Бидний 12 байр ухарсан үзүүлэлтээр Хятад 30 байр урагшлав

: 13 өдрийн өмнө / 2018-11-05 09:18:49

Бизнес эрхлэхэд таатай нөхцлөөрөө манай урд хөрш ганцхан жилийн дотор 30 байраар урагшилж шилдэг 10-т багтсан болохыг Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь 2019” тайланд дурджээ. Тус улс гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэр дундаа цахилгаан эрчим хүчээр хангах үзүүлэлтээр ийнхүү огцом дэвшил гаргасан байна. Тодруулбал, эрчим хүч түгээх сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд холболтыг үнэгүй хийх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд тайланд хамрагдсан Бээжин, Шанхай хотод цахилгаан эрчим хүчээр хангах шалгуураар ахиц гаргажээ.

Мөн хэрэгчлэгчдэд зориулан гар утасны шинэ программыг нэвтрүүлсэн тул цахилгаан эрчим хүчээр хангагдахад 143 хоног хүлээх шаардлагатай байсныг 34 хоног болгон бууруулжээ. Түүнчлэн бизнесийн үйл ажиллагааны татварыг цуцлан, тайланг нэгтгэн ирүүлэх, тэмдэгтийн хураамжийг нэгтгэн төлөх боломжийг олгож, эрх бүхий байгууллагуудын хүнд суртал, үйлчилгээний хугацааг багасгасны үр дүнд татварын систем нь илүү хялбар болжээ.

Мөн хил дамнасан худалдаа эрхлэх, хөрөнгөө бүртгүүлэх зэрэг хөнгөвчилсөн шинэчлэлийг хийж чадсан учраас ийнхүү огцом урагшилж, топ 10-т орж ирлээ. Эхний гурван байрыг хоёр дахь жилдээ эзэлж чадсан Шинэ Зеланд, Сингапур, Дани улс, жагсаалтыг тэргүүлж буй АНУ, Их Британи, БНСУ гэсэн 10 оронд ч ийм жишиг байна. Дэлхий нийтээр хувийн хэвшлийг дэмжих, хүнд сурталтай тэмцэхэд амжилт гаргасан жил байсныг Дэлхийн банк онцоллоо.

Тэгвэл манай улсад юу болж байна вэ. Гарааны бизнес эрхлэгчдийн хамгийн их горьдлого тавьдаг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн асуудалтай үйл ажиллагаа олон нийтэд ил болж шуугиан дэгдээгээд байна. Бизнес эрхлэгчид өнгөрсөн долоо хоногт багагүй бухимдалтай байлаа. Түүнийгээ ч илэрхийлэв. Дэлхийн банкны дээрх судалгаагаар манай улс өмнөх жилийнхээ үзүүлэлтээс 12 байраар ухарсан тааруухан дүн авсан. Ганцхан жилийн дотор байраа 30-аар ахиулсан Хятадын авч хэрэгжүүлсэн чиглэлүүдэд манай улс бүдэрсэн байх юм.

Тухайлбал, бизнес эрхлэгчийг эрчим хүчинд холбогдох, хил дамнасан худалдаа буюу экспорт, импортын үйл ажиллагаан дээр муу оноо авчээ. Ганцхан жилийн өмнө БНХАУ бизнес эрхлэхэд таатай орны жагсаалтаар манай улсын хойно байсан. Харин тэд бидний хийж чадахгүй байгааг дор нь сайжруулчихаад урд гараад “давхичихлаа”.  Давхихдаа бүр дэлхийг манлайлж байна.

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих