МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгын улстөрийн илтгэлээс танд санал болгох онцлох 10 эшлэл

: 9 өдрийн өмнө / 2018-07-07 14:18:24

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгын МАХН-ын ээлжит бус их чуулганы төлөөлөгчдөд тавьсан улстөрийн илтгэлээс онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-МАХН-ын ХХI зууны хоёр дахь Их чуулган хуралдаж намын дүрэм мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан юм. Улс төрийн намын тухай хуулийн дагуу шинэчилэн баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан боловч Улсын дээд шүүхийн зүгээс 2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар Бага чуулган хуралдсан эсэхийг нотлох баримт алга хэмээн илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр гарган намын дүрэм мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзаад байна.  Тиймээс өнөөдөр бид дахин цуглалаа.

-Шинэчлэгдсэн МАХН-ын хувьд анхных нь болох 2012 оны УИХ-ын сонгуулийн тухай тайлан мэдээж томоохон байр суурийг эзлэх нь зүй ёсны асуудал биз ээ. 2012 оны УИХ-ын сонгуульд 1840824 хүн саналаа өгснөөс 252115 хүн буюу 22,3 хувь нь “МАХН-МҮАН-ын Шудара ёс эвсэл”-ийн төлөө саналаа өгчээ.

-Улсын дээд шүүх МАХН-ын II Их чуулганы шийдвэрийг бүртгэхээс татгалзсан шалтгаан нь хууль зүйн гэхээс илүүтэй МАНАН бүлэглэлийн айдас, захиалгын дагуу гарсан шийдвэр гэж үзэж болно.

-2012 оны УИХ-ын сонгуулиар аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй учир хуулийн шаардлагаар эвслийн засгийн газар байгуулагдаж МАХН эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон билээ. 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Оюу толгойн гэрээнд Засгийн газрын шалгалт оруулан хоёр тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн, Таван толгойн ордыг төрийн өмчид хэвээр авч үлдсэн зэрэг МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө улс төрийн шийдвэрүүд гаргаж байсныг энэхүү тайланд заавал дурдах ёстой гэж үзэж байна.

-Хэдийгээр  2016 оны УИХ-ын сонгуульд үзүүлж болох амжилтаа алдсан ч гэлээ Эрдэнэтийн 49-ийг хуйвалдан авч байгааг нь эсэргүүцэж, олон нийтэд мэдэгдсэн, сэрэмжлүүлсэн, Таван толгойг ард түмний мэдэлд өгөх боломжоо хадгалан үлдсэн, Оюу толгойн гэрээний луйвар булхайг илчилж, төрийн хяналт шалгалтын байгууллагаар зөрчлүүдийг илрүүлсэн зэргээр Хамтарсан засгийн газар орсны давуу тал болсныг дахин хэлье.

-Улс төр-эдийн засгийн олигархи бүлэглэлийн зүгээс удаа дараагийн сонгуульд МАХН-ын даргыг сонгуульд өрсөлдүүлэхгүй байх нэг л мэхийг хийсээр ирсэнийг дээрх жишээ ойлгомжтой харуулсан болов уу. Энэ нь мянгат түмтийн дарга нар өөрсдийн ажил мэргэжлээс гадна, улс төрийн ажилд суралцаж, сонгогчидод өөрсдийгөө таниулах ажлаа эрчимжүүлэх ёстойг анхааруулсаар байна. Иймээсс МАХН-ын гүйцэтгэх товчоо, Бага чуулганаас Мянгат, Түмтийн дарга нарыг чадавхижуулах, тэдэнд ачааны хүндийг үүрүүлэх шийдвэр гаргаж дүрмийн өөрчлөлтөө боловсруулсан болно.

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАХН байгуулагдсан цагаас хойш хамгийн олон сонгогчдын санал авч гишүүд дэмжигчдийн эгнээг өргөтггөсөн үр дүнтэй сонгууль болсон. Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 409 мянга 899 санал буюу 30.19 хувийн санал авсан байна.

-Шинэ үндсэн хуулийн төсөл буюу Дээд хуулийг боловсруулан улс орон даяар өргөн хэлэлцүүлэг хийсэн, намын бүтэцийг шинэчлэн, анхан шатны нэгжийн үйл ажиллагааг тогтворжуулсан зэрэг бэлтгэл ажил, Н.Энхбаярыг нэр дэвшүүлдэггүй муу аргаа дахин хэрэглэсэн бүлэглэлд ард түмний дургүйцэл төрсөн, өрсөлдөгч нарын сөрөг рейтинг зэрэг олон хүчин зүйлс энэхүү сонгуулийн үр дүнд нөлөөлсөн нь дамжиггүй.

-Бид энэ сонгуулиас бид ялж болно, ялж чадна гэх итгэлийг дахин олж харсан. Харин ялахын тулд цөөн оноогоор биш харин накаутаар ялах хэрэгтэй. Эс тэгвэл худалдагдсан шүүгч нар оноог манайд биш өрсөлдөгчид өгсөн хэвээр байх болно гэдэг сургамжийг олж авсан гэж найдаж байна.

-Монгол Улсын хөгжлийн гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт хэмээн үзэж БНМУ-ын Дээд хуулийн төслийг боловсруулсан ба эрдэмтэд, салбар бүрийн төлөөлөл, улс төрийн намууд, улс төр судлаачид зэрэг олон салбар бүхий хэлэлцүүлэг зохион байгуулж, ард түмнээр хэлэлцүүлэх эхийг бэлэн болголоо.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих