Өвгөд, эмгэдээ нэхэхүй

: 93 өдрийн өмнө / 2018-07-16 09:22:00

ХХ зууны нэгэн монгол киноны аав " улс төрийн товчоо... улс төрийн товчоон сайхаан" хэмээн сайн яваа хүүгээрээ бахархан хангалуунаар дуу алддагсан. Түүн лугээ үр хүүхдийнхээ сайн сайхан явааг харах эцэг эхчүүдийн хувьд жаргалын дээд байдаг ажээ. Харин "сайн сайхан явах" гэдэг өөрөө хэдэн ч талтай байж болох сонин зүйл. 

Сүүлийн үед бусдын нүдэнд л буянтай сайхан харагдаж байвал хоёр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хачин Монголчууд хангалттай их болов. Тэд өмд дүүрэн гар утас, өвөр дүүрэн чулуун хөөрөг, "Аархал" нэртэй дуу дуулж, богц богц мөнгө яагаад ч билээ, адуу мал уяж гангын халуун наранд амьтны зовлонгоор жаргал хийнэ. Аав ээждээ бол үр нь юм хойно тэд аятай сайхан харагддаг л байх даа. Чухамдаа тэднийгээ л баярлуулж байвал болоо. Аав ээж нь баярлаж үеийнхээ өвгөд эмгэдэд сайрхаж байвал сайхан. Даанч мууг сайнд бодох, сайныг мууд тооцох, зөв нь буруугаараа эргэсэн энэ цагийн цөвүүн, хүний явдлыг бодохоор энэлэх энүүхэнд байна. 

Мөн л ХХ зууны нэгэн монгол киноны дүр "РАВСАЛ ПАНЗ" шиг хоосон ханхалзсан ёс жудаггүй, ёр билэггүй үр хойчсоо гуунд бурхан шиг залсны гай нь хэнд ирэхийг хэлж сануулах өвгөд эмгэдээ үгүйлэн үүнийг бичив. 

Монгол гэрийн хүмүүжил, гэр сургуулийн товчоон зэргээр ортой байж мэдэх зүйлийн тухай одоо мэргэд үг дуугарах болжээ. Гэр үнэндээ том сургууль байлаа. Гэгээн багш нь эмгэд өвгөд. Тэд юу заадаг байв. Шунал хязгаартайг, хүн ёстойг, үйлийн үр буйг, түүний гэм гарцаагүйг. Гэтэл орчин цагийн ганц үлгэр бүтэн мэдэхгүй өвөө эмээд юу заах болов. Өнгө мөнгөний хорвоод хэн зальтай, хэн башир нь "сайн сайхан явах" тухай номлож байна бус уу? Үүнийг нь бид өвгөдийн сургаал, эмгэдийн айлдвар болгож бахархана. Ичих нь хаашаа цаг вэ?

Гэвч ийм буруу бахархал газар аваад эцэстээ дүр өнгө хөөсөн үр хүүхэд шигээ өвгөд эмгэдээр л дүүрч байна. Амралт сувиллын газар хөгшид бие биендээ яаж "баярхдагийг" сонсоод гол руу нэг юм горойж билээ. Өдрийн гурван удаа цай хоол идэхдээ торгон дээл өнгө өнгөөр сольж өмсөж гангардаг гэнэ. Зарим хөгшид ам дүүрэн алтан шүд хийлгэж амьдын хорвоогийн жамыг аргалах дайны санадаг болжээ. Ойр ойрхон эргэн ирж, олны нүдэнд үзэгдэж, олсон цуглуулсан, унасан эдлэснээрээ гайхуулсангүй гэж охид хүүхдүүдээ загнаж суудаг гэнэ. Бас зарим хөгшид залуу хээмэг хувцаслаж, насандаа харш авир гаргаж, хормой эргүүлж, хөлдөө салхитай хөвөлзөж явдаг гэнэ. Насны намба гэдэг сайхан үгийг монгол хэлний үгийн сангаас аваад хаячихсан мэт санагдах айхтар цаг ирэв. 

Гэтэл саяхан бид чинь өнгө мөнгөний хорвоод нүдний гэм нь арилсан өвгөд дээдэстэй, үнэн худлыг дэнсэлсэн үг сургаалтай эмгэд буурлуудтай байлаа. Тэд "сайн сайхан явах"-ыг л лав хагартлаа цуглуулж, харснаа хормойлох гэдэггүй байсансан. Цагийн цөвүүн ирэхээр "өвгөд догширч, эмгэд шогшрох" гээч нь энэ ажээ. Дээхэн үед үнэн номын хярхаг хязгаарт хүрсэн нэгэн хүнээс хожим юу болохыг асуухад" Торгоны хээ шиг зун болж, шилбүүрийн хуйв шиг бороо ордог болно" гэсэн юм гэнэлээ. Хөөрхий ийм бэрх цагтай бид нүүр тулав. Мөн хүний ухаан малын хэмжээнд унав. Өвгөдийн ухаан мэт зохистой сайхан үгс зохисгүй мэт санагдах цаг ирэв. 

Бас зарим нь мөнгө зоосыг олж авчраад л овоолоод байвал болно гэж санагчид байна. Ямар ч аргаар хамаагүй олох хэрэгтэй. Хүн хуурах, нүх ухах, худлыг зарах, бузрыг худалдахаас хэн ч айхаа больж эхлэв. Тэртусмаа өвгөд эмгэд минь. Үйлийн үр, буян нүглийн тухай мэдэхгүй, коммуны социализмын харанхуй үеийн тэднийг минь капиталист шуналын бүрэнхий үе залгав. Үр хүүхдэдээ өөгшүүлж, мууд уриалах тэдэнд монгол дээл өмссөнөөс биш "монгол" гэх юм юу ч үлдсэнгүй. Одоо эртний үүх түүх, үлгэр домог хуучлах өвгөд буурал олдохгүй, хов жив, хол ойрын хэрүүл тэмцэл ярих настангуудаар хот хөдөөгүй дүүрэв. Саяхан танил археологич дүү минь уул ус, газар орон, овоо чулууг нь асуухаар "хамтарч малтвал юу гарах бол гэж асуудаг болохоос түүх домгийн мэддэг хүн үлдсэнгүй" хэмээн гунигтай ярьж билээ. Өнгөрсөн нийгэмд ширээ сандал, алба ажил, сампин тооцоо, намын даалгавар, сумын төлөвлөгөө гэж биед хөнгөн ажил алба эрхэлж явсан тэд галын захад, малын дэргэд явж сонсох ёстой байсан олон сайхан "монгол" зүйлсээ олж сонсолгүй өтөлжээ. Ийм шалихгүй суурьтай өвгөд эмгэдийн хүүхдүүд мөнгө гэдэг зүйлийн төлөө юу ч хийхээс буцахгүй, үр удам үйлийн үрийг эс мэдэгчид болох нь аргагүй. Тэд л газраа худалдаж, туурга улс, тусгаар тогтнолоо гадаадын оронд хэдэн муу шавар байшингаар худалдахаас буцахгүй байгаа юм. Түүнээс биш жинхэнэ монгол өвгөдийн дэргэд, жижигхэн монгол эмгэдийн хажууд өссөн хүнээс арчаагүй шунал арчаад ч гарахгүй. Тийм л шалихгүй өвгөд эмгэд амралт сувиллын газар өмссөн дээлээрээ уралдаж, өвөр дээрх одонгоороо өрсөлдөнө. 

Муу эмээ минь "МОНГОЛОО АЛДМАР" гэж хараадагсан. Одоо санахад хамгийн адгийн хараал байжээ. Үнэхээр монголоо алдаж дуусах гэж үү? Монгол хүний нүнжиг, юм үзсэн уугуул шинж хаачив. Эхнэрийн минь өвөө ач зээ нар нь шинэ дээл хувцас өмсөөд "өвөө ямар байна" гэхэд "цагаан байна, ногоон байна, улаан байна" гэж өнгөөр нь хэлж суудагсан. Тэр монгол хөгшний хувьд хорвоо ердөө өнгө л болсон байснаас торгон дээл үү, булган шуба үү ялгаагүй, нүдний гэм арилж, сэтгэлийн чанар цагааширсан байлаа. Ийм өвгөд минь хаачив. Нэг л их туулсан амьдралаа тууж роман шиг яривч сонсохоор сонирхох зүйлгүй. Алба ажлаас огцорсон атаа жөтөө. Тэр нь тэгээд" монгол туургатны зуун эрхэм" гэж бодохоор үнэхээр арай өөрөөр уужирсан ӨВГӨД ЭМГЭДЭЭ он цагаас нэхмээр санагдана. Гял цалын энэ цагт овоон дээр гараад орчлонг бясалгахын оронд ирж буцахын цаг жамыг ухаарч суухын оронд өнгө мөнгөний төлөө үр хүүхдээ өөгшүүлэх настангууд нэмэгдсэнийг хараад тэсэлгүй дуугарав. Тэнгэр минь өршөө.

Пүрэвхүүгийн Батхуяг
 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ҮГ
36 өдрийн өмнө / 202.21.106.131

Зул жаргах дөхөөд ирэхээр их дөл нь их болдог бил үү. Юм өөрчлөгдөхийн дохио. Бүх зүйл болдогоороо болж байна. Энэ нь биднээс үл хамаарна. Бид бол өчүүхэн шавар ваарнууд.

хмм
92 өдрийн өмнө / 203.91.114.244

маш зөв сэдэв хөнджээ. 50 насныхан зөв өтлөхөд суралцмаар байна шүү. Автобус унаанд суудал булаалцалдах яахав, гэр орон гадуур дотуур арай л үлгэр жишээ нас намбагүй байна. Нэг л их НАСаараа гайхуулсан улс. Залуу үеэсээ арай л их хүндлэл нэхээд байх шиг. Үр хүүхдүүдэээсээ ч гэсэн. Хэний яанагүй амралт олон нийтийн газар үр хүүхдээ ингэж зовоогсод зөндөө байна. Заавал хүн болгон хөгшрөхөөрөө алтан гутал, булган дээл, ам дүүрэн алтан шүд, ээмэг бөгж зүүж, амралт хэсэж, бүх сайн сайхныг авах эрхтэй юу. НАСтан та тийм байхын тулд үр хүүхдээ үнэндээ яаж хүмүүжүүлж, өсгөсөн юмбэээ.

ээ халаг гэж
92 өдрийн өмнө / 66.181.190.193

саяхан БАянбуурал амралтанд хэд хоноход Нарантуулд ажилладаг гэсэн 3 авгайтай нэг ширээнд сууж хооллох болчихов. авгай нар цуурч байна аа. ёстой л шар алаг болжээ. тэр их төмрийг дааж явдаг болов уу гэмээр, хоол идэх халбагаа барьж чадагүй 10 хуруундаа алт зүүсэн, өдөрт 3 удаа торгоор биеэ ороосон эмээ нар ам уралдан бурж аяга хоол ч тавтай идүүлсэнгүй. нийтийн унаагаар явж чадахгүй хүүхдээ ирж ав гэж зангарагдаж олны дунд чанга дуугаар мэдээлэл хийж баярхана.

Unshigch
92 өдрийн өмнө / 27.123.214.118

Ai yutai haramsaltai

mnbvc
92 өдрийн өмнө / 193.154.234.68

bushanii orond taivan noirosdoo

Chimgee
93 өдрийн өмнө / 49.0.213.95

unen yum bichjee emged ubgud im bhad ur khuuhduud min tedneesee doloon dor bolvol yanam be bugdeeree uhaarah tsag irjee

аа
93 өдрийн өмнө / 203.91.112.45

аа

зочин
93 өдрийн өмнө / 203.91.112.45

Аяа юутай үнэн аяа юутай гаслан зөнөглөх тэнэглэхийн мананд өртөлгүйхэн шиг өтлөхсөн

зочин
93 өдрийн өмнө / 103.9.90.98

Ай юутай үнэн

Зул
93 өдрийн өмнө / 202.131.228.167

Үнэн үнэн

enkhee
93 өдрийн өмнө / 202.131.241.118

үнэхээр үнэн, социализмийн үед мунхарсан нь одоо цагт бүр тэнэгрэлийг авчирч байна даа, эрт үеийн өвөө, эмээ нараасаа суралцацагаая одоо цагийн эмээ өвөө нар аа, бидний шинэ ирээдүй бүрхэг харагдаж байна шүү.

ZO
93 өдрийн өмнө / 124.158.92.14

UNEN SHUU

zochin
93 өдрийн өмнө / 66.181.166.10

zub bichjee mongol tulgatnii 100 erhemiig uzeheer yanaa gemeer baidag shu

Зочин
93 өдрийн өмнө / 203.91.115.44

Хөгшид лут болсон. Энэ нийтлэл дээр бичсэн шиг байдлыг Оргил рашаан сувилал дээр бодитоор нь харж болно. Учир утгагүй л биесдээ сайрхсан хүмүүс. Заримдаа муу ээж маань ухаан самуурчихаагүй байгаа даа гэж бодогддог. Тэнд хааяа амардаг ухаантай юм. Гэвч биеэ сувилуулах биш яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдалд л байх юм билээ. Бидэнтэй ч гэсэн шал өөр харьцаад л. Заримдаа ээжийгээ таньдаггүй. Тээр жил алтан ээмэг, бөгжний хослол, энгэрийн зүүлт нэхээд бид хамаг байдгаа цуглуулж ёсоор болгосон. Дараахан нь булган дээл өмсвөл олон хүүхэд төрүүлсний ач гарах байна гэж ярихаар нь би дургүйцэж үг хэлээд буруудсан. Тэрнээс хойш надад төдгүй л байх шиг байдаг. Ядаж байхад энэ нэг муухай хоосон нурисан зохиолын дуу, шүлэг их гай тарьж байна. Энэ хэдэн зохиолын дуучид, яруу найрагчид худлаа л нэг баахан аав ээж минь гэж цагийн цагт гингэнэж байдгаас болж бид байсхийгээд л уянгын халилын давалгаанд үндэстнээрээ хамуулдаг. Ямар ч бүтээмж байхгүй хэр нь худлаа хийрхэл, сүйтгэлд ард олныг уриална. Худлаа муухай, хоосон, монгол мяагийн нэрэлхүү бардам зандаа бүгд автчихсан. Бүр ямар ч үр ашиггүй, өгөөжгүй, бүтээмжгүй үрэлгэн, сайрхуу хэвшилд үндэстнээрэ автчихсан. Цусаараа тээглэ. Бас тэгээд дэлхийн жишигтэй хөгжих тухай юм яриад байгаа шүү. Бараг л бүгдээрэнгийнх нь цээжинд ямар нэг балай аргаар гиннесийн амжилт эвдэх мөрөөдөл. Дивангарт үхсэн нэг найрагчийн нэрэмжит бахархлыг бий болгох. Цаана нь хол явахгүй жалганы үзэл л байгаа хэрэг. Наадамд түрүүлсэн нэг махан бөмбөгийн нутаг нугаараа булаацалдан талцана. Хэзээ ч хэрэглэхгүй нэг бичгийг үндэсний бичиг болгохын төлөө эцэс төгөсгөлгүй тэмцэл. Эх орончоор тодрох цуцашгүй хүсэл. Үүнийхээ төлөө гэр бүлээ сүйтгэх, улс орноо хорлохоо ч юман чинээ санахгүй. Зүгээр суусныхаа төлөө цалингаа нэмүүлэх үндэстний хөдөлгөөн. Төсвийнхөө цоорхойг урд хөршгөөсөө зээлсэн мөнгөөрөө нөхөх боловч толгойтой болгон хужаагийн эрлийзийн авд морддог энэ ямар гээч дампуу, увайгүй сэтгэлгээ вэ? Оройн хоолны махгүй хэвтэж Солонгосын хамгийн сүүлийн үеийн технологоийн утас барих гэдэг, хамгийн сүүлийн үеийн тв сериалыг нь алдалгүй үзэх гэдэг. Төр засаг нь 60 тэрбумаар нь бөөндөн улсаа, иргэдээ тонож байгаагаа тв-ээр илэн далангүй тайлагнадаг орны ирээдүй ямар байх вэ? Ийм дампуу сэтгэлгээтэй үндэстний өвгөд хөгшид нь тэхээр ямархуу үзэл сурталтай байх вэ?

эмээ
93 өдрийн өмнө / 49.0.218.47

Тийм шүү миний ээж авдартаа 3 торгон дээл хадгалсан хирнээ насаараа даалимба жигүүн өмссөн, авдартаа алтан гулдмайтай байсан хирнээ гартаа аав ээжийхээ хийлгэж өгсөн ганц мөнгөн бөгжнөөс өөрийг зүүгээгүй, харин амандаа хараал хэлдэггүй, бусадтай ам зөрдөггүй, бурханы номын шад хэлдэг, домог түүх ярьж хүүхдээ хүмүүжүүлсэн нэгэн байсан. Харин би энэ цагийн ээж бас эмээ таны бичсэнийг бодож өтлөе

amgaa
93 өдрийн өмнө / 202.179.31.242

zow um bichjee

ач тус
93 өдрийн өмнө / 103.29.144.43

үнэхээр цаг үеэ олсон сэдвийг хөндөж бичсэн байна. монгол түүх, ёс заншлаа настангууд маань л үр хойчдоо үлдээхгүй юм бол хэн үлдээх билээ,

монгол хүн
93 өдрийн өмнө / 103.10.23.177

загатнасан газар маажих шиг болов. Ай энэ цөвүүн цаг хэзээ дуусах юм бол доо

бүсгүй
93 өдрийн өмнө / 202.21.97.146

зөв сэдэв хөнджээ зөв л өтлөх юмсан

зочин
93 өдрийн өмнө / 202.179.31.99

Ай юутай үнэн