Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг Майхан толгой орчмоос баривчилжээ

: 27 өдрийн өмнө / 2018-10-16 10:39:31

Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд өчигдөр 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан. 

Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд гэмт этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд орхин зугтсан байсныг олж эрлийг үргэлжлүүлсэн юм.

Цагдаагийн алба хаагчид 2018 оны 10 дугаар сарын 15-ны 22:30 цагт Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23:25 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж тус тус баривчилсан байна. 

 
Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж. 

Харин ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч одоог хүртэл ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих