Б.Уранбат: Олсон түрийвчнийхээ эзнийг олж буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан

: 30 өдрийн өмнө / 2018-11-16 11:28:30

"Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана" гэх сүржин амлалттайгаар төрд гарчихаад ард түмнийхээ авах ёстой сангаас их хэмжээний мөнгө "хулгайлсан" гишүүдийн тухай асуудал хурцаар яригдаж буй эдгээр өдрүүдэд гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олж, тогны мөнгө төлсөн баримтаар эзнийг нь  олоод буцааж өгсөн хүүгийн тухай пост ӨНГӨ нэмж байна. 

Тодруулбал, цахим ертөнцөд "Энэ мундаг хөөрхөн хүү нэгэн эмээгийн гээсэн үнэт эдлэл, мөнгө зарим зүйлийг олоод цахилгааны төлбөр хийсэн баримтаар нь эмээг олж эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэх пост хөвөрч олон мянган хүнд баяр баясал, бахархал омогшил төрүүлж олон арван лайк шэйр цуглуулсан юм. 

Тиймээс бид хар бараан мэдээлэл дундаас ХҮН ЧАНАР, ХҮНЛЭГ СЭТГЭЛЭЭРЭЭ онцгойрч сайхан сэтгэл, сайн жишгээр үлгэрлэсэн мундаг хүүтэй уулзахаар цаг товлож, түүний сурдаг 33-р сургуулийг зорилоо. 

Биднийг сургууль дээр нь очиход хүүгийн тухай постыг цахим ертөнцөд байршуулсан ангийн багш Г.Пүрэвбаяр нь  "Манай Б.Уранбат ангийнхандаа маш сайхан зүйлээр үлгэрлэсэн. Өнөөдөр л гэхэд манай ангийн хоёр охин нэг хүүхдийн гээсэн утсыг олоод ээж, аавтай нь холбогдож буцааж өгсөн байна лээ. Постны тухайд бол ангийнхаа хүүхдийг урамшуулах зорилгоор өөрийг нь меншион хийж байгаад өөрийн фэйсбүүкэд оруулсан юм. Тийм олон хүнд хүрнэ гэж бодоогүй " гэсээр угтав.

Яаж зүгээр сууж байгаад мөнгө олох уу, хэнээс юу "хулгайлчих уу" гэх өчүүхэн бодлоор өдөр хоногийг өнгөрүүлдэг хүн олон болсон өнөө цагт олсон зүйлээ эзнийг нь олоод буцаагаад өгөх сэтгэлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгааг сонсоод өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрснийг нуух юун. 

Бид Г.Пүрэвбаяр багшаар Б.Уранбатыг дуудуулаад болсон явдлын талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр, 

-Гудамжнаас түрийвч олоод эзэнд нь буцааж өгсөн гэсэн. Яг хаанаас олсон бэ. Яагаад эзнийг нь олж өгье гэж бодсон бэ?

-Минийх биш учраас эзэнд буцааж өгөх ёстой гэж бодсон. Өглөө бэлтгэлдээ явж байгаад КТМС-ийн тэр хавийн байрны урдаас олсон. Тэгээд ойр хавийнхан дэлгүүрүүдээр нь ороод эзнийг нь зөндөө хайсан. Бүгд мэдэхгүй, орж ирээгүй гээд байсан болохоор нь аавруугаа залгаад “Яах вэ, эзнийг нь олж өгмөөр байна” гээд асуусан чинь “Аав нь олоод өгье өө. Аваад ир” гэсэн.

-Тэгээд та хоёр эзнийг нь яаж олов?

-Дотор нь тогны мөнгө төлсөн баримтаас өөр эзнийг нь олоход хэрэг болчихоор зүйл байгаагүй учраас аав маань тогны кодоор нь утсыг хайж олоод эзэнтэй нь холбогдсон.

-Ойр хавийнхан дэлгүүрүүдээр хайсан гэсэн. Хэчнээн дэлгүүрээр оров?

-Тэр хавийн бүх дэлгүүрээр орж,  түрийвчээ алга болгосон гэж хүн орж ирсэн үү гээд асуусан.

-Түрийвчинд нь яг юу, юу байсан бэ?

-Гурван ширхэг монетон гинж, бөгж, мөнгө, хуян бууруулах эм, уруулын будаг байсан.

-Түрийвчнийхээ эзнийг олоод буцааж өгөхөд ямар сэтгэгдэл төрөв. Гоё байсан уу?

-Хүсэл биелж байгаа юм шиг  үнэхээр гоё санагдсан.

-Түрийвчний эзэн эмээ юу гэж хэлсэн?

-Маш их баярлалаа. Яасан сайн хүүхэд вэ гэсэн.

-Багшийнх нь оруулсан пост маш олон лайк шэйр цуглуулж, их олон хүнд хүрсэн байсан. Харсан уу?

-Харсан. Хараад бүр гайхсан. Зөндөө олон хүн “мундаг хүүхэд байна. Аав хүү хоёрт баяр хүргэе” гээд бичсэн байсан. Бас нэг эгч чатаар орж ирээд “Эгч нь дүүгээ шагнамаар байна. Бас ийм мундаг хүүхдийг хүүтэйгээ танилцуулж сайхан найзууд болгомоор байна. Уулзъя” гэсэн.

-Тэгээд чи зөвшөөрсөн үү?

-Зөвшөөрсөн. Өнөө орой ээжтэйгээ хамт гэрт нь очихоор болсон.

-Б.Уранбат бэлтгэлд явж байсан гэсэн. Юуны бэлтгэлд явдаг юм бэ?

-Би таеквондагаар хичээллэдэг. 2013 оноос хойш таеквондагаар хичээллэж байгаа. Өнгөрсөн жил олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан.

-Том болоод ямар хүн болно гэж боддог вэ?

-Цагдаа эсвэл цэргийн хүн болохыг хүсдэг. Бас тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг хүн болмоор байна. Яагаад гэвэл манай ангийн охин өвдчихсөн одоо хамгийн сүүлийн хүнд хагалгаандаа орох гэж байгаа. Тэр нь маш хүнд бас их өндөр төлбөртэй хагалгаа гэсэн. Гэтэл бид нар тэр найздаа санаа зовохоор өөрөөр бол сайн тусалж чадахгүй байна. Тиймээс том болоод тийм хүүхдүүдэд тусалж чаддаг хүн болохыг маш их хүсч байна. 

Энэ хүрээд Б.Уранбатын хичээл рүүгээ орох цаг болж бидний яриа өндөрлөсөн юм. Ангийн багш нь бидэнтэй хамт үлдэж, “Манай Б.Уранбат их мундаг хүүхэд. Үргэлж л хүнд тусалж явдаг. Сая постыг нь уншсан нэг эмэгтэй шагнамаар байна гээд холбогдсон чинь ээждээ “Намайг шагнаж мөнгө өгвөл би О. Ундралын эмчилгээний зардалд хандивламаар байна” гэж хэлсэн байсан. Өнөө цагт ийм хүүхэд үнэхээр ховордсон шүү хэмээн бахархалтайгаар хэлж байсан юм.
 

Мөн тэрбээр, “Манай ангид О.Ундрал гээд охин байдаг. Төрөхийн хүндрэлээр ээж нь өнгөрчихсөн. Тухайн үед эмч нар нь охинд хиймэл амьсгал хийхдээ буруу хийснээс болоод хавирга нь цөмөрч ороод зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болчихсон юм байна лээ.

Цээжний цөмөрхийг нь татаж гарган, төмөр суулгах хагалгааг таван настайдаа хийлгэснээсээ хойш маш олон удаагийн хүнд хагалгааны ард гарсан, одоо хамгийн сүүлийн хагалгаагаа хийлгэх гэж байгаа. Уг нь тэр хагалгааг нь Монголд арай хямд зардлаар хагалгаа хийх боломжтой ч зүрх нь муу болохоор эрсдэлтэй гээд эмч нар нь шийдтэй хариу өгөхгүй байгаа юм байна лээ. Харин Солонгост хагалгаа хийлгэвэл, зардал бараг 100 сая болно гэсэн. Тийм учраас Н.Уранбат болон манай ангийнхан бүгдээрээ туслахыг хүсч, охидууд нь үсний даруулга, гар урлалын зүйл хийж хөвгүүд нь модоор тоглоом хийж зарахаар бэлдэж байгаа. Ямар сайндаа л Б.Уранбат шагнуулбал мөнгөө найзынхаа эмчилгээнд зарцуулна гэж хэлэх вэ дээ. Ер нь манай ангийнхан О.Ундралдаа их хайртай. Нэгдүгээр ангид байх үеэсээ хойш л сургуулийн коридороор явахдаа голдоо оруулаад л хүүхдүүдээс хамгаалж явдаг байсан. Мөн гутлыг нь өмсүүлж, цүнхийг нь үүрч өнөөдрийг хүрсэн. Тиймээс их амь нэгтэй. Бүгдээрээ хагалгаа нь амжилттай болоосой. Хурдан эдгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг” гэсэн юм.

Бяцхан биедээ баймгүй зориг тэвчээр гаргаж, өвдөлт зовиурыг тэсч яваа өхөөрдөм хөөрхөн охиныг О.Ундрал гэдэг.

Цовоо сэргэлэн алаг нүдтэй хөөрхөн охин 33-р сургуулийн 7е ангид суралцдаг. Үеийнхээ найзууд шиг гүйж харайж, унагаасан үзгээ тонгойгоод авч чадахгүй ч өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг ангийнханыхаа дэмээр өнөөдрийг хүртэл амжилттай сайн суралцаж байгаа аж.

Цээж нь цөмөрхий, нурууны хүнд гэмтэлтэй ч амьдралын эрч хүч, итгэл үнэмшлээ алдалгүй хүнд өвчинтэй тэмцэж буй О.Ундрал охин Дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан мундаг дизайнер болоод эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх мөрөөдөлтэй. Бас ээжийнхээ ачийг хариулахыг чин сэтгэлээсээ хүсдэг гэдгээ бидэнд хэлсэн юм.

Харин бид ангийнхных нь нэгэн адилаар түүнд чадах чинээгээрээ туслахыг хүссэнээ нуух юун.

Түүний өргөж авсан ээжийг М.Алдармаа гэдэг. Төрөхийн хүндрэлээр ээжийгээ алдаж ой есөн сарын зөрүүтэй нэг эгчтэйгээ хамт өнчирч хоцорсон О. Ундрал охиныг аавынхан эгч М.Алдармаа өргөж авч, өөрийн охины хамт ганцаараа өсгөж хүмүүжүүлжээ. Тэд хамдтаа өнөөдрийг хүртэл нийт зургаан удаагийн хагалгааны ард гарчээ. 

Ийм жаахан биенээс гарамгүй их тэсвэр тэвчээр шаардсан эмчилгээ, олон удаагийн хагалгааг  давж гарч чадсан сэтгэлийн хаттай бяцхан охинд одоо ганцхан том хагалгаа л үлджээ. Эмчилгээний зардлыг нь олохын тулд өдөр шөнөгүй зүтгэж байгаа сайхан сэтгэлт ээж, сургуулийн коридороор дайрчих шахан гүйлдэх хүүхдүүдээс зургаан жил хамгаалж, өдөр бүр хамт байхыг хүсдэг ангийнханд аз жаргал бэлэглэж, охины эмчилгээнд хандив өргөхийг сурвалжлагаараа дамжуулан Монголын ард түмэндээ уриалмаар байна.

Түрийвч олоод буцааж буцааж өгсөн Б.Уранбат хүүгийн тухай сурвалжлагаа, Б.Уранбатын өвдчих вий гэсэн дээ цүнхийг нь үүрч, чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг О.Ундрал охинд нь хамтдаа туслах сайхан уриалгаар өндөрлүүлье.

Монголчууд бид өвдөж шаналсан нэгэндээ халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаж амьдрал бэлэглэсээр ирсэн сайхан сэтгэлт ард түмэн билээ. Тиймээс аврал эрсэн бяцхан зүрхэнд туслахыг хүссэн хүмүүс байвал 90111112  утсаар бидэнтэй холбогдоно уу . Бид удахгүй албан ёсны хандивын дансыг нь байршуулах болно. 
 


Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай
 
Эх сурвалж: Zaluu.com
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Гэрэлжаргал
29 өдрийн өмнө / 182.160.35.13

Ийм хүүтэй хүмүүс толгой өндөр, сэтгэл тэнэгэр, хичнээн сайхан байгаа даа

Зочин
30 өдрийн өмнө / 83.97.157.201

Allaa,tallaa,alban tushaalaa ashiglaj ulsyn hurungu vreb,arhidalt,hulgai deerem .....gedeg wm bainga sonssoor galzuurahad gants huruu dutuu blaa.Iim saihan medee sonsoh vneheer saihan wmaa.

shine ue
30 өдрийн өмнө / 182.160.32.93

Shine shineleg huu bn,aav ej n zuv humus bn