Хуурамч шатахууны бизнесийг хэрхэн хумих вэ?

: 10 өдрийн өмнө / 2018-11-07 18:24:33

Оны эхний есөн сарын байдлаар манай улсын хилээр 120 мянган тонн керосин орж иржээ. Керосин, нафта зэрэг нь автобензин болон дизелийн түлшний суурь бүтээгдэхүүн юм. Эдгээрийг ийм олон мянган тонноор нь оруулж ирж хэрэглэдэг үйлдвэр манай улсад үгүй. Тэгэхээр их хэмжээний химийн бодис хилээр орж ирээд ууршсан мэт алга болчихдог нь өнөөх хуурамч шатахууны үйлдвэрлэлд зарцуулагдаж байгаатай холбоотой.

ХУУРАМЧ ШАТАХУУНЫ ТУХАЙД...

Керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүн шатахууны найрлагад багтдаг. Харин хуурамч шатахуун үйлдвэрлэгчид гэх хүмүүс улсын хилээр ямар нэгэн онцгой татваргүйгээр дээрх 22 нэр төрлийн бүтээгдэхүүнээс керосин, нафта зэргийг оруулж ирэн, шатахуунтай хольж хутган чанар муу, хуурамч шатахууныг гарган авч борлуулдаг аж. Энэ бол өнөөдөр гэнэт бий болсон зүйл ч биш. Сүүлийн 2 жилд цэцэглэсэн бизнес бөгөөд найруулсан хуурамч шатахуунаа “Сайн чанарын орос шатахуун” хэмээн шошго тавин зарсаар байгаа юм.

Хуурамч шатахуун үйлдвэрлэгчид дизелийн түлш дээр керосин нэмж арвижуулан зардаг. Мөн автобензин дээр ч мөн нафтаг нэмэн бензинийхээ чанарыг алдагдуулах байдлаар арвижуулдаг.

Тэгэхээр Монгол Улс жилд 1.5 сая тонн шатахуун хэрэглэдэг гэвэл 180 мянга гаруй тонн нь хуурамч буюу найруулсан шатахуун байх магадлалтай байна.

ШАЛГАЖ БАЙНА...

АМГТГ-ын даргын ярианаас үзэхэд дотоодод хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Шалгалтаар дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холих замаар шатахуун хийсэн асуудал гарсан нь эргэлзээгүй зүйл байсан аж. Тиймээс дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн тул ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлжээ.

Мөн сэжиг бүхий хэд хэдэн газрыг МХЕГ-аас шалгаж “Трафигару”, “Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг хаах санал оруулсан ч тэрхүү шалгалтын дүн хэрхэн гарсан нь тодорхойгүй байгаа гэнэ.

Хуурамч шатахуун найруулж зарж байгаа тухай мэдээлэл сүүлийн нэг жил орчим олны чих дэлссэн ч Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас тоймтой мэдээлэл хийлгүй явсаар дөнгөж саяхан буюу өнгөрсөн сарын 17-ны өдөр л шалгах ажлын хэсэг байгуулжээ.

Гол асуудал нь юу вэ гэхээр хуурамч шатахуун найруулах энэхүү бизнес нь улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой наймаа болж өргөжсөн гэсэн хардлага байгаа юм. Шатахуун хэрэглэгчдийн холбооныхны ярианаас ч энэ тухай сонсож болно.

ХЯНАЛТ ТАВИХ САНАЛ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж саяхан чуулган дээр хуурамч шатахууны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Энэ оны есдүгээр сард “Трафигура” гэж компани “ICIC” компаниар дамжуулаад 68700 тонн керосин оруулж иржээ. Түүнийгээ дизелийн түлшинд хольдог. Дизелийн түлшний онцгой албан татвар нь 280 мянган төгрөг байдаг. Үүн дээр арван хувиа нэмэхээр 315 мянган төгрөгийн зөрүү гарч байгаа. Зөвхөн онцгой татварын зөрүүнээс тэр компани 21 тэрбум 500 сая төгрөгийн ашиг олж луйвар хийсэн байна. Сангийн яамныхан сайн бичиж аваарай. Дизелийн түлшин керосин хольдог гэж хэлсэн. Дизелийн түлш тонн тутам нь 650 ам.доллараар орж ирдэг. Гэтэл керосин 520 ам.доллараар орж ирж байгаа. Үнийн зөрүү нь 130 ам.доллар. 332 мянган төгрөг гэсэн үг. 68700 тонндоо үржүүлэхээр нийтдээ 22 тэрбум 800 сая төгрөг болж байна. Үнийн зөрүүн дээрээс ийм мөнгө олж байгаа юм. Ингээд зөвхөн энэ компани нийтдээ 44 тэрбум 300 сая төгрөгийг бензин түлш борлуулсан луйвраараа олж байна.” хэмээсэн.

Энд нэг зүйлийг сануулахад хойд хөршийн “Роснефть”-ээс ачигдан ирж буй шатахуун энэ сараас эхлэн тонн нь 788 доллар болж үнийн хувьд өсөөд байгаа юм. Үнэ өсөхийн хэрээр хуурамч шатахуун үйлдвэрлэгчид идэвхжих эрсдэл бий.

Хуурамч шатахууны асуудлын шийдлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа мөн дурджээ. Энэ нь ердөө керосин, нафтад татвар тогтоох. Ингэснээр хуурамч шатахуун найруулж худалдаалагсад ашиггүй ажиллах учир удаан тэсэгүй ажлаа зогсооно гэсэн юм.

ЭРҮҮЛ МЭНД, ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ...

Чуулганы танхимд дэлгэсэн Б.Пүрэвдорж гишүүний ярианаас харахад Монгол Улс керосин зэрэг химийн бодисноос онцгой татвар авдаггүй учраас жил хүрэхгүй хугацаанд 54-55 тэрбум төгрөг хуурамч шатахуун найруулж наймаалагсдын халаасанд орсон байна. Чанарын шаардлага хангасан шатахуун түлш импортолж авчирдаг компаниуд онцгой татвар төлдөг байхад химийн бодис татваргүй оруулж ирдэг этгээдүүд улсад татвар төлөхгүй, ашиг олж байгаа нь улсын эдийн засагт хохирол учруулж байгаа асуудал юм.

Хувь хэрэглэгчийн түвшинд ч тэгвэл хуурамч шатахууны асуудал мөн л ноцтой. Хуурамч шатахуунаар цэнэглэсэн машин хэдэн сардаа ямар ч нөлөөгүй мэт боловч машины карибрятер, поршинг маш хурдан муудуулж, нэгээс хоёр жилийн дараа гэхэд моторт доголдол үүсч, эвдэрдэг байна.

Уг нь манайд зөвшөөрөгдсөн шатахууны стандарт гэж бий. Мөн Euro 5 стандартын сайн чанарын шатахууныг ч импортлогчид оруулж ирж худалдаалдаг. Дэлхий нийтээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд хал багатай хэрэглээг сонгож байхад бид ч бас Euro 5-аас доош стандартын шатахуунаас татгалзах нь зүйтэй юм.

Яг өнөөдрийн хувьд хүмүүс шатахууны чанар бус үнийг хамгийн чухал сэдэв гэж үзэж байна. Шатахууны үнийг 1500 төгрөгт барихыг учриалсан жагсаал хүртэл боллоо. Гэтэл нэгэнт дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөж байхад энд нэмэх нь гарцаагүй зүйл. Гол асуудал нь юу вэ гэхээр шатахууны үнэ өсөж буйд дургүйцсэн иргэдийн сэтгэхүй дээр хуурамч шатахуун үйлдвэрлэгчид тоглолт хийж, хямд, чанаргүй шатахуунаа шахаж байна. Одоо хөдөө орон нутагт дурын колонкоор орвол баталгаат колонкуудаас 100 орчим төгрөгөөр хямд түлш, шатахуун зарагдаж байгаа. Тэр бүхний ард хуурамч шатахуун найруулж зарах бизнес явж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж байна. Энэ асуудал дээр холбогдох газрууд тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжилзүйн газар зэрэг газрууд анхаарах шаардлагатай байгааг үүсээд буй нөхцөл байдал харуулж байгаа юм.
 
 Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Irgen
5 өдрийн өмнө / 66.181.161.23

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжилзүйн газаr. Ene pizdaaakuuud ajlaaa hiigeecheee. Darga tsereggui olov doliv gd hyataduudaas guilga guihdaa sn ym bilee.

Иргэн
8 өдрийн өмнө / 103.229.122.150

Оруулж ирж хольдог бүтээгдэхүүнд нь өндөр татвар тавьж ашиггүй бизнес болго тэрүүн шиг амархан юм байхгүй наад бизнес чинь томчууд оролцсон болоод арга хэмжээ авахгүй байгаа юм

зочин
10 өдрийн өмнө / 202.9.43.168

хольж найруулдаг шингэнийг хилээр оруулж ирүүлхээ хориглож оруулж ирсэн бол асар өндөр торгууль тавь ингээд л боллоо