Ц.Түвшинжаргал: Иргэд нийтийн тээврээр зорчих бүртээ и-баримтын сугалаа авдаг болно

: 33 өдрийн өмнө / 2019-07-17 12:42:29

Нийслэлд “UB Smart Card” (Улаанбаатар Смарт карт) үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл уг үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн салбарт дэвшилтэт ямар үр дүн гарсан болон үйлчлүүлэгчдийн хэрэглээний талаар “Улаанбаатар Смарт карт” Тээврийн үйлчилгээ зохицуулалтын хэлстийн менежер Ц.Түвшинжаргалтай ярилцлаа. 

“АВТОБУСНЫ ТӨЛБӨРИЙГ КАРТААР ХИЙДЭГ БОЛСНООР ЖИЛД 20 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ХИЙЖ БАЙНА”

-“Улаанбаатар Смарт карт” нэвтэрснээр нийтийн тээврийн салбарт ямар ахиц гарч байгаа талаар яриагаа эхэлье. 
-“Улаанбаатар Смарт карт” үйлчилгээ 2015 оны долдугаар сарын 24-нд нийтийн тээврийн хэрэглээнд нэвтэрсэн. Мэдээж энэхүү төслийн эерэг үр дүн их гэдгийг дурдмаар байна. Хамгийн чухал нь нийтийн тээвэр зорчигчдын урсгалыг тодорхойлох, нэгж иргэн хаанаас хаа хүртэл тогтмол явдаг зэрэг мэдээлэл нь тодорхой болж нэг бүрчлэн тоологддог болсон. 

Зорчигч жолоочид бэлэн мөнгө өгөх нь хоёр дахин хохиролтой нөхцлийг үүсгэж байдаг. Учир нь тухайн иргэний зорчилтын мөнгийг нийслэлээс тухайн автобус компанид төлдөг, тэгэхээр давхар мөнгө бэлнээр төлөөд байна гэсэн үг юм.

Мөн өдөрт хэдэн хүн тогтмол үйлчлүүлж байна, тэдгээрийн хэд нь ахмад настан эсвэл оюутан байгааг, аль автобусны буудал ачаалал ихтэй байна вэ гэдгийг маш нарийн харах боломжтой болсон юм. Зорчигч урсгалын мэдээлэл нэг бүрчлэн тоологдож, тоон статистик нарийн тодорхой болсон гэсэн үг. Мөн тэдгээр мэдээллийг Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтнүүд холбогдох төлөвлөлтдөө ашиглаж байгаа нь маш том давуу тал болж байна. Түүнээс гадна иргэд бэлэн мөнгөтэй харьцахгүй, карт хэлбэрт шилжүүлсэн нь олон улсын жишигт нийцсэн зүйл болсон. 

Мөн картаар төлбөр төлдөг болсноор санхүүтэй холбоотой хоёр төрлийн давуу талыг авчирсан.  Нэгдүгээрт, өмнө нь хөнгөлөлттэй зорчигчид буюу ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлбөрийг тэдний нийт тоог харгалзан төрөөс төвлөрүүлдэг байсан бол энэхүү үйлчилгээ нэвтэрснээр тэдний зорчилтыг нэг бүрчлэн тоолдог болсон. Жишээ нь, Дорж гэдэг ахмад настан сард хэдэн удаа суусан тоогоор нь нөхөн олговрын мөнгийг олгодог болсон. Ингэснээр жилд 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт тогтмол хийж байна. 

Хоёрдугаарт, төсөл хэрэгжиж эхэлснээс хойш шугамын орлого буюу энгийн тарифаар зорчдог иргэдийн төлбөрөөс бүрддэг орлого жилээс жилд нэмэгдсэн сайн үзүүлэлттэй байсан ч 2019 он гарснаас хойш бууралттай байна. Шалтгаан нь иргэд автобусны жолоочид бэлэн мөнгө өгөх үзэгдэл буурахгүй байна. Зорчигч жолоочид бэлэн мөнгө өгөх нь хоёр дахин хохиролтой нөхцлийг үүсгэж байдаг. Учир нь тухайн иргэний зорчилтын мөнгийг нийслэлээс тухайн автобус компанид төлдөг, тэгэхээр давхар мөнгө бэлнээр төлөөд байна гэсэн үг юм. Энэ үзэгдэл бидний хувьд нэлээн тулгамдсан асуудал болоод байна. Үүнийг бууруулахын тулд Нийслэлийн тээврийн газар, хяналт шалгалтын байгууллага, Улаанбаатар Смарт карт хамтран тодорхой ажлуудыг хийгээд явж байна.

-Карт цэнэглэх газрын хүрэлцээ муу байгаагаас жолоочид бэлэн мөнгө өгөхөөс өөр аргагүйд хүрч байна хэмээн тайлбарладаг.
-Энэ үйлчилгээ нэвтрээд шугамын орлого 23 хувиар өсч байсан. Анх карт борлуулах, цэнэглэх 430 гэрээт цэг ажиллаж байсан бол өдгөө 547 болтлоо өссөн. Гэсэн ч жолоочид бэлэн мөнгө өгдөг зөрчил нэмэгдсээр байна. Тэгэхээр энэ зөрчил гарах үндэс нь гэрээт цэгээс шууд хамааралтай гэж харагдахгүй байгаа юм. Гэхдээ бид гэрээт цэгийн үйлчилгээг сайжруулах, тоог нь нэмэх ажлуудыг хийсээр байх болно. Карт борлуулах, цэнэглэлт хийх гэрээт цэгийн тоог 650 болгохоор ажиллаж байна. 

24 цагийн турш ажилладаг сүлжээ дэлгүүрүүд болох Circle K, CU болон болон V point гэх мэт газруудтай хамтраад карт цэнэглэх үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна. Тэгэхээр иргэд өөрсдийнхөө зорчилтыг төлөвлөн, цаг гаргаж картаа цэнэглүүлэх бүрэн боломжтой. 

Иргэдийн нийтийн тээврийн зорчилт тутамд НӨАТ-ын сугалааны дугаар авах боломжтой болгохоор Татварын ерөнхий газартай хамтран бэлтгэл ажлаа хангаж байна.

-Иргэд картаа мартах тохиолдолд дахин шинээр авах эсвэл таксидах гэхээр төвөгтэй байдаг. Жолоочид бэлэн мөнгө өгч бүр ч болохгүй. Ийм үед ашиглах  боломжтой нэг удаагийн карт гаргах боломжтой юу?
-Одоогоор нэг удаагийн зорчилтыг шийдсэн зүйл байхгүй ч цаашдын ажилдаа төлөвлөх боломжтой. Гэхдээ автобусны картнаас гадна хамтарсан картууд байгаа гэдгийг дурдмаар байна. Мобиком, Юнителийн сим картдаа тохиргоо хийлгэн зорчих боломжтой, Скайтелийнх удахгүй гарна.  

Мөн банкны хамтарсан карт гэж бий. Хаан банктай хамтраад City Bus хэмээх картыг худалдаанд гаргасан. Хэрэглэгч цэнэглэх цэг дээр очих шаардлагагүй, данснаасаа цэнэглэх боломжтойгоороо давуу талтай. Мөн ХХБ, Голомт зэрэг банкуудтай хамтарч ажиллахаар ярьж байна. 

-Картан дээр байдаг сурталчилгааны төлбөр аль байгууллагад орж, юунд зарцуулагддаг вэ?
-Картын үндсэн загвараас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд болон бизнесийн байгууллагатай хамтран хоёр төрлийн загварыг гаргадаг. Цусны донорын үйл ажиллагаа, хүүхдийн тусламжийн 108 утас, хууль эрх зүй, эрүүл мэнд, авилгын эсрэг гээд сурталчилгааны агуулга бүхий загварыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг. 

Мөн бизнесийн байгууллага тодорхой хэмжээний төлбөрийг төлөөд сурталчилгаагаа байршуулж болдог. Тухайн төлбөр Улаанбаатар Смарт картын орлого болдог ба эргээд иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжруулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй төсөл хөтөлбөрүүддээ зарцуулдаг. 

Нийтийн тээврээр нэг өдөрт зорчдог иргэд дунджаар

“ӨДӨРТ 600 МЯНГАН ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГААГИЙН 10 ХУВЬ НЬ ТОГТМОЛ ДАМЖИН СУУДАГ”

-Дамжин суултын талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал…?
-“Улаанбаатар Смарт карт” үйлчилгээ нэвтэрсний хамгийн том давуу тал нь үнэгүй дамжин суулт юм. Гэхдээ үнэ төлбөргүй дамжин суухдаа зорчигч хэд хэдэн нөхцлийг хангах ёстой. 

1. Дамжин суухаар бол өмнөх чиглэлээсээ өөр чиглэлийн автобусаар зорчих ёстой. Нэг үгээр буусан автобусныхаа нэг чиглэлийн автобусанд дахин суувал дамжин суултын хөнгөлөлт эдлэхгүй.
2. Эхний автобуснаас буухдаа картаа уншуулснаар дараагийн автобусанд үнэгүй дамжин суух боломжтой болно
3. Дамжин суулт 30 минутын хугацаанд хүчинтэй. Түүнээс хэтэрвэл үнэгүй дамжин суух боломжгүй. 
4. Нэг удаа дамжин сууснаас хойшхи дараагийн дамжин суулт 4 цагийн дараа идэвхжинэ. Гэхдээ өмнө нь дамжин суугаад буухдаа картаа мөн л уншуулах ёстой юм. Тэгж байж 4 цагийн дараах үнэгүй дамжин суулт идэвхжих юм. Иргэд "өглөө үнэгүй дамжин суугаад орой болохгүй байна" гэсэн гомдлыг хэлдэг. Тэгэхээр өглөө дамжин суучихаад буухдаа картаа уншуулах ёстой гэсэн үг юм.

Иргэд дээрх хэдэн нөхцлийг хэвшүүлсэн байхад үнэгүй дамжин суухад асуудал гарахгүй юм. Нийслэлд өдөрт 600 мянган зорчигч үйлчлүүлж байгаагийн 10 хувь нь тогтмол дамжин суудаг гэсэн тооцоолол бий. 

-Идэвхтэй ашиглагддаг хэдэн тооны карт байдаг вэ?
-Идэвхтэй ашиглагддаг 1.4 сая орчим карт бий. Тэгэхээр хэрэглэгчдийн гар дээр очсон болон худалдаанд байгаа картууд хангалттай байгаа гэсэн үг. Өдөрт дунджаар 600 мянга орчим зорчигч үйлчлүүлж байгаа гэхэд түүнээсээ хоёр дахин олон карт хэрэглэгчдэд байгаа юм. Бид гэрээт карт борлуулах цэгүүд дээрээ өглөө орой хэвийн ажиллаж байна уу гэдэгт хяналт тавин ажилладаг. 

Хөнгөлөлттэй зорчигчид картыг зөвхөн өөрөө ашиглах ёстой бөгөөд хэн нэгэнд дамжуулж ашиглуулсан тохиолдолд торгох, картыг нэг жилийн хугацаанд хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авдаг. Яг ингэж картаа хаалгасан иргэд цөөнгүй бий. 

-Гэрээт борлуулагчид борлуулалтын хэдэн хувийг хүртдэг вэ?
-Тэд карт борлуулалтын 10 хувийг, цэнэглэлтийн 1-2 хувийг авдаг. Өглөө эрт болон оройн цагаар цэнэглэлт хийхэд үнийн дүнгийн 2 хувийг өгдөг байх хөшүүрэг хийсэн. 

-Сарын турш хэрэглэдэг карт гэж байдаг. Үүнийг иргэд хэр их хэрэглэдэг вэ? 
-Автобусаар байнга зорчдог иргэдийн хувьд энэ нь маш давуу талтай карт юм. Том хүн 25000₮, хүүхэд 8000₮-өөр цэнэглэлт хийн тухайн сардаа хязгааргүй зорчино гэсэн үг юм. Уг картыг авахдаа эхлээд хэрэглэгчийн төв дээр ирэх шаардлагатай бөгөөд үүнээс хойш интернетээр мөнгөө шилжүүлээд явах юм. Сарын картыг өдөр тутам 20 мянга орчим хүн ашигладаг гэсэн тооцоо бий.  

- “U money” картаа алга болгосон тохиолдолд хаалгаад мөнгөн дүнг нь дараагийн шинэ карт руугаа шилжүүлж болдог уу?
-Үрэгдүүлсэн тохиолдолд сэргээх боломжгүй. Харин санамсаргүйгээр гэмтээх, хугалсан тохиолдолд тухайн картаа хэрэглэгчийн төвүүдэд авчраад үлдэгдлийг нь шинэ карт руугаа шилжүүлэх боломжтой.  

-Оюутан биш байж оюутны картыг, хөгжлийн бэрхшээлтэй биш хэр нь хөнгөлөлттэй иргэдийн картыг ашиглаад байгаа зөрчлийг хэрхэн бууруулах вэ?
-Хяналтыг Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн байцаагчид болон хөндлөнгийн хяналт гүйцэтгэх компани хийдэг. Хөнгөлөлттэй зорчигчид картыг зөвхөн өөрөө ашиглах ёстой бөгөөд хэн нэгэнд дамжуулж ашиглуулсан тохиолдолд торгох, картыг нэг жилийн хугацаанд хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авдаг. Яг ингэж картаа хаалгасан иргэд цөөнгүй бий. 

-Иргэдийн зорчилтын оргил үеэр буюу өглөө оройн цагаар тухайн шугаманд нийтийн тээврийн тоог нэмэх зохицуулалт хийх боломжтой юу?
-Нийслэлийн тээврийн газраас яг энэ дээр ажиллаж байгаа. Ер нь энэ төрлийн зохицуулалт хийгдсэн. Миний мэдэж байгаагаар 2-3 туршилтын чиглэлийг динамик байдлаар төлөвлөж зорчилт ихтэй үед автобусны тоог ихэсгэх аргыг ашиглаж байгаа юм. 

Мөн автобус өглөө зөвхөн эцсийн цэгээс хөдөлдөг байсан бол дундын цэг буюу төв рүү ойртсон байдлаар маршрутаа эхлүүлэхээр зарим чиглэлд оруулсан. Гэхдээ Нийслэлийн тээврийн газраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх байх. 

-Ойрын хугацаанд "UB Smart Card"-ийн хэрэглээ, технологид хийх шинэчлэлт, хөгжүүлэлт бий юу?
-Нийтийн тээврийн үйлчилгээ хуулиараа НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг учир буцаан олголт өгөх боломжгүй. Харин тодорхой төлбөр төлөлт хийгдэж байгаа учир иргэдийн нийтийн тээврээр зорчих бүрд НӨАТ-ын сугалааны дугаар авах боломжтой болгохоор Татварын ерөнхий газартай хамтран бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажил хэрэгжвэл томоохон ахиц гарах юм. Мөн цэнэглэлтийн үйл ажиллагааг сайжруулах, “U money” картын төрлийг нэмэх зэрэг төлөвлөгөөт ажлуудыг хийгээд явж байна. 

-Зорчигчид хэдийнээс и-баримтын сугалааны дугаар авдаг болох вэ? 
-Яг нарийн цаг хугацааг хэлэх боломжгүй байна. Гэхдээ ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. 

-Ярилцсанд баярлалаа. 

 
 
Эх сурвалж: GOGO.MN
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Kh
32 өдрийн өмнө / 202.126.88.191

Uschin, goo saikhnii emnelguud barimt uguhgui umaa, barimt avbal hyamdralgui uneer uilchlene, manaih hyamdarsan baigaa esvel manaih eruul mendiin baiguullaga geh um