Баабар: Хөршүүд

: 73 өдрийн өмнө / 2018-07-10 09:26:17

(МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)

ХIII зууны эхээр Ази нь Европыг бодвол хавьгүй хүчирхэг байлаа. Лалын их тэлэлттэй таван зуун жил тэмцэлдэн тэдний эсрэг зохион байгуулсан загалмайтны хэд хэдэн дайн Европыг сөхрүүлжээ. Лал Дорно зүг рүү тэлэх хэрээрээ шинэ шинэ хүчирхэг гүрнүүдийг буй болгож байв. Перс, Дэллийн султанат нь хэдийгээр уугуул  язгуурынхан боловч хэдийнээ лалжсан байна. Харин өөр нэг том иргэншил болох Хятад өдий хүртэл энэ тэлэлтээс ангид байв. Энэ цаг үед Хятадын хойд талд нэгэн хүчирхэг гүрэн шинээр өндийн бослоо. Энэ бол Их Монгол гүрэн. Шинэ төрж буй Их Монгол улсыг тойроод Хятадын Сүн династиас гадна нүүдэлчдийн хэд хэдэн хүчирхэг улсууд хөршилж байсан юм.

Сүн династи. Хятадын түүхэнд хамгийн содон нь болох Тан гүрэн дотоодын хямралд идэгдэж, нэмэр дээр нь умрын нүүдэлчин хятан нар Ляо хэмээх хүчирхэг гүрэн байгуулж байнга довтолсон шалтгаанаар мөхжээ. Хятад дахин задарч Таван династи, арван хаант улс буй болов. Бутарсан гүрнийг нэгтгэх үүрэг дараагийн династи Сүнд ноогдон 960 онд нэгдсэн төр улс төрөв. Гэвч умар талдаа нүүдэлчдийн байгуулсан тангадуудын Си Сяо улс, зүрчидийн Алтан улс, киданчуудын Ляо гэсэн хүчирхэг улсууд зэрэгцэн оршиж байлаа. Тангийн үед нүүдэлчдийг ямар нэг хэмжээгээр хяналтандаа байлгаж ихэнхийг нь вассал болгож дөнгөж байсан бол Сүн тэгэж чадсангүй. Тангийн үед алдагдсан гэх 16 мужаа эргүүлж авна хэмээн хятан нартай хэд хэд байлдаад амжилт олсонгүй. Нэгэнтэй нь эвлэрч нөгөөд нь дайсагнан гуравдахад нь татвар төлж аргалсаар 40-50 жил болсон авч эрхгүй ялагдан хойд нутгаа тэр чигээр нь алдав. Нийслэл Кайфэн-гээ зүрчидийн Алтан улсад алдсаны дараа урагш Хөх мөрөн рүү нүүн улсаа Өмнөд Сүн гэж нэрлэх болов. 

Хятаны Ляо улс. Ляо голын нэрээр Ляо династи (Liao) гэдгийг байгуулсан хятанчууд (kidans) энэ бүс нутагт хоёр зуун жил ноёрхсон юм. Хянганы нуруу хавиар нутаглаж, Тан династийн хараанд байсан нүүдэлч малчин хятан нар Х зууны эхээр хүчирхэгжин өөрийн төр улсыг байгуулжээ. Тэдний тухай хятад эх сурвалж МЭ-ий III зуунаас тэмдэглэх болжээ. Тэд эртний өвөг монгол болох шивэй язгуурынхан, иймээс хэл нь монголтой нэн төстэй. Судлаачдын хэлж буйгаар одоо тогтоогдсон хятан үгсийн 70 хувь нь монгол үгтэй таардаг аж. Хятан гүрэн ид мандаж байхдаа Шар тэнгисээс Алтайн нуруу хүртэл уудам газрыг эрхшээж байв. Тэд Бохай гүрнийг (Bohai) сөнөөсөн, Төв Азийг эрхшээж байсан Хиргисийн хаант улсыг (Kyrgyz) шахан дарсан. Тэд өөрийн оршин тогтнох хугацаандаа уйгаруудтай маш холбоотой байж тэдний соёлын нөлөөнд байжээ. Тиймээс Төв Азийн нүүдэлчдээс хамгийн анх уйгараар дамжуулан мани шашинд орж, тэднээс бичиг үсгийг авч хэрэглэх болжээ.[i] Нийт хүн ам нь 4 сая орчим байсан гэх авч хятанчууд тавны нэгийг нь бүрдүүлнэ, үлдсэн нь хятад, бохай, зүрчид нар. Ингэхээр энэ улс нь олон үндэстний гүрэн гэсэн үг. Иймээс монголчууд урдуур нутаглагсадыг бүгдийг нь хятан (олон тоон дээр хятад) гэж нэрлэх болжээ. Харин жинхэнэ хятадууд умард зэрлэгүүдийг бүгдийг нь нийлүүлээд татаар (хятад аялагаар дадаар) гэх. 

Хятанчууд дөнгөж үүсээд удаагүй байсан Сүн улс руу байнга довтолсоор тэднээс татвар авдаг болжээ. Тэдний эрхшээлд байсан зүрчид нар бослого гарган Сүнгийн хятадуудтай нийлж хятан нарыг Төв Азиас хөөж явуулсан байна. Мөхлөөс зугтсан киданчууд Елүй Даши (Yelu Dashi) удирдлагаар баруун зүг зугтав. Тэрээр өнөөгийн Шинжаан хавьцаа Хар Хятан (Qara Khitai or Western Liao) улс байгуулж өөрийгөө гүрхаан гэж цоллох болжээ. Ингэж Хар Хятан улс хожим буй болох Чингисийн Монголтой хилэллээ. Хар Хятаны мэдэлд Найман аймаг бас багтаж байсан юм. Бүддийн шашинтай хятан нар Алтайн чанадад суух лал мөргөлт нутгийн уугуул иргэдтэй таарахгүй ихээхэн зөрчил үүсгэж байв. 

Зүрчидийн Алтан улс. Тунгус-манж овгийн үндэстэн анхы төрт улсаа 

VIII зуунд байгуулсныг Бохай гэнэ. Солонгосын Когурёо династи (Goguryeo) задарсны дараа бохайчууд Солонгосын хойгийн умард хэсгийн өөртөө нэгтгэв. Бохайг хятан нар 926 онд эзлэн Номхон далайтай хиллэх болсон юм.

Зүрчид нар нь (Jurchens) Алтай хэлний бүлэгт багтах тунгус овгийн хүмүүс юм. Тэднийг жүрчин гэдэг байсан, энэ нь “боол” гэсэн утгатай, монгол хэлний олон тоогоор зүрчид гэх болж, монгол хэлээр дамжин энэ нэр тархсан гэж зарим эрдэмтэд тайлбарладаг.[ii] Тэд эртнээс Амар, Уссур, Сунгари мөрний билчэр газар амьдардаг хагас нүүдэлчин үндэстэн. Х зууны үед зүрчидүүд умрын хар зүрчид, өмнийн цагаан зүрчид гэж ялгарсан ба өмнийхөн нь гэнэт хүчирхэгжин Хятан улсыг түлхэн унагажээ.[iii] Зүүн Хойд Хятадыг зүрчид овгийнхон ийнхүү эзэрхийлэн Алтан улс (Jin) байгуулав. Тэднийг олон жил эзэрхийлж байсан хятанчуудын ноёрхол ингэж дуусчээ. Алтан улсын анхны хаан Агуда “Ляо гэдэг нь төмөр гэсэн үг, төмөр хэди хатуу боловч зэвэрдэг,  алт зэвэрдэггүй тэгээд ч үргэлж гялалздаг тул улсаа Алтан гэж нэрлэсүгэй” гэж шийджээ.[iv] 1115 онд гүрнийхээ Төрийг байгуулсан дороо л Сүн улсыг удтал зовоож эхлэв. Эцэст нь 1127 онд Сүнгийн нийслэл Кайфэн-г эзэлснээр Умард Сүн улсыг сөнөөв. Сүнгийн өмнөх хааны 9-р хүү урагш зугтан Өмнөд Сүн династыг заралснаар хойд Хятад үндсэндээ нүүдэлчдийн гарт орсон юм. 1141 оноос Өмнөд Сүн улс Хөх мөрнөөс урагш хиллэх болов. Ингээд зүрчидүүд нийслэлээ өнөөгийн Бээжин рүү зөөх нь тэр. Алтан улс нийт 5 нийслэлтэй болсны өмнөд нь Кайфэн, төв нь Бээжин юм. Ийнхүү тэд Хянганы нуруунаас Япон тэнгис хүртэл, Байгал нуураас Хөх мөрөн хүртэл уудам орон зайг эзлэх болов. Тэд нийт Хятад орныг эзлэх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хамаг анхаарал, цэргийн бөөгнөрөлөө урагш Өмнөд Сүн рүү хандуулдаг байлаа. Гэвч дотоодын зөрчил, умардын монгол аймгуудын хүчирхэгжил тэдэнд ийм бололцоо олгоогүй тул аргагүйн эрхэнд энэ зорилгоосоо ухархад хүрсэн билээ. 

Хэдийгээр эзэд нь алтай овгийн зүрчид нар байсан авч Алтан улс нь олон үндэстний гүрэн байлаа. Зүрчидээс гадна тэнд монгол, солонгос, хятад хэлтэн үлэмж олон байсан. Ер нь асар олон хүн амтай умард Хятадыг хураасан болохоор зүрчидүүд улсынхаа нийт хүн амын цөөнх болж хувирсан нь ойлгомжтой. Зүрчид нар өөрийн овгийн бүдүүлэг зохион байгуулалтыг хадгалсаар ирсэн авч түүний зэрэгцээ Тан, Сүн улсаас уламжлагсан хятадын төрийн захиргаа, хуулийн тогтолцоог үргэлжлүүлэн хэрэглэж байв. [v] Чингисийн Их Монгол улс байгуулагдахад тэднийг олон жил вассалаа байлгасан Алтан улс эхний гол дайсан нь болсон юм. Чингис хаан өөрийгөө Хабул хааны ор залгамжлах ёстой нэгэн гэж үздэг учир өвөг эцгийг нь Алтан улсын мэдэлтнүүд баривчлан цаазалсанд өс санадаг байв гэж ярьдаг. Алтан улсын нийт хүн ам 20 сая орчим байжээ.[vi]

Тангадын Си Сяо улс. Өнөөгин зүүн Шиньжаан болон Гансүгийн нам дор газрыг төвд угсааны тангад нар эзэрхийлэн Си Сяо хэмээх гүрэн байгуулсан байна. Монголчуудын баруун өмнө байрлаж байсан Тангад улс нь төвд угсааны дан сян цян хэмээх үндэстнээр голоо хийсэн, хятад, төвд, уйгар үндэстний, өөрөөр хэлбэл мөн л олон үндэстний улс байлаа. Тан династи сөнөсний дараа энэ улс буурин дээр нь 1038 онд байгуулагдсан юм. Тангадууд Төвдийн өндөрлөгт суудаг байснаа хойш нүүн Төвдийн ба Монголын өндөлөгийг заагласан Гансугийн нам дор гудамд очин суурьшижээ. Магадгүй энэ хооронд уйгар, монгол, хятан нартай холилдсон байж болох ч Тангадын удирдлага нь үргэлж төвдийн язгууртнууд байсан юм.  1044 оноос хятадуудаас тогтмол татвар авдаг болсон.[vii]  Тангадууд тэмээ малладаг байсан ба монголчууд энэ орныг эзэлсний дараанаас хөсөг уналганд нэн тохиромжтой энэ малыг өөриймшүүлсэн байна. Өмнөд Төвдийн нэгэн адил элсэрхэг говирхог газар ч амуу будаа зонхилон тарина. 

[i] Mote F.W. Imperal China 900-1800 (Harvard University Press 2003)

[ii]Kane, Daniel (1997), "Language Death and Language Revivalism: The Case of Manchu", (Central Asiatic Journal, Vol. 41 (No. 2), pp. 231–249 

Janhunen, Juha (2004), "From Choson to Jucher: On the Possibilities of Ethnonymic Continuity in Greater Manchuria", (in Marek Stachowski; Kinga Maciuszak, Studia Etymologica Cracoviensia, Vol. 9 (PDF), Krakow: Jagiellonian University Press, pp. 67 ff.)

[iii] Mote F.W. Imperal China 900-1800 (Harvard University Press 2003)

[iv] Сайшаал Чингис хааны товчоон. (боть II,) х-558

[v] Michel Hoang Genghis Khan (Saqi Book, London 1990) pp - 188

[vi] Michel Hoang Genghis Khan (Saqi Book, London 1990) pp - 188

[vii] Laird, Thomas The Story of Tibet: Conversation with the Dalai Lama (New York. Grove Press) p-109

FacebookTwitterEmailMore1
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
71 өдрийн өмнө / 66.181.191.149

hunnugiin uyd delhiigeer mongol tsustanguud tarhsan

Зочин
73 өдрийн өмнө / 64.119.26.81

UUL UURHAI UDAAN HUGATSAAND UR ASHGAA OGDOG UCHRAAS OYUTOLGOI 2037 ONOOS OMNO YAJ ASHGAA OGOH YUMBE

zochin
73 өдрийн өмнө / 66.181.178.235

Oyutolgoigoos.bolj.Mongol.uls.asar.ih.urund.orson.Udur.bur.o.1.say.dollar.orj.irne.geed.bsan.haana.bna.ter.dollar.chini

zochin
73 өдрийн өмнө / 66.181.178.235

ene,.hujaagiin.ugend.unen.yam.neg.ch.bhgui

zochin
73 өдрийн өмнө / 66.181.178.235

ene.hudaldagdsan.hujaa.Baabaryn.ugiig.bitgi.too.dandaa.hariin.uzleert.tarhi.ugaah.gej.orolddog