Хотын төвд зөвшөөрөлгүй барилга баригдсаар л байх уу, мэргэжлийн хяналтынхаан

: 17 өдрийн өмнө / 2019-08-07 18:09:57

Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг. Энэ дагуу зургаадугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур харвааны талбайн баруун талд баригдаж буй “Мөнхсайн санаа” ХХК-ийн 414 айлын орон сууцны 23 давхар дөрвөн барилгад шалгалт хийхэд тус аж ахуйн нэгж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан аж.

Тиймээс “Зөрчлийн тухай” хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийг арилгуулах хүртлэх хугацаанд түр зогсоохыг даалгасан байна. Дээрх хуулийн заалтад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /10 сая/ төгрөгөөр торгоно гэж заажээ.

Гэтэл эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан даалгаврыг биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл барилга угсралтын ажлаа гүйцэтгэсээр байна. Анх “Мөнхсайн санаа” компанид Хан-Уул дүүргийн XV хорооны нутагт нийслэлийн Засаг дарга С.Батболдын 2018 оны наймдугаар сарын 28-ны А/773 тоот шийдвэрээр 8510 ам метр газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших гэрчилгээ олгожээ.

Тэндээ доороо нэгдсэн зогсоолтой 414 айлын орон сууцны хотхон барихаар тус компанийнхан төлөвлөж, захирал Д.Батсанаагийн гарын үсэгтэй хүсэлтээ энэ оны гуравдугаар сарын 21-нд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлжээ. Холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл бүрэн гараагүй байхад аль хэдийнээ дөрвөн барилгын гадна карказын дийлэнх хэсэг нь боссон байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн намраас барилгыг ямар ч зөвшөөрөлгүйгээр барьж эхэлсэн байх магадлалтай гэсэн үг.

Хамгийн гол нь хотын төвд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбай орчимд дөрвийн дөрвөн өндөр барилга барихаар араг ясаа босгочихоод байхад Хан-Уул дүүргийн удирдлага, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтынхан, ерөнхий төлөвлөгөөний газрынхан нүдэн балай чихэн дүлий сууж байсан гэхээр итгэмээргүй.   
 
Энэ мэтээр нийслэлд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажлаа эхлүүлсэн хэчнээн барилга байгаа, түүний ард “Зөвшөөрлийг тань гаргаж өгнө” хэмээн төрийн хэчнээн албан хаагч “хахууль” авч суугаа гэдгийг хэн ч одоогоор мэдэхгүй.

Магадгүй нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагийн, мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нарын “амаараа” өгсөн  албан ёсны бус зөвшөөрөлд дулдуйдан барилгын ажлаа эхлээд явж байтал барьсан хойно учир нь олдоно, иргэдийг оруулсны дараа бол “Зөвшөөрөл өгөхгүйдээ хаачих юм” гэсэн  сэтгэхүйгээр хандах муу занд хувийн хэвшлийнхнийг төрийн албан хаагчид өөрсдөө сургачихсан юм биш байгаа. 

Харин сүүлийн үеийн мэдээллээс харж байхад нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иймэрхүү хууль бус асуудлыг анхааралдаа авч, газар дээр нь очиж биечлэн танилцаад, хуулийн дагуу арга хэмжээ авахыг даалгах болсон байна билээ.  Эзэнгүй айлыг тонож буй аятай төр, засаг, хууль дүрмийг уландаа гишгэсэн энэ мэт даварсан үйлдлийг холбогдох албаны хүмүүс, тэр дундаа мэргэжлийн хяналтынхан онцгойлон анхаарч, төрийн төмөр нүүрийг үзүүлэх нь лавтай биз ээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих