Баяр наадмын тасалбарыг онлайнаар захиалах боломжтой болжээ

: 72 өдрийн өмнө / 2019-07-08 09:49:09

Жил жилийн зун баяр наадмын өмнө нээлтийн тасалбарын борлуулалтын асуудал хэл ам дагуулж, иргэдийг багагүй бухимдуулдаг. Тухайлбал, шагийн үнээр зарагдаж байна,  хуурамч тасалбар худалдаалагдсан, наадмын тасалбар худалдан авахын тулд хонон өнжин дугаарлаж байна гэх мэт маш олон асуудал дагуулдаг.

Уг нь наадмын тасалбарыг онлайнаар худалдан борлуулах асуудал хэдэн жилийн өмнө яригдаж, программ хангамжийг нэвтрүүлэхээр болсон тухай мэдээлэл цацагдаж байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.

Энэ жилийн наадмын тасалбарыг өнгөрсөн жилтэй адилхан нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Наадмын тасалбарыг долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлээд борлуулахаар болсон юм.

Мөн нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломж ч байгаа юм байна.

Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6,7 дугаар секторын тасалбарыг онлайнаар борлуулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, өнөөдөр маргааш хоёр өдөр 12.00 цагаас https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар хандан иргэд баяр наадмын тасалбарын төлбөрийг онлайнаар төлж худалдан авах боломжтой юм. Харин НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр биечлэн очих иргэдэд тасалбарыг "ХУР" төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулж олгох аж. 

Ингэснээр нэг хүн олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах бөгөөд онлайнаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахимжуулжээ.

Ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгох бөгөөд үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 гэсэн хоёр янз байх юм байна.

Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10 000 төгрөг аж.

Дашрамд, Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000 тасалбар борлуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Үндэсний их баяр наадмын нээлт болон бөхийн барилдааны 6,7 дугаар секцийн 1200 ширхэг тасалбарыг 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд 12:00 цагаас эхлэн https://eservice.ulaanbaatar.mn сайтаар онлайнаар худалдана.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих