Миний дуртай таван Солонгос кино

: 140 өдрийн өмнө / 2018-07-30 10:12:08

"The yellow sea"

1. Хамгийн дуртай, үзээд үзээд огт уйддаггүй Солонгос бүтээлүүдийн жагсаалтыг минь  “THE YELLOW SEA” кино тэргүүлдэг.  Na Hong-Jin найруулагчийн 2010 онд бүтээсэн энэ кино их л намдуухан эхэлж байгаад дундаа дөхөөд ирэхээр жинхэнэ нүд эрээлжилж, тархи толгой эргэм хурц хурц үйл явдлуудтай, огиудас хүрэм их цус нөж, аллага, зодоон нүдээн гардаг хэрнээ өөрийн эрхгүй дэлгэцний өмнө уяад байдаг юм. Үзэж дууссаныхаа дараа хэн ч тоодоггүй, хэнд ч хэрэггүй нэгэн залуу хичнээн олон хүмүүсийн хувь тавиланг өөрчлөөд, үгүй хийгээд хаячихав аа хэмээн балмагдсан шүү. Гэхдээ энэ киноны төгсгөл нь арай л хатуудчихсан, тэр Далянь хотын галт тэрэгний буудал дээр буух эхнэрийнх нь үзэгдэл бол найруулагчийн хамгийн хатуу, киноны туршид үзсэн тэр их аллага хядлагаас ч илүүтэй харгис шийдэл санагдсаныг нуух юун. 



"The isle"

2.  Дараагийн байранд алдарт Kim Ki-Duk-ийн “THE ISLE” ордог. Анх гарснаас нь хойш л жилдээ дор хаяж 3 удаа үзчихдэг энэ киног ФБ найзууд маань сайн мэдэх учраас нэг их олон юм нуршмааргүй санагдлаа.  Ким Ки-Дукийг би л хувьдаа дэлхийн сод найруулагчдын нэг гэж боддог. Тэр дундаа энэ кинонд нь бол их дуртай. Сайн кино болохоос сайхан кино биш. Муу кино бол биш. Харин муухай кино. Хүмүүс энэ кинонд их дургүй байдаг юм билээ. Харин миний хувьд ёстой гайхалтай кино. Ерөөс Ким Ки-Дук өөрөө ч амьдралын гэрэл гэгээг бараг олж харалгүй явсаар анхны киногоо хийсэн нөхөр. Тэгээд ч хүн өөрийнхөө хамгийн сайн мэддэг зүйлээ л хийдэг гэдэг биз дээ? 30 гартлаа жилдээ алдаг оног 2-3 кино үздэг, ачигч, далайчнаас өөр ажил хийж үзээгүй нөхөр яаж хүний нүд хуурсан гял цалыг мэдрэхэв дээ. Нуурын дундах хөвдөг арал-буудалд хоргодох залуу, түрээслүүлэгч бүсгүй хоёрын жигтэй харьцаа. Хүн үзэхэд нуруугаар хүйт дааж, дотор арзасхийм дүрслэлүүд чамгүй ихтэй. Цаанаасаа л эрхгүй урган гарсан болов уу гэмээр найруулагчийн өвөрмөц агаад хүчтэй шийдлүүд. Яах аргагүй зураач  хүний мэлмий болон ухаанаас гарсан нь ойлгомжтой уран зураг мэт кадрууд...



"Failan"

3. Дараагийн кино бол Найруулагч  Song Hae-sung-ийн бүтээл “FAILAN”  Файлан гэх Хятад бүсгүй холын хамаатнаа бараадан Солонгост иртэл тэр хүн нь аль жилийн өмнө Канад руу цагаачлаад алга болчихсон байдаг. Хөөрхий бүсгүйн хувьд Солонгост үлдэж, ажил төрөл хийнэ гэдэг тун бэрх л дээ. Тиймээс гэрлэлт зуучлалын төвд хандан өөрийн огт хараагүй, мэдэх ч үгүй нэг эртэй суухаар болж, хуурамч гэрлэлт батлуулж, Солонгосын иргэншилтэй болохоос өөр аргагүйд хүрдэг. Гэтэл нөгөө нөхөр гэгдэх эр нь аль хэдийнэ үеэ өнгөрөөсөн дээрэмчин, мань "хуучин хүү" байж таарна...Энэ киноны хөгшин дээрэмчин Kang-jae-д “Old boy”, “Swiri”, “I saw the devil” кинонуудад тоглож, Солонгос бүрэн хэмжээний кино үзэгчдийн сайн танил болсон Choi Min-Sik тогложээ. Харин Файланы дүрийг мөн л Азидаа нэрд гарч яваа Cecilia Cheung гэх жүжигчин бүсгүй бүтээсэн юм. Олон жилийн өмнө хэдхэн вон оронд нь аваад, хүний урманд хялайж ч харалгүйгээр гэрлэлтээ батлуулж орхисон тэр бүсгүй нь өөрийг нь үхэн үхтлээ хайрлаж, жинхэнэ ачтанаа хэмээн халуунаар дурсдаг байсныг мэдсэн хөгшин дээрэмчний санаа бодол хэрхэн хувирч, өөрчлөгдөж буйг харсан уяхан үзэгчдийн сэтгэл нь урагдах шиг л болно. Ингээд хөгшин дээрэмчин Kang-jae бүсгүйн амьдарч асан тосгонд очоод хөөрхий Файлан аюулт ужиг өвчиндөө хэрхэн зовж шаналж байсан ч үл тоон уйгагүй ажиллаж, хэзээ нэгэн цагт өөрийг нь хүрээд ирэх байхдаа хэмээн хүлээж байсныг дуулаад улам ч өтөлж орхино. Файланы үхэл түүнд утга учиргүй амьдралынхаа талаар сайтар эрэгцүүлэх ёстойг мэдрүүлсэн болов ч харамсалтай нь хэдийнээ хожимдсон байдаг.



"Oldboy"


4. “OLDBOY” хэмээх энэ кино гарсан дороо жинхэнэ шуугиан тарьж, найруулагч Park Chan-wook уг бүтээлээрээ КАНН-ын шагнал хүртсэн. Нэг архичин, эргэн тойрондоо дандаа яршиг төвөг удаж явдаг эр урдын адил согтууран үймээн самуун тарьж байгаад гэнэт алга болдог. Тэрээр хаана нь үл мэдэгдэх хачин жигтэй зочид буудлын нэгэн өрөөнд ганцаараа хоригджээ. Түүнийг хорт хийгээр мансууруулан ховсдож, шарсан баншнаас өөр ямар ч хоол эс өгнө. Энэ мэтээр цаг хугацаа улирч, нэг мэдэхэд л 15 жил өнгөрчээ. Өнгөрсөн он жилүүдийн учир шалтгааныг тайлахаар “хохирогч” эр маань хөөцөлдөх бөгөөд эцсийн эцэст бүх үнэнийг олж мэдэх ч одоо энэ нь түүнд огт утгагүй мэт санагдах...



5. Тавдугаарт би уул нь 2017 онд дэлгэцнээ гарсан “HEART BLACKNED” киног оруулах гэж байснаа цаг хугацааны шалгуураар шигшигдэн,  миний компьютрийн дэлгэцнээс яалт ч үгүй огт салалгүй үлдсэн нэг киног оруулахаар шийдлээ. Энэ бол Найруулагч Park Hoon-Jung-ийн 2013 онд бүтээсэн “NEW WORLD” УСК. Хонг Конгийн “INFERNAL AFFAIRS” киноны үндсэн агуулга санаа давхцах боловч төгсгөлийн шийдэл нь өөрийн эрхгүй алмайруулж чаддагаараа онцлог.  Би л хувьдаа уг киног “АЛИСА ГАЙХАМШГИЙН ОРОНД” үлгэрийн эрэгтэй гол дүртэй хувилбар гэж боддог.   

Харин дараагийн кинонуудыг товчхон жагсаавал: 

6. "HEART BLACKNED" 

7. "THE MERCILLES" 

8. "I SAW THE DEVIL" 

9. "LADY VENGANCE" 

10. "MOTHER" орох байлаа. Гэхдээ "A BITTERSWEET LIFE" ч бас булаацалдах л кино . Мөн “THE CHASER”, “BAD GAY”, “THE MAN FROM NOWHERE”, “THE KING”,  “MEMORIES OF MURDER”, “DIRTY CARNAVAL”, “THE THIEVES”, “SWIRI”  болон Найруулагч Ким Ки-Дукийн эхний хэдэн кинонууд гээд дурдахгүй бол болохгүй олон сайн бүтээлүүд бий, бий. 

Найруулагч Л.Таванбаяр

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих