Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль нээлттэй өдөрлөгөө хийлээ

: 36 өдрийн өмнө / 2019-03-18 16:01:20

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/ Налайх дүүрэг дэх хотхондоо Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Тус сургуулиас ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, оюутан залууст инженер мэргэжлийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор уг өдөрлөгийг жил бүрийн хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.

Монгол улсад хамгийн эрэлттэй 10 гаруй мэргэжил байдгаас инженерийн мэргэжил ч багтсан байдаг. Харин МГТИС нь ХБНГУ-ын инженерийн боловсролын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг төдийгүй бүх хичээл Англи хэл дээр явагддагаараа онцлогтой. Мөн оюутан суралцагчид нь онолоор үзсэн хичээлээ бататган үйлдвэрлэлийн дадлагад гарч цалинтай ажил хийх, Герман улсын их, дээд сургуулиудад суралцах зэрэг олон боломж байдаг аж.

Тиймээс Нээлттэй өдөрлөгөөр дамжуулан ирээдүйн мэргэжлээ сонгох шийдвэрлэх мөчид ирээд буй ахлах ангийн сурагчдад өргөн дэлгэр мэдээлэл өгөх, ялангуяа байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой хүүхдүүдэд лабораторийн туршилт судалгаануудыг танилцуулах, тэднийг Англи хэлний түвшин тогтоох шалгалтад үнэ төлбөргүй хамруулах зэрэг олон цогц үйлчилгээг энэ өдөр үзүүлсэн байна.


Өдөрлөгт Ирээдүй цогцолбор, Гёте, Дойче Шуле, Шинэ Эрин болон Нэг, Гурав, 38, 14, 18-р сургууль болон Дундговь, Өмнөговь, Булган, Архангай зэрэг хөдөө орон нутгийн сургуулиудаас ахлах ангийн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, магистрын хөтөлбөр сонирхогчид гээд 350 гаруй хүн оролцож, тус сургуультай танилцлаа.

Сургалт хариуцсан дэд захирал Проф. Б.Батцэнгэл, Физикийн профессор Проф. Н.Баттулга, Байгалийн шинжлэх ухааны факультетийн декан Проф. Л.Алтангэрэл нар танилцуулга хичээлийг явуулж, сурагчдын сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм. Түүнчлэн Уул уурхайн боловсруулах инженер, Механик инженер, Хүрээлэн буй орчны инженер, Үйлдвэрлэлийн эдийн засагч инженер гэсэн бакалаврын дөрвөн үндсэн хөтөлбөр болон Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент магистрын хөтөлбөрийн талаарх мэдээллийг сурагчдад толилууллаа.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих