Шүүхийн шийдвэр гарвал KFC-гийн салбаруудыг хаана

: 31 өдрийн өмнө / 2019-02-18 04:27:17

Зайсангийн KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хордлогод орсон тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарсан. Уг хордлогын шалтгааныг тодруулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн ажилласан юм. Тус шинжилгээний хариуг өнөөдөр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас танилцуулав.

Энэ үеэр тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Манай газарт энэ сарын 11-нд дуудлага ирж, 12-нд “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан.

Тус газарт хоол идсэн 200 гаруй хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэл зүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн. Бид хордлого гарсан өдрөөс хойш 94 төрлийн сорьцыг төв лабораторын шинжилгээнд оруулж, шинжилсэн.

Шинжилгээгээр уснаас халуунд тэсвэртэй гэдэсний нян илэрсэн. Мөн нэг ундаа нь шаардлага хангаагүй. Мөн Зайсан KFC салбарт ажиллаж байсан хоёр хүнээс шигела төрлийн хоолны хордлогот халдвар илэрсэн. Энэ төрлийн нянгаар илэрснээ мэдэлгүй явж байснаас хоол хүнсээр дамжаад үйлчлүүлэгчид нян нь халдварладаг юм” гэлээ.

Тодруулбал, тус газраас 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны хоёр, агаарын таван сорьц, дөрвөн ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулжээ.  Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдэсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулжээ.

Ингэхэд дээрх халдварууд илэрсэн байна. Ингэснээр дээрх хордлогыг тухайн компанийн дотоодын хяналт шалгалт муу гэдгээр тайлбарлав. Зайсан салбар нь 2016 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2017 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд Эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр “бага” гэсэн үнэлгээтэй гарсан бол 2018 онд “дунд” гэсэн үнэлгээтэй гарчээ.

Мөн ястай болон ясгүй тахианы махнаас дээж авч шинжлэхэд нян илэрсэн боловч зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй гэнэ. Цаашид тооцох хариуцлагын тухайд гэвэл Зөрчлийн хуулийн дагуу илэрсэн зөрчил тус бүрд торгох арга хэмжээ авах аж. Торгуулийн дээд хэмжээ таван сая төгрөг байх нь.

Түүнчлэн хуулийн дагуу хоол үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авдаггүй. Тус газраас олгосон шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс Зайсан дах салбар нь иргэдийн хохирлыг бүрэн барагдуулж, илэрсэн зөрчлүүдээ арилгасан тохиолдолд үйл ажиллагаа явуулж болно. Одоогоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас бусад салбарт урьдчилсан шалгалт хийж эхэлсэн бөгөөд зөрчил илэрвэл үйл ажиллагааг зогсооно гэдгээ хэллээ.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
31 өдрийн өмнө / 122.201.31.243

ЗӨВ ЗӨВ ХААХ ХЭРЭГТЭЙ !!!!!!!!!!!!!!!!!!! ШААРДАЖ БНА ГАДААД ХООЛ ХЭРЭГ БАЙХГҮЙ

Зочин
31 өдрийн өмнө / 122.201.31.243

Энэ муухай хортой өвчин тараагч бүх салбарын хаах ёстой би ч хордсон шүү