Хайдавын Төмөрбаатар

: 40 өдрийн өмнө / 2019-07-08 10:33:27

Энэ жил Улсын филорманийн 50 жилийн ойн баяр тохиож байна. Тус чуулгын номыг бүтээх захиалга аваад гурван сарын нүүрийг үзээд байна. Дуучин Х.Төмөрбаатар, Л.Оюунчимэг, М.Янжиндулам, гитарчин С.Баатарсүх, Б.Ганбат, удирдаач Б.Нямдорж гээд л үе үеийн алдартнууд тус чуулгаас төрж гарсан. Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж буй тус чуулгад 50 жилийн турш орж гарсан 150 гаруй хүний намтар түүх, уран бүтээл өгүүлэгдэн буй. Аварга том ном болох шинжтэй. Гэхдээ намтрын цуглуулга төдий биш бүх бүлгүүд уран сайхны хөрөг маягаар бичигдэж байна. Энэ удаад дуучин Хайдавын Төмөрбаатарын хөрөг найрууллыг толилуулъя.

Хүүгээ өлгийдөөд орхисон эх шиг
Хүний нутагт сэтгэл тогтсонгүй
Холоос гүйсэн хангал морь шиг
Хорвоод хосгүй чамдаа ирлээ.
Сайн байна уу, Улаанбаатар минь
Сайн сайн байна уу, Улаанбаатар минь... 
20-р зууны жинхэнэ омоглон танхай дуу ингэж төрсөн юм.

Гэхдээ дууны үг нь танхай биш, дуулж буй арга барил нь хийгээд дуучин нь танхай... Цаана нь эгшиглэж буй джаз оркестр бас танхай. “Баян Монгол” чуулгыг өвөрмөц өнгө аястай болгоход Монгол улсын гавъяат жүжигчин Хайдавын Төмөрбаатар ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Гэхдээ тэр зөвхөн хэлбэр хөөсөнгүй. Эстрад урлагийн тайзнаа агуулга, хэлбэр хоёрын нэгдлийг бүрэн хангаж чадсан. Агуулгагүй хэлбэр, хэлбэргүй агуулга оршин тогтнох боломжгүй гэдгийг шинжлэх ухаан онолын хувьд, нийгмийн амьдрал практикийн үүднээс баталчихсан. Аливаа урлагт агуулга, хэлбэр хоёр салшгүй нэгдмэл байдаг бөгөөд агуулга нь хэлбэрийн хувьд гол зүйл боловч хэлбэрийг идэвхгүйд тооцож бас болохгүй. Хэлбэр нь агуулгынхаа хөгжлийг түргэсгэх буюу удаашруулах замаар идэвхтэй нөлөөлнө. Зарим үед агуулга хэлбэртэйгээ, хэлбэр агуулгатайгаа зөрчилдөх явдал ч гарна. Ийм тохиолдолд хэлбэрийг хаяж, агуулгыг голлох шаардлагатай. Харин дуучин Х.Төмөрбаатарын хувьд коммунист нийгмийн хатуу зарчимд баригдаж, агуулгыг голлоод хэлбэрийг хаях шаардлага гарч байсангүй. Үүгээрээ тэрбээр Монголын эстрад урлагт “зүрх зориг” оруулж ирж чадсан омголон танхай уран бүтээлч билээ.

Түүнийг Монголд од болгосон сүлд дуунууд гэвэл “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сэтгэлийн жигүүр” гээд л цуварна. 1980-аад оны үед тэрбээр Сонгины гарнизонд очиж тоглоод тэндхийн тайзыг ёстой нэг буулгаж тавьж байсныг миний бие сайн санадаг юм. Цэрэг, офицеруудын цөсийг чухам л нэг хөөргөх шиг болсон. Сүүлдээ Х.Төмөрбаатар “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” гэж дуулахдаа тайзнаас үсрэн буугаад цэргийн ангийн хүүхнүүдийг тэвэрч аваад, цаадуул нь ч баясан хөөрч, нэг ёсондоо орилоон, чарлаан, исгэрээн, омоглон фенүүдийн хашгираан болж байлаа. Төмөрбаатар гавъяаттай би бээр 2018 оны намар уулзаж ярилцахдаа наяад оны тэр явдлыг нь сануулахад, “Өө, тиймэрхүү юм газар сайгүй зөндөөн л болж байсан. Аль тоглолтыг тэр гэхэв. Гэхдээ ямар ч үед агуулга, хэлбэр хоёрыг зохицуулж л байх учиртай. Дуулж байгаа дуунаасаа их шалтгаална. Жишээ нь би аавтайгаа хамт дуулж байсан дайны тухай “День победи” гэдэг орос дуун дээр хамаа намаагүй далдаганаад байвал сүйд болно шүү дээ” гээд инээмсэглэж билээ. Эхэнд өгүүлсэн агуулга, хэлбэр хоёрын нэгдэл гэдэг чинь л энэ шүү дээ. Урлагт бол үзэгчдийн эрэлт хэрэгцээ, уран сайхны байгууламж зэрэг нь шууд нөлөөлөгч хүчин зүйл болдог. Үүн дээр оновчтой зөв эхлэл үзэгчдийг шууд хөтлөөд явчихдаг болохыг гадаадын олон орноор явж тоглолт хийсэн дуучин Х.Төмөрбаатар юу эс андах билээ. 

Тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд, хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр дүүргэжээ. Ингээд 1969 онд анх “Баян Монгол” чуулгатай хамтран дуулж байсаар 1974 онд тус чуулгын жинхэнэ орон тооны дуучин болжээ. Түүнийг Сочид Олон улсын эстрадын дуучдын тэмцээнд оролцоод тэргүүн байр эзлэхэд Оросын нэг сонин дээр “На конкурсе есть великолепный певец из Монголии. Он не только чисто поёт по-русски, у него чисто русская душа” гэж бичсэн байжээ. Үүнийг орчуулагч монголоор ингэж буулгажээ. “Энэ уралдаанд Монголоос нэгэн гайхамшигтай дуучин оролцож байна. Тэр оросоор цэвэрхэн дуулаад зогсохгүй яг орос хүн шиг сэтгэх юм...” гэж.

Энэ тухай гавъяат маань хүүрнэхдээ: “Уралдааныг зохион байгуулагчид хүртэл хэлж байсан, нүдээ аниад сонсоход яг л орос хүн дуулж байгаа юм шиг. Гэтэл чи яах аргагүй нарийхан нүдтэй Ази хүн байдаг гэж. Гоё хэлсэн байгаа биз. Тэд намайг орос ээж хүмүүжүүлснийг мэдэхгүй байхгүй юу. Львовт “Червона Рута”-г дуулдаг алдарт София Ротарутай хамт суралцаж байлаа, би сонгодог хөгжмийн анги, Ротару үндэсний хөгжмийн ангид. Тэр үед манайд эстрад хөгжөөгүй байсан л даа. Зөвлөлтөд болдог байсан орон орны дуучдын “Ая дууны жигүүр” наадамд би олон удаа оролцсон. Оросын бүх нутгаар явсан. Одоо ч надтай хамт дуулж байсан Оросын эстрадын дуучдын ихэнх нь байхгүй болсон биз дээ. Гэхдээ Алла Пугачева, Лев Лещенко нар намайг мэддэг. Тийм болохоор миний дуулсан дуу оросуудад хүрдэг байсан байх аа. Намайг хойно сурч байхад Баруунд эстрад урлаг ид хөгжиж, “Битлз” хамтлаг гарч ирж байсан үе. Залуу хүн байсан болохоор өөрийн эрхгүй сонирхож татагдана. Одоо дурын хүүхэд дуучин, хөгжимчин болж байна. Уул нь сургууль номоороо бүх зүйлээ заалгана. Урлагийнхан биеэ яаж авч явахыг эстетика буюу гоо зүйн хичээлээр л авчихдаг байсан. Орост байхдаа би эстрад дууны уралдаанд ороод түрүүлж байлаа. Түүндээ урамшаад, өөрийгөө их тоож эхэлсэн. Түүнээс хойш эстрад дуу дуулах болсон. Би Улсын филорманийн “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ хамтлагийн аль алинд нь дуулж явлаа. “Баянмонгол”-д байхдаа хүүтэй болж Баянмонгол гэж нэрлэсэн. “Соёл-Эрдэнэ”-д байхдаа охинтой болж Соёл-Эрдэнэ гэж нэрлээд баяр хөөрөө дарж чадахгүй харайж явлаа. Миний хувьд гэвэл Оросын алдарт дуучин, Ардын жүжигчин Валерий Леонтьевтой ер нь ойролцоо стильтэй. Аа, тайзан дээр аяглахын хувьд би тайзан дээр л гарсан бол энэ миний мэдлийн зүйл биш болж хувирч байгаа юм. Тэр аяглал бол миний сэтгэлээс гарч байгаа хөг юм. Ихэнх дуучид бол өөрийгөө харуулах гэж гардаг бол би бол дуугаа үзэгчдэд хүргэх гэж гардаг дуучин. Тэрнээс би тайзан дээр гараад хоёр тийшээ найгана, эсвэл ингэж бүжиглэнэ гэж хэзээ ч давтаж бэлдэж байгаагүй. Орост эстрадын урлаг хүчээ авч байх үед манайд үндэс нь л тавигдаж байсан. Гавъяат Галсанбат гээд хэсэг залуус банзан гитар бариад л орцонд дуулдаг байлаа. Тэр үед би эстрад урлагийг орцны биш тайзны урлаг болгоё гэж их зүтгэсэн. Хүмүүст ад үзэгдэнэ, арга хэмжээ авахуулна гээд зовлон бол байсаан байсан. Аав маань намайг дуурийн дуучин болгох гээд их зүтгэсэн. Гэвч миний хувийн зан араншинтай дуурийн урлаг тохирохгүй байсан юм. Би чинь цоглог, сахилгагүй маягийн нөхөр байлаа. Мөн сонгодог урлаг маш нарийн дэг жаягтай. Архи тамхи хэрэглэхгүй, тэдэн цагт босно, тэдэн цагт сэрнэ гээд хэцүү л дээ. Энэ бүхэнтэй би хэзээ ч эвлэрч чадахгүй байсан. Эстрад дуу дуулснаар надад алдсан зүйл байхгүй ээ. “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дууг маань хүмүүс хэрхэн бүтсэн тухай их асуудаг. Их энгийн л дээ. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн уран бүтээлчид энэ дууг зохиож байлаа. Үгийг нь Рэнцэндорж гэдэг залуу бичсэн. Харин аяыг нь Галсанбат зохиосон. Надад “Энэ дууг дуулаачээ” гэсэн санал тавьж, намайг тоосонд их баярладаг юм. Тэр үед би Галсанбатад “Чи их сайн дуу зохиосон. Энэ дуугаар чинь л би мандлаа шүү дээ” гэж хэлдэг байлаа. Одоо ч мандаж л явна даа. Энэ дууг надаас өөр олон уран бүтээлчид дуулсан. Гэвч аливаа зүйлийн анхдагч гэдэг өөр л дөө. Миний хувьд энэ дууг сэтгэлээсээ гаргаж дуулсан. Зүгээр нэг бүсгүй инээмсэглэж явах биш түүний цаана маш их юм байгаа. Бүсгүйн гоо сайхнаас эхлээд бүх л зүйлийг би гаргаж дуулж чадсан. Харин залуу дуучид маань энэ дууг сонирхоод өөр өөрийнхөөрөө л дуулсан. Гэвч миний дуулснаар сонсох нь хүмүүст их таалагддаг юм шиг байна лээ. Яагаад гэвэл би анхдагч болохоор тэр байх аа” гэж өгүүлсэн юм.

Бүрх малгай, хар цув, ковбой гутал өмсөөд, хоёр алд хэрийн урт цагаан ороолт унжуулан зүүдэг байсан түүнийг харахад европжуу төрхтэй, Францын нэрт жүжигчин Ален Делон ч юмуу, гучаад оны Америкийн гангстер шиг санагддаг байж билээ. Дөчин мянгатад төрч өссөн улс төрч Санжийн Баяр нэгэн дурсамжиндаа: “Монголын рокын загалмайлсан эцэг хэмээн өргөмжлөгдсөн Галсанбат, Зуундарь нар цэл залуу байхдаа Дөчин мянгатын аптектай байрны орцонд банзан гитар хангинуулан Том Жонсын “Дилайла”-г дуулах гэж тамлаж байхыг амаа ангайлган сонсох завшаан бидний үед тохиосон. Дараа нь пянз, магнитофоны алтан үе эхэлсэн. “Би Бойз”, “Битлз”, “Ролинг Стоунз”, нэлээд хойно Манкис Холлис, ”Би Джийс”, бүр сүүлд Флитвуд Мэк, Крийднс бид бүгдийн шүтээн болов. “Бацаан” Зоригоо, Зуундарь, Соёмбо нар Дөчин мянгатын пянз, бичлэгийн эргэлт, сэлбэлтийг ерөнхийд нь зохицуулдаг байлаа. Соёл түгээж байсных нь хувьд тэр бүгдэд нэг нэг жижиг хөшөө Хүнсний 20-р дэлгүүрийн өмнө талд босгох хэрэгтэй юм гэж боддог” гэж өгүүлсэн байдаг юм. Энэхүү дурсамжтай Х.Төмөрбаатар гавъяат шууд бус утгаар холбогдоод явчихдаг. Тэрбээр жар, далаад оны алдарт дуучин Том Жонсын “Дилайла”-г байрны орцонд биш “Баян Монгол”-ын тайзан дээр дуулж явсан хүн. Мөн 40 мянгатын 13-р байр буюу их дэлгүүрийн зүүн талын номын сантай байранд амьдарч асан түүнийг гадаад руу тоглолтоор явах болгонд тухайн үеийн хотын залуус пянз захих нь их байжээ. Гэвч Төмөрбаатар өөртөө бол пянз цуглуулж байсангүй. “Гадаадаас пянз оруулж ирдэг байсан мөртлөө яагаад өөртөө пянзгүй хоцров” гэж түүнээс асуухад “Надад зав гараагүй юм” гэж хариулсан. Өөртөө пянз цуглуулахад бас зав зай хэрэгтэй байдаг бололтой.

Д.Ухнаа гавъяат Х.Төмөрбаатарын тухай дурсахдаа “Манай Төмөрбаатар шиг дуучин ховор. Жинхэнэ төрмөл авъяастай хүн. Төмөрбаатаргүй тоглолт бол тоглолт биш гэж хэлж болохоор. Нэг удаагийн тоглолтон дэр тайзан дээрээс үсэрч буугаад хамгийн урд сууж байсан бүсгүйг мөрөөр нь тэврээд “Нартай борооны дусал шиг...” гээд л дуулсан чинь үзэгчид гайхаад л, эрүүл байна уу, согтуу байна уу гээд л жиг жуг хийцгээж байж билээ. Тэрнээс болж би Соёлын яаманд дуудагдаж “Танай Төмөрбаатар тайзан дээрээс дэвхэрч буусан байна. Адарсүрэн шиг сайхан намбатай зогсоод дуулж болдоггүй юмуу” гэж загнуулж билээ. Гэхдээ Төмөрбаатарт арга хэмжээ авах арга байхгүй. Яагаад гэвэл бид өөрсдөө Төмөрбаатараар дутахаа мэддэг болохоор тэр. Төмөрбаатар олон нийтийн ажилд оролцоно гэж байхгүй. Нам, эвлэлийн ямар ч хуралд суухгүй, дандаа таслана. Сайд ирсэн ч тоохгүй, жинхэнэ билэг танхай хүн шүү дээ. Гэхдээ авъяас нь багтаж ядаж асгарч яваагаа өөрөө мэддэг, урлагтаа үнэнч, чинхүү хайртай уран бүтээлч. Монголын рок, поп урлагт дуулах ур чадварын шинэ хэв маяг гаргаж ирсэн хүн бол Төмөрбаатар гэж би боддог” гэж өгүүлсэн юм.

Дашрамд өгүүлэхэд “Баян Монгол” чуулга Монгол орны бүх аймаг, сумдаар аялан тоглолт хийхийн сацуу гадаадын орнуудаар айлчлан тоглолт хийж, эстрадын наадам, уралдаанд оролцож өөрийн орны эстрад джаз урлагийг гадаадын үзэгчид болон мэргэжлийн хүмүүст сонирхуулж өндөр үнэлгээ авч байсан нь тоймгүй. Тус хамтлагийн айлчлан тоглосон улс орнууд гэвэл Орос, БНСАУ, БНХАУ, Герман, Польш, Румын, Унгар, Чехословак, Куба гээд л цуварч өгнө. Гэхдээ эдгээр тоглолтууд социалист нийгмийн үед болж байсан болохоор зөвхөн гадаадад буй монголчуудад зориулагдсан тоглолт биш, чухамхүү тухайн улс орны үзэгчдэд зориулагдсан тоглолт байсан гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр манай хамтлаг, дуучид гадаадад аялан тоглолт хийгээд ирлээ л гэдэг. Гэвч энэ нь тухайн улс оронд ажиллаж амьдарч буй цөөн тооны монголчуудад зориулагдсан “жалга довны” тоглолт л байдаг. Үүний хажууд “Баян Монгол”-ын хилийн чанадад өрнөж байсан тоглолтууд цар хүрээний хувьд томоос том, зөвхөн монгол дуу, хөгжмөө гадаадынханд танилцуулаад зогсохгүй аялан тоглолт хийж буй тухайн улс орныхоо дуу хуурыг төрөлх хэл дээр нь дуулж сонордуулдаг байснаараа нэр хүнд болоод далайцын хувьд Монголын ямар ч хамтлаг, дуучидтай зүйрлэхээргүй өндөр байсан юм. Үнэндээ тус хамтлагийн джаз оркестр бол дэлхийд Монголын нүүр царай болж байв. Түүнчлэн үе үеийн “Баян Монгол”-чууд дэлхийн 500 орчим уран бүтээлчтэй хамтран тоглосон байдаг. Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа нэг удаа “Баян Монгол” чуулгыг удирдан Румын улсад очжээ. Гэтэл румынчууд “Монголд джаз хөгжим байдаг юмуу?” гэсэн асуултаар тэднийг угтаж, үл тоосон маягтай хүлээн авч хөдөөгийн нэгэн тосгондоо тоглуулахаар болжээ. Европын өндөр хөгжилтэй оронд очиж тоглоно гээд хэрдээ бэлтгэл хангасан “Баян Монгол”-ынхон урам хугарахад Д.Ухнаа “Бид нар чинь улсаа төлөөлж ирсэн улс. Монгол хүн ямар авъяастайг эд нарт харуулна аа, хэдүүлээ...” гэж тэднийгээ зоригжуулжээ. Ингээд тус хамтлаг хөдөөгийн тосгонд тогложээ. Тэгтэл хэдхэн хүнтэй жижигхэн танхимд тоглолт эхлээд удаагүй байтал үзэгчид пиг дүүрч, нижигнэсэн алга ташилт, тэвэр тэвэр цэцэгсээр мялаалгах нь тэр. Ингэж нэр хүнд олсноор маргааш нь Румынд байдаг бүх орны элчин сайдын яамныханд зориулан тоглож, цааш үргэлжлэн Герман, Чехословак, Унгар зэрэг орноор аялан тогложээ. Ер нь хаана ч очсон ийнхүү хүндлэл бахархал хүртэж ирсэн нь “Баян Монгол”-ынхны авъяас чадварын илэрхийлэл юм. Тиймдээ ч Олон улсын уралдаан наадмаас “Баян Монгол”-ын дуучид ганзага хоосон ирж байсангүй.

Энд зөвхөн Монгол улсын гавъяат жүжигчин Хайдавын Төмөрбаатар дээр жишээлж хэлье. Тэрбээр 1972 онд оюутан ахуйдаа Киев хотод болсон оюутан, залуусын эстрад дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр эстрад урлагийг сонгож, “Баян Монгол”-д хөл тавьсан байдаг. Тэрбээр 1977 онд Сочид болсон “Улаан сарнай” эстрад дууны тэмцээнд 34 орны дуучдаас тэргүүн байр эзэлж байжээ. Түүнчлэн 1984 онд Германы Дрезден хотод болсон “Рок Шлягер” олон улсын тэмцээний 3-р байр, 1986 онд Болгарт зохиогдсон эстрад дууны уралдаанд хоёрдугаар байр, Братиславын цомын тэмцээний үзэгчдийн, мөн олон улсын “Ая дууны жигүүр”, “Орос дууг хэн сайн дуулах вэ” зэрэг уралдаан, наадмын тэргүүн байрын шагналуудыг удаа дараа хүртэж Монголын эстрад урлагийг дэлхий дахинд сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан байдаг. Түүчнлэн тэртээ холын Латин Америкийн Куба улсад очиж эстрад урлагийн тэмцээнд оролцоод дажз дуугаар дөрөвдүгээр байр эзэлж байжээ. Нэг удаагийн тоглолтынхоо тухай гавъяат маань хүүрнэхдээ: “Манай чуулга тэр үед Дорнодод бригадаар явж байсан юм. Тэгсэн чинь Соёлын яамнаас утсаар яриад “Төмөрбаатарыг одоохон нааш нь явуул” гэлээ. Тэгээд би Дорнодоос онгоцоор Улаанбаатарт ирээд Соёлын яаман дээр явж ортол “Маргааш Германд тэмцээнд явна. Германаар дуулдаг “Рокс лагерь фестиваль” гэдэг олон улсын тэмцээн шүү. Германаар дуулна” гэв. “Юу гэсэн үг вэ? Би герман хэл мэдэхгүй шүү дээ” гэсэн чинь “Германы элчин дээр очоод учраа ол” гэсэн. Ингээд би Германы нэг рок дууг дуулахаар боллоо. Үг, аяыг нь аваад онгоцон дотор бэлдсээр байгаад сурсан. “Рокс лагерь фестиваль” тэмцээнд гадаадын маш олон дуучин оролцсон. Би нөгөө сонгосон герман дуугаа тэндхийн оркестортой дууллахаар боллоо. Тэгээд дөрөвдүгээр байранд шалгарч билээ...” гэж дурссан юм.

Москвад болдог “Мелодия друзей” буюу “Анд нөхдийн ая дуу” Олон улсын фестивальд Х.Төмөрбаатар 10 жил тасралтгүй оролцжээ. Оросын талаас “Дуучин Төмөрбаатарыгаа энэ удаагийн фестивальд заавал оруулаарай” гэж жил болгон л шаарддаг байж. Энэхүү фестивальд Х.Төмөрбаатарын дуулсан гараа болгонд 60 рубль өгдөг байсан бөгөөд энэ нь даанч өөрийнх нь мэдлийнх биш. 10 рублиэр нь хоол авч идээрэй, бусдыг нь “Энхрий хайрт нам засаг, эх орондоо” гээд л хураагаад авчихдаг байсан байна. Сочид болсон 34 орны дуучид оролцсон эстрад дууны тэмцээнээс Х.Төмөрбаатарыг тэргүүн байрын шагнал хүртээд ирэхэд Монгол улс түүнд талархлын бичиг, халуун сав мэтхэнийг л өгч байсан гээд бодоход энхрий хайрт нам засаг маань гадаадад улсынхаа нэрийг тахалдаг, дотоодод улсын төсөвт түм буман төгрөг оруулдаг байсан нэрт дуучдаа төдийлөн харж үздэггүй байсан мэт санагдана. Гэвч дуучин Х.Төмөрбаатарын хувьд бол иймэрхүү явдалд огтхон ч гомдоллож байсангүй. Ямар сайндаа л “Урлагийнхан хамгийн их сэтгэл хөдлөлтэй, хөөрүү юм шиг мөртлөө хамгийн их зовлон даадаг хүмүүс. Мөнгө төгрөгтэй баян мөртлөө зовж амьдарч байгаа хүн олон байна. Юу ч үгүй мөртлөө сэтгэлээрээ баян яваа хүн ч олон байна. Попын хаан Майкл Жэксон, тэр их хөрөнгийн эзэн нас барчихаад байхад нөгөө муу Төмөрбаатар амьд л байна. Үхлээ, тэр их хөрөнгө хэнд хэрэгтэй юм. Амьд байгаа нь миний баялаг. Бүр олон жил амьдарна гэж бодож байгаа...” гэж Төмөрбаатар гавъяат бардам хэлдэг хүн. Гэхдээ тэр нэг үе өвчтэй эхнэрээ эмчлүүлэх мөнгө олохын тулд Өвөр Монголд очиж тэндхийн бааранд нэг хэсэг дуулснаа нуулгүй хэлдэг. 
Ер нь манай “Алтан үе”-ийнхэн засгийн цалингаас гадуур элдэв мөнгө хөлс нэхээд байдаггүй, зөвхөн улсдаа л хүчин зүтгэж ирсэн бөгөөд тэдний гол шагнал нь үзэгчдийн халуун дулаан алга ташилт л байлаа. Харин Барууны алдартай хамтлаг, дуучдын тэргүүн зорилго бол мөнгөний төлөө л байдаг. Шоу бизнес гээч нь асар их мөнгө, баялгийг цаад эзэддээ авчирдаг. Тэдгээр эзэд шоу бизнест гаргасан зардлаа хэдэн арав дахин нугалж олох жишээтэй. Хөгжим бол хүний нэгдүгээр зэргийн зайлшгүй хэрэгцээнд багтдаггүй юм гэсэн. Тэглээ ч хөгжмөөр асар олон тооны хөгжимчид, продюсорууд, дуу бичлэгийн студиуд хооллож байдаг. Харин соц нийгмийн үеийн Монголд бол энэ нь эсрэгээрээ байлаа. Нэртэй хамтлаг, дуучдын олсон орлого шууд л цаад эзэд болох улсын төсөв рүү гулсан орж нийгмийг тэтгэж ирсэн. Үүнд л манай дуучдын гавъяа оршино.

“Баян Монгол”-ыг дурсах болгонд Төмөрбаатар, Төмөрбаатарыг дурсах болгонд “Баян Монгол” давхар яригдаж байдаг зүй тогтолтой. Эстрад тайзыг жинхэнэ эзэгнэж чаддаг дуучин гэвэл түүнийг л хэлнэ. Алдарт “Куин” хамтлагийн дуучин Фреди Меркьюри тайзнаа жүжигчилсэн тоглолт гаргаж чаддаг, тайзан дээр чухам л үзэгчдийн оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацаж чаддаг. Мөн тэр үзэгчдийг өөрийнхөө дуу хоолойгоор дагаж дуурайлган жинхэнэ хашгируулж чаддаг. Харин тэрбээр “За алив алгаа ташаарай” гэж гуйдаггүй байсан. Төмөрбаатар гавъяат бол яг ийм стилийн дуучин билээ. Тэрбээр “Алив ард түмээн, алгаа ташаарай” гэж хэзээ ч гуйж байсангүй. Яагаад гэвэл үзэгчид түүнийг хүссэн хүсээгүй ширүүн бороо асгарах шиг нижигнэсэн алга ташилтаар бэлэг барьдаг. Ер нь үзэгчид тухайн дуучныг сонсоод сэтгэлийн хөөрөл болоод баярласан талархсанаа илэрхийлж нижигнэсэн алга ташилтаар шагнадаг болохоос биш дуучин өөрөө “Алив миний өмнөөс алгаа ташаарай” гэж хэзээ ч гуйдаггүй юм. Дэлхийн түүхэнд ч ийм практик байхгүй байх. Гэтэл 1990 оноос манай рок поп урлагт “Алив алгаа ташаарай” гэх мэтийн гуйсан өнгө аяс эстрад урлагийн хаалгыг тогшилгүйгээр орж ирснийг нуух юун.

Б.ОЙДОВ
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
36 өдрийн өмнө / 64.119.24.14

Баянмонгол эстрадыхан энэ хүний амьдралд тусалсан уу ганц өрөө аваад өгчихмөөр юм даа Ухнаа гуай зохион байгуулах хэрэгтэй дээ нэг хэсэг хэцүүл байх шиг байсан даа бид нэгнээ мартаж болохгүй