Хонконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг Ерөнхий консулын газраас зөвлөлөө

: 38 өдрийн өмнө / 2019-08-13 10:45:57

НХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс /ЗЗОБ/ Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн үйл ажиллагаа улам идэвхжиж, томоохон дүүргүүдэд амралтын өдрүүдээр тогтмол зохион байгуулагдаж байна. Мөн Хонконгийн олон улсын нисэх буудалд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тайван суулт хийж байна.

Сүүлийн үед жагсаал цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсч, үймэн самуун дэгдэн, цагдаа, жагсагчид болон жагсагчдын эсрэг бүлэглэлүүдийн хооронд тогтмол мөргөлдөөн гарч байна.

Тодруулбал, наймдугаар сарын 11-ний жагсаалыг цагдаагийн байгууллага хүчээр тараахдаа хуванцар сум хэрэглэснээс үүдэн маргааш нь буюу наймдугаар сарын 12-ны өдөр Хонконгийн олон улсын нисэх буудалд олон мянган хүн цуглаж, нислэгийн бүртгэлийн ажиллагаа саатсан тул 16.00 цагаас хойшхи бүх гарах нислэгийг цуцлав.

Иймд иргэдийг Хонконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байх, шөнө оройн цагаар болон амралтын өдрүүдээр олон хүн цугласан газруудад очихгүй байх, дамжин өнгөрөх нислэгээ Хонконгоос өөр газрыг сонгон нисэхийг Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас зөвлөж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих