Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга зөрчил гаргажээ

: 6 өдрийн өмнө / 2018-10-09 11:59:52

Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хүргүүлжээ.

Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан нь иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг хянан шалгасан байна.

С.Баярсайхан нь тус аймгийн төвд сумын соёл урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж “Шижир Аранжин” ХХК-иас 10 сая, Баянхонгор хайрхан уулын тахилгын арга хэмжээнд зориулж “Сод Мичид” ХХК-иас 300 мянга, “Монгол болгар гео” ХХК-иас 150 мянга, тус сумын “Хөгжлийн төвийн барилга”-ын засвар үйлчилгээний зардалд зориулан “Хонгор Манхан” ЗБН-өөс 15 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг тус тус авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.
Иймд дээрх зөрчлийг гаргасан С.Баярсайханд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас хүссэн аж.

Түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохдоо Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, цаашид уг зөрчлийг давтан гаргуулахгүй байх, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих