Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авахаар боллоо

: 10 өдрийн өмнө / 2019-08-14 12:10:06

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг баталлаа.

Тогтоол батлагдсанаар Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 91-р тогтоолыг хүчингүй болгож, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, улсын тусгай хамгаалалтад авсан байна. Энэхүү талбайг улсын тусгай хамгаалалтад авснаар Тост, Тосон бумбын нурууны 869540.47 га газарт ямар ч компани уул уурхайн ашиглалт, олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм.

Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тухай Засгийн газрын тогтоолыг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” 2.3.1-д “… Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах”, “Ногоон хөгжлийн бодлого” 3.2.1-д “Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-aac доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хүргэх”, “Ус үндэсний хөтөлбөр”-т “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн 60 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож, улсын болон орон нутгийн хамгаалалтад авна”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4.2.1-д “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иac доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” хэмээн тодорхойлсон төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталжээ.

Засгийн газрын тогтоолтой холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан томоохон ажлын хэсэг Тост, Тосон Бумын нуруунд олгогдсон хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт хийхээр болжээ.

Хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт, мэдээллийн санд бүртгэхийг БХБ-ын сайд Х.Баделханд, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт даалгасан байна.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153.4 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай Засгийн газрын тогтоол багтагдлаа. 

Үүнтэй уялдуулж Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдахаар боллоо” гэв. 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих