Талх уу? Талхчин уу?

: 5 өдрийн өмнө / 2018-11-07 13:20:11

Мэдлэгийн мөн чанар
 Хүн төрөлхтөнд үнэн, баталгаатай мэдлэг үүсээд 2600 орчим жил болжээ.

Мэдлэг нь хүн төрөлхтний хамтын, дундын өмч байдаг учраас үнэн мэдлэг байгаа газар Community болон Commonwealth (Community нь common буюу communis= com+immune, нэг нандинтай, нэг зөвтэй, нэг сайнтай гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Commonwealth нь хүн өөрийн бүтээсэн үнэн мэдлэгээр хамтын, нийтийн нандин (Value), зөв (Right), сайн, сайханаа цогцлуулж чадсан нийгмийн тогтолцоог илэрхийлсэн политикал философийн ойлголт) жинхэнэ утгаараа бүрэлдэн тогтсон байдаг.
Монголчуудад өнөөдөр яагаад хамтын, нийтээрээ нандигнах зүйл, нийтээрээ хүлээн зөвшөөрсөн сайн, муу, сайхан муухай, зөв буруу байхгүй байна вэ? Монголд яагаад нийгэм бүрэлдэн тогтож чадахгүй байна вэ?

17-р зууны Английн политикал философич Томас Хоббс Leviathan: The Matter, Form and Power of a commonwealth номондоо Commonwealth бүрэлдэн тогтоход мэдлэгийн ямар нөхцөлүүд шаардлагатай талаар номны эхний бүлэг болох Of Man-д онолдсон байдаг.

Тэрээр мэдлэгийг ерөнхий шинж чанарын хувьд хоёр хуваасан байдаг.
1.       Хүний хүчин зүйлээс огт хамааралгүй байгалийн юмс, үзэгдлийн цаад шалтгааны мэдэх зорилготой мэдлэг буюу Science.
2.       Хүн, хүмүүсийн хамтын амьдрал, нийгэмд хамаарах үзэгдлийг судлах мэдлэг буюу Civil Matters.

Эхний бүлэгт хамаарах мэдлэг байгал дээрх, хүний хүчин зүйлсээс огт хамааралгүйгээр оршин буй юмс, үзэгдэл яг юу вэ, яагаад байдаг, яаж байдагийг судалдаг ба өнөөдрийн бидний хэлж заншсан байгалын шинжлэх ухааныг (Science) хэлсэн.  Харин дараагийн бүлэгт хамаарах мэдлэг нь байгалаас өгөгдөөгүй ба хүн өөрийн, хамтын, нийгмийн амьдралаа сайн, сайхан болгохын төлөө зөвхөн хүн л бүтээсэн мэдлэг ба энэ нь моралын философийн салбарт харьяалагдах бүхий л мэдлэгийг хэлсэн.

Хүн төрөлхтөний бүх мэдлэг Аристотелын үеэс эхлэн 20-р зууны эхэн хүртэл натурал философи (Natural Philosophy) буюу байгалын философи болон моралын философи (Moral philosophy) гэсэн 2 том салбарт харьяалагдаж ирсэн. Байгалийн философийн салбарын гол сэдэв нь байгал харин моралын философийн салбарын гол сэдэв нь хүн.

Байгалын философийн салбар цааш олон дэд салбаруудад хуваагдаж орчин үеийн шинжлэх ухаан (modern science) үүсэх эхлэлийг тавьсан бол моралын философийн салбар мөн адил социологи, эдийн засаг, хууль, теологи, бизнес, санхүү зэрэг олон дэд салбарт хуваагдаж өнөөдрийн дүр төрхөө олсон байдаг. Хэдий мэдлэг олон салаа мөчирт хуваагдаж, биеэ даасан шинжлэх ухааны салбаруудыг үүсгэсэн ч тэдгээрт нэг л нийтлэг чанар байдгийг Томас Хоббс сануулсан. Тэр нь юу вэ гэвэл тэдгээр бүх мэдлэгийг хүн л бүтээсэн, хүний оюуны л бүтээл.

Төр, мөнгө, шашин, засаглал, институци, бизнес, санхүү, морал этик гээд бүгд л хүний өөрийн сайн, сайханы төлөө бүтээсэн мэдлэг. 
Үнэн мэдлэг өөрийгөө л критик хийдэг
Хүн төрөлхтөнд талх барих, хоол хийхээс эхлээд сансарт огторгуйд аялах хүртэл хэдэн зуун сая гаруй нарийн мэдлэг бий. Талх барих бол нэг л төрлийн мэдлэг. Талх барихад орцоо зөв сонгоно. Хөрөнгөө зөв бэлтгэнэ. Галын темпратураа тааруулна. Давс хачираа тааруулна гээд нарийн мэдлэг шаардана. Энд нэг талх баригчийг төсөөлөе. Тэрээр амттай, чанартай, сайхан талх хийхийг хүснэ. Даан ч түүний барисан талх нэг л амт султай, өнгө зүс муутай, бусдад борлуулах байтугай өөрөө идэхэд ч хэцүү тийм л эцсийн бүтээгдэхүүн болсон гэж төсөөлөе. Энэ тохиолдолд талх баригч маань өөрийн мэдлэгийн эцсийн бүтээгдэхүүн болох талхаа сайжруулахын тулд яах ёстой вэ? Тэрээр өөрийн талхны талаарх мэдлэг, талх барих арга барил, процессоо эргэн харж, алдаа нь хаана байсан, хөрөнгөө зуурахдаа аль нэг орцоо ихдүүлээгүй байгаа гэж критик (шүүмж) хийхийн оронд талханд хамаг буруугаа тохлоо гэж төсөөлөе. Эцсийн бүтээгдэхүүн талхаа муулаад, буруугаа талханд тохоод, зүйл бүрийн үгээр доромжлоод, шоглолоо гээд талх өөрөө сайжрах уу? Талх муу байна гэдэг нь талх баригчийн мэдлэг дутуу, алдаатай байна гэсэн дохио биш үү? Эсвэл лам дээр очиж талх хийх мэдлэгт суралцах уу? Ингэж амархан шантрах байсан уу? Хэрэв тийм бол талх баригч гэсэн цол хүртэх нь буруу байсан хэрэг биш үү? Талхаа амттай, үзэмжтэй барьж сурсан, чадсан хойноо л талх бариг гэдэг цолыг албан ёсоор хүртэх ёстой биш үү?
 
Философи, түүх, социологи, эдийн засаг, улстөр, бизнес, психологи, теологи (Theology, шашин гэж юу вэ гэдгийг судалдаг моралын философийн нэг салбар) зэрэг мэдлэгийн салбарын гол сэдэв буюу эцсийн бүтээгдэхүүн нь “хүн байх”. Талх баригчийн жишээ адилаар эдгээр мэдлэгүүд хүн гэж юу вэ, хүн байна гэж юуг хэлэх вэ, хүн яавал сайн/муу байдаг/хийдэг, яавал сайхан/муухай байдаг/хийдэг, буруу зөв нь юу вэ, яавал түүнийг сайжруулах/хөгжүүлэх вэ зэрэг зөвхөн хүнтэй л хамааралтай асуултуудын хариултыг хайдаг. Хэрэв тухайн мэдлэгийн эцсийн бүтээгдэхүүн болох “хүн” нь муу, моралгүй байлаа гэж төсөөлөхөд,  түүндээ элдэв янзын хоч өгөөд, ертөнцийн муу муухайгаар дуудаад “хүн” нь сайн болж өөрчлөгдөх үү? Судалгааны үндсэн өгөгдөл, таамаглал (assumption), арга барил, явагдсан процессоо эргэн хараач ээ, критик (Self-Critique) хийгээч ээ гэсэн үг биш үү?
 
Хүн талх хоёр тэс ондоо зүйл, харьцуулшгүй шүү гэсэн аргумэнт гарч болно. Гэтэл хэрэв хүн ямар  ч гадны нөлөө байхгүйгээр өөрөө, байгаалаасаа, эхээс төрөөд л зөв, сайн, сайхан, ухамсартай, ухаантай байх чадвартай юм бол энэ олон мэдлэгийн салбар үүсэх, байх ямар ч хэрэггүй биш үү?  Хүн байгаалаасаа л перфект юм бол түүнийг сайжруулах гэж судлаад, цагаа бараад, нэрвэтээд суух харин ухаантай хэрэг үү? Талх гэдэг зүйл өөрөө өөрийгөө амттай, үзэмжтэй, чанартай бариад, хүний ходоодонд ороход бэлэн байвал талх баригч оршин тогтнох ямар ч шаардлагагүй. Тухайн салбарын мэдлэгийг сурсан, мэдсэн гэж авсан диплом, элдэв цол гуншин, одон медал нь хогийн цаас, хаягдал төмрөөс өөрцгүй зүйл болж хувихар нь.
 
Мэдлэгийн эрэмбэ
Дээр дурдсанчилан, талх барихаас эхлээд төр, шашин, мөнгө, шүтээн, морал, этик болон бусад мэдлэгийн бүх салбаруудыг хүн л бүтээсэн ба анх 2600 орчин жилийн өмнө эртний Афинд шав нь тавигдаж, өнөөдөрийг хүртэл зогсолтгүй хөгжиж, хүн төрөлхтөний хөгжлийн хөдөлгүүр байсаар ирлээ. Шашин болон феодализмын дарангуйлал зэрэг олон ч саад, харанхуй үеийг туулаад гарсан.
Хүн байгаалаас айж, сүрдэж, тахил өргөхөө больж, харин байгалыг өөрийн хүссэнээр өөрчилж чадахуйц өндөр түвшинд хүрч хөгжиж байна. Сэтгэл судлал, тархи судлал зэрэг салбар хараахан хөгжөөгүй байхад сүм хийд явж, сэтгэлийн тайтгарал олоод, төлбөрөө хийгээд явдаг цаг ард хоцроод хэдэн зуун өнгөрлөө.
Хүн байх суурь философи, мэдлэгийн тухай ойлголтууд болох этикс болон моралын талаар анх Аристотел Никомикийн Этикс (Nicomachean Ethics ) номондоо бичсэн ба хожим түүнээс Христ болон бусад шашнууд авч хэрэглэсэн байдаг.
Хэрэв ёс суртахуун, ёс зүйгийн талаар ярих бол хүн төрөлхтөний баталгаатай мэдлэгийн эх сурвалжаас авсан мэдлэгээ ярих ёстой. Хэрэв шашны хүн ёс суртахуун, ёс зүй ярих бол түүнийгээ зөвхөн тухайн “шашны ёс суртахуун” гэж тодотгож, ялгаж салгах ёстой. Шашин бол хүний бүтээсэн мэдлэгийн нэг л салбар болохоос биш бүх дэлхийг ноёрхдог, өмчилдөг, уландаа гишгэдэг үе 400 жилийн өмнө таалал төгссөн гэдгийг мартаж болохгүй.
Теологи (Theology) буюу академийн түвшинд шашин, шүтээн гэж юу вэ, түүний бичээс, судрууд юуны тухай өгүүлнэ вэ, мэдлэгийн салбартай харшлаагүй байгаа, түүнийг уландаа гишгисэн алдаагаа дахин давтаагүй байгаа гэдгийг судалдаг, шүүмжилдэг (Critique) эртний Афинд үүссэн филосиофийн салбар ба шашнаас тусдаа, мэдлэгийн салбар байдаг. Энэ салбар академийн төвшинд хөгжилгүйгээр дан ганц шашин, сүм хийд байна гэдэг мэдлэгийн салбарынхан ажлаа хийгээгүй байгаагийн л шинж.
Талх баригчийн жишээ адил Монгол хүн ёс суртахуунгүй, 10 хар нүгэлийн эзэн байгаа бол талх баригч юу хийх ёстой вэ? Хэрэв хүн байгаалаасаа, эхээс төрөхдөө л төгс ёс суртахуунтай байдаг бол шашин үүсэх, оршин тогтнох шаардлага бий юу? Шашны эцсийн бүтээгдэхүүн, эрхэм нандин нь үнэхээр Монгол хүн юм бол шинэчлэл өөрийн салбар дотроо л эхлэх ёстой биш үү?
Дүгнэлт
Өнөөдөр Монгол орон даяар Монгол хүн муу байна. Ёс суртахуунаа алдсан байна. Үхэр байна, орк байна. Монгол хүний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ гэцгээж байна. Уул нь зөв Монгол хүн, сайн Монгол хүн, сайхан Монгол хүн, бахархам Монгол хүн, дэлхийн Монгол хүн Монголын бүх мэдлэгийн салбаруудын, мэдлэгтнүүдийн эцсийн бүтээгдэхүүн, эрхэм зорилго байх ёстой биш бил үү? Монгол хүн муу, муухай байгаа нь тодорхой энэ үед эцсийн бүтээгдэхүүнээ шүүмжлэх биш өөр өөрийн шинжлэх ухаан, мэдлэгийн салбарынхаа алдааг критик хийх хэрэгтэй биш үү? Мэдлэгийн мөн чанар нь өөрийн арга барил, өгөгдөл, таамаглалуудаа критик хийж, алдаагаа засч, буруугаа ухаарч, цааш хөгжих биш бил үү?  Мэдлэгийн салбар ажлаа хийгээгүйгээс болж Монголд феодалын тогтолцоо буцаад ирлээ. Мэдлэгийн салбарын орон зайг шашин, мухар сүсэг эзлээд авлаа. Феодализмд харц ард ноёндоо алба гувчуур төлөх жамтай. Мэдлэгтэй хүний нүдэнд хулгай дээрэм гэж харагдах үзэгдэл нь феодал ноёны хувьд авах ёстойгоо авч л байгаа жам ёсны хэрэг. Цаашид ч ямар нэг хэлбэрээр авах ёстой феодалуудын төлөө үйлчилдэг ёс зүйн тогтолцоо бүрэлдсэн байхад Монгол хүнээс яг ямар ёс суртахууныг шаардана вэ? Дуугүй, ноомой, алба гувчуураа төлөөд явдаг харц, албатын ёс суртахуун уу? 
 
Монголд ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй л гэнэ. Парламентын засаглал сайн л гэнэ. Монгол хүний төлөө биш бол хэдий дэлхийн шилдэг, шалгарсан, сонгодог загвар байгаад хэнд хэрэгтэй юм бэ? Үндсэн хууль өөрчилнө л гэнэ. Хэрэв зөв, сайн, сайхан Монгол хүн түүний эцсийн бүтээгдэхүүн, эрхэм нандин нь биш бол ямар ч хөгжилтэй орны үндсэн хуулийг орчуулж, хуулж тавилаа гээд 0-н цаас л болно.
Энэ ч шашин Монгол үндэстнийх, тэр ч шашин хүнлэг нигүүлсэнгүй, өрөвч л гэнэ. Монгол хүний төлөө биш бол хэдийн 1000 далай лам, хувилгаан ид шидтэн, Мухамед, Мозес байгаад яг хэнд сайн, сайхныг авчрах юм бэ? Монголыг ямар ч хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай шашин 300, 400 жил шүтээний хувьд клончлоод ч,  Монгол хүн нэг нэгэндээ дайсан мэт, хонь чоно мэт, ахан дүүсэг биш байвал тэр 4 зуун дамнасан худалын уурхай биш үү? Тэр хүнлэг, нигүүлсэнгүй, хүндэлдэг ёс суртахуун хаана байна вэ? 1000 жил хүлээвэл болох байх даа?
Ямар ард түмэн байна тийм төр байна гэж бид ярьдаг. Төр, ард түмэн хоёр чинь ердөө хүний бүтээсэн мэдлэг, эцсийн бүтээгдэхүүн биш үү? Эцсийн бүтээгдэхүүн муу байгаа нь тухайн бүтээгдэхүүнийг бүтээсэн мэдлэг муу байна гэсэн логик биш үү? Талх баригчид нь алдаа байгаа юм биш үү? Мэдлэгийн салбар өөрөө өөрийгөө шүүмжлэх ажлаас эхэлсэн нь дээр гэсэн логик биш үү?

Монголд үнэн мэдлэг бүрэлдэн тогтох нөхцөл байсан уу? Нийгэм байх нөхцөл бий юу? Бидэнд хамтын, дундын Нандин (Common Value) байна уу? Нийтээрээ зөв/буруу, сайн/муу, сайхан/муухай гэж хүлээн зөвшөөрсөн ойлголт (Commonwealth) үүсээгүй байхад яг хэний эрх ашгийн төлөө ёс зүйн тогтолцоо байна вэ? Хэнээс ямар ёс суртахуун шаардана вэ? 

Монголчууд ямар зарчим, ямар үнэт зүйлийн төлөө нэгдэх вэ? Монголд хүн төрөлхтөний мэдлэг Монгол хүний байж чадаж байна уу?
Моралтай Монгол Сан
 
 
 
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих