Та хамгийн хямдаар хэрхэн аялах вэ?

: 33 өдрийн өмнө / 2018-10-16 09:36:37

Хорвоо ертөнцөөр аялж, шинэ соёл, шинэ хүмүүстэй танилцахаар хүлгийн жолоо залмаар байгаа авч өөрт байгаа мөнгөнийхөө хэмжээнд санаа зовж байгаа бол бидний бэлтгэсэн энэхүү мэдээлэлд анхаарлаа нэг хандуулаарай.

Гадаад руу аялахад онгоцны тасалбар, очоод байрлах байр, үзвэр үйлчилгээ, хоол хүнс зэрэгт багагүй мөнгө үрэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ та аяллын үеэр мөнгөө хэрхэн хэмнэхээ мэддэг бол үүнд тийм ч их санаа зовох шаардлагагүй юм.

ХООЛОО ӨӨР ХИЙЖ ИДЭЭРЭЙ
Шинэхэн хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн гараар сонгож, хоолоо хийж идэх нь зардлыг хэмнэх төдийгүй эрүүл мэндэд ч тустай байх болно. Танд хэрвээ хоолоо шарж, чанаж болгох боломж тааруу байвал өдрийн, эсвэл оройн хоолныхоо аль нэгэнд нь хачиртай талх бэлдээд идчихэд ч зардлыг тань багагүй хэмнэж, тус болно гэдэгт итгэлтэй байна.

НИЙТИЙН БАЙР БУЮУ “ХОСТЕЛ”-Д БАЙРЛААРАЙ
Заримдаа танд ганцаараа тайван амарч, өөрийн гэсэн орон зайг бүрдүүлэх хүсэл төрж магадгүй ч мөнгөө хэмнэхийг хүсч байвал нийтийн байранд байрласан нь дээр юм. Нийтийн байр нь зочид буудлаас хэд дахин хямд бөгөөд илүү олон шинэ найзтай болоход тань ч тус болно гэдэгт итгэлтэй байна.

УСНЫ САВ АВЧ ЯВААРАЙ
Аяллын үеэр мөнгөө хэмнэхийн сацуу байгаль хамгаалах үйлсэд таны оруулж чадах хувь нэмэр бол өөрийн гэсэн усны саваа авч явах юм. Маш энгийн сонсогдож байгаа боловч дэлгүүрээс ус, ундаа худалдаж авахгүй байснаар та багагүй мөнгө хэмнэх болно. Түүнчлэн халуун, хүйтнээ барьдаг усны сав таны аяллын үнэнч хамтрагч байж чадна.

СОГТУУРУУЛАХ УНДААГ ХААНААС ХУДАЛДАЖ АВАХАА МЭДДЭГ БАЙХ
Аялал бол адал явдалтай учрахаас гадна өөрийгөө амрааж, энхрийлэхийн нэр билээ. Харин цагийг зугаатай өнгөрөөх нэрийдлээр орой болгон цэнгээний газруудаар орж, согтууруулах ундаа уугаад байвал та маш их мөнгө үрэх болно. Гэхдээ үүгээр аяллын үеэр огт архи ууж болохгүй гэсэнгүй, харин уухыг хүссэн үедээ дэлгүүрээс худалдаж аваад уувал та илүү их мөнгө хэмнэж чадах юм.

АЖИЛ ХИЙНГЭЭ БАЙРЛАХ БОЛОМЖ
Хэрвээ та урт хугацаагаар аялахаар шийдсэн бол байрлаж байгаа газраа ажил хийх нь мөнгөө хэмнэх ухаалаг шийдэл байж болох юм. Өдөрт цөөн цагаар ажиллан, цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд нь туславал үнэгүй байрлуулдаг зочид буудал, нийтийн байрнууд гадаадад цөөнгүй байдаг.

ЗАРДАЛ БАГАТАЙ ГАЗРУУДААР АЯЛААРАЙ
Парис, Милан гэх мэт алдартай газруудаар аялмаар байвч хэтэрхий их мөнгө зарцуулна хэмээн санаа зовж байвал илүү зардал багатай газрууд руу явж болох юм. Тухайн улс орны соёл, онцлогийг мэдэрч, шинэ хүмүүстэй танилцахыг хүсч байвал илүү жижиг, үзэсгэлэнтэй хотуудыг нь зорин очих нь ч бас сайхан сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна. Барууны өндөр хөгжилтэй орнуудаас гадна Ази, Африк, Өмнөд Америкт ч бас үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай, үзэсгэлэнтэй газрууд цөөнгүй байдаг шүү дээ.

ЗААВАЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРГИЛ ҮЕЭР АЯЛАХ ХЭРЭГГҮЙ
Жуулчид хамгийн их очдог зуны улиралд гадаадаар аялахад бусад үеэс илүү их зардал гарах нь бий. Тиймээс заавал зуны улирлыг хүлээлгүйгээр аялалдаа гарвал танд илүү бага мөнгө зарцуулахын сацуу тухайн орны хүмүүстэй ярилцаж, дотносох боломж гарах юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих