Н.Алгаа: Нинжа тойрсон бүлэглэл “АЛТ” хөтөлбөрт тээг болж байна

: 152 өдрийн өмнө / 2018-07-18 13:51:19

 

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.

-Алтны төслүүдийг эдийн засаг, гэмт хэргийн бүлэглэл болсон нинжа нар хөдөлгөхгүй байна гэж ярьж, бичиж, мэдээлэх боллоо. Тэд үнэхээр гэмт хэргийн бүлэглэлийн хэмжээнд хүрчихсэн үү?

-Би нинжа нарыг нийгмийн үзэгдэл гэж хардаг. Сул хөгжилтэй, ядуу эдийн засагтай, чанартай ажлын байргүй орнуудад дэлхий даяар байдаг үзэгдэл. Зарим газарт үнэт металл, алмааз, зарим улсад нь алт гэх мэт ашигт малтмалын төрлөөрөө л ялгаатай болохоос яг ижилхэн. Урд хөрш ч нинжа олонтой. Монголд 1997, 1998 онд үүссэн үзэгдэл байгаа юм. 2001 онд би Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа энэ асуудлаар үндэсний хэмжээний хурал зохион байгуулж нинжануудыг урьсан удаатай. Нинжа нарын асуудал ганц ассоциацийн биш улс даяар анхаарах асуудал гэдэг үүднээс тийм арга хэмжээ зохион байгуулсан юм. Төрийн байгууллагуудын төлөөллөөс гадна тухайн үед нинжа байсан Төв аймаг, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ аймгийн удирдлагуудыг урьж оролцуулж байлаа. Би тэр хурал дээр илтгэл тавьсан юм. Илтгэлээ бэлдэж байхдаа нэг зүйлийг анзаарсан. Орон бүр нинжа нараа нэгдсэн зохион байгуулалтад оруулдаг өөр өөр аргатайг олж харсан. Зарим улс бүр гэмт хэргийн бүлэглэлийг ашиглаж толгойлогч болгоод хяналтад нь оруулчихсан байсан. Засгийн газраас мөнгө төгрөг гаргаад хориглож дийлэхгүй болохоор нь тийм аргаар үзсэн хэрэг л дээ. Энэ асуудлыг зохицуулах зорилготой Засгийн газрын тогтоол 2001 онд анх удаа гарсан түүхтэй. Гэхдээ сайн хэрэгжээгүй. Түүнээс хойш хууль гаргана гээд найман жил явсан. Хууль бус зүйлийг хуульчлах боломжгүй байсан болов уу. Эцэст нь дахиад засгаас тогтоол гаргаж зохицуулсан. Орон нутгийн засаг захиргаанд эрх олгож нөхөрлөлийн хэлбэрт оруулсан юм. Албан уурхай ажиллаж байгаа газарт орон нутаг, нөхөрлөлд багтсан бичил уурхайчин, уул уурхайн компани гэсэн гурвалсан гэрээтэйгээр орно гэсэн заалт тогтоолд туссан. Үүнээс гадна орон нутаг нөхөрлөлд зориулаад тусгай хэрэгцээнд газар, зөвшөөрөл авна гэсэн заалт бас туссан юм. Тэгэхээр нөхөрлөлийнхөн орон нутагт яг энэ заалтын дагуу тусгай хэрэгцээнд газар авч эхэлнэ ээ дээ. Ингээд хэн ч халдашгүй орон нутгийн бүлэглэл үүсч эхэлсэн.

-Засгаас нинжа нарыг дэмжсэн нэг хэлбэр нь Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарсан бичил уурхайг дэмжих төсөл гэж шүүмжлэх хүн олон байдаг. Хууль бусаар алт олборлогчдын орон нутгийн бүлэглэл үүсэхэд нөлөөлсөн бас нэг шалтгаан энэ мөн үү?

-Жишиг нөхөрлөл байгуулах чиглэлээр ажилласан төсөл л дөө. Гэхдээ бүх нинжа тэр нөхөрлөлд ороогүй. Бага зэргийн татвар төлдөг, хяналтад байхыг хүсдэггүй гэх мэт шалтгаанаар нөхөрлөлд орохыг хүсдэггүй юм байна л даа. Нөхөрлөлд орсон нь албан уурхайг шахах хэлбэр рүү орж байгаа нь бодитой үнэн. Жагсдаг, цугладаг, шахдаг, мэргэжлийн хяналт гэх мэт янз бүрийн байгууллагаар дамжуулж дарамт үзүүлдэг болсон. Баянхонгорт сүүлд болсон явдал байна. Сэлэнгэд гадны хүн огт гишгүүлэхээ байсан. Нутгийн нэг баг дээр гэхэд л иргэд нь хүн оруулдаггүй өөрсдийн газартай байх жишээний. Тийм хэлбэр рүү орсон. Шуудхан хэлэхэд орон нутгийн бүрэн мэдэл, хяналтад орчихлоо л доо. Орох орохдоо Засгийн газрын тогтоолоор тавьсан зорилгоос зөрөөд, даваад явчихлаа. Засгийн газрын тогтоолд бичил уурхайд ашиглах техникийн чадлыг нь төчнөөн морины хүчтэй гэх мэтээр тодорхой заагаад өгчихсөн. Тэр хязгаарыг шалгаж мөрдөж байгаа хүн алга.

-Урт нэртэй хууль ч нинжа нарыг гаарахад ташуур өгсөн байх шүү?

-Тэгсэн. Урт нэртэй хуулиар баахан газрын лицензийг түдгэлзүүлчихсэн. Лицензийг нь цуцалж чаддаггүй, нөхөн олговрыг нь өгч хүчирдэггүй байдал үүссэн л дээ. Энэ хууль батлагдаад ийм маягтайгаар есөн жил болж байна. 2014 онд дагаж мөрдөх журмын тухай хуульд нь өөрчлөлт оруулсан. Заримыг нь үргэлжлүүлье гэсэн нөхцөлтэйгөөр зааг хязгаарыг нарийн тогтоох ажил эхэлсэн нь ийм түүхтэй. Ойн сав газар алт олборлуулж болохгүй нь тодорхой, усны эх бүрэлдэх газар ч хориглох нь ойлгомжтой. Усны энгийн хамгаалалтын бүс гэж бий. Энэ бүсийн хил заагийг тогтоох гэж зургаа, долоон жил болсон. Ярвигтай, хэцүү ажил л даа. Иргэний нийгмийнхэн очиж хил заагийг нь тогтоолцсон. Засгийн газраас 500 сая төгрөгийн төсөв гаргаж энэ ажлыг хийсэн ч бүтэлтэй юм болоогүй. Энэ мэт үйл явдал, шийдвэрүүд нинжа нарыг орон зайгаа тэлэхэд ташуур өгсөн.

-Таныг Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нинжа нарын асуудлаар гомдол санал хэр ирдэг байсан бэ?

-Их ирдэг байсан шүү. Тэнд тэгж байна, энд ингэж байна гэсэн яриа бол байнга дуулдана. Алтны үндсэн орд гэвэл Бороог олборлоод дууссан. Баян айраг асуудалтай. Гацуурт бүр гацчихсан. Дорнодод “Степп голд” гэж компани гадны хөрөнгийн биржээс мөнгө босгоод үндсэн ордын ажил эхлэх гэтэл гацаачихлаа. Ингээд харахаар “Алт” хөтөлбөр хэрэгжих ямар ч орон зай, нөөц алга. “Алт” хөтөлбөр хоосон цаасан дээр л явж байгаа. Шороон ордын тухайд нөөц нь багасч, гүн рүүгээ явж, олборлоход улам хүнд болсон. Дээр нь он удаан жил түдгэлзүүлж зогсоосон учраас орон зайг нь механикжсан нинжа нар эзэлчихсэн.

-“Степп голд”, “Сентерра голд” гэх мэт алтны том төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулсан компаниудын ажлыг нинжа нар явуулахгүй байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нэг байна. Иргэний нийгэм гэсэн нэрээр халхавчилаад ард нь нинжа тойрсон бүлэглэл байгаа болов уу гэж хардаж байна. Учир нь би хардах эрхтэй.

-Уул уурхайн аль нэг компанийн хариуцлагагүй байдлаас болж хүний амь эрсдвэл улстөрчид мэдээж дуугүй суухгүй. Гэтэл хууль бусаар алт олборлож байгаад сүйдсэн олон арван хүний амины тухай огт дуугардаггүй. Тэгэхээр нинжа тойрсон бүлэглэлийн цаана улс төрийн ашиг сонирхол байдаг ч юм шиг...?

-2007, 2008 онд нинжа нар иргэний үнэмлэхгүй, дугааргүй машинтай явдаг байсан. Гэтэл өнөөдөр дунд нь алтыг нь худалдаж авдаг ченж гараад ирчихсэн. Урт нэртэй хуулиас гадна гэнэтийн ашгийн гэсэн тодотголтой 68 хувийн татвар авах хууль гарсан даа. Энэ хоёр хууль Монголд албан бус алтны арилжааг бий болгосон. Нинжа гэсэн нэрийн дор олборлогдож буй алт төв банкинд худалдагдахгүй байгаа. Хичнээнийг олборлодгийг хэн ч мэддэггүй. Хамгийн тод нэг жишээ хэлье. Арваад солонгос иргэн шулуун гэдсэндээ алт хийгээд Солонгосын онгоцонд сууж байгаад баригдлаа шүү дээ. Хил гааль мэдээгүй, онгоцонд орсон хойно нь барьж авна гэдэг чинь мэдээлэгч дээр үндэслэж барьсан байж таарна.

-Мэдээлэгч нь тэгвэл хэн байж таарах вэ?

-Тухайн сүлжээнд орсон, сэтгэл ханамжгүй үлдсэн нөхөд л матаж таарна л даа. Хил гаалиар асуудалгүй гарчихсан хэрнээ онгоцонд орсон хойноо баригдаж байгаагаас харахад энэ таамаг үнэнд илүү ойрхон. Солонгосын баригдсан иргэдийн тухайд солонгосууд ч дуугардаггүй, монголчууд ч таг. Энэ жишээг харахад хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналт бас холбогдож таарна.

-Алт хулгайгаар хил давуулдаг том сүлжээ үүсчээ гэж хардах хангалттай үндэслэл байна даа...?

-Алт хулгайгаар хил давуулдаг сүлжээ бий болжээ гэж хардах үндэстэй.

-Та түрүүн механикжсан нинжа гэж ярилаа. Нинжа нар дотроо бас ялгаатай байна уу?

-Миний хувьд гурван хэлбэрийн нинжа бий гэж хараад байгаа. Механикжсан нинжа, зөвшөөрөгдсөн нинжагаас гадна алт эрэгч, хонда мотортой, хүрзтэй нинжа байна.

-Механикжсан нинжа гэдэг нь ямар хүмүүс байна?

-Том машин техниктэй, мэргэжлийн хяналтынханд баригддаггүй, компанийн хэмжээнд очсон нинжа нарыг хэлээд байна л даа.

-Таны хэлсэн шиг том нинжа нарын ард бөхчүүд, улстөрчдийн нэр дуулдаад байдаг...?

-Гудамжинд жагсч байгаа хүмүүсийн хувцас, бөгж зүүлт, машин тэргийг харах л хэрэгтэй. Телевизээр нүдний өмнө харагдаж байгаа зүйл шүү дээ. Тэднийг хоёр, гурван ч гишүүн чуулганы танхимд цээжээрээ хамгаалдаг. Алтны компаниудыг эсэргүүцээд яваа иргэний нийгмийнхнийг бол маш олон улстөрч цээжээрээ хамгаалдаг.

-Иргэний нийгмийнхний зарим нь улстөрчдөөс санхүүжээд хөдөлдөг тал ч анзаарагддаг шүү?

-Зарим тохиолдолд улстөрчдөөс санхүүждэг байх. Хоёр хөршөөс санхүүждэг байж болохыг ч үгүйсгэх аргагүй. Хардах эрхтэй гэдэг утгаар нь хэлж байна л даа.

-“Степп голд” гэхэд зөвшөөрлөө засгаас авчихсан компани. Тэр утгаар нь Засгийн газар нинжа нарын дураараа авирлалыг зориглоод зогсоочихож болмоор санагдах юм?

-Асуудал Засгийн газарт ч байна, УИХ-д ч бий. УИХ Оюу толгойг шалгах биш баталсан хуулийнхаа биелэлтийг хянаж шалгах ёстой газар. Хуулийн дагуу эрхийг нь өгчихсөн байгууллагуудад халдаад байгаа нь анхаарах ёстой том асуудал. УИХ нь дуугарахгүй, Засгийн газар нь хөдлөхгүй байна. Дуугарахгүй, хөдлөхгүй байсан бол яах гэж тусгай зөвшөөрөл өгсөн юм гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ. Зөвшөөрөл өгч дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчдын мөнгийг татаж авчирчихаад ингэж болохгүй л дээ уг нь. “Степп голд” гэдэг компани хууль зөрчсөн бол жагсах эсэргүүцэх эрх нь иргэний нийгмийнхэнд байгаа. Ямар ч хууль зөрчөөгүй байхад ингэж болохгүй. Эрүүгийн хуулиар хүчиндэхийг завдсан гээд ял өгдөг шиг алт олборлохыг завдсан гэж ял өгөх гээд байгаа юм шиг нөхцөл үүсчихээд байна.

Оюутолгой, Тавантолгойг тасралтгүй ажиллуулахаас өөр гарц байхгүй

-Оюу толгой улстөржилттэй, Таван толгой хөдөлнө гэсэн улс төрийн шийдвэртэй байна. Уул уурхайн том гэж хэлж болох хоёр төсөл дээр та ямар санаа оноотой явдаг вэ?

-Уул уурхайн мэргэжлийн хүний хувьд Оюу толгой, Таван толгой хоёрыг тасралтгүйгээр дээд хүчин чадлаараа ажиллаасай гэж хүсдэг. Ялангуяа үнэ өссөн үед нь зогсоож болохгүй. Борлуулалт өндөр тохиолдолд өндөр татвартай байж таарна. Бага үнэтэй үед нь бага татвартай байх нь тодорхой.

-Оюу толгойг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа. Урьдчилсан дүгнэлтээс нь анзаарахад татвар дээр өндөр мөнгөн дүн гарч ирэхээр харагдаж байна. Уг нь татвар гэх мэт асуудал гүйцэтгэх засаглалд хамаарах ёстой биз дээ?

-Оюу толгойг шалгах ажлын дэд хэсэгт намайг оруулсан ч би өөрийнхөө хүсэлтээр ороогүй. Тэр үед би уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчийн албаа өгөөгүй байсан юм. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг шалтгаанаар татгалзсан л даа. Хөрөнгө оруулагчдыг уул уурхайн салбарт татсан гэгддэг Ашигт малтмалын тухай анхны хуулийг боловсруулах ажлын хэсэгт зүтгэж төрд ажилласан туршлага надад бий. Интернэтгүй, мэдлэг хүлээж авах боломж муутай үед батлагдсан хууль шүү дээ. Харин өнөөгийн УИХ-ын гишүүд олон туслах, зөвлөхтэй, маш их мэдээлэл дунд байна. Гэтэл тэр их мэдээлэл дунд яваа хэр нь хамгийн бүдүүлэг, хэдэн зууны өмнөх аргыг сонгож ажиллаж байгаа гишүүн олон харагдах юм. Сүүлдээ УИХ шүүхийн өмнөөс дүгнэлт гаргадаг болж байна. Уг нь ном дүрмээрээ бол шүүх, цагдаа нь эхлээд тогтоомоор. Ингээд харахаар УИХ нэг талаас шүүх ч юм шиг, нөлөө талаас гүйцэтгэх засаглал ч юм шиг болчихсон нь нуугаад байх асуудал биш. УИХ ийм байгаа учраас хүмүүс тийшээ хошуураад байна л даа. Зөвхөн хууль тогтоогоод суудаг бол хэн ч УИХ-ын гишүүн болно гэж улайрахгүй. УИХ хуулиа ч баталж чадахгүй байгаагийн нэг жишээ бол түрүүн ярьсан урт нэртэй хууль. Есөн жил хэрэгжиж чадахгүй байна гэдэг бол хамгийн том нотолгоо. Ийм УИХ-ыг бусад оронд тараачихдаг. Манайд болохоор УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрсөн тохиолдолд л УИХ тарах хууль үйлчилдэг. Үнэн хэрэгтээ 76 хаантай засаглал бий болчихоод байгаа. Иргэдийн төлөөлөл гэж сонгогдчихоод нэг аймаг, нэг сум, нэг бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө ажилладаг УИХ-тай болчихлоо л доо.

-Таван толгойг хөдөлгөх хувилбарыг Засгийн газар гаргаад УИХ баталчихлаа. Энэ хувилбар биелэх боломжтой гарц шийдэл мөн үү?

-“Эрдэнэс Таван толгой”-н IPO-г Монголын Хөрөнгийн бирж дээр гаргаж болох байх. Олон улсын хөрөнгийн бирж дээр гаргана гэхээр асуудал үүснэ. Төслийг үр ашигтай явуулахын төлөө шийдвэр гаргадаг компанийн засаглалтай бол асуудалгүй. Шийдвэр гаргах эрх мэдэл нь төрд байх юм бол Таван толгойн хувьцааг худалдаж авах хүн олдохгүй. Хөрөнгө оруулагчид манайхны ярьдаг шиг нохойн гуяар даллахаар ирдэг улс биш. Тэд угтвар нөхцөл бүрдсэн оронд л итгэж мөнгөө оруулдаг. Чилид КОДЕЛКО гээд төрийн өмчит сайн үйлдвэр бий. Төрийн өмчтэй хэрнээ хувийн компанитай адилхан засаглалтай учраас амжилттай яваад байгаа юм. ТУЗ нь хараат бус мэргэжлийнх байх ёстой. Тэр дунд нь төрийн эрх ашгийг боддог ганцхан хүн байхад хангалттай. Бусад нь мэргэжлийн хүмүүс байвал ТУЗ эрүүл, зөв ажиллана. “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур”, МИАТ гэх мэт төрийн өмчтэй компаниудын хувьд тусдаа хуультай байх шаардлага бий. Олон улсын хэмжээнд бизнес явуулах чадал, чадавхтай компани болгох чигийн нарийн зохицуулалтуудыг тусгаж өгөх ёстой. Монголд гадаадын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн хоёр жишээ бий. Нэг нь “Энержи ресурс”. Нөгөө нь “Хүннү коал”. “Хүннү коал”-ийн хувьд монгол удирдлагатай Монголын компани австраличуудтай хамтарч Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан. Энэ хоёр туршлагыг судлах хэрэгтэй. Бэлэн байгаа жишээнүүдээ судлаад Хонгконг, Австрали гэх мэт биржүүдийн алинд нь IPO гаргахаа сонгомоор байгаа юм. Лондонгийн бирж дээр бол гарах боломжгүй. Маш чанга шаардлагатай. Хонгконг арай гайгүй.

-Хайгуулын лиценз олголт явж өгөхгүй байна аа даа?

-Монголын газар нутгийн 75 хувьд нь хайгуул хийхийг хуулиар хориглоод хязгаарлачихсан. 25 хувьд нь л хайгуул хийх боломж, орон зай бий. 2011-2014 он хүртэл хайгуулын лиценз олгоогүй. 2014 оноос онлайн дугаар олгоно гэж баахан жүжиглэсэн. Сүүлдээ өнөөх нь бүтэлгүйтэж өнгөрсөн жил Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж бүх лицензийг сонгон шалгаруулалтаар олгоно гээд шийдчихсэн. Гэтэл өнөөдөр Ашигт малтмалын хуульд дахиад өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Өргөдлөөр өгдөг болгоё гэж байгаа юм билээ. Тэгэхээр хайгуулын лиценз олголт дахиад саатсан гэсэн үг. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулах төсөл Таван толгойгоос өөр алга гээд байгаа нь ийм учиртай. Хайгуул зогсох хэрээр уул уурхай томрох боломж хумигдаж байна гэсэн үг. Хайгуулын талбайг хумисан, олголтыг зогсоосон байдалтай л байна. Хийж байгаадаа саад болж шантаажаар амьдардаг хүмүүс ихэссэнд би хувьдаа харамсч явдаг. Бүтээж байгаагаа зулгааж, шантаажилж амьдардаг давхарга үүсчихлээ.

Манайх тийм олон лицензтэй бол хүү маань Америкт такси бариад амьдрах уу

-Танайхыг Монголын хамгийн олон лицензтэй 30 баян гэр бүлийн жагсаалтад оруулж хэвлэлээр баахан шуугьсан. Та хувьдаа уул уурхайн компанитай юу?

-Тэр жагсаалтыг нь харахаар Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа гэсэн үг бий. “Майн инфо” компанийг би үүсгэн байгуулсан юм уу даа. Манай эхнэр АМГ-ын Кадастрын албанд 1998 оноос 2016 оны арванхоёрдугаар сар хүртэл ажилласан юм. Яг лиценз олгодог газарт нь. Тэгээд биччихээр хэдий зохиол ч гэлээ хүмүүст үнэмшилтэй дуулдана аа даа. Намайг мэддэг найз нөхөд бол ойлгох нь тодорхой. Харин хол ойрын хамаатан, арав төгссөн найзуудаас “Үнэн юм уу” гэж асуух хүн олон байсан шүү. Телевиз, сайтаар цацагдахад нь манай хүн цочирдсон л доо. Миний хувьд 17 жил элдвээр хэлж бичүүлсэн болохоор цочирдохын наахнуур хүлээж авсан. Оюу толгойг ярихаар барууны тал гэнэ. Таван толгой ярихаар Хятадын тал гэнэ. Тал талын хүн шүү дээ би (инээв). Уул уурхайн үндэсний ассоциацийн толгойд байгаа хүний хувьд геологи, хайгуул, олборлолтод хувийн хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихийн төлөө л ажилласан. Би Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч, манай эхнэр АМГ-ын Кадастрын албанд ажилладаг нөхцөлд лицензийн буруу булхайтай зүйл хийсэн бол өнөөдөр ингээд тайван амьдрах уу. Аль хэдийнэ АТГ-т баригдаад байцаагдаад явчихсан байгаа шүү дээ. Хайгуулын лиценз авбал маш их мөнгө хэрэг болно. Надад тийм гарааны мөнгө байхгүй. Тийм юмнаас холхон амьдарч ажиллаж байгаад төгсгөл дээр нь ингэж бичүүллээ л дээ. Тодорхой эх сурвалжтай асуудал. Шалгадаг газарт нь хүсэлтээ тавиад шалгуулж байгаа.

-Хариу дүгнэлт нь гарсан уу?

-Шалгалтын дүгнэлт эхнээсээ гарч байна. “Ташаарсан байна” гэсэн хариулт өгч байгаа. Зөвхөн ташаарснаар зогсохгүй л дээ. Миний тухайд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний хувиар хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдаг. Тэр утгаараа бүх юм маань тунгалаг. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ машин, байр бүх юмаа жагсаачихсан. Манай хүн тангараг өргөсөн төрийн албан хаагч учраас тэтгэвэрт гаран гартлаа хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөсөн. Тэгэхээр манай гэр бүлийн бүх хөрөнгө ил тод байсаар ирсэн гэсэн үг.

-Танай хүүхдүүд юу хийдэг вэ?

-Би хоёр хүүтэй. Бага хүү маань АНУ-д амьдардаг. Эхнэр нь ногоон карт хожоод явсан юм. Одоо тэндээ такси бариад амьдарч байна. Өнгөрсөн жил хүүгийндээ очлоо. Тэгсэн “Чикаго ньюс” гэсэн байх аа, нэг тиймэрхүү агуулгатай нэртэй пэйж хуудсан дээр 30 гэр бүлийн мэдээлэл гарч таарсан. Хүүг маань таньдаг хүмүүс “Танайх үнэхээр ийм баян юм уу. Тийм баян юм бол чи яагаад энд такси бариад амьдардаг юм бэ” гэж гайхацгаасан гэнэ лээ. Манайх тийм олон лицензтэй бол хүү маань Америкт такси бариад амьдрах уу. Том хүү Германд маркшейдэрээр төгссөн. Хоёр хүүгээ санал хүсэлтийг нь бага харгалзаад уул уурхайн чигийн мэргэжилтэй болгосноо алдаа гэж бодож сууна л даа, одоо. Том хүү найзуудтайгаа нийлж уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлдэг компани байгуулаад ажиллаж байна.

-Одоо та юу хийж байна?

-Тэтгэвэрт гараад зүгээр суултай биш гээд Хууль зүйн сургуулийг эчнээгээр төгссөн. Хуульчийн шалгалт нь хүнд, цаг хугацаа шаардана гэдэг утгаар өөр чиглэл рүү орсон. Уул уурхайн үндэсний ассоциацид байхдаа менежмэнтийн тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хурал цуглаанд их суудаг байсан л даа. Тэр чиглэлээрээ найз нөхөдтэйгөө хамтарч компани байгуулаад ажиллаж байна. Менежмэнтийн тогтолцооны стандартын сургалт, зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалт хийдэг компани байгаа юм.

-Уул уурхайгаас тэс өөр салбарт ажиллаж эхэлжээ?

-Тэгсэн. Манай компани хагас нийгмийн, хагас бизнесийн чанартай үйл ажиллагаа явуулдаг юм.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих