З.Баянсэлэнгэ: Ц.Элбэгдорж, Бадамжунай, М.Энхболд нар нь ХХБанкаас халхавчтай хувьцаа эзэмшдэг болох нь хэдийнээ ил болжээ

: 8 өдрийн өмнө / 2018-07-07 17:23:41

МАХН-ын ээлжит бус их чуулган үргэлжилж байна. Ээлжит бус их чуулганы үдээс хойшхи хуралдаанаар тус намын нэр бүхий гишүүд олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлуудаар улстөрийн илтгэл тавьлаа. 

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийн "Эрдэнэтийн 49 хувийн луйвар" сэдвээр ээлжит бус их чуулганы гишүүдэд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


1.2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдрөөс хэдхэн хоногийн өмнө буюу Монгол Улс, улс төрийн намууд, ард иргэд төдийгүй олон улс  сонгуулийн үр дүнг хүлээсэн сүүлийн өдрүүдэд Сайханбилэгийн Засгийн Газар хаалттай нууц горимоор яаравчлан хуралдаж, Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмших 49 хувийг  нийгэмд үл танигдах “Монголиан копер корпорейшн” гэх компанид шилжүүлэх шийдвэр гаргасан. Тухайн үед Засгийн Газрын хуралдаанд сууж амжаагүй миний бие хэлэлцсэн асуудлын талаар Засгийн Газрын нууцын ажилтантай уулзаж танилцахаар хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч, Ерөнхий сайд Сайханбилэг өөрт чинь танилцуулахыг зөвшөөрөөгүй гэсэн. Ингээд Ерөнхий сайдтай биечлэн орж уулзан Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хувийн компанид шилжүүлсэн хуралдааны талаар тодруулахад өөрт чинь хамаагүй, нууц хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг задруулах юм бол хариуцлага хүлээнэ шүү гээд тодруулга тайлбар өгөөгүй юмаа. Шадар сайд  Ц.Оюунбаатар дээрх асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх шаардлагатай, ЗГ дангаар шийдвэрлэх нь   УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа гэдгийг хуралдааны явцад сануулж хэлж байсныг үл тоон, хүч түрэн асуудлыг хэлэлцсэн байдаг. Ингээд МАХН-ын сайд нар Ц.Оюунбаатар, Д.Цолмон бид 3 хэвлэлийн бага хурал зарлан тэдгээрийн хууль зөрчсөн үйл ажиллагааг нийгэмд ил болгон зарлахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яаран, сандран сайхан мэдээ дуулгаж байгаа мэтээр  хэвлэлийн хурал зарлан, Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмших 49%-ийг Монголын талд эргүүлж авлаа гэдэг мессежийг зарласан.

Нэгэнт  сонгуулийн үе тааруулж, яаруу сандруу хуралдан, олон нийтийн анхааралд өртүүлэхгүй зорилгоор хаалттай нууц хуралдан, чоно борооноор гэгчийн үлгэр шиг хуйвалдан луйврын аргаар өөрсдийн хамаарал бүхий компанидаа  Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг шилжүүлсэн болсон үйл явц ердөө энээ. МАХН Байгалийн баялаг 100 хувь ард иргэдийн мэдэлд, түүнийгээ  захиран зарцуулах эрхээ эдлэх бүрэн боломжтой гэж удаа дараагийн  мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан бөгөөд Монголын ард түмнийг 30 гаруй жил тэжээж, ашиг шимээ өгч “саалийн үнээ ” гэдэг нэр хүртэл зүүсэн энэ Стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрийн ирээдүй хувь заяаг нүд нь балай, чих нь дүлий лугаа адил өнгөрөөж чадаагүй эсэргүүцсэн билээ.

2.Энэ үйл явдлын дараагаар намууд янз бүрийн байр суурь илэрхийлсэн төдийгүй хамгийн идэвхитэй ярьж, хууль бус шийдвэрийг өөрчлөнө гэдгээ илэрхийлж байсан МАН-ын сонгуулийн үр дүнд тодорхой хувиар нөлөөлсөн. Иргэд МАН-д итгэж, энэ луйврыг зогсоох байх, ялангуяа улс төрд нэр нөлөө бүхий Ц.Нямдоржоос эхлэн шударга залуу гишүүд хүч түрэн дэмжиж өөрчлөх байх гэж тэдэнд итгэн, саналаа харамгүй өгсөн. Гэтэл анх дуугарсан, иргэдийн санал авсан шигээ МАН-ын 65-ын бүлэг ажиллаж чадсангүй. Тэд ашиг сонирхол, албан тушаалын төлөө, хариуцлагын эсрэг хүч түрээд олонхиороо шийдвэр гаргадаг атлаа ядарсан иргэдийнхээ эрх ашиг дээр нэгдэж гаргасан шийдвэртээ баттай зогсож чадсангүй. Олонхиор идвэл турчихгээд байгаа шиг хоноцын сэтгэлээр хандаж, хэлсэн амлалтаасаа ухарч, цалин тэтгэврээр наадаж, авгай хүүхний асуудлыг эрээ цээргүй, ичиж зовохгүй, хайран түшээд хангалттай ярьж, цөхөрсөн иргэд хүлээсээр 2 жилийг ардаа хэдийнээ орхижээ.. Үнэндээ Эрдэнэтийн Оросын талын эзэмших 49%-ийг Монголын тал авах нь  мэдээж сайн хэрэг хэдий ч төрийн эрх мэдлийг хэсэг бүлэг этгээд  хууль зөрчин, дур зоргоор  аашлан, хууль бусаар хувьдаа авдаг тогтолцоо, ялзрал дээд цэгтээ хүрснийг Эрдэнэтийн жишээ тод харуулж байна.  Яагаад Ч.Сайханбилэгийн Засгийн Газар нэрийн доор зохион байгуулсан дээрх үйлдэл хууль бус байгаагийн учрыг тайлбарлан хүргэе. 

3.Бидний өвөг дээдэс болоод ХХ зууны хамгийн том бүтээн байгуулалт  бүхий  стратегийн орд Эрдэнэт үйлдвэр Монгол Улсыг олон тэжээж ирсэн. Цаашдаа ч тэжээх болно.

2003 онд Оросын их өрийн асуудлыг шийдэхдээ Монголын тал 51 хувиа, Оросын тал 49 хувиа авах албан ёсны бичиг баримтыг их өрийн асуудлыг шийдэх багц асуудлын хүрээнд багтаан, 2 улсын Засгийн Газар хоорондын гэрээ байгуулсан. Энэ бол түүхэнд тэмдэглэгдэхээр маш том амжилт Монголчууд үздэг.

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу шийдвэрлэх ёстой. Оросын тал зарах гэж байгаа бол Монголын талд, Монголын тал зарах гэж байгаа бол Оросын Засгийн газарт саналаа албан ёсоор тавих ёстой. Хэрэв Монголын Засгийн газар ямар нэг шалтгаанаар авахгүй гэдэг байр сууриа илэрхийлбэл түүнийгээ эхлээд УИХ дээр танилцуулж, хэлэлцэх ёстой. Хэрэв Эрдэнэтийн Оросын талын эзэмших 49%-ийг Монголын төр авахгүй гэж УИХ-аар шийдвэрлэсэн бол  яагаад авахгүй болсноо олон нийтэд ил тод тайлбарлаж мэдэгдэх нь Монгол төрийн үүрэг. Гэтэл энэ асуудал хуулийн хүрээнд шийдвэрлэгдээгүй бөгөөд Засгийн Газраас авахгүй гэсэн шийдвэр албан ёсоор Оросын талд хүргэгдээгүй. Үүнээс харахад:

1.УИХ дангаараа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн Газар дур мэдэн, сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед далдуур, нууцын зэрэглэлтэй оруулж хэлэлцсэн нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан, хууль зөрчсөн үйлдэл.

2.Хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд худалдан авах ажиллагаа явагдсан уу гэвэл үгүй. Учир нь  Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмших 49%-ийг Монгол зэс корпорацид зарсан нь ҮХ, ОУ-ын гэрээний тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компанийн тухай хууль, Монгол улс ОХУ-ын хооронд байгуулсан ОУ-ын гэрээ, Засгийн Газрын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн төдийгүй худалдан авах ажиллагаатай хөрөнгийн эх үүсвэр нь хууль зөрчсөн ноцтой баримтуудыг ил гаргаж ирсэн.

Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмших 49%-ийг худалдан авсан гэх “Монгол зэс” корпораци нь 2012 онд  байгуулагдсан. Үндсэн нэрээ 2 удаа сольсон төдийгүй 1 гишүүнтэй,  2 жил татварын “Х” тайлантай үйл ажиллагаа явуулж байсан компани  гэнэт  мөнгөжиж худалдан авалт хийсэн нь зохион байгуулалттай, хууль зөрчсөн далд луйврын үйл ажиллагаа болсон бөгөөд энэ ажлыг зохион байгуулагч нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, оролцон дэмжигч нь М.Энхболд, гардан гүйцэтгэгч нь Ч.Сайханбилэг,  хар хорыг найруулж, жүжгийг дэглэсэн ХХБанкны ТУЗ-ын дарга Эрдэнэбилэг юм.  Тэгвэл Эрдэнэбилэг гэгч  хэн бэ?

Сахал Эрдэнэбилэг нь  Ц.Элбэгдоржийн дотны хүн. ХХБанкны ТУЗ-ын дарга. УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн хүргэн  гэгддэг Д.Эрдэнэбилэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай 1990-ээд оноос ойрын хүрээнд нь ажиллаж жолооч хүртэл хийж байсан, хамгийн итгэлтэй хүн нь байж. Тэрээр  Х.Баттулгыг гадагш яваад ирэх хугацаанд нь  Х.Баттулгын мэдлийн ХХБ-ийн 60 гаруй хувийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ТУЗ-ын даргын суудлыг эзлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлд багтан, дотных нь хүн болсон тухай мэдээлэл байдаг. Тиймдээ ч Ц.Элбэгдоржийг спонсорлодог түүнийх нь хариуд ашигтай шийдвэр гаргаж бизнесийг нь дэмждэг. Цаашлаад Ц.Элбэгдорж, Бадамжунай, М.Энхболд нар нь ХХБанкаас халхавчтай хувьцаа эзэмшдэг болох нь хэдийнээ ил болжээ. 

Мөн Д.Эрдэнэбилэг гэгч нь өнгөрсөн жилүүдэд нууц ноёнтон маягаар  ажиллаж, амьдрахдаа Монголын эдийн засгийн амин  чухал нөлөө бүхий томоохон салбаруудад өөрийн ноёрхлоо тогтоож ирсэн төдийгүй, 2014 онд  “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатайгаар хувьчлах шийдвэрийг  засгаас  гаргуулж байсан нэгэн.

Эрдэнэтийн асуудал дээр  УИХ-ын эрхэм гишүүн Ж.Батзандан  “Өнөөдөр 27 настай хүүхэд Эрдэнэтийн 49 хувийг авчихаад байна”. Тэр 27 настай хүүхэд нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хүү, тэгэхээр “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэгийн гарт Монголын хамгийн том үйлдвэр орлоо, иймд   Монгол Улсын Засгийн газар буцааж авах хэрэгтэй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хэлсэн байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ХХБанкны ажилтан авсан гэх зүйл ч яригддаг.

Цухас дурдахад энэ хүний талаарх улс төрийн хүрээнийхний дунд яригддаг зүйл ийм байна. Тэгвэл Эрдэнэтийн 49%-ийг  хувьдаа авсан луйврын схемийг УИХ-аас байгуулсан ажлын хэсэг шалгаж, тэр дундаа ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж тодорхой баримт дээр тулгуурлан ярьж тайлбарладаг. Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмших 49%-ийг худалдан авсан 400 сая долларыг хаанаас босгосон, хэний мөнгө, хэн цаана нь нуугдаж байгаа  бид санхүүгийн схемээс харж болно. Нэг бүрчлэн тайлбарлахад цаг орох тул товчлоод хүргэхэд Монгол банк- Эрдэнэбилэгийн ХХБанкинд-160 тэрбум, Хөгжлийн Банк- Эрдэнэбилэгийн  Кью Эс Си ХХК –д 51.3сая доллар,136 тэрбум төгрөг, Аж үйлдвэрийн яам- Эрдэнэбилэгийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 90.3 сая доллар, Эрдэнэт үйлдвэр нь – Эрдэнэбилэгийн Кью Эс Си ХХК-д 17.2 тэрбум төгрөг, Эрдэнэбилэгийн хөтөлийн цемент шохойн үйлдвэрт- 15 тэрбум төгрөг, Эрдэнэбилэгийн дарханы төмөрлөгийн үйлдвэрт 87 тэрбум төгрөг тус тус шилжүүлсэн байна.  Ингээд мөнгөтэй болсон Эрдэнэбилэг  хамаарал бүхий 3 компанидаа өөрийн ХХБанк, Кью Эс Си ХХК-иас  мөнгө хийж байгаа нэрээр Монголын зэс компанид дамжуулан 343.9 сая доллар, дээр нь дахин эрдэнэт үйлдвэрээс 58.3 сая доллар, УБ банкнаас нэмж 112 тэрбум төгрөг, нийт 400.27 сая долларыг ОХУ-ын Альфа Банкинд шилжүүлэн Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлджээ. Яагаад гэмт хэрэг гэж үзэж байгаа вэ гэхээр төр буцааж 49%-иа авахаас, гэм буруутай үйлдэл нь ил болохоос, Монголын ард иргэдээс  үнхэлцгээ хагартал айсан Эрдэнэбилэгтэнгүүд ээлжит мэхээ хэрэглэн, төр Эрдэнэтэд шахаагаа хийхийн тулд хувийн өмчийг булааж байна гэж  хэвлэлийн бага хурал зарлан, иргэдийн санаа бодлыг өөрчлөх  бүхий л арга хэлбэр зохион олон нийтийн сүлжээгээр цацаж эхэлсэн. Гэтэл энэ схемээс харахад тэдний ярьсанчлан, цэвэр хувийн хөрөнгөөр 49%-ийг худалдан авсан бус харин ч төрийн мөнгийг, тэр дундаа хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ашиглан луйвар хийсэн нь  хэнд ч  харсан ойлгомжтой байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэбилэгийн банк, түүний хамаарал бүхий  компаниудад төрийн банкууд, төрийн яам долларыг сая саяар нь  шилжүүлэн санхүүжүүлж, гэмт үйлдлийг нь өөгшүүлж  байгаа  бодит байдал энэ байна. Тиймдээ бид гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Цалин тэтгэвэр нэмэх, сургууль цэцэрлэг барих, бүтээн байгуулалт хийхэд мөнгөгүй гээд амаа билүүдэн, гараа хумиад суудаг атлаа хувийн ашиг сонирхлоо хамгаалах болохоор төр хуьийн хэмшил нь нийлээд орчихдог ийм л мафижсан систем биднийг хайрцаглан барьж байна.

Гэхдээ үнэн хэзээд ялна гэдэгт бид итгэдэг. Шударга үнэний дуу хоолой хэзээ ч боомилогдохгүй ээ.  УИХ дахь шударга гишүүд  хууль зөрчсөн, Монгол төр, Монголын ард түмнийг басамжилсан энэ даварсан үйлдлийг тэвчиж өнгөрөөлгүй тэмцсэн. Гэтэл ард түмэндээ үйлчлэх ёстой шүүх албан тушаалтан, тэдний цаад эздэд үйлчилж, хариуцлага хүлээлгэх чадамжгүй гэдгээ дахин нотлон харууллаа. Өөрөөр хэлбэл Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ийн Эрдэнэтийн 49%-ийг Монголын төр авах ёстой гэсэн шийдвэрийг Дээд шүүх хянан хэлэлцээд УИХ-ыг хууль зөрчсөн байна гэж үзэн, уг шийдвэрийг хүчингүй болгосон. УИХ-ын бүрэн эрхэд халдаж, гаргасан хууль тогтоомжийн шийдвэрийг хүчингүй болгох эрх шүүхэд байхгүй атал хэрээс хэтэрсэн, хуулиар олгоогүй давуу эрхийг эдэлсэн УДШ-ийн Захиргааны танхимын тэргүүн шүүгч Батсуурь гэгчийг өмнө нь ХХБны хуулийн зөвлөхөөр ажиллаж байхад нь Ц.Элбэгдорж  томилсон байдаг. Монгол Улсын ҮХЦэц УИХ-ын шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсээр байтал, УИХ-аас ажлын хэсэг гарч, хичнээн дүгнэлт уншаад ч, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь зохион байгуулалттай  гэмт хэргийг эзэдтэй нь илчилж дэлгээд ч тусыг эс оллоо. Харин ч Эрдэнэтийг хувьдаа авсан цагаас хойшхи буюу 2016 оны 6 сарын 27- 11 сарын  21 хүртэлх нийт 5 сарын хугацааны орлого, зарлагын асуудлыг авч үзэхэд 2012 оны ногдол ашиг гэж 47 сая америк доллар, 2013 ногдол ашиг гэж 8.6 сая америк доллар, “Монголын зэс корпораци”-д гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая ам.доллар, нийт 58 сая америк долларыг Ц.Пүрэвтүвшингийн “Монголын зэс корпораци” руу шилжүүлсэн байна. ОХУ аваагүй ногдол ашгийг 2012, 2013 онуудад “Эрдэнэт үйлдвэр ”-тэй ямар ч холбоогүй байсан энэ компани аваад, мөнгийг зувчуулчихсан байх юм.

Мөн Д.Эрдэнэбилэгийн мэдэлд бүтэц нь шилжсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү 2 орчим тэрбум төгрөг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 17 тэрбум төгрөг шилжүүлсэн байдалтай байна.Татварын албанаас хийсэн шалгалтаар энэ жилийн татварын орлого 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл цаашид энэ бүлэглэл татвар төлөх сонирхолгүй, байгаа хөрөнгөө шархаа нөхөхөд зориулах юм байна гэдэг нь шалгалтын явцад ажиглагдсан гэж ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн байдаг.

Хамгийн сүүлийн мэдээллээр  Эрдэнэбилэг нь   ХХБ, УБ банк, Эрдэнэтийн 49 хувь, Сүхбаатарын талыг эзэмшдэг нь багадаад Баянхонгор аймгийн Заг сумын малчдын амьдралыг тэтгэдэг Загийн голын эхээс  алт олборлох гэж уйлайран, мөнгө төгрөг амлаж, аргаа барсан сумын  иргэд “Газар нутгийг минь бүтэн үлдээж өгөөчээ. Малчид бид 100 сая төгрөгний чинь оронд 100 хонь бэлэглэе”  гэж аргаа баран хэвлэлийн хурлаар гуйж байхав дээ.

Энэ хүний хууль бус үйлдлийг таслан зогсоох хүч Монголын төрд байгаа бол хүчээ харуулж төр төмөр нүүрээ үзүүлээчээ гэж нутгийн иргэд хүсэж байна.

МАН сонгуульд ялсан цагаас даруй 2 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаа тийм ч бага хугацаа биш. Ялангуяа бүрэн эрхийн хугацаа талдаа орчихоод байхад,  намын дарга нь Засгийн Газраа тэргүүлж ажиллаж байгаа, хүч түрээд асуудлыг шийдчихдэг, 65-ын бүдүүн бүлэг гэх тодотголтой энэ намаас иргэдийн олон хүлээлт байсан. Бидний  нөхөд  олон нийтэд луйвар булхай явагдаж буйг илчлэн дэлгэж, ЗГ-ынхаа эсрэг зогссоныхоо  төлөө Эрдэнэбилэгтэн, Элбэгдоржтонгуудын гар хөлийн үзүүр болох АТГ түүний удирдлагууд, захиалгат прокурорынхны  хорхойтой араанд зуугдсан ч байр сууриндаа бат зогсож, ард түмнээс булаасан өмчийг буцааж авах тэмцлээ зогсоогоогүй ээ. Тэд бидний зоригийг мохоож, шударга ёсыг боомилохыг хичнээн хүсэвч түүний хирээр бид улам хатуужин зоригжиж байна.

Нэгэн цагт Ерөнхий сайд асан Алтанхуяг хэлэхдээ .. шударга бусын хонгил үүсгэн түүгээрээ оруулахыг хүсдэг гэж билээ. Тэр үед иргэд юу ярьж буйг нь төдийлөн сайн ойлгоогүй. Харин одоо энэ хонгилын утга учрыг бидний хүүхэд байхдаа үзэх дуртай ..Үхлийн архив кино түүний эсрэг дүрийн гол баатар Вазелийн нэгэн адил ойлгон, орчин цагийн хэлмэгдүүлэлт энэ хонгилын цаана явагддаг юм байна. Энэ хонгилоор өөрсдийгөө эсэргүүцсэн хэн дуртайгаа чирч, зарим нэгийг нь явдал замдаа урвуулан, өөрийн эгнээнд нэгтгэн өмнө таньдаг байсан нэгэн танигдахын аргагүй өөрчлөгдөн гарч ирдэг гэдгийг хэн хүнээр хэлүүлэлтгүй ойлгодог болсон. Тэд өөрсдийн дэглэсэн жүжгийнхээ гол дүрд тоглож, шударга бусын хонгил руугаа биднийг хэдэн арваар нь чирэвч, шударга түмэн олныг бүгдийг барахгүй л болов уу. Бид хонгилын харанхуйгаас, хонгилын эздээс айхгүй. Харин тэд эрх мэдэл, хөрөнгө мөнгө байсан ч наранд гарахаас айдаг. Учир нь тэдний үйлдэл бүхэн харанхуйд,  өөрсөдтэйгөө нүүр тулахаас хүртэл айдаг тул уулзалт, хуйвалдаан бүхэн харанхуйд. Харанхуй хонгил хэзээ нэгэн цагт гэрэл гэгээтэй гүүрээр солигдоно. Тэр цагт  шударга үнэний индэр тэдгээрт үйлчлэх гэрэл гэгээтэй  өдөр ирнэ гэдэгт бид итгэж байна. Монголын ард түмэн итгэж байна. Хүчтэй нь хүчгүйгээ барьдаг цаг үе солигдож, бие биеэ хайрласан, хамтдаа хөгжсөн Монгол төрийн босго чанга, нуруу нь цэх, сэтгэл нь уужим , мэлмий тунгалаг, шударга ёс, хариуцлагын асар басар хамгаалагчтай, иргэддээ үйлчилсэн төр засаг мөнх оршин тогтнох болтугай.

Монгол сайхан нутагт маань шударга ёс, хариуцлагын нар мандана гэдэгт бид итгэлтэй байна. Бидний тэмцэл ч дуусахгүй ээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих