Б.Отгонсүх: "Cable car" агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ

: 4 өдрийн өмнө / 2019-08-15 12:15:20

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас нийслэл хотод А,В,С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Гэвч  иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа. Энэ талаар нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас /2019.08.15/ мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Бид нийслэлийн автозамыг 2019 оны наймдугаар сарын 15-наас А,В,С бүсчлэлд хуваах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан.

Харин Хотын захиргаанаас 2019 оныг иргэдээ сонсох жил болгон зарласантай холбогдуулан бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хамгийн түрүүнд иргэдээс сошиалаар санал авч байхаар тохирсон.

Тиймээс бид энэ асуудлаар хоёр удаа санал асуулга явуулсан. Эхний удаа санал асуулга авахад иргэд дэмжсэн ч дараагийн санал асуулгад 60 хувь нь дэмжээгүй, 40 хувь нь дэмжсэн гэсэн тоон үзүүлэлт гарсан.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 500 гаруй машин зорчиж байна. Бид өдөрт гурван ажил төлөвлөхөд хоёрыг нь замын түгжрэлээс болж амжуулж чаддаггүй төдийгүй жилийн 45 хоногийг замын түгжрэлд зарцуулж байна гэсэн судалгаа мэдээлэл бий.

Тиймээс судалгаанд үндэслэж автозамыг А,В,С бүсчлэлд хуваан дарааллын системд оруулах бодлогыг гаргасан боловч иргэд маань дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа учир бүсчлэлд хуваах асуудлыг түр хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдэж байна.

Гэсэн ч бид цаашдаа иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан нийтийн тээврийг сайн хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Өнөөдрийн байдлаар 1,200 автобус үйлчилгээ үзүүлж байгаа ч 2020 он гэхэд эдгээрийн 80-90 хувь нь стандартын бус болж, жагсаалтаас гарч байгаа. Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.

Мөн нийтийн тээврийг олон хувилбартай болгохын тулд "Cable car" агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Үүний ТЭЗҮ нь бүрэн боловсруулагдан дууссан.

Энэ мэтээр нийтийн тээврийн хэрэгсэлдээ онцгой анхаарсны дараа бүсчлэлд хуваах асуудлаа үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
4 өдрийн өмнө / 202.126.88.185

зүгээр л оновчтой газруудад гүүрэн зам барьчихаач дээ