Дасгал хийхээсээ өмнө хооллох нь чухал

: 66 өдрийн өмнө / 2018-09-11 11:41:58

Дасгал хийхээсээ өмнө зөв хүнсээр өөрийгөө цэнэглэж чадвал дээд зэргийн үр дүнд хүрч болно.

Та өглөө дасгал хийх дуртай хэрнээ дасгалдаа гарахаасаа өмнө өглөөний хоол идэх дургүй юу? Орой гүйхийн өмнө бэлтгэл болгож үдээс хойш хөнгөн хооллохоо мартдаг уу? Дасгал хийж, үр дүн гаргах гол түлхүүрийн нэг нь цагаа олж, зөв хоол хүнс идэх явдал юм.

Дасгал хийхийн өмнө яагаад юм идэх ёстой вэ?

Хүмүүс биеийг машины мотортой зүйрлүүлэх нь бий. Тэгэхээр энэ зүйрлэлийг түр ашиглая. Хэрвээ та замд гарах гэж байгаа бол бензинийхээ савыг дүүргээд гарах нь ухаалаг хэрэг болно. Магадгүй та хоёр хоногийн өмнө банкиндаа бензин хийсэн бөгөөд бензин тань дуусаагүй байж болно – гэвч хэрэв та ухаалаг нэгэн бол бензин дуусах эрсдлийг үүрэхгүйн тулд банкаа дүүргэж таарна. Таны биеийн ‘мотор’ үүнтэй яг адил. Та хэрвээ өглөө босмогцоо шууд усанд сэлдэг бол өмнөх өдрийн орой идсэн хоолны үлдэгдэл ‘банкинд’ тань хангалттай байгаа гэж бодож болно. Тийм байж болно – гэхдээ усан сан руу явахаасаа өмнө банкаа дүүргэвэл бие тань хамаагүй дээрдэх бизээ.
Дасгал хийж байх үед цусан дах сахарын хэмжээг зохистой түвшинд хадгалахад таны биед нүүрс ус сайн хуримтлагдсан байх ёстой – гэвч шөнийн турш юм идэхгүй өнжсөний дараа хуримтлагдсан энэхүү нүүрс ус багасдаг. Тиймээс эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхийн өмнө юм идэх нь ажиллаж буй булчинд хангалттай ‘түлш шатахуун’ нийлүүлж өгдөг. Мөн урт хугацаагаар дасгал хөдөлгөөн хийхийн өмнө юм идэх нь дасгал хийж байх үедээ өлсөхөөс сэргийлэх практик шалтгаан ч бас байна.

Дасгал хийхийн өмнө юу идвэл зохистой вэ?

Хүний биеийн ‘мотор’-т нүүрс ус нэгэнт чухал хэрэгцээтэй учраас дасгал хийхийн өмнө идэх хоол нь нүүрс усаар харьцангуй баялаг байх ёстой. Бага зэргийн уураг бас хэрэгтэй. Уураг нь нүүрс усыг цусанд удаавтар, тогтвортой түвшинд нэвтрэхэд тус болж, хоолны шингэцийг удаашруулна. Нөгөө талаас дасгалдаа гарахын өмнө өөх тос их хэмжээгээр идэхгүй байх хэрэгтэй. Өөх тос нь хоолны шингэцийг хэт удаашруулж, хэт цатгалдуулан, таагүй мэдрэмж төрүүлэх болно. Мөн эслэг ихтэй хоол хүнсийг ч хойш тавих хэрэгтэй. Эслэг ихтэй хүнс мөн удаан шингэдэг.

Яг ямар хоол хүнс хэрэглэхийн тухайд хатуу бөгөөд шууд үйлчлэх дүрэм гэж байхгүй. Хэрвээ та юм идсэнийхээ дараа харьцангуй хурдан дасгалаа эхлэхээр төлөвлөсөн бол жимс, сүү, нунтаг уургийн коктейль илүү үр дүнтэй. Хэрвээ та үдээс хойш гүйх гэж байгаа бол галууны махтай хачиртай талх болон аяга шөл биед тань сайн шингэх болно. Өглөө дасгал хийдэг бөгөөд өглөөний хоолонд хэрэглэдэг хүнс танд таалагддаггүй бол юу хүссэнээ ид. Ихэнх хүмүүс оройн хоолонд нэг аяга өглөөний хоолонд хэрэглэдэг амуу будаа идэхийг “буруу” гэж үздэггүй. Тэгэхээр өглөөний хоолондоо оройн хоолны үлдэгдлийг идэхэд “буруудах” юм бас байхгүй бус уу.

Дасгал хийхийн өмнө хэдийд хоолловол зохистой вэ?

Хоол идэх цагийн тухайд тодорхой заавар байдаг. Гэтэл бодит байдалд та зөв гэж үзсэн цагтаа л хооллох ёстой. Зарим хүмүүс дасгал хийхийнхээ өмнө ердийн байдлаар хооллож чаддаг бол нөгөө нэг хэсэг нь дасгал хийх үедээ гэдсэндээ бага ачаатай байхыг илүүд үздэг. Ер нь дасгал хийхийн өмнө хоолоо шингээх хугацаа их байх тусам та төдий хэмжээний их бөгөөд бүхэллэг хоол идэх хэрэгтэй.

Хэрэв хоол идсэнээсээ хойш нэг цаг орчмын дотор дасгал хийх бол таны гэдсийг харьцангуй хурдан хугацаанд суллаж чадах шингэн юм уу эсвэл хагас-бүхэл хоол идэх хэрэгтэй. Жишээ нь коктейль хөнгөн бөгөөд хурдан шингэдэг. Хэрэв та үдээс хойш дасгал хийх гэж байгаа бол үдийн цайны цагаар ердийн, тэнцвэртэй хоол идсэн бол алзахгүй. Харин оройн хоолны өмнө шаргуу бэлтгэл дасгал хийхээр төлөвлөсөн бол үдээс хойш хөнгөн зууш идэх хэрэгтэй. Жишээлбэл тослог багатай нэг сав иогурт, жаахан жимс байхад болно.

Дасгал хийхэд хэр их хэмжээтэй хоолловол зохистой вэ?

Зарим тамирчид дасгал сургуулилалт хийхийн өмнө юу идвэл зохистой талаар тодорхой мэдээлэл хүсдэг – удирдамж нь ч маш тодорхой байдаг. Өөртөө тохирох хооллолтын хуваарийг ойлгох хүртлээ ихэнх хүмүүс өөрийн биеэр “туршилт хийх” аргыг сонгодог.

Нарийн тодорхой мэдээлэл хүсч буй хүмүүст зориулж доорх мэдээллийг орууллаа. Тамирчид дасгал хийхээс 1-4 цагийн өмнө биеийн жингийн 1кг тутамд 1-4 грамм нүүрс ус (эсвэл 1 фунт тутамд 0.5 грамм нүүрс ус)-аар хооллох хэрэгтэй. Хоол шингэх хугацаа урт байх тусам илүү их хоол идэж болно.
• Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 1 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 1 грамм нүүрс ус
• Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 2 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 2 грамм нүүрс ус
• Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 3 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 3 грамм нүүрс ус
• Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх 4 цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн 1 кг тутамд 4 грамм нүүрс ус
Идэх хоолоо төлөвлөхдөө миний бичсэн “Нүүрс ус гэж юу вэ? Танд хичнээн хэмжээний нүүрс ус хэрэгтэй вэ?” гэсэн гарчигтай нийтлэлийг уншиж, хүнсний зүйлсийн жагсаалт болон тэдгээрт агуулагдах нүүрс усны хэмжээг харна уу.

Хайлуулж чадахаасаа илүү ихийг бүү ид

Эцэст нь анхааруулах нэг зүйл байна. Үүнд: Хэрэв таны дасгал хийх хугацаа тань нэг их урт эсвэл эрчимтэй биш бол энэ зөвлөгөө танд хамаарахгүй. Дасгал хийхийн өмнө хүн бүр хооллох албагүй. Хэрвээ таны өглөөний дасгал 30 минут хөнгөн алхах дасгал бол сайхан хэрэг. Гэхдээ нэг их эрчимтэй дасгал биш тул үүнийг хийхийн тулд та банкаа дүүргэх шаардлагагүй.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих