Бид өөрсөндөө нэн "Ядаргаатай"

: 152 өдрийн өмнө / 2018-07-18 10:59:42

Бид өөрсөндөө нэн ядаргаатай. Харсан үзсэн болгоноо өөлж муучлаад л.... Хавь ойрынхоо хүмүүсийн сул талыг өөлөөстэй. Өрөөл бусад нь чамайг шүүмжлэхэд байнга өөрийгөө өмөөрөөстэй. Өчнөөн учирлаж гуйхад нь мөнхийн цахлаастай. Өөрийнхөө зөв гэдэгт тэнэг байтлаа итгээстэй, өрөөл бусдын учирлалыг сонсохгүй зөрөөстэй. Өчнөөн цаг хугацааны дараа шалгарсан үнэнд хүртэл хонзогноостой. Заавал давж гарах өчүүхэн зүтгээндээ шаналаастай. Дараа нь гэмших гэвч цаг хугацааны урсгалд хожимдоостой.
 
Бид өөрсөндөө нэн ядаргаатай. Өөрөө чадахгүй мөртлөө бусдад том амлаастай. Үнэнд гүйцэгдэхдээ бусдаас дайжин зугатаастай. Харц тулгарах хэрнээ худлаа бүлтрээстэй, харин өөртөө тулгарах бурууг зувчуулаастай. Хүсэл тачаалынхаа төлөө ханийнхаа өмнө гөлөлзөөстэй. Өөрийгөө зөвтгөх учирлал нь аманд нь зэхээстэй. Өөрөө түүнийхээ цаана мөнхийн шаналаатай. Мэдэмхийрэх атлаа үнэнд гүйцэгдээстэй. Үнэнд гүйцэгдэхдээ худлын өмнө худлаа инээмтгий. Үйлийн үрийн өмнө шалдан зогсоод уйлаастай, арчаагүй гэдэг нь.
 
Бид өөрсөндөө нэн ядаргаатай. Наанаа мэдэмхийрэх гэвч, цаанаа өчүүхэн ашигтай. Тэр л өчүүхэн ашгийн төлөө бусдад гайхуулаастай. Энэ ертөнц уужим гэдгийг ухаарахгүй мунхаг. Энд л насаараа мөнхрөх юм шиг мулгуу. Хайр гэдгийг жинхэнээр нь амсаагүй хүйтэн цэвдэг. Харц зөвхөн үнэн гэдгийг ойлгодоггүй хуурамч инээмсэглэл. Наанаа баярхах гэвч зохиогүй гоёл дундаа тарчигхан. Дүр эсгээстэй амьдрал дундаа өөрөө тарчлаан. Зүүдэн дундаа мөрөөдөх авч аз жаргал гэдэг тэднээс даанч хол. Нэг л өдөр нуурнаас нисэн одох шувуудыг мэдрэхгүй авсан дундаа тарчлан хэвтэнэ. Энэ амьдрал нэгхэн хором гэдгийг тарчлаан дундаа үл мэдрэнэ. Чиний байхгүй ертөнц хэв хэвээрээ амгалан гэдгийг чи үл мэднэ. Тэнэг чамаар энэ ертөнц огтхон ч дутахгүй гэдгийг чи авсанд орсон хойноо л ойлгоно. Даанч гунигтай.
 
Г.Галбадрах
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих