Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх хоёр шүүмж

: 10 өдрийн өмнө / 2019-08-14 11:16:44

Улс төрийн гол тренд болоод байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх зарим дэмжмээргүй заалтуудын талаар чамд сонирхуулъя. “Нутгийн удирдлагын боловсронгуй болгох” гэсэн бадрангуй нэртэй хуралд сууж, Д.Лүндээжанцан гишүүний бөөрөнхий хариултуудыг авсан боловч Үндсэн хуулийн төслийн зарим заалт дээр эрх баригчдаас зориудаар оруулсан “өөхөнд боосон чулуу” байна хэмээн хардахад эрхгүй хүргэсэн юм.

 ЗАСАГ ЗАХИРГААНЫ ШИНЭЧЛЭЛ ХИЙХГҮЙ БОЛ ҮНДСЭН ХУУЛЬ ХӨНДӨХ ХЭРЭГГҮЙ

Нэгэн сумын Засаг дарга залуу сумынхаа 90 жилийн ойн хүрээнд цугласан хандивын мөнгөөрөө тун чиг сайхан гэрэлтүүлэг тавьжээ. Наадамд цугласан нутгийн уугуул суугуул зон олон амаа олохгүй магтаж, хот газар шиг хөгжил ирлээ хэмээн хөөрцөглөв. Харамсалтай нь хоёр сарын дараа тэр суманд дахиад л харанхуй гудамж нь эргэж ирэв. Шалтгаан нь сар бүр сумын гэрэлтүүлгийн мөнгө болох хориод сая төгрөгийн дарамтыг даах төсөв тэр жижиг суманд байхгүй. Монголын 332 сумдын 170 гаруй нь шүлэгт гардаг “торгоны хээ шиг” хэт жижиг болохоор эдийн засгийн  өрсөлдөх чадваргүй, бие даах боломжгүй үргэлж улсын төсвийн дэмжлэгээр амь тариа хийлгэж оршин тогтнодог ажээ.  Түүх сөхвөл, бутралын үед байсан отог, хошуу гэх засаг захиргааны нэгжийг манжууд бүр жижиглэж   86 хошуу 140 орчим сум болгож буталсан бол 1924 оноос эхлэн оросууд дахин хувааж өнөөгийн 330 орчим сумыг үндсэнд нь буй болгож өгчээ.

Сүүлийн гучин жилийн турш ярьж буй зах зээлийн эдийн засагт тохирсон засаг захиргааны бүрэн шинэчлэлийн тухай энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн парламентын ч, Ерөнхийлөгчийн ч аль ч төсөлд харамсалтай  нь тусгагдсангүй.  Харин оронд нь Ерөнхийлөгчийн талынхан уул уурхайтай аймгуудын орлогыг татан төвлөрүүлж уул уурхайгүй сумдад тэгш хүртээх тухай ярьсан бол, парламентыг төлөөлж Д.Лүндээжанцан гишүүн сум байснаараа улсын хил хамгаалж, эзэнгүй нутгийг эзэнжүүлж байдаг тухай  шүлэг шиг романтик тайлбар хийв. Юуны өмнө эрх баригчдын тайлбарлаад байгаа шиг сум бол хил хамгаалалтын юмуу нутаг сахиж эзэнжүүлэхэд зориулсан байгууламж биш юм. 1924 онд сум үүсэхээс ч өмнө монголчууд багадаа 1000 гаруй жилийн турш дархан хилээ амжилттай манаж, бэлчээрийн менежментээ боломжийн хүрээнд зохицуулсаар ирсэн юм. Зах хязгаарыг манах үүрэгтэй байгуулагдсан захчин түмний  удмын хувьд Д.Лүндээжанцан гишүүнд хандаж дахин хэлэхэд олон жижиг сум байснаар хил хамгаалагддаггүй. Үүнийг би биш МАН-аас парламентад сонгогдсон, захчин С.Бямбацогт гишүүн хэлэх ёстой байсан боловч бизнесмен хүний прагматик хийгээд бэртэгчин зангаар хэлэлцүүлэгт хажууд нь хэлээ хазаад сууж л байна лээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭЭР НЭМДЭГ НЬ 341 ТЭНЦҮҮ 342 ЧИНГИС ХААН ТОДРУУЛАХ НЬ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих эсэх дээр бүх ард түмний санал асуулга явуулбал  парламент 108 гишүүнтэй болох эсэх гэх мэт заалтаас болоод дэмжигдэхгүйг мэдэрсэн эрх баригчид олон хэлэлцүүлгээс баахан коммент цуглуулж нийгмийн идэвхтэй хэсгийг тайвшруулж байгаад энэ намар батлахаар тооцож ерөнхийлөгчөөр “108 тоотой хэцүү үгийг” хэлүүлж чадсан бололтой.  Намар амжаад батлагдчихвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улс төрчдөөс хамгийн өндөр рейтингтэй байгаа дээр гялс сонгуулийн хуулиа батлаад ээлжит бус сонгууль хийх  тухай санал ч түүний ойрын хүрээнд гарсан байна. Бас чиг гэж зөв санаа. 2020 оны хавар гэхэд Монголын ард түмний амьдрал огцом сайжрах боломжгүй, “танкаа мотоциклээр сольсон хурандаа”-гийн нэр хүнд огцом унасан байх учраас одоо гялс сонгогчдоо молигодчихвол арай эрсдэл багатай сонгуулийн дүн гарна.  Ямартаа ч МАН дараагийн парламентын сонгуульд ялна гэж тооцож буй учраас орон нутгийн сонгуулийг бүхэлд улс төрийн хямралд оруулах нэгэн заалт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өөрсдийн төсөлд шургуулсан байна.

Төслийн 60.3-д  сум, дүүргийн засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд 4 жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. 60.4 д сум, дүүргийн засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах засаг даргыг аймаг, нийслэлийн засаг дарга томилно гэж оруулжээ.  Энэ заалт батлагдах юм бол хоёр том хүндрэл үүсгэх болно. Нэгд, сум, дүүргийн засаг дарга нар хувийн мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгогдсоны дараа сум, дүүргийнхээ иргэдийн хурлын мөрийн хөтөлбөртэй зөрчилд орсноос хамтран ажиллахад хүнд болно. Нэг талд нь  бүх сонгогчдынхоо олонхын санал авсан засаг нөгөө талд нь тодорхой жижиг тойргуудаас сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчдийн хэн нь  бодлогоо хэрэгжүүлэх вэ, эцсийн хариуцлагыг үүрэх вэ гэсэн тодорхойгүй зөрчил уруу явна. Сумын засаг дарга нь уурхайнуудыг хаана гэсэн хөтөлбөртэй, иргэдийн хурал нь уул уурхайг дэмжинэ гэсэн мөрийн хөтөлбөртэй  бол шийдвэр гарахгүй таг гацна. Эсвэл Засгийн Газар нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэсэн бодлого хэрэгжүүлнэ гэж зарласан байхад сумын засаг болсон нөхөр нутагтаа байгаа гадаад хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хаана гэсэн популист мөрийн хөтөлбөрөөр олонхоос сонгогдсон бол эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ. Бид ийм зөрчлийг нийт ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч болон 76 тойргоос сонгогдсон парламент, тэдний байгуулсан Засгийн Газар хоёрын хэн нь гол шийдвэр гаргагч байх вэ гэсэн мөнхийн эрх ашгийн мөргөлдөөнөөр сүүлийн гучин жил харж байгаа. Үе үеийн Засгийн Газруудын огцроход заавал Ерөнхийлөгчийн оролцоо байдаг аксиом байдгийг бүгд мэддэг болсон.

Тэгвэл ийм зөрчлөө бид нэг биш нийт 332 сум, 9 дүүрэг бүрдээ бий болгох хямрал уруу явж байна. Тодруулбал, бид 342 бие даасан Чингис хаан тодруулж “феодалын бутрал” уруугаа эргэн очих эрсдэл байна. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болохын тулд 300 мянган сонгогчийн олонхын санал авах шаардлагатай бол тухайн дүүргүүдээс УИХ-ын гишүүн болохын тулд  тав дахин бага сонгогчийн санал авахад л болохоор байна.

Хоёрт, парламентын сонгуулийн дүнгээр олонх болж Засгийн Газраа байгуулсан Ерөнхий сайд намар нь болох орон нутгийн сонгуулийн дүн таалагдахгүй бол иргэдийн хурал, Засаг дарга хоёрын зөрчлийг ашиглан огцруулж Үндсэн хуулийн 60.4-ийг ашиглан сонгуульд огт оролцоогүй баахан намын гишүүдээ сум, дүүргийн даргаар томилох “их аян” эхлүүлэх нь гарцаагүй. Ингэхдээ Ерөнхий сайд цагдаа, тагнуул, АТГ зэрэг хүчний байгууллагуудыг ашиглах замаар нийт иргэдээс сонгогдсон Засаг даргыг шахаж сүрдүүлэх, ял өгүүлэх технологи хэрэгжиж иргэдийн жагсаал цуглаан ч тасрахгүй, Монгол Улс улс төрийн хямралд орохоор байна. Эцэст нь шүүхийн олон шатны маргаан үргэлжилж Засаг даргагүй, сонгогчид нь танихгүй баахан үүрэг гүйцэтгэгчтэй олон сум, дүүргүүд дараагийн сонгууль хүргэх байдал үүсгэхээр байна.

2020 онд одоогийн эрх баригчид болох МАН ялж Ерөнхий сайддаа орон нутгийн өөрөө удирдах ёсыг зөрчих эрхийг Үндсэн хуулиар олгоно гэж тооцсон байдал харагдаж байна. Гэвч үүнээс үүсэх улс төрийн хямрал, засаглалын легитим чанаргүйн төлөөсөнд улс орноо хуваагдал, иргэний дайн уруу бүү чирээсэй, энэ эрсдэлээ тооцоосой  парламент дахь бидний тусгалууд маань.

О.ЧУЛУУНБИЛЭГ
Улс төрийн менежер

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Иргэн
10 өдрийн өмнө / 66.181.161.67

ҮХ-д өөрчлөлт оруулахын өмнө Парламентат ёс түүний үүсэл хөгжлийг сайтар судлах хэрэгтэй байх. Парламентат ёсыг Парламентын засаглал хэмээн захиран засаглах агуулгатай хутгаад байна. Нөгөө талаар харин ард түмний засаглал гэсэн зарчмын талаар ойголт гарахгүй байна. Үүнийг орон нутаг дахь төрийн удирдлага, өөрийн удирдлага гэсэн зарчмын ялгааг ялгаж салгахгүйгээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэсэн халхавчаар бүрхэгдүүлж буйн улмаас ардчиллын үнэт зүйлс дарагдан, дарангуйлал идвэхжих хандлага ажиглагдаж байна.