Х.Тэргэл: Ээж минь намайг “Харахад эмэгтэй ч дотор нь эр хүн оршдог” гэдэг байж билээ

: 65 өдрийн өмнө / 2018-09-12 16:11:20

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Хулганайн Тэргэлтэй ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Чикаго хотод амьдардаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд байгаа аж. Түүний ирсэн гол шалтгаан нь “Эргэж бүү хар” номынхоо нээлтийг хийх гэнэ. Нээлт “Интерном”-ын их дэлгүүрт болох аж.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Маргааш номынхоо нээлтийг хийх гэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ талаар яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Энэ номонд АНУ-д 14 жил ажиллаж амьдрахдаа ажлынхаа хажуугаар бичсэн өгүүллэг, нийтлэл, шүлэг багтсан. Тус улсад хар бор ажил өдрийн 10 цагийн турш хийхийнхээ зэрэгцээ ном бичнэ гэдэг тийм ч амар байсангүй ээ.

-Ямартай ч уран бүтээлээ орхиогүйд уншигчдын тань өмнөөс баяр хүргэе. Яагаад "Эргэж битгий хар" гэж нэрийдсэн юм бэ?

-Хүн бүрийн нийтлэг араншин байх юм аа. Бүгд л өнгөрснөө дурсдаг, харамсдаг. Гэхдээ харамсалтай нь юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэр цаг хугацаа эргэж ирэхгүй. Тиймээс л маргааш, нөгөөдрийг үзэж харж яваадаа хүн илүү талархаж явах хэрэгтэй. Иймээс “Эргэж бүү хар, бүү харамс, өнөөдөр, маргааш, нөгөөдөрт илүү тэмүүлж амьдар” гэсэндээ ингэж нэрлэсэн юм.

-Гэхдээ “Өмнө нь хэн байснаа санаж бай” гэсэн үгнээс зөрөхгүй биз дээ ...

-Мэдээж хүн ямар явснаа, хэн байснаа мартаж болохгүй гэдэг бол үнэн. Гэвч ирээдүй цагт илүү сайн, илүү хүчтэй, илүү зорилготой амьдрахын тулд өмнөхтэйгээ үргэлж зууралдаж байх сайн зүйл биш бололтой. Амьдрал бол дурсамжийн хэлхээ мөн боловч хүн бүр ирээдүйг хүсэж, зөгнөн мөрөөдөж амьдардаг шүү дээ. Ямар ч тохиолдолд хүн хэрэв ухаантай аваас өчигдрөөс, өнөөдөр, өнөөдрөөс нөгөөдөр илүү утга учиртай амьдрах хэрэгтэй.

-Уран бүтээлийнхээ санааг хэрхэн олдог вэ?

-479 хуудас болж байсан номоо нэлээн хасаад 368 хуудас болголоо. Дийлэнх нь өгүүллэг. Мөн яруу найргаар би анх ард түмэндээ танигдаж байсан учир шүлгээ ч оруулсан. Сонин хэвлэлд ажиллаж байсан болохоор нийтлэл ч орууллаа. Санаагаа яг ингэж олдог гэж хэлэх хаашаа юм. Эрэл сурал, бодол бясалгал, заримдаа онгод ч хайрладаг.

-Яруу найрагч Х.Тэргэл гэж би өмнө нь сонсож байлаа. Гэтэл гэнэт алга болж, алс хол АНУ-ыг зорьсон дуулдсан. Шалтгаан юу байв?

-Ямар ч шалтгаан байсангүй ээ. Миний хувь тавилан намайг яв гэсэн буй заа. Хол явж зовлон жаргал бэрхшээл амсаж, сөрж туул гэсэн байх. Хүн бүр өөр өөрийн хувь тавилангийн замаар алхдаг. Миний зам намайг холын Америкт ахлуулсан байх.

-Тантай би өмнө нь уулзаж, ярилцаж байсангүй. Гэхдээ та надад “Нэлээн шийдэмгүй хурц” санагдлаа ...

-Ер нь бол үлбэгэр сулбагар, эргэж буцсан араншин хол алхуулж чаддаггүй. Чөдөр тушаа л болно. Хэрэв би шийдэмгий хурц зантай нэгэн биш байсан бол өнөөдөр магадгүй танд ярилцлага өгөөд суухгүй байх. 

-Тийм байж ч болох. Үүнд харийн нутагт, амьдрал толгойлж явсан тань нөлөөлдөг болов уу?

-Би угийн л ийм хурц араншинтай хүн. Төрлөх араншин тэгтэл хувирдаггүй санагддаг. Сүүлийн жилүүдэд харийн нутагт амьдрал өрх толгойлох ажлыг би биш хань минь хийдэг болсноор надад бичих цаг боломж илүү олдсон. Ээж минь намайг “Харахад эмэгтэй ч дотор нь эр хүн оршдог” гэж хэлдэг байж билээ.

-Монголд ирээд та хэд хонож байна вэ. Хэзээ буцах бол. “Холын хүнээс үг сонс” гэдэг дээ. Манай нийгэм болон ялангуяа залуусын биеэ авч яваа байдал ямар харагдаж байна вэ?

-Би энэ сарын 9-нд ирсэн. Одоогоор тэгтлээ тийм ийм болж, ингэж харагдаж байна гэж хэлэхээр болтлоо хүмүүстэй уулзаж, гудамжаар тухтай явж амжаагүй л байна. Ямартай ч ганц л үгийг баттай хэлж чадна. “Сэгсэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг дээ. Энэ бол миний хайртай, санаж бэтгэрдэг эх орон. Яаж ч байсан муухай санагдахгүй. Илүү, бүр илүү сайн сайхан болоосой гэсэн ханашгүй, цадашгүй их хүсэл шуналаар л эх орондоо ханддаг даа. Аравдугаар сар гаргаад буцна аа.

-Дээр та “Нөхөр маань надад тусладаг” гэж хэлсэн. Таныг гэр бүлээсээ өрх тусгаарласан гэж сонсож байсан болохоор лавлаж байна л даа ...

-Би анхны гэр бүлээсээ өрх тусгаарлаад 12 жилийн дараа дахин амьдрал зохиосон. Харийн нутагт ханьтайгаа, хүүтэйгээ учиран золгож эдүгээ хамтдаа амьдарч байна. Нөхрийг маань Энхбаатар гэдэг. Зайнаас тандан судлах мэргэжил эзэмшсэн инженер хүн л дээ. Аав нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Дамбадаржаа гэж хүн бий. Бид охин, хүү хоёртой. 

-Та нэлээн дээхнэ анхны гэр бүлийнхээ хүний тухай нийтлэл бичиж, салгаж суусан бүсгүйнх нь зургийг олон нийтэд дэлгэн нэлээн шуугиан тарьж байсан юм билээ ...

-Би зургийг нь тавиагүй шүү дээ. Надад зураг нь байдаг ч үгүй. Нүүрномондоо бичиж тавьсан зүйлийг л сайт, сониныхон нийтлэхдээ зурагжуулсан бололтой юм билээ. Хараал жатга хийлгэж, охин бид хоёрыг доромжилоогүй бол зүгээр л эр эмийн салалт төдий зүйл болох байсан. Тэр тийм байгаагүй болохоор би тэгж бичсэн юм. Харамсалтай нь “Найз, найз” гэж наалдаж байгаад намайг лам бөөд үзүүлж, тохуурхаж элдэвлэсэн. Сүүлийн үед тиймэрхүү эмс олширсон тул бусдад сургамж болоосой гэсэндээ л бичсэн хэрэг. Амьдралынхаа туршид би дандаа бэрхшээл сөрж, туулж, цэх бардам зогсож яваа хүн. Бөхийж гундсангүй, урвайж доройтсонгүй. Энэ бол Тэргэл би юм.

-Сүүлд та тэдэнтэй ажлын шаардлагаар тааралсан болов уу?

-Хаана ч, яаж ч таарсан би цэх бардам харах байх, тийм үү. Харин гэмтэн ялтан улс хүний нүүр рүү цэх харах амаргүй байх. Арга заль муу муухай аргаар хүнд хор хүртээдэг улсыг бурхан өршөөх болтугай гэж л залбирдаг даа. Учир нь би бол өдөр бүр бурханд итгэж бусдын төлөө залбирдаг эмээгээ хормойдож өссөн юм шүү дээ. Тиймээс би хүнд очоод “Хараал жатга хийгээд өг. Хорлоод, салгаад аль” гэж хэлэх байтугай бодож үл чадна.

-Тантай энгийн ярих гэхээр үргэлж сенсаци санагдах юм. Та аавынхаа шүлгийг хамгаалж “Хувьсал” продакшныханыг шүүхэд өгсөн байх аа.  "Зүрхээр наадагч" кинотой холбоотойгоор ...

-Өгсөн, өгсөн. Тэд миний аавын бичсэн шүлгийг “Бидний бичсэн шүлэг” гэж мэлзээгүй, хулгайлаагүй байсан бол би шүүхэд хоосон хүн өгөхгүй шүү дээ. Миний ах дүүсийг Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин гэдэг. Тэдний минь нэрийг ч шигласан. За яах вэ, нэр ашиглах дүүрч гэхэд аавын минь бидэнд зориулж бичсэн "Тэргэл саран ялгуун сайхнаар энхжин мандмой" гэдэг шүлгийн мөрийг зөвшөөрөлгүй ашигласанд байгаа юм.

-Шүүхээс ямар хариу ирсэн бэ?

-Тэд шүүхдээ очдоггүй, завгүй байцгаадаг юм байна билээ ш дээ. Тэгэхээр шүүх хурал болохгүй байгаа юм чинь ямар хариу ирэх билээ дээ.

-Та тэр продакшинд ямар шаардлага тавьсан бэ. Мөнгөн торгууль тавьсан уу?

-Би мөнгө нэхээгүй ээ. Уучлал гуйлгахыг л эхэлж хүссэн. Гэвч харамсалтай нь тэдгээр хулгайч нарыг дөрвөн жилийн турш хүлээгээд барахгүй байна. Тиймээс шүүхээс ямар төлбөр, ялбар тогтоохыг би мэдэхгүй юм.

-Та Д.Индратай бас маргаан үүсгэсэн. Тэр ямар учиртай юм бэ?

-Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар агсныг миний авга ах гэдгийг хүмүүс мэднэ байх. Индра гэгч О.Дашбалбар ахын эхнэр Борыг “Аавын минь салсан эхнэр. Манай ээж бол аавтай нас барах хүртэл нь хамт амьдарсан” гээд ярилцлага өгсөн байсан. Яг үнэндээ Бор эгч Дашбалбар ах хоёр салаагүй. Гэрлэлтийн баталгаа нь ч буй. Хүн ингэж гүтгэх нь зөв зүйтэй хэрэг үү.

-Зохиолчдын хороог та бас шүүмжилсэн. “Цээжээ дэлсэн улс” гээд л. Яагаад тэгэв. Та ч гэсэн тэр хаалгаар, орж, гарч байсан шүү дээ?

-Зохиолчдын хороог шүүмжилж болохгүй юм уу. Орж гарч байсан бол дандаа магтаж байх ёстой хэрэг үү.

-Тэгж хэлсэнгүй ээ. Чухам ямар шалтгаанаар тэгж хэлэв л гэж асуух гээд байгаа минь энэ ...

-Хорооныхоо үйл ажиллагааг илүү сайн болгоосой, сайжруулаасай гэсэндээ л тэгж хэлсэн.
 
-Та Монголд ирээд үеийнхээ яруу найрагч бүсгүйчүүдтэй уулзаж амжив уу. Ер нь хэнтэй нь илүү дотно нөхөрлөдөг вэ?
 
-Одоогоор хэнтэй ч уулзаж амжсангүй. Ангийнхантайгаа илүү ойр дртно зохиолч Б.Сарантуяа, УИХ-ын гишүүн, яруу найрагч Г.Мөнхцэцэг гээд тоочвол их шүү. Ер нь би чинь олонтойгоо эвтэй хүн шүү дээ. Энэ биеийг минь сайн таньдаг хүмүүс намайг “Хүн чанаргүй хүн” гэж хэлэхгүй байх аа.
 
-Ингэхэд танд кино зохиол бичих бодол байдаг уу?
 
-Одоогоор роман тууж бичих л бодол мөрөөдөл, зорилготой. Бурхан юу бичүүлнэ тэр бүхэнд багтсан бол бичих байхаа.
 
-Залуу яруу найрагчдынхаа бүтээлийг хэр уншдаг вэ. Уншдаг бол ямар санагддаг бол ...
 
-Яг үнэндээ сүүлийн үед ямар залуу найрагч нар төрөн гарч буйг мэдэх юм алга.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
64 өдрийн өмнө / 122.201.23.83

Хулганаа гуайн нэрийг энэ охин нь гутаах юм даа

Unen balai yumtai su
64 өдрийн өмнө / 211.36.157.20

Unen balai yumtai sumtai avgai

мөнхжаргал
64 өдрийн өмнө / 207.244.89.75

ахыг нь Эрхэс, эрэгтэй дүүг нь Энхжин, эмэгтэй дүүг нь Ялгуун гэдэг байсан. сансарт 12-р хороололын орос 18 дугаар байранд амьдардаг байсан аав нь цэргийн хүн байсан шиг санагдаж байна. Хувьсал продакш үнэхээр энэ гэр бүлийн хүмүүсийн нэрээр зөвшөөрөлгүй ингэж өөрсдөө зохиосон юм шиг загнаж болохгүй байх. Энэ хүмүүстэй хамт амьдарч байсан тэр үеийн хүмүүс амьд байгаа шүү дээ. ямар ч гэрч, хууль үгүй юм шиг дураараа байж болохгүй байх. шударгаар уучлал гуйх хэрэгтэй

Zochin
65 өдрийн өмнө / 213.127.86.46

Ene neg shulga teneg huuhen ,uuriiguu dandaa magtnaa kkkl teneg har.