В.Путин болон Д.Трамп-ийн уулзалт ашигтай болж өнгөрлөө

: 33 өдрийн өмнө / 2018-07-17 09:50:23

Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн яриа хэлэлцээ тун амжилтай, ашиг тустай хийгээд нээлттэй болж өнгөрлөө хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Түүнчлэн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаархи санал бүхий бичгийг Д.Трампт дамжуулан өгснөө дурдсан байна.



В.Путин, Д.Трамп нарын анхны бие даасан, бүрэн хэмжээний уулзалт өчигдөр Финландын Хельсинки хотод болсон билээ. Хоёр улсын удирдагчдын хийсэн ганцаарчилсан уулзалтын дараах өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков, төрийн тэргүүний туслах Юрий Ушаков, АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Жон Хантсман, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, ерөнхийлөгчийн туслах Фиона Хилл нар оролцсон байна.



“Болж өнгөрсөн яриа хэлэлцээнүүд нь ерөнхийлөгч Д.Трамптай хамтран хоёр улсын харилцаан дахь сөрөг нөхцөл байдлыг залруулж, харилцааг хэвийн болгох эхний алхмуудыг төлөвлөх, харилцан итгэлцлийн түвшинг сэргээх хүслийг харуулж байна” хэмээн В.Путин уулзалтын дүнд мэдэгджээ. Харин Д.Трамп “Дипломат арга зам, хамтын ажиллагаа, үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг сөргөлдөөн, дайсагнасан харилцаанаас илүүд үзэж байгаа нь АНУ болон ОХУ-д төдийгүй дэлхий дахинд ээлтэй” гэжээ. Тэрбээр мөн “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад Орос улс АНУ-тай хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих