Шатахуун импортлогч 10 гэр бүл баяжиж, олонхи хоосордог жишгийг халъя

: 8 өдрийн өмнө / 2018-09-14 10:08:39

Автомашинтай иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахууны үнэ 2016 оны наймдугаар сараас хойш нийтдээ есөн удаа өсчээ. Тоон дүнгээрээ хоёр жил гаруй хугацаанд 350 төгрөгөөр өссөн байна. “Одоо шатахууны үнэ дахиад өснө”. Энэ мессэжийг сүүлийн хоёр өдрийн турш маш хүчтэй явууллаа. Зорилго нь, шатахууны үнийн өсөлтөд иргэдийн сэтгэл санааг бэлдэж буй үйл явц юм.

Эхнээсээ Баян-Өлгий аймаг дахь “Петровис”-ийн салбар 120 төгрөгөөр АИ-92-ын үнийг өчигдөр нэмсэн. Шатахуун импортлогчдын үнэ нэмэх арга улам нарийсч буй жишээ нь, хамгийн бөглүү аймагт эхлээд үнийг өсгөсөн явдал. Нэгэнт Баян-Өлгий аймагт Петровис салбар үнээ нэмчихсэн тул “Сод Монгол”, “Магнай Трейд”, “Шунхлай” гээд шатахуун импортлогч компаниуд шил дараалан нэмнэ. Энэ нэмэлт нэг их удахгүй нийслэлд орж ирнэ.

Өчнөөн өдөр “АИ-92” шатахууны үнэ 2000 төгрөг хүрнэ” гэсэн мэдээллээр бөмбөгдүүлчихсэн иргэд “Өө, үнэ нэмэгдчихэж” гэж хүлээж авна. Шатахуун импортлогчдын хэрэглэдэг “сэтгэл зүйд нь дасгах” технологи ингэж үйлчилдэг билээ. Тэд хэсэг хэсгээрээ хуралдаж байгаад  “За энэ удаа танайх үнээ өсгөж, өөр дээрээ гал дууд. Бид дагая” гэж тохирдог. Нэмлээ, дагалаа, тогтлоо.

Дараа нь тэд дахиад хуралдана. Өөр хэн нэг нь үнээ өсгөж, бусдыгаа дагуулахаар тохирчихно. Дахиад л шинэ үнэ тогтоно. Яг ийм байдлаар тэд төр засгаа шантаажилж, төр засаг нь буулт хийсээр ирсэн. Ерөөс стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа Засгийн газар бүрт шатахууны үнийг барих бичигдээгүй үүрэг ногддог. Засгийн газар бүр энэ үүргээ биелүүлэхийн тулд янз бүрээр ажилласаар ирсэн.

Тухайлахад, АН-ын үед хэрэгжсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”. Импортлогчдод татаас өгсөн нэг хэлбэр юм. Хөтөлбөр үр дүнгээ өгч, сөрөг хүчин нь хийрхэхдээ “Үнээ илүү буулга” гэж попордог байв. Одоо юун буулгах, тэр үеэс 350 төгрөгөөр өсчихөөд байгаа үнээ яаж барих вэ гэдэг асуудал МАН-ын Засгийн газрын “шүдний өвчин” болоод байна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг гаалийн албан татварын чөлөөлөлтийг хүчингүй болгохоор анх тохиролцож байсан. Гэтэл яг татварын нэмэгдэл хэрэгждэгийн даваан дээр шинэ жилийн баяр далимдуулан  шатахуун импортлогчид үнээ өсгөж, хэвлэлийн хурал зарлаж, нийтлэлчдийг хөдөлгөөд эхэлсэн.

Засгийн газар айсандаа 86 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлж, төсвийнхөө орлогыг өөр эх үүсвэрээс нөхөн бүрдүүлнэ гэж мэдэгдэж байв. Оны эхэнд татвараа хөнгөлүүлж, жаахан дарагдсан шатахуун импортлогчид өнгөрсөн хавраас дахиад л хийрхээд эхэлж байгаа юм. Үнийн зөвлөл нь хуралдаж, салбарын сайд нь чангалаад ч нэмэргүй. Импортлогчид Засгийн газрын үгэнд орохоо больсны жишээ энэ. Хамгийн сүүлд шатахуун импортлогчид үнээ төдий хэмжээгээр өсгөнө гэсэн бичиг Үнийн зөвлөлд илгээсэн гэсэн мессэж сэтгүүлчдийн дунд тараасан.

Яг ачир дээрээ “Шунхлай” компанийн “Үнийн зөвлөлөө хурдан хуралдуулна уу” гэсэн бичгээс өөр албан тоот сайд дээр нь ирээгүй байх жишээтэй. Тэд ингэж түрүүлж бор шувуу нисгэн, хожлын нүүдлийг өөр дээрээ авдаг. Үр дүнд нь шатахуун импортлогч 10 гаруйхан гэр бүл баяжиж, цадаж, ард түмний халаас улам нимгэрч байдаг.
 
Цөөнх баяжиж, олонхи хоосордог энэ жишгийг зоригтойгоор халах цаг нь болсон мэт.

“Шатахуун импортлогчид эрх баригч намд сонгуулиар баахан хандив өгсөн. Тиймээс ч Засгийн газар тэдний эсрэг дуугарч чадахгүй байна” гэх хардлага явж буй. Тийм байлаа ч Засгийн газар одоо төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөлтэй нь шууд ярьж, бусдад боломж олгох замаар чөлөөт өрсөлдөөн бий болгохоор нөхцөл байдал өөрчлөгдөж л таараа.

Судалгаагаар ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл дотоодын шатахууны үнэ өсөхгүй байх боломжтой нь нотлогдсон. Тийм байхад өнөө маргаашдаа нэмж байгаа нь зөвхөн шатахуун импортлогчдын буруу билээ. Иртэй хүчтэй ажиллана гэж амлаж явсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар шатахууны үнийн нэмэгдэл дээр бодитой, дорвитой арга хэмжээ аваасай. Монголын төр хэдий болтол шатахуун импортлогч 10-аадхан гэр бүлд бууж өгч явах вэ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих