Дизель хөдөлгүүртэй ачааны автомашинд утааны шүүлтүүр суурилуулахыг зөвлөв

: 87 өдрийн өмнө / 2018-09-21 15:30:19

Автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарч буй утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид, диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагдаж байдаг нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөллийг бий болгоод байна.

Энэ асуудлаар Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах сэдэвт хэлэлцүүлгийг Зам, тээврийн хөгжлийн яам, Ерөнхий сайдын ажлын алба, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран зохион байгуулсан юм.

2017 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 20 ба түүнээс дээш жилийн насжилтай тээврийн хэрэгсэл 30 хувийг эзэлдэг байна. Жилд дунджаар 3,000 орчим тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдаж байгаа ба агаарын бохирдлын 10 хувь нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй гэж тогтоогджээ.

Евро-5 стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан шатахууны импорт, хэрэглээг дэмжих, уг стандартын шаардлагад нийцээгүй шатахууныг импортлох, хэрэглэхийг үе шаттайгаар хориглох, шатахууны чанарын хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дизель хөдөлгүүртэй автобус, ачааны автомашинд утааны шүүлтүүр суурилуулах, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дизель хөдөлгүүртэй автобус, ачааны автомашинд утааны шүүлтүүр суурилуулаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар олон нийтэд сурталчлан таниулахыг зөвлөлөө.

Мөн автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Зам, тээврийн салбарын хог хаягдлын зохистой менежментийн судалгаа хийх зэрэг арга замуудыг ярилцлаа.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих