Б.Хурц нарыг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

: 11 өдрийн өмнө / 2019-08-13 09:58:25

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд өчигдөр эхэллээ.

Хуралд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүн шүүгдэгчээр оролцож байгаа. Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булган хохирогчоор оролцож байгаа юм.

ТҮР ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Энэ удаагийн хуралд УИХ-ын түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч шүүгчид хүлээж аваагүй. Энэ үндэслэлээ Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасныг зөрчих үндэслэл болно.

Түр хороо нь УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хорооны эрх эдэлдэг, Байнгын хороонд хаалттай шүүх хуралдаанд оролцох эрх байхгүй, мөн УИХ-ын гишүүний эрхэд хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох эрх байхгүй байна. Иймд  С.Зоригийн амь нас хохирсон хэрэгт Түр хороо байгуулагдан ажиллаж байгаа гэх үндэслэлээр Б.Хурц нарт холбогдох хаалттай шүүх хуралдаанд оролцуулах үндэслэл байхгүй байна гэж үзлээ” хэмээн тайлбарлав.

Түүнээс гадна шүүх хуралдааны танхимын гадна талбайд иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл уриа лоозон барьж тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийллээ.

“ШҮҮХ ХУРАЛДААНЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ”

ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өчигдрийн 13:30 цагт завсарласан юм. Завсарлагааны үеэр шүүх хурлын зарим оролцогч сэтгүүлчдийн асуултад хариулав.

Өмгөөлөгч Б.Мэргэн “Шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Маш нууцын зэрэглэлтэй хэрэг учраас үүнийг шүүх шийдэхгүй. Засгийн газрын тогтоолоор зарим хэсгийг ил болгосон ч бусад 30 гаруй хавтаст хэрэг нууц хэвээрээ байгаа. Энэ хэргийн нууцыг ил болгох асуудлыг Тагнуулын ерөнхий газрын саналаар Засгийн газар шийдвэрлэх ёстой” гэсэн юм.

Харин С.Зориг агсны гэргий Б.Булган “Би барагтаа юм ярьж болохгүй. Хурал эхэлсэн учраас дуусах ёстой. Одоо хойшилно гэж байхгүй. Тиймээс шийдэгдэх байх гэж бодож байна. Хэтэрхий олон хүн байна” гэв.

Харин Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Энэ хэргийг Монголын ард түмнээс гадна гадаадын хүний эрхийн байгууллагууд ч гэсэн энэ хэргийн талаар мэддэг боллоо. Жирийн иргэнийг 100 хувь хэлмэгдүүлж, өчнөөн зодуур, нүдүүрийн арга хэрэглэлээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг л түргэн суллахгүй бол одоо бие нь улам муудаж байна. Cap болоод нэг удаа хүүтэйгээ уулздаг юм. Шүүх хурлаар үнэн зөв шийдэх байх гэж бодож байна. Би хохирогч хэдий ч шүүх хуралд орж чадахгүй, оруулахгүй байгаа” гэлээ.

Хурал 14:30 цагт буцан орж орой 20:00 цагт завсарласан юм. Шүүх хуралд гэрч болон бусад холбогдогчоос өнөөдөр үргэлжлүүлэн тайлбар авах юм байна.

С.Уянга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих