Худалдсан “бараа”-гаа буцааж авахад нь хуулийн мафийнхан оролцдог уу?

: 24 өдрийн өмнө / 2018-10-19 17:10:27

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
 
Улс минь баян юм. Цагдаагийн нэг хурандаагийн “хадгалж” байсан 1.3 сая ам.доллараас улбаалаад арвин нөөц бүхий алт, мөнгөний ордын талаар бүгд мэддэг боллоо.

Тэр орд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг. Салхитын мөнгө-алтны үндсэн орд юм.

Тус орд газрын уурхай 2013 онд АМГТГ-т нөөцөө танилцуулжээ. Салхит нэртэй хоёр лиценз бүхий уурхай нэг тонн алт, 1000 тонн мөнгөний нөөцтэй юм байна.

Харин өнөөдөр энэ орд улс дамнасан хүмүүс, аж ахуйн нэгжүүд, тэр ч бүү хэл Монгол Улсын хууль хяналтын байгууллагын ажилтнууд оролцсон “хэргийн эзэн” болоод байна.

Өөрөөр хэлбэл, Салхитын мөнгө-алтны үндсэн ордыг булаалдсан асуудал иргэний, захиргааны, эрүүгийн хэрэг болон шалгагдаж байна. Түүх нь ийм юм байна. Монгол Улсын иргэн 1976 онд төрсөн Шаравын Мөнгөншагай. Түүний дүү Ш.Булгантуулын нөхөр 1985 онд төрсөн Ганхуягийн Жаргалан гэдэг хоёр залуу 2010 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Жи Пи Эф” гэдэг компани байгуулжээ.

Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан “Жи Пи Эф” компанийг үүсгэн байгуулагч Ш.Мөнгөншагай тэр үед Баянгол дүүргийн III хороололд, Г.Жаргалан нь IV хороололд нийтийн орон сууцанд амьдарцгаадаг, 9922….41 гэсэн хос дугаар хэрэглэдэг хамаатнууд байв. Ингэхдээ Ш.Мөнгөншагай 60, Г.Жаргалан 40 хувийг нь эзэмшиж Г.Жаргалангаа компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байгаа юм. Тэр компани нь нэг ширээ, нэг скайнер, нэг компьютер, нэг принтер гэсэн хөрөнгөтэй, тэдгээр нь 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлэгдэж байжээ.

Гэсэн атлаа компани байгуулангуутаа ашигт малтмалын хайгуулын 7991Х, 12772Х, 12773Х лицензийг шилжүүлэн авчээ.  Үүнээс хоёр жилийн дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд  БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Си Си Эм Икс” ХХК-д Ш.Мөнгөншагай 60 хувиа, Г.Жаргалан 40 хувиа Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ хийгээд шилжүүлчихсэн байна. Түүнийх нь дагуу 2012 оны долдугаар сарын 30-нд “Жи Пи Эф” компанийн ТУЗ хуралдаж 05 тоот шийдвэр гаргаж, Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёрыг бүрэлдэхүүнээс хассан байна.

Тухайн үед “Жи Пи Эф” компани нь ямар нэг үйл ажиллагаа явуулж, улсад татвар төлж эхлээгүй байв. Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар тухайн үед компаниа, ашигт малтмалын лицензүүдийн хамт 8.000.000 /найман сая/ юаниар худалджээ.

Харин Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас “Жи Пи Эф” компанийг нь худалдаж авсан  “Си Си Эм Икс” ХХК  ашигт малтмалын 7991Х, 12772Х, 12773Х лицензийг “ажилд оруулж” А буюу ашиглалтын лиценз болгон долоон тэрбум гаруй хөрөнгө оруулалт хийжээ. Энэ бол дээр хэлсэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг Салхитын мөнгө-алтны үндсэн ордыг ашиглаж эхэлсэн гэсэн үг. Гуравхан жилийн дараа 2015 онд тэнд 40 гаруй үндсэн ажилтантай, 100 орчим ажилчинтай уурхай ажиллаж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ Салхитын ордоос санаанд багтамгүй ашигт малтмал ундрах нь тэр.  Гэтэл энэ ордын хайгуулын компанитайгаа хамт зарсан Ш.Мөнгөншагай 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандсан байна.

Тэрээр Захиргааны шүүхэд гаргасан өргөдөлдөө “…2015 оны тавдугаар сард Ш.Мөнгөншагай миний бие “Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг 2012 оны долдугаар сард Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Си Си Эм Икс” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдлээ. “Си Си Эм Икс” ХХК нь БНХАУ-ын иргэдийн өмчилдөг компани юм байна. Дээрх зөрчлийг арилгах үүднээс УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржид “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт явуулсан. Үүний дараагаар УБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжаргал нь 2015 оны зургадугаар сарын 22-ны 8/8456 дугаар Өргөдлийн хариугаар татгалзсан хариу ирүүлсэн.

Улсын бүртгэгч Ч.Батцэцэг нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг кохицуулах тухай хуулийг зөрчиж бүртгэлийг хийсэн байгаа нь харагдаж байна. Иймд “Жи Пи Эф” ХХК-ийн дээрх хууль зөрчиж хийсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Ингээд өмгөөлөгч Б.Батзаяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр илгээсэн байгаа юм. Бас Ш.Мөнгөншагай 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэр үед Ш.Мөнгөншагай III хорооллоосоо “Кристал таун” руу нүүж, 9922-той дугаараа 9911…….. болгон өөрчилсөн байв.

Ш.Мөнгөшагай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гурван шаардлага тавсан байлаа.

Тэрээр “… Иргэн Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, иргэн Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн гурван шаардлагыг гаргасан байна.

Ш.Мөнгөншагай  нэхэмжлэлдээ “…Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь хурдан морины уяач, адуучин бөгөөд голдуу хөдөө амьдардаг учир компанийн дийлэнх хувьцааг эзэмшигчийн хувьд үйл ажиллагааны бүхий л эрхээ Гүйцэтгэх удирдлагад бүрэн шилжүүлж, итгэл үзүүлэн ажиллаж байсан. “Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан нь компанийг 2010 оноос удирдан ажилласан. Тэрээр 2012 он хүртэл “…Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Уул уурхай зогсонги байдалд орсон тул хятад хөрөнгө оруулагч хайж байгаа. Хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа” гэдэг мэдээллийг нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайд өгч байсан.

Улмаар Г.Жаргалан нь 2012 оны сүүлчээс нэхэмжлэгч Ш.Мөнгөн­шагайгаас холбоогоо тасалсан. Иймд нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь 2015 оны эхээр өмгөөлөгч хөлсөлж шалгалт хийлгэхэд “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Си Си Эм Икс” ХХК-д шилжсэн болохыг мэдсэн.

Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн гэх гэрээнүүдэд гарын үсэг зураагүй. Мөн  “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх зөвшөөрлийг өгөөгүй юм” гэжээ. Энэ их марзан зүйл болоод хувирчихсан.

Нэг тонн алт, 1000 тонн мөнгөний нөөцтэй Салхитын мөнгөний ордын хайгуулын лицензийг эзэмшиж байсан Ш.Мөнгөншагай 2010 онд “Жи Пи Эф” ХХК-ийг байгуулснаасаа хойш 2015 оныг хүртэл бүтэн таван жил зөвхөн гүйцэтгэх захирал, хүргэн дүү Г.Жаргалангийнхаа үгийг сонсоод л компаниа огт тоохгүй явчихсан болоод байгаа юм.

Мөн бүтэн таван жил хөдөө хурдан морь уяж, адуу маллаад, Улаанбаатар дахь гэр орон нь III хорооллоос “Кристал таун” руу нүүж, 9922-той гар утасны дугаар нь 9911…….. болж хувирсан байна. Илбэ мэт амьдрал биш гэж үү. Хамгийн гол нь хайртай дүүг нь авч ханилсан, хүргэн Г.Жаргалан хамаг хөрөнгийг нь зарж хаячихаад, 2012 оноос харилцаа холбоогоо таслаад одоог хүртэл сураггүй алга болсон байна.

Харин мань Ш.Мөнгөншагай маш тайван хүн юм. “…Яасан юм бол, учрыг нь олж өгөөч” гээд Захиргааны шүүх, Иргэний шүүх хавиар нэхэмжлэл гаргаад гурван жил заргалдаж байгаа ажээ.

Хошин шогийнхон ч сэтгэхээргүй марзан аргаар шүүхийнхнийг амраалгүй, одоо цагдаа, АТГ-ынханд ажил тариад байгаа иргэн Ш.Мөнгөншагайгийн оролцсон, Салхитын мөнгөний ордыг тойрсон явдал хэрхэн өрнөх бол.

ХОЁРДУГААР ХЭСЭГ
 
Ийн “Жи Пи Эф” компаниа, Салхитын мөнгө-алтны үндсэн ордоо “алдчихсан” гэдгээ гурван жилийн хойно гэнэт мэдсэн Ш.Мөнгөншагай Иргэний болоод Захиргааны шүүх рүү жил дараалан хандаж, шат дараалан заргалдав.

Ш.Мөнгөншагайгийн гомдол, нэхэмжлэлд “Жи Пи Эф” компани, Салхитын ордыгхудалдаж авсан “Си Си Эм Икс” ХХК-ийнхан ч хариу тайлбараа шүүхүүдэд гаргаж өгсөн байдаг юм.

Ш.Мөнгөншагай 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай УБЕГ-ын Хуулийн этгээдийн газрыг хариуцагчаар нэрлэсэн нэхэмжлэл гаргажээ.

Энэ дагуу долдугаар сарын 30-ны өдөр шүүгч О.Оюунгэрэл гуравдагч этгээдээр “Си Си Эм Икс” ХХК-ийг татсан 5255 дугаар бүхий захирамж гаргасан байна.

“Си Си Эм Икс” ХХК нь П.Сарантуяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилжээ.

П.Сарантуяа 2015 оны наймдугаар сарын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “…Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох “Си Си Эм Икс” ХХК нь 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нартай компанийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан.

“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг худалдан авахад уг компани нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, ямар ч татвар төлдөггүй компани байсан. Энэ нь УБЕГ-аас ирүүлсэн хувийн хэрэг дотор уг компанийг шилжүүлэн авахад бүрдүүлсэн материалын нэг болох Баянгол дүүргийн Татварын хэлтсээс өгсөн тодорхойлолтоор батлагдана.

Харин бид уг компанийг худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл бүрэн бус тооцоогоор 7.0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, анх компанийн нэр дээр байсан Х буюу хайгуулын лицензийг А буюу ашиглалтын лиценз болготол үйл ажиллагаа явуулсан юм. Үүнийг нотлох санхүүгийн баримтыг хавсаргав.

Одоо “Жи Пи Эф” ХХК нь 40 гаруй үндсэн ажилтантай. Уурхай дээр өөрийн болон туслан гүйцэтгэгч компанийн 100 орчим хүн ажиллаж байгаа.

Монгол Улсад татвар, нийгмийн даатгал төлдөг компани болтлоо өргөжөөд байна. Гэтэл иргэн Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг огт шилжүүлээгүй мэтээр мэдэн будилж, улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бидний оруулсан их хэмжээний хөрөнгийг дээрэмдэх гэсэн явуургүй, ичгүүргүй арга юм.

Компанийн эрхийг шилжүүлэх үед бидний зүгээс хуульд заасан бүх баримт бичгийг хууль ёсны дагуу бүрдүүлэн өгсөн учраас өнөөдөр улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Үүнээс жил орчмын дараа, 2016 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ш.Мөнгөншагай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Уг нэхэмжлэлээр 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг “Си Си Эм Икс” ХХК-д шилжүүлсэн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага тавьсан байна.

Ингэхдээ мань Ш.Мөнгөншагай уяач учир байнга хөдөө амьдардаг байсан. Хүргэн дүү Г.Жаргалан нь компаниа хариуцаж явсан. Ажил бүтэлгүй, мөнгө муутай байна гэдэг байсан. 2012 оны сүүлчээс холбоогоо таслаад алга болсон. Гурван жил хүлээгээд сураггүй болохоор нь “…Яасан юм бол” гээд асууж сураглатал компанийг нь бусда шилжүүлснийг олж мэдсэн тухайгаа нэхэмжлэлдээ бичсэн байна.

Иймээс “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийг шинжлүүлсэн гэрээнүүдэд үсэг зураагүй. Хувьцаа шилжүүлэх гэрээнд бас зураагүй. Ийм байхад Чингэлтэй дүүргийн наториатч М.Саранцэцэг өөрийг нь эзгүйд гэрээнүүдийг гэрчилсэн байна гэжээ.

Ш.Мөнгөншагайг нэхэмжлэл гаргаснаас найм хоногийн дараа 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд шүүгч Т.Энхжаргал Иргэний хэрэг үүсгэх тухай 101/Ш32016/15817 дугаар бүхий захирамжийг гаргасан байна.

Улмаар дөрөвдүгээр сарын 19-нд шүүгч Т.Энхжаргал Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/Ш32016/16237 дугаартай захирамж гаргаж, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэтэл “Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, “Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын MV-017368 дугаартай лиценз, хайгуулын 12772Х, 12773Х лицензүүдийг худалдах, шилжүүлэх үйлдэл хийхгүй байхыг “Си Си Эм Икс” ХХК-д даалгасан байгаа юм.

Шүүгч Т.Энхжаргалын энэ захирамжийг “Си Си Эм Икс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяа эс зөвшөөрч 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.

П.Сарантуяа гомдолдоо “…“Си Си Эм Икс” ХХК нь 2012 оны дөрвөдүгээр сарын 23-нд “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ байгуулснаас хойш дөрвөн жил болж байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай хүсэлтдээ “…Лицензийг шүүхийн маргаан үүссэн гэдэг шалтгаанаар “ гуравдагч этгээдэд шилжүүлэх өндөр магадлалтай байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж шүүгчийн захирамж яаралтай гаргаж өгнө үү” гэжээ. Гэвч бусдад шилжүүлэх ямар ямар магадлал байгаа талаараа дурьдаагүй холбогдох нотлох баримтуудыг хавсаргаагүй байхад шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Си Си Эм Икс” ХХК нь  одоогоор ихэнх нь монгол ажилчид, цөөн тооны Хятад улсын иргэдээс бүрдсэн 100 гаруй ажилчинтай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд компанийн хувьцааг бусдад шилжүүлэх ямар нэг ажиллагаа хийх шаардлага байхгүй.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн зүгээс маш их хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа энэ үед компанийг ямар ч хамаагүй аргаар буцааж авах зорилго агуулж, удаа дараа компанийн үйл ажиллагаанд саад хийж, ялангуяа компанийн зүгээс улсын бүртгэлийн гэрчилгээндээ нэмэлт болон бусад жижиг өөрчлөлтүүдийг хийх ажиллагааг шүүгчийн захирамжаар хааж, компанийн болон тэнд ажиллаж буй ажилчдын эрх ашгийг хохироож байгаа билээ. Ш.Мөнгөншагай 2012 оны долдугаар сарын  2-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд компанийг шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаснаар шүүхэд маргаантай байгаа гэдгээр компани гэрчилгээндээ жил гаруй хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах бүртгэлийг хийлгэж чадахгүй хохирч байсан ба Дээд шүүх хэргийг 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 108 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл Ш.Мөнгөншагай дахин Иргэний хэргийн шүүхэд бүр Г.Жаргалангийн өмнөөс хүртэл нэхэмжлэл гаргаж байхад шүүх энэ байдлыг анхааралгүй, хүсэлтэд гаргах хариуцагчийн тайлбарыг авалгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. УБЕГ гэрчилгээнд бусад хэлбэрээр ч өөрчлөлт хийхгүй болчихдог тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна.
Ийм маягаар шүүхийн өмнөх процесст иргэн Ш.Мөнгөншагай “ялалт” байгуулж явсаар Иргэний болоод Захиргааны шүүх хурлууд болсон байдаг. Энэ тухай дараагийн дугаарт өгүүлнэ.

Тодруулбал, өөрийн итгэл үнэмшлээр шударга шийдвэр гаргах бүрэн эрхтэй, бас үүрэгтэй Монголын шүүгч чухам яаж амьдралаас тасарсан, цаасан дээр л бичиж болох шалтаг, “нотлох баримт”-ыг үндэс болгодог талаар, бас тэр нотлох баримтыг ямар шат дамжлагаар, яаж “үйлдвэрлэдэг” болохыг, бүр цааш нь хуулийн мафи хэрхэн ажиллаж, худалдсан “бараа”-г буцааж авч өгдгийг баримтаар харах болно.
 
Үргэлжлэл бий…
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Хараа
24 өдрийн өмнө / 202.126.89.88

МИ ах нь туслана гэсэн юм боловуу. Энэ их мөнгө бас л 60болдтой хамаатай байж ч болох л юм.

Хараа
24 өдрийн өмнө / 202.126.89.88

МИ ах нь туслана гэсэн юм боловуу. Энэ их мөнгө бас л 60болдтой хамаатай байж ч болох л юм.