Дуурийн дуулаачдын “Golden Star-2018” тэмцээний тэргүүн байрыг Ч.Бадрал хүртлээ

: 33 өдрийн өмнө / 2018-07-16 15:54:17

Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байр “Golden Star-2018” шагналыг дуучин баритон Ч.Бадрал хүртлээ. 

Энэхүү шагналыг 12 мянган евро дагалддаг бөгөөд тэрбээр ирэх сарын эхээр Италийн “Sferisterio di Macerata” задгай театрт тавигдах Ж.Вердийн "Травиата" дуурьт Альфредын эцэг Жорж Жермонд тоглох эрхтэй болж байгаа юм.  Дуучин Ч.Бадрал ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргээд ЦДБЭЧ болон ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Тэрбээр 2014 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд байр, 2015 онд ОХУ-ын Ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, нэрт хөгжмийн зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр эзэлсэн юм.



Мөн тэрбээр Олон улсын “Вива опера” фестивальд урилгаар оролцон, Москва хотын Улаан талбайд зохион байгуулсан “Спаскийн цамхаг” цэргийн хөгжмийн наадамд оролцон, Улаан талбайд 10 мянган үзэгчийн өмнө дуулсан анхны монгол дуучин болсон билээ. Зургаан сарын турш дэлхийн олон оронд зэрэг явагдсан энэхүү тэмцээнд нийт 1870 дуучин өрсөлдсөнөөс “Silver Star-2018” шагналын эзэн сопрано Бенедитта Торри болжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих