Авлигын тухай нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлч алагджээ

: 6 өдрийн өмнө / 2018-10-09 09:53:39

 

Авлигын тухай нэвтрүүлэг бэлтгэсэн Болгарын сэтгүүлч амиа алджээ. 30 настай Виктория Мариновагийн бэлтгэсэн нэвтрүүлэг телевизийн эфирээр цацагдсанаас хойш хоёр цагийн дараа бүсгүйг амиа алдсан байдалтай цэцэрлэгт хүрээлэнгээс олжээ. Толгой руу нь олон удаа цохисон, хоолойг нь боосон ул мөр илэрсэн байна.

Хэргийн газрын үзлэгээр түүнчлэн Виктория Мариновагийн хувцсыг урж тасадсан, амийг нь хороохоос өмнө хүчирхийлсэн байсан гэж Болгарын Цагдаагийн газраас мэдээллээ.

Болгар улсын Ерөнхий сайд Бойко Борисовын мэдэгдсэнээр, тус хэрэгт баримт нотолгоо маш их байгаа гэнэ. Тиймээс гэмт хэрэгтнийг олж илрүүлэх нь цаг хугацааны асуудал гэлээ.

Виктория Маринова нь Болгарын TVN телевизийн “Детектор” гэх хөтөлбөрийн хөтлөгчөөр ажилладаг байжээ. Тус хөтөлбөр авлига, ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой авлигын хэрэг зэргийг илчилдэг байжээ.

Болгар улсад хэрэгжүүлж байгаа ЕХ-ны хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн барилгаас олон хайрцаг баримт бичиг гаргаж, устгаж байхыг тус телевизийн сэтгүүлчид харжээ. Ингэснээр тэд өөрсдийн харсан зүйлээ тус телевизийн эфирт ярьсан байна.

2017 он гарсаар ЕХ-ны орнуудад алагдсан дөрөв дэх сэтгүүлч болж байна. Өнгөрсөн оны 8-р сард Шведийн сэтгүүлч Ким Вааль зохион бүтээгч Петер Мадсены гарт түүний эзэмшлийн шумбагч хөлөг дотор нас барсан. Энэ оны 10-р сард Мальта улсын сэтгүүлч Дафна Каруана Галиция автомашинд нь байрлуулсан тэсрэх бөмбөгөнд амиа алдсан бол, Словакийн эрэн сурвалжлах сэтгүүлч Ян Куцяк сүйт бүсгүйн хамтаар буудуулан нас баржээ.

“Зах хязгааргүй сурвалжлагч нар” олон улсын байгууллагын мэдээлснээр Болгар улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 111-р байранд бичигдэж байна. Ингэснээр хэвлэлийн эрх чөлөөний байдлаар ЕХ-ны гишүүн орнууд дунд хамгийн сүүлд бичигдэж байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих