1,000 орчим шарилыг чандарлажээ

: 68 өдрийн өмнө / 2018-10-10 09:55:45

Монголчууд эртнээс талийгаачдаа хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлалтай ч энэ ёсон цагийн эрхэнд бүдгэрч балартах болсноор бурхан болоочийн хөндий их хоттой хаяа дэрлэн чимээгүй дүнсийж үлдээд хагас зууныг ардаа үджээ. Нийслэлийн бүсэд “Самбалхүндэв" буюу Далан давхар, Нарангийн энгэр дэх оршуулгын газар, Өлзийт, Багахангай болон 52-ын давааны наахнатай байрлах Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, Баруун туруун болон Гачуурт дахь Чандарлах төв гэсэн оршуулгын газар бий.

Эдгээрт яг хэчнээн шарил буй талаарх нарийвчилсан тоо одоогоор байдаггүй юм байна. Ямартай ч тэртээ 80 жилийн өмнө Улаанбаатар хотын хойд цэгт байгуулагдсан “Самбалхүндэв”-ийн оршуулгын газар дахь шарилыг нүүлгэн шилжүүлнэ гэсэн яриа долоон жилийн өмнө гарч байсан. Гэвч ажил хэрэг болж чадалгүй өнөөг хүрсний эцэст 1.5 га газар дээр нь эрчим хүчний дэд станц байгуулахаар болж, зурваст өртсөн 1,000 орчим шарилыг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нүүлгэн шилжүүлж дууссан байна.

Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 20,600 гаруй айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх зорилгоор “Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт эрчим хүчний “Хүчит шонхор” дэд станц байгуулахаар болсон.

Уг нь анх баталсан төлөвлөгөө, Засгийн газрын тогтоолоор бол дэд станц өдийд ашиглалтад орж, айлуудад цахилгаан түгээж эхэлсэн байх ёстой байсан. Гэвч барилга барих зурвас газарт орсон шарилыг нүүлгэн шилжүүлэх ажил тодорхойгүй байснаас болж бүтээн байгуулалтын ажил дөрвөн сарын хугацаа алдаж эхэлсэн нь энэ юм. Одоогоор хөрсөнд цочир хүйтрэхээс өмнө хөрс хуулалтын ажлаа бүрэн дуусгахаар ажиллаж байна гэдгийг төслийн гүйцэтгэгч компанийн ажилчид хэлсэн юм. 

Ажилчдын хэлснээр “Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр дэд станцыг хүлээлгэж өгөх ёстой байсан ч шарил тээвэрлэх асуудал шийдэгдээгүй учир ажил хойшилсон. Тиймээс ирэх оны хоёрдугаар сард хүлээлгэж өгнө. Барилга барих зурвас газраас 1000 орчим шарил тээвэрлэсэн. Одоогоор БНХАУ-ын 20-иод иргэний шарил үлдсэн” гэсэн юм.

1950-иад оноос “Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт талийгаачдыг хөдөөлүүлж байгаад 1987 онд тус газрыг хаасан байдаг. Гэвч 1990 он гартал талийгаачийг оршуулах гэсэн иргэдийн цуваа тасраагүй юм. Албан бус тоон судалгаагаар тус газарт 70 гаруй мянган иргэн нойрсож буй. Тэдгээрийн 50 мянга гаруй нь нэр тодорхой, хөшөө дурсгалтай бол үлдсэн 14 мянгынх нь нэр тодорхой бус ажээ.

Оршуулгын газрын 137 га талбайгаар 1.5 га талбайд нь “Хүчит шонхор” дэд станц барих бөгөөд зурвас газарт булсан шарилыг тээвэрлэж, чандарлах ажлыг “Улаанбаатар буян", “Суварга буян” компаниуд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтарч хийсэн байна. Ингээд “Улаанбаатар буян” компанийн Үйлчилгээ хариуцсан захирал Г.Отгонбаяраас авсан тодруулгыг хүргэе.

Г.ОТГОНБАЯР: 340 ШАРИЛ ТЭЭВЭРЛЭСЭН
-“Самбалхүндэв”-ийн оршуулгын газраас шарил тээвэрлэх, чандарлах ажлыг Захирагчийн ажлын албатай хамтарч хэрэгжүүлсэн. Хэдэн шарил тээвэрлэж, чандарласан бэ ?

-Нийт 340 шарил гаргаж, “Зүүн буяны төв цогцолборын чандарлах төв”-д чандарласан.

-Чандрыг нь хаана залах талаар шийд гарсан уу?

-‘‘Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт суварга босгосон. Тэнд зална. Нэр нь тодорхой бол суваргын гадна байршуулах самбар дээр нэр, он сартай нь бичнэ. Дээр нь Засгийн газрын тогтоолоор ямар ажил хийж, хэдэн бурхан болоочийг чандарласан талаарх товч мэдээлэл байршуулна. Хэрвээ нэр нь тодорхойгүй, ар гэр нь холбогдоогүй тохиолдолд нэр тодорхойгүй бурхан болоочийн тоонд хамруулж бичнэ.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригун “Бурхан болоочийн чандрыг ирэх баасан гараг буюу энэ сарын 12-ны өдөр “Самбалхүндэв"-ийн оршуулгын газарт байгуулсан суваргад залахаар төлөвлөсөн. Нэгтгэсэн дүн гараагүй учир хэдэн шарил зөөсөн талаар нарийвчилсан тоо хэлэх боломжгүй” гэсэн.

Уг оршуулгын газарт 70 гаруй мянган иргэн нойрсож буй гэж дээр хэлсэн. Тэдгээрээс эхний ээлжид 1,000 орчмыг нь тээвэрлэж, чандарлах ажлыг улсаас зохион байгууллаа. Харин цаана нь үлдсэн шарилын хувьд хэзээ, хааш нь нүүлгэн шилжүүлэх, чандарлах, хөрсөнд шингээх зардлыг ар гэрээс нь гаргах уу, эсвэл улсаас гаргах уу гэдэг асуудал өнөөг хүртэл эцэслээгүй байна. Харин өмнөх мээрийн гаргаж байсан захирамжаар бол ар гэрийнхэн нь шарилыг авахыг хүсвэл мэргэжлийн байгууллагад хандах замаар хөдөөлүүлж болно.

Ингэхдээ тээвэрлэлт, хөдөөлүүлэх зардлыг тухайн иргэний халааснаас гаргахаар тухайн үед тусгаж өгсөн. Харин санхүүгийн хүндрэлтэй иргэдийн асуудлыг хэрхэх тухай одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй тулд байдлыг ажиглахаас өөр замгүй. Ямартай ч шарил тээвэрлэж, чандарлах хөрөнгө санхүүг “Улаанбаатар буян”, “Суварга буян” компани эхний ээлжинд халааснаасаа гаргасан. Энэ хөрөнгийг нь Нийслэлийн эргүүлж олгох учир иргэдийн халааснаас мөнгө гарахгүй бололтой.

“Хүчит шонхор” дэд станц байгуулах зурваст багтсан БНХАУ-ын 30 гаруй иргэний шарилыг нүүлгэн шилжүүлэх ажил хэрхэх нь тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн. Тэгвэл газрын байршлын зургийг дахин баталснаар хятад иргэдийн 16 шарилыг л тээвэрлэх шаардлагатай болсон байна. Уг асуудлаар хятад иргэдийн нийгэмлэгийнхэн Улаанбаатар хотын Захирагчийн албаныхантай өчигдөр уулзсан юм. Уулзалтаар нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хэдэн иргэний шарил байгаа.

Хятадын талаас Элчин сайдын яамтай зөвлөлдсөний дараа буюу өнөөдөр хариу өгнө гэдгээ мэдэгдсэн. Хятад иргэдийн шарилын хувьд “Хүчит шонхор” дэд станцын зүүн урд талд байрлалтай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дээрх иргэдийн шарилаас бусад бүх шарилыг нүүлгэн шилжүүлж, хөрс хуулалтын ажил эхлүүлсэн юм.

“Самбалхүндэв" оршуулгын газарт нэгэн үед “Талийгаачид зориулсан дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газрыг нь Д.Дагвадорж авсан. Санхүүжилт удахгүй хийнэ” гэсэн яриа хэдэн жилийн өмнө гарсан. Тэгвэл үнэхээр уг оршуулгын газар түүний мэдэлд шилжсэн эсэхийг нийслэлийн Газрын албанаас тодруулахад дэд станц барихаар олгогдсон 1.5 га газраас бусад талбай нь хуучин захирамжаараа буюу оршуулгын газрын мэдэлд хэвээр байгаа аж.

Харин “Самбалхүндэв”-ийн оршуулгын газраас гадна Япон оршуулгын газрын урд байрлах 1.5 га газарт цахилгаан станц барихаар төлөвлөж, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК-д 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ олгосон байна. Нийтлэлийнхээ эхэнд монголчууд бурхан болоочдоо хүндэтгэлтэй ханддаг гэж хэлсэн.

Гэхдээ энэ бүхэн цагийн эрхэнд бүдгэрч балартаж буйг гэрчилсэн зүйл нь тус оршуулгын газар дахь 1,000 орчим шарилыг нүүлгэн шилжүүлэхэд 10 гаруй бурхан болоочийн ар гэрээс холбогдсон байна. Эндээс үзвэл, цаана нь үлдсэн бурхан болоочдын шарилыг нүүлгэн шилжүүлж, чандарлах болбол улс өөрийн халааснаас зардлыг нь гаргахаас өөр замгүй бололтой.

Эх сурвалж: Үндэсний шуудан
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
хүрээний хүү
68 өдрийн өмнө / 103.229.121.75

бид бүгдийн эмээ өвөө аав ээж нар байгаа ш д ээ ингэж болж байгаа юм уу

зочин
68 өдрийн өмнө / 202.9.42.222

Шарилнуудын нэр эсвэл дугаарыг нь нийтэд мэдээлбэл үлдэгсэд нь холбогдоно шүү дээ

Зочин
68 өдрийн өмнө / 203.169.50.131

1000-н шарилын он нэрсийг олон хүн харах цахим сүлжээн дээр тавибал яасан юм бэ бид эцэг эхийн шарилаа олохгүй бна, Олон чулуун хөшөө нь унасан бна тэгээд л олдохгүй бна

монголмаа
68 өдрийн өмнө / 207.244.89.75

захирагчийн ажлын алба гээд бичсэн байхад юу асуугаад байдаг юм бэ? үүнээс илүү ямар мэдээлэл өгүүлэх гээд байгаан уншаад ойлгох оюуны чинь чадвар чинь хүрэхгүй бол ийм зүйл бичээд яах юм бэ?

зочин
68 өдрийн өмнө / 43.242.242.128

уг нь шарил дээрх чулуун дээр байгаа нэрсийг нь он сартай нь нийтэлчихвэл өөрсдийнхөө талийгаач болсон төрөл төрөгсдөө таниад хүмүүс ирэх естой баймаар. тэгж л асуудлыг шийдэх хэрэгтэй юм шиг

зочин
68 өдрийн өмнө / 43.242.242.140

бид төрөл төрөгсдийнхөө шарилыг авалгүй яахав.гол нь хаана хандах нь тодорхойгүй байгаа шүү дээ.

зочин
68 өдрийн өмнө / 43.242.242.140

бид төрөл төрөгсдийнхөө шарилыг авалгүй яахав.гол нь хаана хандах нь тодорхойгүй байгаа шүү дээ.

Haashaa handah
68 өдрийн өмнө / 43.250.124.5

Tend baigaa aav ovoogiinhoo shariliig nuulgemeer baina. haashaa hend handah estoi um boloo ene talaar medeelel neg moson ogmoor baina

zochin
68 өдрийн өмнө / 202.21.115.35

ter 1000 gariu shariliin Ners n bna uu .Uzmeer bna