Оюутнууд их, дээд сургуулийн удирдлагуудтай зөвшилцжээ

: 9 өдрийн өмнө / 2018-09-11 15:49:17

Хичээлийн шинэ жилийн нээлттэй давхцан яригддаг асуудал бол оюутны сургалтын төлбөрийн нэмэгдэл. Энэ жилийн хувьд ч мөн адил их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж багагүй маргаан дэгдээсэн. Тэгвэл оюутнуудын төлөөлөл сургуулийнхаа удирдлагууд болон харьяа яамны төлөөлөлтэй зөвшилцөлд хүрчээ. 

Энэ талаар Оюутны зөвшилцөх хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ.  Ардчилсан оюутны холбооны тэргүүн Н.Лхагвадорж “Оюутны байгууллагуудын төлөөллүүд 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг огцом нэмснийг эсэргүүцэн удаа дараа мэдээлэл хийж байсан. Ингээд зогсохгүй холбогдох яам, их, дээд сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Үүний үндсэн дээр өнгөрөгч Пүрэв гарагт БСШУСЯ, их, дээд сургуулиудын удирдлагууд  оюутны байгууллагуудын төлөөллүүд Төрийн ордонд нэгдсэн зөвшилцөл хэлэлцүүлэг хийлээ. 

Энэ уулзалтаар доорх дөрвөн асуудалд зөвшилцөлд хүрээд байна. 

Нэгдүгээрт, их, дээд сургууль болгон тухайн хичээлийн жилийн төлбөрийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хичээл эхлэхээс өмнө сургуулийнхаа оюутнуудтай хэлэлцэнэ. Магадгүй төлбөр нэмэхийг оюутнуудын олонх дэмжвэл нэмнэ. Үүнийг зөвшилцөл хэлэлцүүлэгт оролцсон их, дээд сургуулийн захирлууд бүгд зөвшөөрсөн. Тиймээс төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд энэ долоо хоногийн Даваа гарагаас оюутнуудтайгаа уулзалт хийх ёстой. 

Хоёрдугаарт,  сургалтын төлбөрийн нэмэгдлийн тодорхой хувийг багш, оюутнуудын хөгжил, сургалтын орчныг сайжруулахад зарцуулна гэдэг ч яг энэ асуудал орхигддог. Тиймээс энэ чиглэлд зарцуулагдаж буй төсвийг ил тод болгоно. 

Гуравдугаарт, сургалтын төлбөрийн нэмэгдлийг тухайн сургуулийн удирдах зөвлөл шийддэг. Тиймээс удирдах зөвлөлд оюутны квотыг нэмэхийг оюутны байгууллагууд шаардсан. Үүнийг зөвшилцөлд оролцсон захирлууд бүгд зөвшөөрсөн. 

Дөрөвдүгээрт, хичээлийн жилийн эхэнд төлбөр нэмэхдээ олон зүйлийг сайжруулна гэж хэлдэг. Гэвч хичээлийн жил дуусахад тухайн үед хэлж байсан зүйлээс биелэсэн нь цөөхөн Тиймээс багш, оюутан, сургуулийн удирдлага гэсэн гурвалсан гэрээ байгуулж хичээлийн жилийн төгсгөлд үр дүнгээ ярилцан амласан зүйлээ хийсэн үү үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийнэ. 

Дээрх дөрвөн саналыг хэлэлцүүлгийн үеэр бүгд дэмжин баталсан. Хэрэв аль нэгийг нь сургуулийн удирдлагууд биелүүлэхгүй бол төрийн өмчийн сургуулийн захирлыг ажлаас нь халуулах, хувийн сургуулийн магадлан итгэмжлэлийг цуцлуулах арга хэмжээ авах хүртлээ тэмцэнэ” гэлээ.      
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих