Шинжаан-Уйгарт үндэстний “цэвэрлэгээ” эхлэв

: 165 өдрийн өмнө / 2019-01-10 11:04:52

Шинжаан-Уйгурт амьдарч буй 2000 гаруй казах үндэстнийг Хятадын иргэншлээс татгалзаж, тус улсыг орхин явахыг зөвшөөрчээ. Энэ тухай Казахстаны гадаад хэргийн яам Пүрэв гаригт мэдээлсэн ба казах иргэдийг эх орондоо хүлээн авахдаа таатай байна гэжээ. Үүнээс өмнө Хятадад төрсөн казах үндэстнүүд бизнес хийх, хүүхдээ сургах зэрэг асуудал Шинжаанд нөхцөл байдал хүндэрсэн зэргээс шалтгаалан хэдийн Казахстаныг зорих болсон байв. Мөн Шинжаанд амьдарч буй хамаатан саднуудтайгаа холбоо тасарсан казах иргэд Хятадын албаныхан руу захидал бичих, хэвлэлийн хурал зохион байгуулах зэргээр тэднийг Казахстанд авчрахыг хичээх болжээ. Гэвч Хятад бол Казахстаны томоохон худалдааны хамтрагч орон учраас Шинжаан-Уйгурын нөхцөл байдлын талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэх нь ховор. Тухайлбал, Атажурт хэмээх группын тэргүүн Шинжаан дахь казах иргэдийн талаар үг дугарсныхаа төлөө өнгөрсөн зун Казахстаны албаныхнаас хэд хэдэн удаа анхааруулга авчээ. Гэвч эдгээр анхааруулга зогсоод байтал казах иргэдийн Шинжаанаас явахыг зөвшөөрсөн нь хоёр орны хооронд ямар нэгэн яриа хэлэлцээ болсныг илтгэж байна. Казахстаны гадаад хэргийн яамны мэдээллээр өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Хятадад 29 казах иргэнийг барьж хорьсон ба тэдний 15-ыг нь суллаад Казахстан руу буцахыг зөвшөөрчээ. Гэхдээ хүний эрхийн идэвхтнүүд Шинжаанд хоригдож буй гэх хүмүүсийг ар гэрийнхэн нийлсэн 2000 хүний мэдүүлэгт үндэслэн Хятадад хоригдоод суллагдсан казах иргэдийн тоо өнгөрсөн онд 70-д хүрсэн гэнэ.
 
Исламын шашинтан уйгур, казах үндэстнүүд олноороо оршин суудаг Хятадын алс баруун хязгаарын Шинжаанд “албадан боловсрол олгох төв” нэртэй хорих газар бий болсон нь анхаарал татаж буй.  Хятадын засгийн газраас өнгөрсөн онд Шинжаан даяар олон зуун хяналтын камер суурилуулж, иргэн бүрийн үйл хөдлөлийг ажиглаж эхэлсний дээр хорих газруудад сая гаруй хүнийг баривчлан хорьсон гэж хүний эрхийн тэмцэгчид мэдээлжээ. Шинжаан дахь албадан боловсрол олгох төвд хоригдсон хүмүүст хүчээр Хятадын соёл, итгэл үнэмшлийг зааж, хүлээн авахаас нааш сулладаггүй аж. Шинжаан дахь албадан боловсрол олгох төвийн асуудлаар өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Женевт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Хятадаас тайлбар авсан юм. Гэвч НҮБ-ын хурлын үеэр Хятадтай эдийн засаг, худалдааны харилцаагаа бодоод Шинжаан дахь Бээжингийн бодлогыг асууж, шүүмжлэх орон ховор байв.
 
Си Жиньпин Хятадын дарга болсноос хойш Шинжааныг “террористууд”, “салан тусгаарлагчид”-аас цэвэрлэх ажиллагааг үе шаттайгаар эрчимжүүлжээ. Тухайлбал, Хятадын засгийн газраас 2015 оны долдугаар сард хүний эрхийн өмгөөлөгчөөр ажилладаг бараг бүх хуульчдыг баривчлан хорьсон. Түүнчлэн 2017 оны долдугаар сард Хятадын цор ганц Нобелийн энх тайвны шагналтан хоригдож байхдаа нас барсан юм. Шинжаан-Уйгур дахь Хятадын бодлого өмнө нь салан тусгаарлах бослого тэмцлийг дарж байсан бол өдгөө Си Жиньпиний санаачилсан Азийг Европтой холбох нэг бүс-нэг зам худалдааны чиглэлийн газрын маршруттай холбоотой өөрчлөгджээ. Шинжаан-Уйгур нь Хятадын бусад мужуудаас хамгийн олон улстай хиллэдэг, 5600 км урт буюу хамгийн урт хуурай замын хилтэй муж. Нийт 47 үндэстэн, ястнаас бүрдсэн 23 сая хүн амтай. Тус мужид Хятадын засгийн газраас дэд бүтэц, санхүүгийн салбарт гурван их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.


 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих