МОНГОЛЧУУД: ТАЛЫН НҮҮДЭЛЧДИЙН УЛАМЖЛАЛ номын 5 дахь боть хэвлэгдэн гарлаа

: 159 өдрийн өмнө / 2018-06-12 10:34:56

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Монголчууд” түүхэн цувралын тавдугаар боть “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал” номын нээлтийн үйл ажиллагаа “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээний хүрээнд боллоо.

Монголчууд цувралын нэгдүгээр боть 1911-1921 он, хоёрдугаар боть XVII зууны II хагасаас XX зууны эхэн үе, гуравдугаар боть 1924-1959  он, дөрөвдүгээр боть XII зууны II хагасаас XVII зууны эхэн үеийн монголчуудын түүх соёлын тухай өгүүлсэн. Тэгвэл энэ удаад “Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал” номд  Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн чулуун зэвсгийн үеэс эхлээд суурьшмал соёл иргэншил, нүүдэлчин амьдралын хэв маяг тусдаа салж хөгжих эхлэл тавигдсан Хүрлийн үе, нүүдэлчийн анхны төрт улсыг байгуулсан төдийгүй хожмын монголчуудын шууд өвөг дээдэс болсон Хүннү гүрэн, Евразийн хээр талд өөрсдийн өвөрмөц түүхийг бүтээсэн Сяньби, Жоужань, Түрэг, Уйгур, Хятаны түүхийг археологийн олдвор хэрэглэгдэхүүн, хөрш зэргэлдээ улс түмний түүх сурвалжаар тодруулан өгүүлснээрээ өмнөх цувралуудаасаа онцлог болжээ.

Энэхүү ном агуулгын хувьд түүхийн асар урт цаг хугацааг хамарч байгаа ч монгол угсаатан бүрэлдэн тогтоход өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан эртний нүүдэлчдийн түүхийг 8 бүлэгт багтаан танилцуулсан. Өөрөөр хэлбэл 800 000 жилийн тэртээ өнөөгийн Монгол нутгаар хэрэн хэсэж асан эртний хүмүүсээс эхлээд, ахуй соёлын хувьд нэгэн нийтлэгийг бий болгож, нэгдмэл улс төрийн хүчин болсон Их Монгол Улс байгуулагдахын өмнөх үеийн нүүдэлчин ард түмнүүдийг түүхийг энгийн ойлгомжтой бичлэгийн хэв маягт буулган өгүүлсэн байна.

Мөн нэн эртний хүмүүс байгаль цаг уурын ямар орчин нөхцөлд хэрхэн амьдарч байв, тэдгээр хүмүүс орчин тойрноо хэрхэн таниж мэдэж, ямар зүйлд сүслэн биширч, юунаас айж жигшин, хөгжлийн ямар замыг туулж ирэв гэдгээс эхлээд түүхэн цаг үе бүрт амьдарч байсан хүмүүсийн хэрэглэж асан эд өлгийн дурсгал, идэж ууж байсан хоол хүнс, бичиж тэмдэглэсэн түүхийн тухай ч энэ номоос танилцаж болох юм.

Эрт цагаас үлдэж хоцорсон булш оршуулга, хиргисүүр, буган хөшөө, хүн чулуу зэрэг дурсгалууд бидэнд түүхийн ямар нууцыг өртөөлөн хадгалсныг хийгээд бидний өвөг дээдэс хэрхэн амьдарч ирснийг уг номоос цогцоор нь мэдэх боломжтой. Монсудар хэвлэлийн газраас зохион явуулж буй “Соён гэгээрлийн өдрүүд" энэ сарын 15ныг хүртэл Интерномын төв салбар дээр зохиогдоно оо.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих