Наадам ба хувь зохиол

: 6 өдрийн өмнө / 2018-07-10 09:40:47

Эмээ минь нэг хууч ярьдаг байлаа. Миний өвөг эцэг Жамбын Дорж буюу Аваргын Дорж 1904 онд төрсөн. Вангийн хүрээний жүд дацанд хурдаг байжээ. Хувьсгал ч гарлаа. Сүм хийдийг ч шахах бодлого гарч, ингээд нэг өдөр Лувсанжамбаа аварга 2 тэмээ хөтөлж Хүрээ ороод, нүүлгээд хөдөө гаргажээ. Ингээд нутгийн Гомбожав зайсангийн охин Даваажавтай айл гэр болж, 1932 онд том хүү Мандахочир, 1934 онд охин Даш нь төрж гэнэ. 1936 оны хавар нэг шөнө оргож босож явсан зиндааных нь лам ирэхтэй нь зэрэг өвөө маань унах унаа, замын хүнс, дээл хувцас өгөөд хөл залгуулаад явуулчихтал, "эсэргүүнд хөл залгуулсан" гээд бариад аваад явчихжээ. Эмээ тэр цаг үеийн тухай ярихдаа "бариа тавианы үе" гэж хэлдэг байлаа. За ингээд яах учраа мэдэхгүй мунгинаж будилж суутал, наадам дөхжээ.

Маршалл Чойбалсан машинаа явуулж, "Хааны бөх байсан аваргад, харц ардын наадам үзүүлнэ" гэж урьж гэнэ. Тэгэхэд хадам аав нь явах их дургүй байсан ч, эмээд "Муу хүүгийнхээ л амийг тэр маршаллаас нь гуйя даа, ямар баяр наадам үзээгүй биш" гээд явж гэнэ ээ. Ингээд наадамд очоод тэр үед бараг 7 хоног болдог байжээ. Маршалл ч Лувсанжамба аваргыг угтаж авч, зоог гүнцэг барьж, нилээн ч халж, "За танд ямар хүсэлт байна" л гэж гэнэ. "Ганц хүү минь явуулын хүнд хөл залгуулаад, бат цоожинд суучихлаа. Олон нялх нойтон хүүхэд харж ядарч байна. Хүүг минь л аль. Надад наадам мундаагүй. Чадахгүй бол би үзэхгүй буцлаа" гэж гэнэ. Тэгтэл маршалл "Та гэртээ харихад л хүү тань харьчихсан байх болно. Та заавал наадам дуусгаад яваарай. Би машинаараа хүргүүлчихнэ" гэж хэлж гэнэ. Ингээд 7 хоног сууж, маршаллын асарт л найрлаад байжээ. Ингээд явах болоод, Маршаллаас "Үнэн үү" л гээд асуугаад байж гэнэ. Өвөө маань Зүүнхараад гахайн завод гээчид гахай маллагч хоригдол байж гэнэ. Бас л наадам дөхчихсөн. Нэг өдөр машинтай комиссар ирж, машинд суулгаад аваад явжээ. За одоо ингээд буудуулдаг юм байхдаа гэж бодож байтал, их зөөлхөн Вангийн хүрээ рүү явуулж, яг наадамнаар гэртээ харьсан байдаг. Лувсажамбаа аварга ч наадмаас харьж ирээд, "хэдэн жил бөх нэр зүүж явсны буян ганц хүүгээ л нэг юм салгаж авлаа" гэж баярласан гэдэг. Энэ цагаас хойш 12 жилийн дараа миний аав Гончиг төржээ. Тэр жил наадамнаар маршалл уриагүй бол би гэдэг хүн байхгүй л байгаа. Хувь зохиол гэж энэ юм байхдаа.

Г.Нямочир
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
hoorhii doo
1 өдрийн өмнө / 66.181.161.7

Lam yavsan hun yum bolhoor bas ch gej gants negiig ni orshooj l dee

Зочин
5 өдрийн өмнө / 64.119.20.85

Сонирхолтой юм

баатар
5 өдрийн өмнө / 203.91.115.38

манай тэнгэгүүд төрийг удирдах ухаанд нь СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ

Battulga ymar ve
5 өдрийн өмнө / 66.181.180.226

Battulga ymar ve

buriad
5 өдрийн өмнө / 83.250.40.82

Marshal Choibalsan guai argagui mundag udidagch shuu.