У.Хүрэлсүх залуусын хэлдэгээр “үлээдэг” л хүн юм гэсэн имижтэй болчихлоо

: 32 өдрийн өмнө / 2018-11-12 10:09:54

2020

2012 нэртэй кино гарч дэлхий дахиныг айдас хүйдэст автуулсныг олон хүн мартаагүй байх, лаа харахаар л санаанд нь орж байгаа биз?

Харин одоо 2020 он бол МАН-д энэ сүйрэл бодит байдал болчихлоо. Судалгаагаар Улаанбаатар хотод нэг ч тойрогт ялахгүй нь. Байдал үүнээс сайжирна гэж байхгүй, бүр муудна! Муудвал орон нутгийн тойргуудаа мэрж эхлэх төлөвтэй байна…


МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтын тооцоог үзвэл 4,9 тэрбум долларын төсөв хэрэгтэй. Энэ бол үндсэндээ улсын нэг жилийн төсөвтэй дүйцэхүйц мөнгө юм. Хэрэв дөрвөн жилд ачааллыг жигд хуваасан бол хэрэгжүүлж болмоор мэт авч өрийн дарамтанд орсон эдийн засаг үүнийг хүчрэлгүй хоёр жилийг ардаа орхилоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг хугацааны боломж үндсэндээ дуусч байна. “Үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх” гэж нэг “гоё үг” бий, түүнийг маш чадварлаг ЗГ л хэрэгжүүлж амжихаас У.Хүрэлсүхийн команд бол чадахгүй нь тодорхой…
Үнэндээ “Юу хийхээ мэдэхгүй байгаа ЗГ юм бүхнийг хийх гэсээр юу ч үгүй хоцордог” нь хүйтэн дайны сургамж юм. Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд үнэндээ гялайж гялтайх юм хийсэнгүй. Юу хийхээ одоо болтол мэдээгүй байгаа ба зорилго, чиглэл дайчлах чадвараар нэн сулхан байгаа нь ажиглагдлаа. Ерөнхий сайдаасаа авахуулаад бүх сайд нар нь дотоод зөрчилтэй, ядаж салбараа дөвийлгөдөг атал зөвхөн хувиа өөрийгөө бодож ажиллаж байна. Гэтэл хямралтай энэ үед ийм тархай бутархай засаг биш нэгдмэл, шийдэмгий ажилладаг Засгийн газар хэрэгтэй байна.

У.Хүрэлсүх улстөрийн замналдаа хоёр том алхам хийсэн, эхнийх нь Н.Энхбаярын эхнэрийг илчилсэн, удаах нь Г.Баярсайханыг ширвэж унагасан. Мэргэжлийн хувьд ердөө л цэргийн улстөрийн ажилтан, тиймээс улс орныг удирдан жолоодоход мэдлэг боловсрол дутаж байна.

Уг нь олон жил улстөрийн салбарт явсан хүн тул эрхбиш юу хийх чиг баримжаагаа мэдэж байгаа биз гэх найдвар талаар өнгөрч байна. Тааралдсанаа татаж үнсээд, Трамптай гар бариад явбал эдийн засаг нь сэхдэг бол бас яая гэхэв. Даанч тэгдэггүй нь гачлантай…

Өрийн дарамт хэрээс хэтэрсэн, үүнээс болж эдийн засаг байнгын хямралын байдалд байгаа, улстөрийн хямралд гүнзгий автсан тэр нь намын дотоод зөрчил болж идээлсэн, ЗГ нь мэргэжлийн бус чадваргүй, хэрээнд дээрэлхүүлж байгаа бол явцгүй гэсэн үг л дээ.

Хэрэв нөхөн сонгууль энэ 10 дугаар сард болсон бол ЗГ олон нийтээр дүнгээ тавиулах байсан юм. Гэхдээ нэгэнт шалгалтын хуудсан дээрээ юу ч бичээгүй нь тодорхой тул “нойллох” нь гарцаагүй байсан ч яаж ийгээд шалгалтын хугацааг хойшлуулчихлаа. Гэхдээ энэ нь ажилгүй ЗГ-тай хариуцлага тооцох цаг хойшилсон гэсэн үг биш юм.

Хүлээлт ба үлээлт

У.Хүрэлсүх залуусын хэлдэгээр “үлээдэг” л хүн юм гэсэн имижтэй болчихлоо. Үндсэндээ санхүүгийн эрх мэдлээ Сангийн сайддаа, гадаад харилцаагаа гадаад хэргийн сайддаа, дотоод ажлаа ЗГХЭГ-таа сул тавиад өгчихсөн байна. Итгэл үзүүлэх нь сайн удирдагчийн арга барил мөн авч тэднийгээ нэгтгэн зангидаж уялдуулан “бодлогоор дэмжиж, удирдлагаар хангахгүй” бол Крыловын “Хун хавчаахай цурхай гурав”-ын үлгэр болчихож байгаа юм. Үүнд Ерөнхий сайдын зангараг дутаж байна.

Ерөнхий сайд болсны дараа У.Хүрэлсүхээс тун цөөхөн ажлын үр дүн хүлээж байсан юм. Улс даяараа түүний хэр хэмжээг мэддэг учраас ДНБ-г өсгөх, инфляцийг бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэх, гадаад худалдааны тэнцлийг сайжруулах, экспорт нэмэгдүүлэх гэх мэт эдийн засгийн “онол”-ын хүлээлт байгаагүй юм. Үүнийг хэзээ ч хэрэгжүүлж хүчрэхгүй гэж манай либералчууд хүртэл хүлээн зөвшөөрч, дуугаа аль эрт хураацгаасан. Баатархуягийн бичээд байгаа инфляци, төв банк сангийн яамны хэлцэл, төв банкны үнэт цаас, хятадтай хийсэн своп, гадаад өрийн үйлчилгээ, ДНБ гадаад өрийн харьцаа энэ тэрийг нарийн сайн ойлгож байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Харин дэмжигчид нь түүнд ерөнхийдөө ганцхан үүрэг л өгсөн. “Сэлэм эргүүлэх”, “Хүрэлсүхдэх”, “Төмөрсүх болох…” гэх мэтээр юу ч гэж гэж нэрлэж болно, Ерөнхийдөө шударга ёсыг тогтооход Ерөнхийлөгчид тус дэм болох байх л гэж найдсан. Дотор нь жаахан задалбал:

Хүлээлт 1. “Эрдэнэт” УБҮ-ийн асуудлыг улсад ашигтай шийдвэрлэх:

Үлээлт 1. 2012 оны сонгууль эхлэхэд Г.Баярсайханыг амжиж шанаадаад гадагшаа явсан өнөөгийн Ерөнхий сайдыг тосч авсан хүн бол С.Баяр. Одоо тэр ачийг нь хариулах ёстой юм. С.Баярын ЗГ-ын үед “Эрдэнэт” үйлдвэрийг 100% “Жаст” компанийн зээлийн барьцаа болгож “Стандарт” банкинд тавьсан билээ.

Энэ өрийг төлж чадаагүй ба “Жаст”-ын Ш.Батхүү шоронд орсноор бүр баларч дууссан ба төлж чадахгүйгээ зарласан. Өрийн үлдэгдэл 55 сая ам.доллар түүний хүү мөн төдий хэмжээний мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг Лондонгийн арбитрын шүүх гаргасан юм.

Энэ зуур 49 хувийг ОХУ-аас Монголын хувийн компани худалдан авсан бөгөөд тэр үйл явцын булхай жич АН-д оногдох тул товчилъё! Дахин тодорхой бичиж болох байх. Энэ явцад “Стандарт” банкны хэрэг илэрснээр МАН-ын удирдлагад байсан, байгаа олон хүн хулгайн хэрэгт орооцолдов. Тэр ч байтугай Монголыг төлөөлсөн хуулийн компани ихээхэн “но”-той ажиллаж, нөгөө талдаа ашигтай байдал үүсгэсэн ба түүнд өмнөх ЗГ-ын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын нэр холбогддог.

Гэтэл У.Хүрэлсүх ЗГ-аа байгуулахдаа Ц.Мөнх-Оргилын “загалмайлсан эцэг” Ц.Нямдоржийг хууль зүйн сайдаар авснаар энэ хэргийг баллах, дарга нарын хуйвалдаж идсэн мөнгийг төсвөөс төлүүлэх чиглэлд явж эхэлсэн билээ. Одоо 49 хувийг улсад авах байтугай барьцааны мөнгийг яаж төлөхөө мэдэхээ байчихаад байна.

Эцэстээ “Эрдэнэт” үйлдвэрийн маргаан Захиргааны хэргийн шүүхээр нэг тийш болсон мэт харагдавч цаанаа асар их урхагтай. Тус үйлдвэрийг Хятадын 60%-ийн хяналттай “Стандарт” банкинд барьцаалж хувааж идсэн ба үүний улмаас төлбөр хийлгүй хугацаа удаашруулсны 110 сая ам.долларыг төсвөөс төлөх чигтэй болоод явчихлаа.

Захиргааны хэргийн шүүх “49%”-ийн талд шийдвэр гаргасан нь магадгүй энэ 110 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр өөрөөр нь төлүүлэхээр тохиролцсоных байж магадгүй. Яаж ч төлсөн “Эрдэнэт”-ийн 51 хувь төрд байгаа учраас энэ хувьтайгаа дүйцэх мөнгийг “Эрдэнэт” УБҮ-т үлдээх замаар сэм хулгай хийж болзошгүйг анхааралтай ажиглах хэрэгтэй байна.

Хүлээлт 2. 60 тэрбумын бүлэглэлтэй хариуцлага тооцох:

Үлээлт 2. У.Хүрэлсүхийн улс төрийн гадаад тулгуур нь Ерөнхийлөгч ба түүнийг дэмжигчид байсан бол дотоод тулгуур нь С.Баяр-Багабандийн бүлэглэл, Сү.Батболдын бүлэглэл, MCS-ийн бүлэглэл юм. МАН-ын ямар ч бүлэглэл 60 тэрбумаас гадуур тооцогдохгүй бөгөөд бүгд “хөрөнгө оруулж” бүгд “дивидент” авч байгаа. Тиймээс У.Хүрэлсүх, түүний ЗГ 60 тэрбумын бүлэглэлтэй тэмцээд байгаа юм биш, харин зүгээр л өөрт оногдох ноогдол ашгаа арвижуулаад ахиж дэвших сонирхолтой хувь хүмүүсийн нэгдэл тул намынхаа өмнөх булхайнуудыг хаацайлахад бэлэн байгаа хэрэг.

Чухамхүү MCS-тэй нягт харилцаатай Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсноороо Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөрчилдөж эхэлсэн бөгөөд өнөөдөр Сангийн сайд нь зуухаа шахахдаа мартсан янданг нь 200 тэрбумаар шахах ажлыг л амжуулж явна.

МАН-ын Хяналтын хорооноос гаргасан намын өмнөх удирдлагыг энэ хэрэгт буруутгасан тогтоолыг аваад намынхаа бага хуралд орж, намынхаа эв нэгдлийг хангах нэрээр юу ч биш болгосноор түүний мөн чанар илэрсэн билээ. Харин ЗГ-ын дэмжлэгт найдсан залуу УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг барьж М.Энхболдтой заалдахад араар нь “гэзэг ороогоод” орхин одсон нь энэ юм. Л.Оюун-Эрдэнээс гадна намын Хяналтын хороо нь энэ урвалтаас болж шившиг, нийтийн элэг доог болсон билээ.

Харин Засгийн газраа бүрдүүлэхдээ хийсэн алдаанаасаа болж тэрээр АТГ-ын дарамтанд орсон билээ. Ямарваа шийдэмгий алхам хийх тухай сураг сонсогдовч тэр бүрийн араас кабинетаас нь ёс юм шиг 3-4 сайдыг АТГ шалгадаг уламжлал тогтсон билээ. Өнөөгийн байдлаар Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Н.Цэрэнбат тэргүүтэн шалгуулж байна.

Хүлээлт 3. Оффшорчдын мөнгийг оруулж ирэхэд Ерөнхийлөгчтэй идэвхтэй хамтран ажиллах:

Үлээлт 3. Оффшор данстай холбоотой баримтууд нь нэгэнт илтод болсон С.Баяр, С.Баярцогт болон Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг нарыг баривчилсан үйл явц ужгиран архагшив. Ганцхан УИХ-ын дарга л өмгөөлөөд ийм нөхцөл байдал үүсдэг тухай домгийн цаана ЗГ-ын идэвхгүй ажиллагаа бий. Заавал АТГ гэлтгүй цагдаагийн газраас мөрдөн шалгах ч боломж бий юм. Улстөрчид зөвхөн авилгын хэргээр л шалгуулдаг гэсэн теорем хаана байдаг юм? Гадаадад их хэмжээний мөнгө байршуулсан асуудлыг яагаад шалгахгүй харин ч дарж, цаг хожиж байгааг ЗГ-аас лав хэн ч асуухгүй байна. Учир нь энэ бол МАН-ын эрх ашигтай холбоотой. Тиймээс У.Хүрэлсүх намчирхаж энэ бүхнийг даран өнгөрүүлэхийг хүсэж байна. Түүнд зөвхөн Засгийн газар биш бас МАН-ыг толгойлж байгаа билээ.

Хүлээлт 4. Хариуцлагын тогтолцоог бүрдүүлж ЗГ-т цэвэрлэгээ хийх, авилгачидтай хатуу ширүүн тэмцэл өрнүүлэх:

Үлээлт 4. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсноос хойш авилгатай тэмцэх ажил үндсэндээ зогсчихоод байна. Ж.Эрдэнэбатын ЗГ-аас өмнөх МАНАН-гийн бүхий л Засгийн газарт авилгын сүлжээ байгаагүй гэж хэлэх нь тамыг диваажин гэж нэрлэсэнтэй адил. Өмнөхөө ухдаггүй юм гэхэд өөрийн ЗГ-аас авилгачдийг хөөнө, амиа өгнө гэж байсан хүн өнөө болтол энэ чиглэлд хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Одоо бол тэр авилгачдын хайртай хүн болсон нь тодорхой. Ядуу төсвөөс хулгайлах, эдийн засгийг улам доройтуулах олон санаачлагыг түүний ЗГ-ын гишүүд гаргасаар л байна. Сангийн сайд нь MCS-ийн Л.Элдэв-Очиртой нийлж 200 тэрбумаар “янданг утаагүйжүүлэх” төлөвлөгөө гаргаж байхад нүдэн балай чихэн дүлий сууна. Тэр байтугай ЗГ тэсч үлдэхийн тулд УИХ-ын гишүүн бүрт 5 тэрбум төгрөгийн хахууль амлаж байна. Бүр АН-ынхан ч. Азаар Д.Гантулга гишүүнээс татгалзсанаар 5 тэрбумыг хэмнэж ард олон гялайх бололтой…

Хүлээлт 5. МАНАН-г задлах: 

Үлээлт 5. Энэ нь өмнөх хүлээлттэй нягт холбоотой бөгөөд МАН-ын авилга, АН-ын авилга гэж байдаггүй, авилга л гэж бий билээ. Ерөөсөө АН-ын Засгийн газруудын үеийн авилга хээл хахуультай хайр найргүй тэмцэхэд л МАНАН сарних суурь тавигдах ёстой атал харин ч тэднийг энхрийлсээр сууна.

Хүлээлт 6. “30 гэрбүлийн улстөрийн оролцоог хязгаарлах”: 

Үлээлт 6. Тэдний төрийн мөнгөн шургуулсан гарыг тас цавчихгүйгээр улс орон хөгжих тухай ярихын ч хэрэггүй. Оролцоог хязгаарлах бус харин ч тэдний дэмжлэгт илт дулдуйдаж байгааг бид харж байна. Монгол Улсын 30 тэрбум ам.долларын гадаад өрийн 20 тэрбум нь өнөө алдарт 30 гэр бүлд ногдож байна. “Голомт” банк, “МАК”, “Монполимет”, MCS тэргүүтэй компаниудыг шахаж өрийг нь төлүүлэхийн оронд харин ч төсвөөс үргэлжлүүлэн угжиж байна. Хэрэв шийдэмгий Ерөнхий сайд бол 30 гэр бүлийн санхүүгийн толгойлогчдыг дуудаж, өрөө төлөхийг шаардах нь хамгийн түрүүнд хийж ажил юм. Үүний тулд оффшорт байгаа асар их мөнгөө эргүүлэн татдаггүй юм гэхэд өрөө төлөхөд зарцуулахыг шаардах, биелүүлэхгүй бол дампуурлыг нь зарлах ч боломж бий. Тэр компаниуд өрөө төлснөөр өр буурч, энэ нь Монгол Улсын гадаад зээллэгийн нөхцөлийг сайжруулах нь тэнэг хүнд ч ойлгомжтой юм. Зарим банкууд, компаниудыг дампууруулж өрийг багасгах бололцоо ч бий. Гэтэл өнөөдүүл нь өрөө төлөхгүйгээр барахгүй их хэмжээний мөнгө гадаадад байршуулчихаад нэмж ядуу төсвөөс хулгай хийж нэрмэж байгааг огт тоохгүй байна. Энэ бол 30 гэр бүлийг санаатайгаар аялдан дагаж, аргадсан зуйрганал юм.

Үүний дээрээс Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэх эрхийг хүчингүй болгоод томоохон концессын гэрээдийг нэг гэр бүлээс нөгөөд шилжүүлэх замаар намдаа болон хувь сайдуудад ашиг олох талаар хуйвалдан ярилцдаг болоод байгаа билээ. Ядаж л энэ харалган шийдвэрээс болж Ноён уулын лицензийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг “Сентерра гоулд”-ын луйварчид эсэргүүцэн буцаахдаа тулаад байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын багцаа нь нэг иймэрхүү. Хүлээлтийг ингэж үлээн хийсгэв? Хэрэв захиалагчийн үүргийг биелүүлэхгүй бол хувь хүн, компани, аж ахуйн нэгж нэр хүндээ алдаж, дампуурдаг. У.Хүрэлсүх яг тийм байдалд өөрөө орчихоод байна. Түүнийг сэлэм эргүүл гэсэн, гэвч тэр хутга ч сугалсангүй! “Чинжаалаа бүү сугал, хэрэв сугалбал хүнийг нь ч, морийг нь ч хоёуланг нь ал” гэсэн Р.Гамзатовыг айхтар ухаалаг үг бий…

Одоо У.Хүрэлсүхийн ЗГ “Хүүхдийн мөнгөний хулгай” дээр л тогтож байна. Гэвч хэмнэсэн мөнгөө бүх өмнөх С.Баярын ЗГ-ын үеийн “Стандарт” банкны будлианыг дарахад ашиглахаас өөр төлөвлөгөөгүй байна.

Намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх ажлаа хөсөр хаяад, аанай сурсан зангаараа “Сонгуулийн тухай” хуулийг өөрчилдөг аргаа хэрэглэхээр зэхэж байна. Тархаж буй мэдээллээр тойргуудыг томсгох нь бололтой. Ингэхдээ мэдээж АН-ын 2012 онд тойргоо увайгүй хуваарилсан жишгийг давтаж чадна ! Тойрог томсох тусам МАН-аас нэр дэвшигч орох магадлал өснө. МАХН АН-ын хуваагч болсон, яг үүний жишгээр бусад хүчнүүд ч АН-ын хуваагч болох тул томсгох нь МАН-д ашигтай, ядаж гурваар МАН-ыг заавал дугуйлна гэж тооцож байгаа нь лав.

Энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллыг харвал хүн амын ба аж ахуйн нэгжийн татваруудыг нэмэхээр төлөвлөж байна. Бас Үндсэн хуульд дангаар өөрчлөлт оруулахаар улайран зүтгэх шинжтэй болчихлоо. Өөрөөр хэлбэл бүхий л бүтэлгүйтлээ Үндсэн хуулийг самарч хаацайлах нь байна.

Бүхэлд нь дүгнэвэл 2020 он бол МАН-ынхныг “хорь, хорь” гэж шаардах их дарамтын эхлэл болох нь тодорхой !

Судлаач Х.Д.Ганхуяг.
2018 оны 11 дүгээр сарын 10.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
БОДЛЫН ХУЛГАЙЧ
31 өдрийн өмнө / 66.181.167.53

ОДОО Ч ИХ ЮМ ЭХЛЭНЭ ДЭЭ. ХҮРЭЛСҮХЭЭ ЗОРИГТОЙ БАЙНА ШҮҮ. ИХ ЮМЫГ ДАВАН ТУУЛЖ БАЙЖ ЗОРИЛГОДОО ХҮРНЭ. БҮҮ ШАНТАР. ДАРАА НЬ ЧИ ОЙЛГОНО. АМЖИЛТ ХҮСЬЕ

Гэрэл
32 өдрийн өмнө / 202.131.245.154

Эд нарт тун бага хугацаа үлдсэн.М.Энхболд огцроо л бол АТГ ын дарга огцорно тэгээд толгой дараалан баригдах учраас эцсийн дусал цусаа дуустал Монголын эсрэг Монголын ард түмний эсрэг ажиллахаас өөр гарцгүй болсон байгаа шүү.Сонгууль болтол цаг хожих АТГ ын даргыг суудалд нь яаж удаан байлгах вэ гэсэн бодолоос өөр юуч бодож хийж чадахгүй байгаа нь тодорхой. АТГ ын дарга огцороод л эд нартай хамт шоронд явах байхдаа хөөхрий.Энэ арай дэндэж байнаа.Хүрэлсүхч хөөрхий хүрэл зэвсэгээс ч мохоо болждээ.

Амар
32 өдрийн өмнө / 202.179.24.176

Хүрэлсүх Хүрэлбаатар сайдаар аль 5-р сард ЖДҮДС-нд шалгалт хийлгүүлсэн биз дээ. Тэгээд улсын төсөв хэлэлцэх үеэр энэ санд яагаад мөнгө тавиагүйн баталгаа болгож энэ сангшаас хэн хэн зээл авсан баримтуудыг олон нийтэд ил болгоо биз дээ.Гэтэл ЖДҮДС-ийн асуудлыг хоёр Хүрэлийн эсрэг болгох гэсэн тэнэг залиа энэ хар хэрээ одоо орхивол таарна.Биднийг өөр шигээ бас Миеэ шигээ тэнэг гэж бодохоо одоо боль.

ЗОЧИН
32 өдрийн өмнө / 122.201.24.130

шоронд орох гарууд манд их бна згыг огцоруулах ёстой шаардаж бна энэ хэвээр юуч өөрчилж чадахгүй бүр л гаршиж олон юм шаах биз тараах ёстой төрч гэж дээ хэзээ ийм бузар байлаа элбэгдоржоос бүх юм эхлэлтэй их мөнгө хүүлсэн гарууд ордон нэртэй мафийн бүлэглэлийн түр хорогдох байранд бна

ЗОЧИН
32 өдрийн өмнө / 122.201.24.130

МАН ЛУЙВАРЧИД ТАРАХ ЁСТОЙ ХАРИУЦАЛГТАЙ БАЙ ХҮРЭЛСҮХ ЯМАРЧ УЛС ТӨРЧИЙН СОЁЛ МЭДЭЛЭГ БАЙХГҮЙГЭЭ ХАРУУЛЖ БНА АРД ТҮМНЭЭС УЙЧЛАЛТ ГУЙГААД НЭР ДЭВШ ГЭНЭ ҮҮ ЁСТОЙ ХУЦВАА ЗАЙЛ 20""""" ОНД ЖИНХЭН БУЛШЛАХ БОЛНО ХАРЖ БАЙГААРАЙ МАНЫ ХЭНЧ ТӨРЧ БАЙХ ЁСГҮЙ БҮГД АВСАНД БАЙХ БОЛНО