Б.Бахытгүл: Би Д.Мураттай хэзээ ч тохиролцохгүй

: 13 өдрийн өмнө / 2018-08-09 10:01:54

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлаар Д.Мурат болон түүний жолооч М.Елузаг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Ингээд Б.Бахытгүл болон түүний өмгөөлөгч Я.Яъезд нараас шуух хурлын дараа авсан тодруулгыг хүргэе.

-Шүүхээс УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгалаа. Шүүх хурлын уур амьсгал ямар байв?


-Улсын яллагч хүртэл шоконд орсон гэхээр шүүх хурал ямархуу болсон нь харагдах байх. Улсын яллагч Н.Мөнхцэцэг прокурор эсэргүүцэл бичнэ гэсэн. Миний хувьд яах аргагүй хөндлөнгөөс нөлөөлсөн гэж харсан. Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд АН эрх барьж байх үед томилогдсон шүүгчид байна лээ. Хоёр долоо хоногийн дараа шүүхийн тогтоол гардаж авсны дараа давж заалдах шүүхэд хандана.

-Шүүх хурал хаалттай болсон. Д.Мурат гишүүн шүүх хуралд хоцорч ирсэн гэж сонссон?

-Тэгсэн. Хоёр өмгөөлөгчийн нэг нь ирсэн. Уг нь шүүх хурал 09:00 цагт товлогдсон. Гэтэл 09:45 цагт ирсэн. “Ирэхгүй юм шиг байна, хойшлуулъя” гэх зуур ирээд “Заавал өнөөдөр хийнэ” гэж хэлсэн.

Шүүх хуралд Д.Муратын албан тушаал, эрх мэдэл нөлөөлсөн байж мэднэ. Хамгийн наад зах нь намайг зодсоныг гэрчилсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээс эхлээд бүх нотлох баримт байсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нар хоёр удаа дүгнэлт гаргасан. Өөрөө хүртэл “Чамайг зодчихлоо. Шүүхэд шилжвэл надад ашигтай” гэж хэлж, ярьсан зүйл нь хүртэл бий. Гэтэл үүнийг огт хэрэгсээгүй. Бидний зүгээс гомдолтой байна. Шүүгч Баасанбатыг АТГ-т шалгуулна гэж бодож байгаа.

-Улсын яллагч Мөнхцэцэг эсэргүүцэл бичнэ гэдэг нь үнэн юм уу?

-Үнэн байлгүй яах вэ. Энэ хэрэг дээр прокурор, мөрдөгч нар маш сайн ажилласан. Үүнд нь талархсанаа хэлэх хэрэгтэй болов уу. Шүүхэд нотлох баримтыг хангалттай бүрдүүлж өгсөн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд Д.Мурат “Б.Бахытгүл миний нэр төрд халдсан” гэж гомдол гаргасан. Үүнээс дөрөв хоногийн дараа би эргүүлээд гомдол гаргасан. Прокуророос Д.Муратад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн нэгд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Арван сарын хугацаанд шалгуулсан. Намайг хоёр удаа хохирогчоор тогтоосон. Зургаан удаа байцаалт өгсөн. Гэтэл мөрдөн байцаах ажиллагааны үеэр Д.Муратыг 34 удаа дуудахад хоёрхон удаа очсон байна лээ.

-Түүний жолооч М.Елузаг яллагдагчаар татсан нь ямар учиртай юм бэ?

-Зодоон цохионыг харсан мөртөө худал мэдүүлэг өгсөн. Энэ нь шалгалтын явцад тогтоогдож, яллагдагчаар татсан гэсэн. Гэтэл хоёуланг нь шүүхээс цагаатгасан. Анхан шатны шүүхэд хөндлөнгөөс нөлөөлсөн болов уу гэж би харсан.

 -6.5 сая төгрөг нэхэмжилсэн байсан. Эмчилгээний зардал юм уу?

-Үгүй. Арван сарын хугацаанд шалгах хооронд би зургаан удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх бүртээ онгоцоор нисэж ирэхээс өөр аргагүй. Зургаан сая төгрөг нь өмгөөлөгч бид хоёрын онгоцны нислэгийн зардал юм.

-Хэрэг прокурорт шилжсэнээс хойш Д.Мураттай уулзсан уу? 

-Уулзсан. Зургаадугаар сард нийслэлийн Прокурорын газарт “Би Б.Бахытгүлд гомдолгүй” гэсэн албан бичиг хийж өгөх үеэр уулзсан. Үүнээс өмнө гуравдугаар сараас нь эхэлж над руу хэд хэдэн удаа залгасан. Шүүх хурлын өмнөх орой хүртэл залгаад “Хэн ялахыг хараарай" гэж орилж хашхирсан. Үүнээс гадна олон сая төгрөг өгье, тохиръё гэж хэлсэн. Би хэзээ ч, хэнээс ч мөнгө аваагүй. Би үүнийг тангараглаж чадна.

-Шүүх хурлын дараа уулзсан уу?

-Уулзаагүй. Маргааш (өнөөдөр) гадагшаа явна гэсэн. Явахаасаа өмнө хэвлэлийн хурал хийнэ гэж байна лээ.

-Батбаяр өмгөөлөгч таныг өмнө нь өмгөөлж байсан. Гэтэл зургаадугаар сард өмгөөлөгчөөсөө татгалзаж, сольсон. Яагаад татгалзсан юм бэ?

-Хоёр талд үйлчилдэг юм шиг зүйл ажиглагдсан. Тиймээс сольсон.

-Зарим иргэд шүүхэд ялагдаж байхаар мөнгө аваад тохирч болдоггүй юм байх даа гэж үзэж байна. Гэтэл МАН-аас мөнгө авсан учир ингэж улайрлаа гэж харах нэгэн ч байна л даа?

-Мөнгө аваад тохирвол тохирох л байсан байх. Гэхдээ би хэзээ ч тэгэхгүй. Би нэр төрөө мөнгөөр худалдаж идэхгүй. Д.Мурат надад олон удаа мөнгө санал болгосон. Түүний санаагаар бол би юу ч ярихгүй. Чимээгүй л байх ёстой юм гэнэ. Тийм зүйл байж болохгүй биз дээ. Шүүх хурлыг хийлгэж чадсан нь миний хувьд хамгийн том даваа. Хэрэг шалгагдаж байх хугацаанд Д.Мурат цаг хожих гэж олон удаа үзсэн. Мөрдөгч, шүүгчээ солих таван удаагийн хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хурал хуралдсанаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа. Одоо давж заалдах шүүхэд гомдол гаргана.

ӨМГӨӨЛӨГЧ Я.СЪЕЗД: Д.МУРАТЫН ЯРЬСАН “ҮЛГЭР”-Т ШҮҮХ ИТГЭСЭН БАЙХ

-Шүүхээс ямар үндэслэлээр Д.Мурат, М.Елузаг цагаатгасан юм бол?

-Хэрэгт цугларсан нотлох баримтаар зодсон гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн.

-Нотлох баримт хангалттай байсан гэж та үзэж байна уу? 

-Хангалттай байлгүй яах вэ. Шинжээч эмчийн дүгнэлтээс эхлээд бүх нотлох баримтыг дэлгэсэн. Гэвч хангалтгүй гэсэн. 

-Елузаг худал мэдүүлсэн учир яллагдагчаар татсан. Шүүх хурлын үеэр юу гэж мэдүүлсэн бэ?

-Зодуулахыг нь өөрөө хараагүй гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгийн дагуу уг үйл явдлыг харсан хөндлөнгийн гэрч байхгүй гэж шүүхээс дүгнэсэн. Өөрөөр бол “Би энэ хүнд зодуулах гэж байна. Эсвэл би энэ хүнийг зодлоо” гэж бусдад харуулах ёстой юм гэнэ. Шүүхээс ерөөсөө ийм л зүйл хүсэж байна л даа. Инээдтэй байгаа биз дээ.

-Шүүхийн тогтоолыг 14 хоногийн дараа гардаж авсны дараа давж заалдах шүүхэд хандах эрхтэй. Давж заалдахаар нэг мөсөн шийдсэн үү?

-Заавал давж заалдана. Монголд шударга үнэн гэж байдаг юм бол түүнийг олохын төлөө явна. Улсын яллагч эсэргүүцэл бичнэ гэсэн.

-Д.Мурат гишүүн юу гэж мэдүүлсэн бэ?

-“Би огт зодож байгаагүй. Намайг гүтгэж байна. Улс төрийн золиос боллоо" гээд л үлгэр ярьж байна лээ. Үүнд болвол итгэсэн байлгүй.

-Хохирогчийн нэхэмжилсэн 6.5 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ нь цагаатгах шийдвэртэй холбоотой юу?

-Цагаатгах шийдвэр гаргахаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог. Энэ дагуу хэрэгсэхгүй болгосон.

Г.Нацаг-Эрдэнэ
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ок
12 өдрийн өмнө / 103.9.90.98

муратын хохирогч руу ярьж дарамталсан асуудлыг буюу залгасан утасны биллыг шалгачих хэрэгтэй