МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангийн Наурызын баярын мэндчилгээ

: 31 өдрийн өмнө / 2019-03-22 13:57:18

Монгол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй казах ард иргэд ээ, Баян-Өлгийчүүд ээ,

Казах түмний уламжлалт  Наурызын баярын өдрийг тохиолдуулан та бүхэндээ Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун  баяр хүргэж,  түмэн олноороо цог хийморь, баяр хөөр аз жаргалаар дүүрэн байхын билэгтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!
Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, өдөр, шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг, далан зууны түүхтэй Наурызын баяр бол Монголын казак түмэн ёс заншил, уламжлал соёлоо өнөөг хүртэл хадгалан, үр хойчдоо өвлүүлэн уламжилж ирсэн бахархалт өв билээ. 
Казак түмэн маань Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжлийн төлөө оюун ухаан, эрдэм боловсрол, хүч чадлаа дайчлан тэмцэж, хөдөлмөрлөж хувь нэмэр оруулсаар ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэмээр байна. Ардын хувьсгал, Халх голын тулалдаан, бүтээн байгуулалт, ардчилсан хөдөлгөөн гээд ХХ зууны Монгол улсын түүхийн бүхий л үйл хэрэгт казак түмэн маань хамтдаа байсныг он цагийн хуудсууд гэрчилнэ. 
Толбо нуурын тулалдаан, Гөлөгт манхны дайралтад эрэлхэг зоригтой казак залуус эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн билээ. Атрын аян, Налайх, Шарын голын уурхай, Дархан хотыг байгуулах зэрэг энх цагийн бүтээн байгуулалтад хөдөлмөрч казак иргэд маань  мөр зэрэгцэн оролцож улс Монголоо хөгжүүлж ирсэн билээ.
Манай казах иргэд Монгол Ардын Намын бодлогыг үргэлж дэмжиж, хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд бид гүнээ талархаж байдаг билээ. Баян-Өлгийчүүд та бүхэн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн бүхий л сонгуулиудад Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн манай намын нэр дэвшигчдийг үнэмлэхүй олонхоороо дэмжиж ирсэнд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Та бүхний итгэлийг Ардын нам, ардын засаг ажил үйлсээрээ хариулах болно. 

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих