Мөнгөний бодлогын хүүг 10 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргав

: 85 өдрийн өмнө / 2018-09-21 13:31:58

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, Мөнгөний бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ.

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци өнгөрсөн 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.0 хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна. Инфляци дунд хугацаанд Төв банкны зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байгааг албаныхан дурдлаа. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурахаар байгаа ч эдийн засгийн идэвхжлийг даган эрэлтийн гаралтай инфляци алгуур сэргэж байна гэв.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос, Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхижлийг дэмжинэ гэж үзжээ.

 Гэхдээ, Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтжээ.

Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих