“Нийгмийн даатгал” аппликэйшнийг онлайнаар баталгаажуулж эхэллээ

: 31 өдрийн өмнө / 2019-03-20 13:51:30

Нийгмийн даатгалын байгууллага нь гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар тус аппликэйшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянгад хүрээд байгаа юм. Гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан.

Тэгвэл өнөөдрөөс /2019.03.20/ эхлэн гар утасны аппликэйшний бүртгэлээ онлайнаар баталгаажуулах боломжтой боллоо. Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг татаж суулган бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг болон 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож, баталгаажуулах кодоо авах юм.

Ингэхдээ хүсэлт илгээгч нь тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад амьдарч байгаа бол гадаад паспортоо, Монголд оршин суудаг иргэдийн тухайд цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн огноо бүхий өөрийн фото зургаа дээрх хаягууд руу илгээнэ. Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны програмд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгох зарчмаар явна.

Та тус аппликэйшнийг ашиглан өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж, хянах боломжтойгоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харж болно. Түүнчлэн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм. Мөн аппликэйшний бүртгэлийн кодоороо www.ndaatgal.mn сайтаас шимтгэл төлөлтийн лавлагаагаа шууд хэвлэн ашиглаж болдгоороо давуу талтай. Цаашид сайн дурын даатгалын гэрээг аппликэйшнаар баталгаажуулах боломж бүрдүүлэхээр програмын хөгжүүлэлтийг хийж байна.

Бүртгэл баталгаажуулах ажил онлайнаар хийгдэхээс гадна цахим үйлчилгээ ашиглах боломжгүй иргэд урьдын адил өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтсээс нэвтрэх код авах боломжтой.

 Эх сурвалж: НДЕГ
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих