүү дээ. Өөрийнхөө байр суурийг л хэлж байна. Гурав дахь хөршийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт гэвэл цэвэр эдийн засгийн үр ашиг дээр үндэслэж асуудал яригдах байх. Харилцан ашигтай бол хөрөнгөө оруулах л байх. Зүгээр улс төрийн зорилгоор хөрөнгө орж ирнэ, орж ирэхгүй гэж үзэхэд хэцүү. Тэгвэл хоёр хөршөөсөө дайжаад байвал бүс нутгийн том төслүүд чинь яаж дэмжлэг авч хэрэгжих юм. Нөгөө талд нь тийм асуудал байгаа биз дээ. Хоёр хөрш бол хамаагүй ээ. Гуравдагч хөршийн л амыг дагана гэвэл хоёр хөрштэй хэрэгжүүлэх төслүүд чинь яаж явах юм. Аль аль талд нь л бодох ёстой байх.
 
"ХЭРЭГЛЭЭНДЭЭ ХЭТ ХӨТЛӨГДӨӨД ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЭВДЭХ ЭРСДЭЛ БАЙНА"

-ОУВС-гийн хөтөлбөр манайд хэр сайн хэрэгжиж байна гэж бодож байна. Хугацаандаа амжих уу?

-Хугацаандаа амжих эсэх нь биднээс л хамаарна шүү дээ.

-Тэгвэл асуултаа солиод үзье. Бид ОУВС-тай анх тохирсон зарчмаараа явж байна уу. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох асуудлыг ОУВС-тай зөвшилцөөд удаагүй байхад саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ 100 хувьд олгох асуудлыг ярилцах тухай дурдаж байна лээ?

-ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр бол гурван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хямрал нь арилаад, эдийн засаг нь тогтвортой өссөн, өсөхдөө өндөр хувь хэмжээгээр буюу жилийн 7, 8 хувиар өссөн, өрийн дарамт багассан байх үр дүнд хүрэх л хөтөлбөр шүү дээ. Эхний хоёр жил нь хэрэгжээд явж байна.

Жил хагасын хэрэгжилтийн явцыг ОУВС үнэлээд анх тохирсон хөтөлбөр тэр чиглэлээрээ амжилттай хэрэгжээд явж байна гэдэг эерэг үнэлгээ өгсөн. Эхлэл зөв байна. Одоо үүнийгээ үргэлжлүүлээд гурван жилийнхээ хугацааг дуусгачихвал бид анх тооцож байсан үр дүнгээ хүртэнэ. Хэрвээ энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад ямар нэгэн саад, удаашрал гарах юм бол бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэх хугацаа цаашилна. Тийм учраас би нэг л юмыг хэлээд байгаа. Энэ ОУВС-тай тохирсон хөтөлбөрийг удаашруулах, саармагжуулах, цаашилбал зогсоох тийм эрх бидэнд байхгүй.

-Яагаад?

-Энэ хямралаас гарах ёстой шүү дээ. Жил хагасын өмнө ямар байснаа бид мартчихаад байна. Одоо ингээд хөтөлбөр хэрэгжээд эхний үр дүн гараад эхлэнгүүт эдийн засгийн хэлээр хэлэхэд хэрэглээндээ хэт хөтлөгдөөд хөтөлбөрөө эвдэх алхам хийх эрсдэл байгаад байна.

-Яг энэ асуудал хүүхдийн мөнгөн дээр харагдах шиг боллоо. Гэхдээ УИХ дахь сөрөг хүчний зүгээс “ОУВС-гийнхан танай Засгийн газрын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа гэсэн” гэдэг байр суурь илэрхийлж шахаж байсан. Ер нь хүүхдийн мөнгийг нэмэх мэтийг заавал асуух ёстой юу?

-ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тохирчихсон. Хүнд үедээ тохирсон. Тэр үед бид “Хүнд байдлаасаа гаръя, зардлаа хязгаарлая, байгаа хөрөнгөө оновчтой зарцуулъя" гээд тохирчихсон. Тохирсон хөтөлбөр чинь зөв байна, ингэвэл та нар хямралаас гарч чадна гээд ОУВС тэрийг нь зөвшөөрсөн. Тэгээд хамгийн гол нь санхүүгийн дэмжлэгээ бидэнд үзүүлээд явж байгаа. Гэтэл одоо явцын дундаас "ОУВС ямар хамаатай юм, тэднээс асуух хэрэгтэй юм уу" гээд ярихаар үр дүнгийг нь үзээгүй байж өөрсдөө юмаа нураах ийм л алхам руу явах гээд байна.

ОУВС бол “Энэ хөтөлбөрийг монголчууд өөрсдөө гаргасан. Хямралаас гарахын тулд бид ингэж ажиллая дэмжээч гэсэн. Бодлого чинь зөв байна гээд дэмжсэн, санхүүжилт өгсөн, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдыг уриалсан. Энэ үндсэн дээр та нар хөрөнгө мөнгө босгосон. Жил хагасын дотор юм чинь зөв тийшээ овоо яваад эхэлсэн. Одоо больё, тохирсноосоо ухаръя гэж байгаа бол өөрсдөө л мэд” гэж халж байгаа байхгүй юу. Бид хөтөлбөрөөсөө ухарвал ОУВС нөгөө дэмжлэгээ зогсооно. Юу гэж л бидэнд хэрэггүй, хамтарч ажиллахгүй гээд байхад ОУВС бидэнтэй хамтраад хөрөнгө мөнгөө өгөөд байх юм. Энгийн л логик шүү дээ. Би нэг л энгийн юм хэлээд байгаа.

Мэдээж, хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгөлгүй яахав. Гэхдээ хэзээ, яаж өгөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Одоо хэд гурван төгрөгтэй болонгуутаа түүнийгээ өгөөд хагас жилийн дараа дахиад хямраад өнөөхөө өгч чадахаа байгаад эргээд ноцолдож байж жил болоод өгөөд явах нь дээр байна уу. Эсвэл гурван жилийн хөтөлбөрөө жил хагас гүрийж бүрэн хэрэгжүүлчхээд тогтвортой хэмжээнд энэ байтугай дэмжлэгээ үзүүлэх нөхцөл бий болгоод явах нь дээр үү. Өнөөдрийн уушги дээр үү, маргаашийн өөх дээр үү гэдгийг л сонгох гээд байна гэсэн үг.

“ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ МӨНГӨ ӨГНӨ ГЭСЭН ЗААЛТ НЭГ Ч БАЙХГҮЙ”

-ОУВС-гаас хөтөлбөрийн хүрээнд банкуудад шалгалт хийсэн. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийхдээ таван банкинд 511 тэрбум төгрөгийн дутагдалтай гарсан тухай хэлж байна лээ. Багш, эмч нарынхаа цалинг нэмэхгүй байж банкуудад төрөөс мөнгө өгөх нь зөв үү?

-Хэн тэдэнд мөнгө өгнө гээд байгаа юм.

-Хуулийг нь оруулаад ирж байгаа юм биш үү?

-Хуульд тэр таван банкинд мөнгө өгнө гэсэн заалт байхгүй шүү дээ.

-Гэхдээ төрөөс дэмжлэг үзүүлж банкууддаа мөнгө зээлүүлэх юм байна гэж ойлгосон?

-Манайхан юмыг их хялбараар нь ойлгох гээд байх юм. ОУВС-тай тохирсон санхүүжилтийн хөтөлбөрт Монголын банк санхүүгийн салбарыг сайжруулах тодорхой зорилтууд бий. Энэ хүрээнд арилжааны банкуудын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр Монголбанк арилжааны банкуудын дүрмийн санг өсгөх шийдвэр гаргасан. Дүрмийн сангаа өсгөөд нэмэгдүүлье гэхэд таван банкин дээр хөрөнгийн эх үүсвэр нь яг одоо бол байхгүй байна.

Гэхдээ он дуустал хугацаанд үүнийгээ бүрдүүлэх үүргийг арилжааны банкуудад өөрсдөд нь өгч байгаа. Энэ хуулийн чинь гол зорилго нь тэр. Та нар үүнийгээ өөрсдөө бүрдүүлээрэй, тэр нь 511 тэрбум төгрөг гэж хэлээд байна. Он дуустал бүрдүүлж чадахгүй бол өөр хөрөнгө оруулагчдад банкны дүрмийн санг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах бололцоог нээж егнө гэж байна. Өөрөөр хэлбэл банкны тодорхой хувийг нь мөнгөтэй хүнд өгүүлэх нь байна шүү дээ.

Хэрвээ хөрөнгө оруулагч сонирхож орж ирэхгүй бол яах вэ гэхээр гурав дахь шатанд төр үлдэж байгаа хөрөнгийг оруулаад банкны тэр хувийг өөр дээрээ авна. Ийм л хууль. Яагаад төр үүн рүү орох гээд байгаа юм гэхээр банк чинь өөрөө хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Банкны салбарт ийм бодлогын өөрчлөлт хийгээд ирэнгүүт харилцагчид санаа зовж эхэлнэ.

“Нөгөө таван банк маань хүнд болох юм байна, санхүүгийн эрсдэлд орчих вий дээ" гэж болгоомжилно. Болгоомжлолыг дагаад юу болдог юм гэхээр нөгөө банкуудаас чинь мөнгө төгрөгөө татах эрсдэл үүснэ. Тэгвэл энэ таван банк маш түргэн хугацаанд унана. Тэгээд эргээд хадгаламж эзэмшигчдийн түрүүлж мөнгөө авч чадаагүй хэсэг нь хохирно. Ийм эрсдэл үүсгэхгүйн тулд төр үүн рүү оролцож, хөрөнгө дутагдаад байвал тэр хэсгийг чинь авна гэж байгаа юм. Хадгаламж эзэмшигчдэд эрсдэл очуулахгүй төр өөрөө дундуур нь орж хамгаалалт хийх гээд байна шүү дээ.

Монголбанк бол “Ийм хууль гараад хэрэгжихгүй ээ, банкуудад мөнгө өгөхгүй ээ, төр тэр рүү орохгүй ээ” гээд байна шүү дээ. Гэхдээ ийм хууль гаргадгийн ач холбогдол нь харилцагчид банкандаа итгэх итгэл нь баталгаатай байна гэсэн үг. Би мөнгөө авах гэж яарах хэрэггүй, тэртэй тэргүй эрсдэл үүсвэл төр үүнийг хариуцаад авчихна гэсэн мэдээлэл сигнал өгөх гэж байна шүү дээ. Ийм сигнал өгчихвөл банкин дээр донсолгоо, доргио гарахгүй.

Төр намайг хамгаална гээд итгэж байгаа харилцагчид мөнгө төгрөгөө татах хэрэггүй. Мөнгө төгрөгөө татахгүй юм бол тэр банкин дээр зохиомол донсолгоо үүсэхгүй. Ийм таатай, тогтвортой нөхцөл бий болгоод банк өөрөө хөрөнгөө бүрдүүлэх бололцоо нээгдэнэ.

-Гэхдээ л хувийн арилжааны банкийг төр хамгаалж байгаагаар ойлгогдож байна?

-Төр хамгаалж байгаа юм биш. Чадахгүй бол төр тодорхой хувийг чинь авна шүү гэж хэлж байгаа юм. Чи хувийн гээд дураараа дургихгүй, төр чиний тодорхой хувийг авна. Харилцагчдыг чинь хамгаална.

-Ашгийг нь ч авна.

-Ашгийг нь ч авна. Удирдлагыг нь ч авна. Тэгээд дараа нь төр тэрийгээ нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Тэгээд төр мөнгөө буцаагаад авна. Энэ чинь нэг талаасаа хадгаламж эзэмшигчдэдээ баталгаа өгч байна, нөгөө талаасаа банкуудад дохио өгч байна. Чи ажиллаж чадахгүй бол Тодорхой хувийг нь авах юм байна. Энэ миний хувийн банк биш болох юм байна гэдэг дохио өгч байна шүү дээ. Тэгэхээр банк руугаа хүн оруулахыг хүсэхгүй байгаа биз дээ. Банк руу оръё гэсэн хүсэлтэй мөнгөтэй улсууд олон байгаа биз дээ.

-Ер нь байдаг байх?

-Байгаа шүү дээ. Ийм л механизм бий болгох гэж байгаа хууль. Түүнээс биш тэнд шууд эргэлт буцалтгүй мөнгө өгнө гэсэн заалт нэг ч байхгүй.

-Сүхбаатар аймаг нам дотроо Засаг даргаа сольсон. Та Сүхбаатар аймгаас сонгогдсон ганц гишүүн шүү дээ. Тэр эв зүйгээ олсон уу?

-Сүхбаатар аймгийн төр засгийн байгууллагын ажил одоо жигдрээд явж байна. Өмнө нь хоёр жил хэл амаа ололцож чадаагүй. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд суудлын харьцаа тэнцүү 16, 16 байсан. 

Тэгээд хамтарч ажилладаггүй, хоёр тийшээ хараад суучихсан, хоёр жил бие биеэ хараад ажил нь явсангүй. Саянаас хамтарч ажиллая гэж тохироод, Засаг даргаа өөрчлөөд, төсөв хөтөлбөрөө батлаад, одоо ажил нь эрчимтэй явж байна.
 
“УИХ-ЫН ГИШҮҮДЭД НАСНЫ ХЯЗГААР ТАВЬЖ ӨГӨХ НЬ ЗӨВ”

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал хэлэлцэгдэхгүй яваад байна. АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж байгаа нь буруу, одоогийн зарчмаараа явах нь зөв гэж байр сууриа илэрхийлэх боллоо. Үүн дээр МАХН-ынхан шинэ Дээд Үндсэн хууль гэж санаачлаад явж байна. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дэмжигдэх эсэх нь баталгаагүй болчихлоо гэх юм?

-Орж ирж хэлэлцэгдээгүй юмыг юуг нь хэлэх вэ. Сайн, муу гэж би хэлж мэдэхгүй шүү дээ. Ер нь янз бүрийн санал санаачилга гарч байгааг үгүйсгэх арга байхгүй. Үндсэн хууль дотор сайжруулмаар, засмаар, боловсронгуй болгомоор заалтууд зөндөө байгаа байх. Тэр болгонд санаа зовсон улсууд янз бүрийн төслүүд санаачилж, санаа бодлоо хэлж байгаа болов уу. Гэхдээ үүнийг чинь нэгтгээд төрийн бодлого болгохын тулд тодорхой төвшинд боловсруулаад УИХ-д оруулж ирж хэлэлцээд явах ёстой шүү дээ.

УИХ нь шийдэх юм уу, эсвэл ард түмний санал асуулга явуулж, ард нийтээрээ санал нэгдэх юм уу, тэр ажлаа хуулийн дагуу хийх ёстой. Гэхдээ өнөөдөр төсөл орж ирээгүй байна. Ажлын хэсгүүд л ажиллаж байна. Ажлын хэсгүүд, санаачлагчид хувилбарууд гаргаж болно шүү дээ. Тэр хүрээндээ л ажиллаж байгаа.

-Сарын дараа хаврын чуулган завсарлах гэж байна. Намрын чуулганаар төсвөө хэлэлцсээр он давна. Тэгэхээр энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй нь ээ?

-Яаж мэдэж байгаа юм. Цаана нь дахиад бүрэн эрхийн хугацаа дуустал дөрвөн чуулган байгаа. Дөрвөн чуулганаар хэлэлцэж болно шүү дээ.

-Тэгээд сонгууль дөхчихөөр Үндсэн хуулиа өөрчлөөд хэл аманд орохын нэмэр гээд болгоомжилчих юм биш үү?

-Харин Үндсэн хуулиа сайжруулаад, шинэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж зориг шулуудаад, зоригтой өөрчлөлтүүд хийчихийг хэн байг гэх юм. Чи далдыг харахгүй биз дээ Би ч харахгүй. Тэгж юмыг урьдчилж таагаад хэрэггүй. Яахав боломж бол байна. Хугацааны хувьд дөрвөн чуулган байна. Үндсэн хуулийг батлах ирцийн хувьд боломж байна. 65 гишүүн байна. 57 гишүүн санал нэгдвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болдог.

Тэгэхээр боломж нь бол байна. Зүгээр боломжоо ашиглаж чадах уу гэвэл өөр хэрэг. Энд чинь сонирхолтой үйл явцууд өрнөнө шүү дээ. Ер нь тодорхой төсөл орж ирвэл хэлэлцээд санал, онолоо уралдуулаад, ард иргэдтэйгээ зөвлөлдөөд явах бололцоо нь байгаа.

-Та олон удаа сайдаар ажиллаж байсан хүн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа байгуулна, сайдуудаа огцруулах эрх мэдэлтэй болно гээд байгаа шүү дээ. УИХ-аар л сайдуудыг батлахаар фракц, бүлэглэлүүдийн төлөөлөл орчихдог гэдэг?

-Ер нь парламентын засаглалтай бусад улс орнуудын жишгийг судлаад үзэхэд олонх нь хаанаа байна гэдгийг л үндэслэх хэрэгтэй шүү дээ. Олон оронд тохирсон механизм Монголд бас өгөөжөө өгнө. Тэгэхээр олон улсынхаа жишиг, өгөөжөө өгсөн хэлбэрийг судалж түүн рүү явахыг би буруу биш гэж бодож байна.

-УИХ-д нэр дэвшихэд 35 нас хүрсэн байх гэсэн заалт оруулах санал сүүлд нэмэгдсэн харагдана лээ. Та түүнийг юу гэж бодож байна?

-Юу нь буруу байгаа юм, зөв шүү дээ. Ард түмэн шүүмжлээд л байгаа биз дээ.

-Хорин хэдтэйдээ УИХ-д сонгогдсон өчнөөн хүн бий шүү дээ?

-Тэгээд хар л даа. Ямар гишүүд байна. Ямар үнэлгээ авч байна. Ард иргэдийн хандлагыг харахгүй юу. Ер нь төр барина, УИХ-ын гишүүн байна гэдэг чинь ард түмнийг төлөөлнө гэсэн үг. Ард түмний үзэл бодол, байр суурь хаана байна гэдгийг мэдэрч, тэрэнд л үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой. Өнөөдөр ард түмэн юу гэж шүүмжилж байна. Нас нь багадсан байна, балчирдаж байна, туршлагагүй байна, дээрээс нь мэдлэг боловсрол хүрэхгүй байна, ийм учраас УИХ-ын чадавх муу байна гэж байна.

Зарим нь бүр аргаа барахдаа 76 мангуу тэнэг гэж хэлж байгаа биз дээ. Олон түмний санал бодол тийм байгаа бол түүнийг бид дагах ёстой шүү дээ. Би зөв гэж бодож байна. Шалгуур тавих ёстой. Тодорхой болзол хангасан, босго давсан хүн төрийн түшээ болох нь зөв.

-Гэхдээ 1990-ээд онд залуудаа сонгогдож явсан зөндөө гишүүд одоо ч УИХ-д сууж л байна. Тэгэхээр шударга биш юм биш үү?

-35 насыг залуу биш гэж хэн хэлэх юм. Яахав, урьд нь тийм байсан. Сайн ч юм бий, саар ч юм байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар өгөгдөж байгаа үнэлгээ ямар байна түүнийгээ л харах хэрэгтэй.
 
“ТӨР ЗАСГИЙН АЖЛЫГ ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙГЭЭР НЬ ХЭМЖДЭГ ШАЛГУУР БАЙДАГГҮЙ ЮМ”

-МАН өөрийнхөө байгуулсан Засгийн газрыг оны өмнө огцруулж байлаа. Гэхдээ анзаараад байхад шинэ Засгийн газрынхаа сайд нарыг өмнөх танхимд сайд байсан УИХ-ын гишүүд гоочилж шүүмжлээд байгаа мэт харагдах юм?

-Сайд нарыг яагаад шүүмжилж болдоггүй юм.

-Яахав, өсөрхөөд байгаа юм шиг харагдах юм байна шүү дээ.

-Өсөрхөөд байгаа бол тэр хувь хүний асуудал. Ажлыг нь шүүмжилж байгаа бол байх ёстой зүйл гэж бодож байна. Шүүмжлэл муу зүйл биш. Алдаа битгий гаргаасай, буруу хийсэн юмаа засаасай гээд нөхөрсөг ажил хэрэгч шүүмжлэл тавьж байгаа байлгүй дээ.

-Ер нь одоогийн Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-Яахав, зүтгэж л байх шиг байна. Гэхдээ бидний хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллаж, шийдэж чадахгүй байгаа олон асуудал байна. Тэрийг нь шүүмжилж, сайжруулах ёстой. Тэр рүү нь залах ёстой. 100 хувь санаанд нийцчихсэн тийм Засгийн газар гэж байдаггүй байх. Нэг намын Засгийн газраа шинэчилнэ гэдэг ямар агуулгатай юм гэхээр ерөөсөө л ажлаа сайжруулъя, түргэтгэе гэсэн л зорилго шүү дээ. Бодлого, хөтөлбөр нь нэг.

Харин юу нь болохгүй байсан гэхээр удаан, үр дүн, өгөөж бага байна. Тийм учраас хурдаа, өгөөжөө нэмье. Зохион байгуулалтаа сайжруулъя, сахилгатай, дэг журамтай байя л гэж өөрчилсөн. Тэр шаардлагад өнөөдөр нийцэж байна уу гэвэл хүсэн хүлээсэн хэмжээнд хүрээгүй байна. Тэгэхээр хүргэхийн төлөө шүүмжлэх нь зөв шүү дээ. Шүүмжлэл болгоныг өсөрхөөд, дайсагнаад байна гэж үзэж болохгүй байх аа.

-Ерөнхий сайд асан С.Баяр Оюутолгой төслийг хөдөлгөсөн шийдвэрийнхээ төлөө шалгагдаад эхэллээ. Зоримог шийдвэр гаргахаар сүүлд нь ял зэмд унах эрсдэлтэй юм чинь хий хоосон яриад явах нь онох юм биш үү?

-Төр засгийн ажлыг зоригтой, зориггүйгээр нь хэмждэг шалгуур байдаггүй юм. Ажлыг үр дүн, өгөөжөөр үнэлдэг. Том төслийг улс орноо хөгжүүлэхээр хөдөлгөдөг гэж чи өөрөө хэлээ биз дээ. Ард түмнийхээ амьдралыг сайжруулъя л гэж хөдөлгөж байгаа. Үр дүн нь энэ байхгүй юу. Тэгэхээр энэ үр дүнгээр хэмжихэд ямар байна гэдгээр нь л авч үзэх ёстой. Түүнээс биш зоригтой байсан уу, зориггүй байсан уу гэдгээр хэмждэг хэмжүүр байдаггүй. Тэр бол утгагүй яриа. Харин үүрэг бол бий.

Улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах үүрэгтэй. Тийм учраас тэр төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүргээ заавал биелүүлэх ёстой. Ажлаа хийсний төлөө буруутгалаа гэж урваганах явдал байхгүй. Тэрийг чинь зоригтой, зориггүйгээр хэмждэггүй, хугацаа хожиж, үр дүнтэй хийх л ёстой. Үр дүн гаргаж чадаагүй бол тэгээд уучлаарай, буруудна шүү дээ.

-Үр дүн гарсан гэвэл Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн сайн ажилласан нь юм биш үү. Ямартаа ч аймгууд руугаа хатуу хучилттай замаар яваад оччихдог боллоо?

-Тодорхой ажил хөөцөлдөж байсан, үлдсэн юмаар нь үнэлэх ёстой шүү дээ. Тэр өнцгөөсөө бол зөв. Гэхдээ бас үлдсэн юмыг үнэлдэг эдийн засгийн шалгуур байна. Ямар үнээр үүнийг хийв гэж. Үр дүнгийн дотор гадна талаас нь харах хэлбэр байна. Түүний дотор үр ашиг байна. Зам тавьсан, зам үлджээ, сайн байна.

Сайн ч гэлээ энэ замыг ямар өртгөөр барив гэдгийг бас үнэлэх ёстой. Анх батлагдсан төсөвт өртгийн хэмжээ тэгээд үр дүнтэй, үрэгдэл чирэгдэл багатай ашигласан байвал сайн. Харин сайн юм хийх гээд үргүй зардал гаргасан, шамшигдуулсан байвал сайн юм хийсэн ч муу. Хариуцлага ярина. Ингэж ярих ёстой шүү дээ.

-Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн чуулганы хуралдаанаар Байнгын хорооны саналаар эхний хэлэлцүүлгээр нь баталчихлаа. Энэ яг ямар ач холбогдолтой хууль болчхов?

-Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, түүнийг дагаж гарч байгаа тогтоол бол ерөөсөө л төсвийнхөө сахилгыг сайжруулъя, улсын төсөв боловсруулж гаргадаг үндэслэл, арга аргачлалаа сайжруулъя гэсэн заалт. Төсөв үндэслэл муутай хийгдэж байна, батлагдсан төсөв хэтэрч байна гэдэг асуудлууд өнөөдөр яригддаг. Ийм ч учраас гишүүд энэ хуулийг санаачилсан. Хамгийн гол нь одоо яах ёстой вэ гэхээр төсвийг сахилгатай байлгая, үндэслэл сайтай боловсруулъя, ингэхийн тулд нэгдсэн норм норматив, стандарт зураг төсвөө мөрдөж байя гэдэг асуудал байгаа юм.

Үүнээс л төсвийн чинь үр дүн хамаараад байна шүү дээ. Жишээ нь, хөрөнгө оруулалтын ажил удааширлаа, энэ жил олигтой явсангүй, төсөвлөсөн хөрөнгө ашиглагдсангүй гээд хэл ам яваад байна. Энэ бол зураг төсөлгүй объектыг төсөвт суулгаснаас болдог зүйл. Зураг төсөлгүй объектыг төсөвт суулгачхаад зургаа хийж эхэлнэ, зураг нь дуусаагүй бол ажил нь эхлэхгүй.

Ингээд нөгөө төлөвлөсөн хөрөнгө чинь ашиглагдахгүй үхмэл хөрөнгө болж хувирч байна. Уг нь яах ёстой юм гэхээр төсвийнхөө хуулийг дагах юм бол зураг төсөв нь бэлэн болчихсон объектыг төсөвт суулгах ёстой. Ингээд арваннэгдүгээр сарын 15-нд улсын төсөв, арванхоёрдугаар сарын 15-нд аймгуудын төсөв, арванхоёрдугаар сарын 30-ны дотор сумын төсөв батлагдана. Нэгдүгээр сарын 1-н гэхэд Монгол Улс шинэ төсөвтэй байна.

Тэгвэл нэг, хоёрдугаар сард нөгөө батлагдсан төсвийнхөө дагуу тендерээ зарлаад гүйцэтгэгчээ сонгоно. Дөрөвдүгээр сарын 15-нд газар гэсээд барилгын ажил эхлэхэд гүйцэтгэгч нь тодорхой болчихсон байх ёстой. Ийм л утгатай, хуулийн шаардлага энэ байхгүй юу. Гэтэл юун дөрөвдүгээр сард гүйцэтгэгч нь тодроод ажилдаа орох нь байтугай зургаадугаар cap дуусчихаад байхад зураг нь гараагүй байна шүү дээ. Энэ дутагдлыг арилгахад л чиглэсэн хууль.

Ж.БАЯРСАЙХАН 
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих