Сумын наадам

: 6 өдрийн өмнө / 2018-07-09 16:31:18

Завханы Завханмандал суманд миний бага нас өнгөрсөн. Наадмын урд өдрүүдэд аав ээж минь худалдаж авч оёж өгсөн цоохор даавуун өмд цамц, цагаан ултай гутлаар гоёсон хүүхэд насны наадам. Өглөө эртээ тугалыг нь тавьсан эхлээр үнээнүүд. Хүнгий голыг гатлан элсэн манхан тал рүү билчээсэн эхлээр хонь хурганууд хүүхэд бидний л адил жаргаж асан наадмын өдрүүд. Голын зүлэг ногоон дэнж дээр салхины аясаар дэрвэх асар майхнууд бидний сэтгэлийг адил хөвсөлзүүлнэ. Хааяа тургилах адуунуудын чимээ, хөлснийх нь дотно үнэр тэр гэхийн аргагүй сэтгэлд үнэртэнэ. Салхины аясаар дэрвэх майхны хаяагаар хамар сэтлэм үнэртэх дув дугуй хуушуурны үнэр сэтгэл дэх хөг аясыг эгшиглүүлнэ. Зөвхөн үнэрт нь цадмаар "нэг төгрөг"-ний үнэртэй хуушуурнууд энэ л наадмын сэтгэл ханамжийн нэг нь. Цагаан хоолойгоор хэн нэгнийг зарлан дуудах аялгуунаас илүүтэй амтат тэр л хуушуурнууд бидний амьдралын нэгэн таашаал.
 
Сумын стадионыг тойрон гийнгоолох дуунд миний үеийн хөвгүүд унасан мориныхоо сэрвээн дээр хэвтэж омог бардмаар ташуурынхаа сураар даялахад бяцхан атаархал төрөх хэдий ч, морины нуруун дээр тогтох хувьгүйгээ өөртөө хүлээн зөвшөөрнө, атаархал салхинд хийсч замхарна. Ангийн болон үеийн охидууд тааралдах дор бяцхан цээжиндээ "Эр бор харцага" болон харагдаж, жигүүрхэндээ хүчтэй хэмээн омогших гэж ядна. Хааяадаа жуумалзах тэдний харцан дор сэтгэлдээ элин халин дэвнэ, тэд анзаарсан эсэхийг үл мэдэх авч, өөрөө өөртөө л хөөрцөглөнө. Сумын хэдэн харцуул дээл зодгоо уралцан барилдаж, даван дэвэх бүрт гагц өөртөө л хөөрцөглөн дэвнэ, хэдэн жилийн дараа ч юм бэ, цэрэгт явж "эр бор харцага" болохоо мөрөөднө. Сэмхэн мөрөөдөх тэр л охиноо гэргийгээ болгон санааширна.Бас хааяадаа хэн нэгнээс харамлаж, бас хардан гуниглана.
 
"Морьд эргэлээ" гэх дуунаар тэвдэн сандарч, аль тааралдсан машиныхаа тэвшин дээр гарч цээж дүүргэх салхийг ум хумгүй залгилна. Өндөр дэнж дээр буугаад алсын алсад тоосрох морьдын зүсийг чимээлэн чагнана. Гийнгоолон барианд орох морьдын тоосон дунд самсаа шархирна, Хөлсийг нь хусах хусмын аясаар хийсэх хөлсний дусал дунд өөрөө л нулимсаа залгилна. Хоолой зангирна. Буцаад л машины тэвшнээс буухад хов хоосон цэнгэлдэхээс "Эр бор харцага" эгшиглэхэд дотор уужран тайвшрах аж. Үзүүр түрүүний бөхчүүдийн хаялсан боорцог дунд наадам өндөрлөнө. Морьдын тоос замхрах төдийд сэтгэлд гуниг хурж "Дараа жилийн наадам даанч хол байна даа" гэж гуниглах. Орой нь лагерын гэрүүдийн дунд орны цагаан даавуу дэлгэж татсан хэц дээр кино гарахад ах эгч нарын сэмхэн шивнэлдэх чимээ, хос хосоороо сэмхэн алга болох мөчүүдийн учрыг олох гэж гайхна.
 
Миний бага насны наадам, миний цоохор даавуун гоёл цагаан ултай хав хар гутал сэтгэлд тодхон үлджээ. Зөндөө олон наадмыг үзсэн хэдий ч, тэр л балчир насны наадам адуу тургилах чимээ сэтгэлд үлдэн хоногшжээ. Хав халуухан, дув дугуй хуушуур, "улаан ус" хэмээх ундааг яг одоо л идэж залгилахсан, зүгээр л цоохор даавуун гоёлоороо "хормой дэрвүүлэн гүйх сэн" гэж ямар ихээр хүснэ вэ? Өндөр довцог дээр өвгөдүүд мориныхоо цулбуурыг өвдгөндөө ороогоод, тэртээх морьдын тоосыг дурандан байж бидэнд түүх өгүүлэхийг сонсохсон гэж ямар ихээр хүснэ вэ? Миний мөрөөдөж асан тэр охин газар сөхрөн сууж хааяадаа над руу хяламхийн харж мишээхийг дахин харах сан гэж би ямар ихээр хүснэ вэ?

Тарсан наадмын тоосон дунд алдсан хайраа хайн гуниглах тэр л гэгэлгэн мөчүүдийг дахиад л мэдэрч, санаа алдах сан даа. Ай миний гэгэлхэн хүүхэд насны сумын наадам минь дээ гэж.
 
Г.Галбадрах
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих