Сүлдээ өөрчлөхгүй бол Үндсэн хуулиа өөрчлөөд ч хэрэггүй

: 66 өдрийн өмнө / 2019-06-19 11:26:37

Энэ цагийн Монгол Улсын Үндсэн Хуулийн өөрчлөлтийн эхийг баригч Лүндээ гишүүнээс "Төрийн сүлдийн өөрчлөлтийн" талаар сэтгүүлч асуухад " Бид олон янзаар үзсэн. Төрийн сүлд тэмдэг, төрийн сүлд дуулал өнөөг хүртэл хэл ам дагуулаад байгаа" гэсхийгээд өөрчлөлтийн талаар яршиглаж халгаж ядсан шинжтэй, ерөөсөө өөрчлөөд хэл ам дагуулахын нэмэр гэсэн аястай бүрхэг хариулт өгөв. Манай өвгөд дээдэс Төрийн сүлдэндээ мөргөж залбирч биширч хүндэлж ирсэн ард түмэн. Харин 3О жил монголчууд бидний орой дээр заларсан Төрийн сүлдээ нэг нь ч бишрэн дээдлэх байтугай хүн бүр өөг нь, дутагдлыг харж шүүмжилсээр ирлээ. "Модон морьт сүлд" гэнэ. "Мориныхоо гэдсийг хагалаад соёмбоо чихчихжээ" гэнэ. "Хятадын эрээн авдар шиг хээ хуараар дүүрсэн эд" гэнэ. "Үүн шиг тэмдэгт болгон, дүрс болгоныг оруулсан хөөрхийлөлттэй нуршуу бэлгэдэл дэлхийн хаана ч байхгүй гэнэ" "Аргаа ядсан чимэг хуарын цуглуулга " гэнэ. Бүр болоогүй Монгол Улсынхаа доройтлыг, сэргэн мандахгүй, хэрүүл уруултай, төр ард түмний холбоо тасарсныг, төрөө дээдлэхгүй болсныг ийм ядарсан Төрийн сүлдтэй байхад аргагүй л гэнэ.

Тэр үеийн залуу гишүүн С.Батмөнх "Ойдов ахаа, наадахаа татаж аваач. Та зүгээр л өөрийн хувийн архивтаа аваачаад хийчих" гэж гуйж байсан нь хүртэл одоо ч надад сонсогдсоор байна. Бэлгэдэл гэдэг бол чухамдаа хүн болгоны биелэхийг ерөөсөн, хүссэн, газарт хүргэлгүй дээдлэх бараг сахиус гэсэн үг. Үүнд зураач Ц.Ойдовын маань буруу бишээ, Тэр үеийн депутатуудын мэдрэмж, гоозүйн мэдлэгтэй холбоотой болов уу?
 
Монгол Улсын Үндсэн хуулийн эцэг хэмээн зүй ёсоор хүндлэгдэгсэн Б.Чимэд абугай "Үндсэн Хууль бол гар дээрх Монгол Улс" гэчихсэн юм байна. Ямар лут үг вэ? Энэ эрхэм хүмүүн бүхий л амьдралынхаа туршид Үндсэн хуулиа дэлээ хийсгэсэн хөгшин арслан мэт сахиж,манаж хамгаалсаар ирсэн. Ам таглахдаа гаргууд. Энэ төрийн егзөр хуульч амьд сэрүүнсэн бол одоо өөдөөс нь цор цорхийх хүн бараг гарахгүй байх. Ингэж хир халдаах ёсгүй манаач Үндсэн хуулийн цэц өнөөдөр улс төрийн байгуулллага болчихжээ.

Одоогийн Үндсэн хуулийг харсаар, үзсээр байтал өнөөгийн нийгмийн амьдралыг зөрчилд оруулж, хөгжлийг боомилж, засаглалыг явцгүй болгож байгаа заалт, зүйл ангитай үхэлдэн зууралдах аргагүй. Дахиж олдохооргүй боломжийг зоригтой ашиглах хэрэгтэй. Гэхдээ түмэн олны санал, улстөрийн хүчнүүдийн саналыг чинээнд нь тултал авч, улстөрийн атгаг санаагүй хэлэлцэж, зөвшилцөж, бие биеэ хүндлэн байж, дахиж гар хүрэлгүй наад зах нь 50 жил ийн настай хуулийн өөрчлөлт хэрэгтэй байна.
Хамгийн сүүлд нь хэлэхэд, Төрийн сүлд бэлгэдлээ өөрчлөхгүй бол Үндсэн хуульдаа гар хүрээд ч хэрэггүй. Үүнд зовох,эргэлзэх, хальшрах юм ер үгүй. Тэрхүү өөрчлөлт бол Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэм абугайн 1960 оны Үндсэн хуулиар батлагдсан тэрхүү морин хийморь золбоотой монгол хүний зүрхэнд одоо ч хайрлагдан бишрэгдэн, дулаан зөөлнөөр эргэлдсээр байгаа хуучин сүлдээ дахин эргүүлэн залбаас төрийн магнайд од гийж, түмний зүрхэнд нар мандаж, алтан төрийн бишрэл хүндлэл дахин сэргэж ирнэ гэдэгт өчүүхэн бибээр өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Энэ сүлдийг давж гартал бүтээх зураач гарч ирэх нь ч ирэх л байх. Гэвч энэ цаг үед хүлээн зөвшөөрөгдөх нь бараг үгүй болов уу?
 
Харин таван хошууг авч хаях эсээ мэргэд Та бүхэн мэдтүгэй.
 
Сэтгүүлч До.Цэнджав
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
62 өдрийн өмнө / 66.181.161.84

Буух газаргүй хөлгүй их далайн дээгүүр хий үсэрсэн муухан модон сийлвэр мэт архины бөглөө мултлагч мэт сүүлтэй

Иргэн
66 өдрийн өмнө / 66.249.82.87

Монгол улсынхаа мандан бадралыг илэрхийлсэн хуучин сүлдээ сэргээе ээ! Одооны сүлд арай л биш харагдаад байна.

Зочид
66 өдрийн өмнө / 66.181.176.170

Маш зөв санал байна хөлөө сөхрөөд суусан хагархай гэдэстэй ийм морьтой сүлдтэй хүмүүст өөдлөхийн заяа байдаггүй нь үнэн гэдэг 30 шахам жилд харагдлаа иймд хжучин сүлдээ сэргээх нь зөв!!!