Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрынхны увайгүй үйлдлийг зогсоох цаг нь болжээ

: 28 өдрийн өмнө / 2019-08-26 11:01:20

Өнөөгийн нийгэмд ШУДАРГА-ҮНЭН БАЙДАЛ гэдэг “усанд хаясан чулуу шиг” хэрхэн алга болчихсоныг хүн болгон амандаа дуу алдан ярьцгааж, ОНМХ болон сошиалаар нэг санал сэтгэгдлээ илэрхийлж байгаа нь нууц биш. Жирийн ард иргэдэд хүнд суртал, хойрш, хөшүүн байдлыг үргэлж үзүүлж, үнэт цаг хугацааг нь ямагт хумсалсаар ирсэн “төрийн албаныхан”-ы ичгүүр сонжуургүй, булхай луйвартай үйлдлийг нэн даруй олж илрүүлэхийг олон нийт өнөөдөр хүсэж, энд тэнд жагсаал цушаан хийж, нийгэмд үнэн-шударга ёсыг тогтоож өгөхийг хуулийн байгууллагаас шаардаж байгаа нь үнэн билээ.
 
Яг үнэндээ төрд алба хашиж байгаа зарим нэг хууцуутай нөхдийн хийсэн балгаар “төрийн алба гэдэг садан төрлийн хэлхээ холбоо”-нд хутгалдаж, танил тохой татаж, төрд тангараг өргөсөн алба хаагчид нь нэлэнхүйдээ хээл хахуульд идэгдсэнээс болж, төрийн албаны нэр хүнд ард иргэдийн дунд “шороотой бужигнаж шаварт унасан” гэдгийг захын юг иргэний хариулт хялбархан хэлээд өгчихнө. Бодит байдал гэдэг ийм л дүр төрхтэйгөөр ард олны уур бухимдал, ундууцал гомдлыг дээд зэргээр төрүүлж, төр засагт итгэх итгэлийг зориудаар ийнхүү унагаж байгааг хараад “нүдэн балай-чихэн дүлий” өнгөрүүлдэг, төрийн нэрийн өмнөөс боддогогүй тушаал, шийдвэр гаргадаг нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох цаг нэгэнт ирснийг нийгмийн уур амьсгал бэлхнээ гэрчилнэ.
 
Төрийн алба хашиж буй хариуцлагагүй албан тушаалтны хууль бус шийдвэр дүгнэлтээс болж, гадаад догоодын хөрөнгө оруулагчид хэдэн тэрбумын хөрөнгө мөнгөө хий дэмий “салхи”-нд хийсгэж, сэтгэл санааны болон цаг хугацааны хувьд ихээхэн алдагдал хүлээж, хэвийн үйл ажиллагаа нь хэрхэн зогсонги байдалд орж байгааг баттай эх сурвалж, баримт нотолгоотой гаргаж тавихыг зорилоо. “Хуульч хүн худлаа ярьж болохгүй” гэдэг “амьдралын теором”-оор бодит үнэн байдлыг нэр устай, баримт факттайгаар дурдахдаа айх эмээх зүйл ер байхгүй гэдгээ хэлчихсэн нь дээр. Улс орны хөгжилд “тээг саад чөдөр тушаа” болж ирсэн төрийн албаныханы хуудуутай үйлдлээс болж, эд хөрөнгөөр тогтохгүй сэтгэл санаагаар хэрхэн хохирч байгааг бүх шатны шүүхүүдэд хандаж буй олон иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтүүдээс тодорхой харагдаж байгааг доорх жишээг дурдахад хангалттай. Хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, “Жавхлант орд” ХХК-ийг сшон зуун тэрбумын алдагдалд оруулж байгаагаа юман чинээ тоохгүй, хээл хахуульд өртөгдөж, хэн нэгний нөлөөнд автагдсан байж болзошгүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын зарим нэр бүхий удирдлага болон бүртгэгчийн санаатай үйлдлийг нэн даруй таслан зогсоохыг шаардах нь шударга ёсонд нийцнэ. Уншигч олонд ойлгомжтой байлгах үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын бүртгэгч байцаагчдын бусармаг, санаатай үйлдлээс болж, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант орд” ХХК-ийн хөрөнгө оруулагч буюу Маршалын Арлуудын Бүгд Найрамдах улсад бүртгэлтэй “Profit Yield Limited” компанийн үүсгэн байгуулагч, БНХАУ-ын иргэн Gai Keqin гэгч хэрхэн хохирч байгааг нэхэн сануулах нь зүйд нийцнэ.
 
...Түүх ингэж эхэлсэн байдаг. Одоогоос арваад жилийн өмнө буюу 2008 оны 04-р сарын 16-ны өдөр одоогийн шүүх цагдаадаа тулаад байгаа “хэрүүлийн алим -хэнгэрэгийн дохиур” болсон “Жавхлант орд” ХХК нь ганц гишүүнтэйгээр гадаад худалдаа явуулах чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан гэдэг. 2011 оны 04-р сарын 15-ны өдөр 100%-ийн өмч эзэмшйх эрхтэйгээр бүртгүүлсэн хуулийн этгээдийн цорын ганц үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь “Profit Yield Limited” компанийг үүсгэн байгуулагч, БНХАУ-ын иргэн Gai Keqin гэгч аж. Тэр талаарх албан ёсны нотолгоо болох бүх баримт сэлт хуулийн этгээдийн хувийн хэрэгт байсаар атал УБЕГ-ын мэргэжилтнүүд яагаад ч юм нэгэн нартай өдөр өөрийгөө “Жавхлант орд” ХХК-ийн үүсгэн байгуулагч гэж цоллосон БНХАУ-ын иргэн Liu Tao гэгч нутаг орондоо олон зуун хүнийг залилан мэхэлж, хууль хяналтын байгууллагын хараанд орчихсон этгээдэд хууль зүйн үндэслэлгүйгээр “Жавхлант орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг ямар ч хараа хяналтгүй дур мэдэн томилж, тус компанийн тамга тэмдгийг гартаа оруулах үүд хаалгыг нээгээд өгчихсөнд л хэргийн учиг зангилгаа оршино. Гэтэл үнэн хэрэгтээ УБЕГ нь хэн нэгэн этгээдийн хүсэл зоригоор тийм ч амар хялбар аргаар бүртгэлийн гэрчилгээ олгочихоор хариуцлагагүй газар биш гэдэг нь тухайн байгууллагын албан ёсны сайт дээр тодоос тод цагаан дээр хараар бичээстэй.
 
Улс орны хөгжлийн түүюэлэгч хүч болсон иргэн хийгээд хуулийн этгээдийн талаарх бүртгэл лавлагааг Монгол улсын хэмжээнд эртнээс тооцоо судалгаатай явж ирсэн төдийгүй сүүлийн 10-аад жилийн дотор цахим бүртгэл, мэдээллийн бааз сан нь ихэд нарийн өргөжин тэлснийг тухайн байгууллагын танилцуулганд тодорхой дурдчихаж. Гурван сая гаруйхан иргэнийг тоолж бүртгэж чадахгүй улс орон ч гэж хаа байсан юм, түүнийг дагаад компанийн гэрчилгээ авсан ААН-үүдийн тоо баримт, тодорхой мэдээллүүдийг мэдэхгүй улсын бүртгэлийн алба гэж хаана ч байхгүй.
 
Бүх ААН-үүдтэй холбоотой мэдээллүүд нь Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд хувийн хэрэгтээгээ хамт бүх баримт бичгүүд хамтдаа хавсралтаар нэг дор оршдогийг мэдэхгүй УБЕГ-ын бүртгэгч-улсын байцаагч ч гэж хаана байх билээ. Гэвч хээл хахуульд өртөгдөж, хуулийг улан дороо гишгэчдэг, танил талын хэлхээ холбоог илүүд үздэг төрийн алба хаагчдын бусармаг, булхайтай үйлдлүүдээс болж, дээрх мэтийн ноцгой хэргүүд уцаа дараа гарч, шүүх хуулийн байгууллагын “байнгын үйлчлүүлэгч” болох шахсан бодит үнэнийг хараад дуугүй суухын арга алга.
 
Түүх сөхвөөс...2003 оны 05-р сард “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, мөн оны 10-р сараас мөрдөж эхэлжээ. УИХ-ын 2008 оны 43 дугаар тогтоолоор УБЕГ-ыг байгуулсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн албаны чиг үүрэг шинээр байгуулагдсан УБЕГ-т ийнхүү шилжсэн түүхтэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан улсын бүртгэлийн баримт бичгийг хадгалах журам, Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт дарах баталгааны тэмдгийн загвар, Харилцах данс нээх, хаах тухай мэдэгдэл зэрэг журам, маягтын загварыг баталж байжээ. 
 
Улмаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэл мэдээллийн систем” программыг хийлгэж, 2005 оны 06-р сараас улсын хэмжээнд нэвтрүүлжээ. Түүгээр зогсохгүй энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэг болон бусад холбогдох заалтыг УДШ-ийн 2006 оны 7 дугаар тогтоолоор тайлбарлан мөрдүүлж, шүүхийн практикт зөв хэрэглэх тухай зөвлөмж хүртэл гаргуулчихаж.
 
Ийнхүү одоогоос 10-аад жилийн өмнө Улсын бүртгэлийн алба байгуулагдсанаар ААН-ийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, материалыг нууцын журмаар хадгалах, баяжилт хөдөлгөөнийг тогтмол хийх, лавлагаанд ашиглах асуудал нэг мөр цэгцэрч, дагнасан архивтай болсныгоо УБЕГ-ын https:/wwwburtgel.gov.mn/ албан ёсны сайтад мэдээлснийг уншигч танд давхар хүргэлээ.Ийн атал яахлаараа Улсын бүртгэлд албан ёсны бүртгэлтэй, “буух эзэн буцах хаягтай” “Жавхлант орд” ХХК-ийн албан ёсны хувьцаа эзэмшигч, цорын ганц үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Gai Keqin-ний өмч хөрөнгийг дур мэдэн огтоос хамааралгүй Liu Тао хэмээх луйварчинд улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, тамга тэмдэг атгуулах эрх мэдлийг олгосон нь өөрийн эрхгүй анхаарал татдаг. Жирийн нэг иргэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өрөөл бусдад зарж борлуулахад УБЕГ-аас ямар их баримт нотолгоо шаардаж, нотариатын үүд сахиулж, ийш тийш нь олон дахин эргэж буцаадаг хүнд сурталтайг хэн хүнгүй сайн мэднэ. Тухайн нэг хуулийн этгээд өөрийн өмч хөрөнгийг хөдөлгөж, эргэлтэд оруулахад ийм их бичиг цаас нэхэж, хууль дүрэм ярьж, журам зааварчилгаа шаарддаг атлаа залилан луйвар хийгч гадаадын нэг иргэнд улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг шилжүүлэн өгөхдөө алга урвуулахын дайтай нүд ирмэхийн зуур гүйцэтгэж хаячихаад хууль ёсны жинхэнэ үүсгэн байгуулагчид болохоор янз бүрийн шалтаг тоочиж, цаг хугацаа хороосоор байгаа нь хачирхалтай. Хуулийн байгууллагаар зохих журмын дагуу явж байгаа “Жавхлант орд” ХХК-ийн хөрөнгө оруулагч, БНХАУ-ын иргэн Gai Keqin нь дээрх алдаа дутагдал гарсныг мэдсэн даруйдаа өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч М.Намжилжавыг 2019 оны 04-р сарын 06-ны өдөр томилж ажиллуулахаар болсон байдаг. Үүний дагуу бусдын хууль ёсны компанийг санаатайгаар луйвардаж, хуурамч тушаал гаргаж, хууль бусаар “Жавхлант орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох шийдвэр гаргасан Liu Tao гэгчийн зохисгүй үйлдлийг таслан зогсоохыг шаардсан хүсэлтийг “Profit Yield Limited”компанийн Gai Keqin итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Намжилжав УБЕГ-ын Хяналт шалгалтын газарт 2019 оны 06-р сарын 21-ний өдөр бичгээр гаргасан боловч удаан хугацааны туршид шалгаж, үзэж байна гэсэн хойргошсон хариут өгч байлаа.
 
Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн заалтыг үндэслэн оролцогчоос тайлбар, санал авах “СОНСОХ АЖИЛЛАГАА”-г зохион байгуулахдаа ЗЕХ-ийн 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна, 29.1.Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж заасан байдаг аж. Үүний дагуу УБЕГ-ын Хяналт шалгалтын газраас 2019 оны 08-р сарын 02-ны өдөр маргалдагч талуудыг итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчдийн хамт байлцуулан “СОНСОХ АЖИЛЛАГАА”-г албан ёсоор зохион байгуулсан аж. ЗЕХ-ийн дагуу “СОНСОХ АЖИЛЛАГАА”-г даргалсан УБЕГ-ын ХШГ-ын хяналтын улсын байцаагч Т.Золбаяр энэ үеэр УБЕГ-ын Хяналт шалгалтын газарт ирүүлсэн өргөдлийн талаар өмгөөлөгчдөөс хууль, эрх зүйн саналуудыг үндэслэн, талуудаас лавлаж тодруулан тайлбар авч, эцэслэн шийдвэр гаргахдаа “Жавхлант орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Meng He Qi Lu-г томилсон БНХАУ-ын иргэн Liu Tao-гийн шийдвэр хууль бус болсныг хэлж, холбогдох бичиг баримт нь дутуу хийгдсэн учраас бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлт гаргаж, талууд өөрсдийнхөө бичиг баримтыг бүрдүүлээд дахин бүртгэлийн үйл ажиллагаа хийлгэх эрх нь нээлттэй гэж хэлсэн байдаг. Гэтэл 7 хоногийн дараа УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг гэгч тус “СОНСОХ АЖИЛЛАГАА”-ны үеэр хийгдсэн протокол, талуудыг байлцуулан албан ёсоор танилцуулсан шийдвэрийг албаар нуун дарагдуулж, эсрэг шийдвэр болгон өөрчилж гаргасныг онцгой анхаарч, шалгах нь зүйтэй санагддаг. Яаж ч бодсон тус байгууллагын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Ганзориг нь тус албан тушаалыг албан ёсоор хашихгүй байгаа учраас яг л “хоноцын сэтгэлгээ”-ээр хандаж, улсын хяналтын байцаагч Т.Золбаярын “СОНСОХ АЖИЛЛАГАА”-ны үеэр гаргасан дүгнэлтийг эс тооцон, шууд үндэслэлгүй эсрэг шийдвэр гаргасан нь ямар нэг гадны нөлөөлөл орж, хээл хахуульд өртөгдсөн байж болзошгүй гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Энэ бол тухайн мэргэжлийн байгууллагынхаа дотоод үйл ажиллагааг мэддэггүй, хууль, эрх зүйн мэдлэг сул, ажил мэргэжилдээ хайнга ханддаг хүмүүсийн хийдэг ажил. Үүнийг толгойлж яваа нөхдүүд ч гэсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг судалж мэдээгүй байдал нь энэ асуудлыг шийдэхгүйгээр 6-7 сар болгож удаашруулж байгаа нь УБЕГ нь энэ мэт ажилдаа хариуцлагагүй ханддаг, мэргэжлийн ёс зүйгүй хүм үүсийг ажидд томилдогтой холбоотой нь харагдана.
 
Тэгэхээр асуудлын гол цөм нь зөвхөн ТӨРД өөрт нь байгаа бөгөөд төрийн үйл ажиллагааг гуйвуулан хэрэгжүүлдэг дээрх увайгүй төрийн алба хаагчдаас болж байна. Ямар аргаар, хэний тушаал заавраар хуулийн этгээдийн албан ёсны өмч хөрөнгийг ямар нэгэн цензүргүйгээр, шалгаж нягтлахгүйгээр шууд улсын бүртгэлийн гэрчилгээнд хөдөлгөөн хийж, тамга тэмдгийг шилжүүлэн хууль зөрчсөн үйлдэл хийхдээ өчүүхэн ч айж эмээхгүйгээр “бөх зүрх” гаргасныг олж илрүүлж, алдаа дутагдлыг нэн даруй засахыг хохирогч тал шаардаж байгаа албан ёсоор дуулгачихъя. Хуулийн өмнө хүн бүхэн эрх тэгш эрхтэйгээр оршиж, үүрэг хариуцлага оноож, хохирсон иргэнийг хамгаалах нь төрт ёсны уламжлалт аль ч улс орны хувьд байдаг хэвийн зүйл. Гэтэл өнөөдөр төрийн алба хашигчид нь оймс түрийндээ хахуулийн мөнгөө хээвнэг нуучихаад нэр төр, алдар хүндийн асуудал яриад зогсож байгааг юу гэж ойлгох вэ? Төр засаг нь эгэл ард иргэддээ төмөр нударгаа харуулж, төрийн албыг хойш татаж, чангаасаар ирсэн төрлийн хэлхээ холбоонд ялзарсан төрийн албаны жинхэнэ чиг үүргийг хэрэгжилт, биелэлтийг хэрхэн хангаж бас ажиллаж чадахыг Засгийн газрын тэргүүнээс хүсэж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Иргэдэд хохиролгүй, ААН-үүдэд гарзгүй хууль журмын дагуу бүхий л төрийн чиг үүрэг хэрэгждэг, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг, эргээд хариуцлага тооцож чаддаг төрийн машины зөв механизм-хөдөлгүүрийг ард түмэн хүлээж байгаа нь нууц биш. 4 жилийн хугацаатай сонгууль бүрийн дараачаар ёс юм шиг байнга өөрчлөгдөж байдаг төрийн албаныханы хүнд суртал, их зан, “хуулийг гууль болгодог” явуургүй арга заль, хээл хахуулийн мөнгөн дүнгээс ард иргэд үнэхээр цөхөрч бас залхаж байна. Засгийн газраас хэрэгжүүлэгч агентлагуудыг зөв голдиролд нь оруулах гэж маш олон тогтоол, шийдвэрийг баталдаг боловч доогуурх хэрэгжүүлэх ёстой газар, агентлагийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд нь замын дундаас хуулийн биелэлтийг тасалдуулж, замхруулаад зогсохгүй олон мянган иргэний, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчиж, санхүүгийн хувьд хямралд оруулж, алдагдалд хүргэдэг гаж тогтолцооноос салах цаг нэгэнт болжээ. Шүүхийн хүрээнд шийдэгдэж буй ихэнх хэргүүд төрийн албаны чадваргүй, сэтгэлгүй, мөнгөнд идэгдсэн төрийн алба хаагчдаас болж санхүүгийн хямралд өртөгдөж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах аргагүй болтлоо сульдан доройтсон иргэн хийгээд ААН-үүдийн гомдол, хүсэлт, өргөдөлд булагдсан нь бодит үнэн. Шүүхийн гурван үе шатаар хэрэг заргаа шийдүүлэхээр явж байх хугацаанд олон иргэн, ААН-үүд дампууран үүд хаалгаа барьж, олон зуун иргэд ажлын байргүй болж байгаа гашуун туршлагыг бид мартаж болохгүй бөгөөд нийгмийн хөгжилд саад тотгор учруулж байгаа тод жйшээ нь энэ.
Төрийн албаны хээл хахуульд идэгдсэн зарим нэг албан тушаалтны ганцхан удаа гаргасан хууль бус шийдвэрээс болж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид нүүр буруулж, улс орны хөгжил дэвшлээс хойш чангааж, иргэдийн амьжиргааг залгуулдаг ажлын байрыг үгүй хийж байгаатай эвлэрэх ёсгүй. Ард олны татварын мөнгөөр санхүүжиж, олон нийтэд үйлчлэхдээ “чих зөөлөнтэй” байх ёстой төрийн албаныхан өнөөдөр хэт их сагаж, түмэн олныг чирэгдүүлж байгаатай төр засаг болоод хууль хяналтын байгууллагынхан дуугүй хараад сууж болохгүй.
 
Ер нь УБЕГ-ын Хяналт шалгалтын газар нь ямар чиг үүрэгтэй төрийн алба гэдгийг эхлээд анзаарсан нь дээр. Мэдээж юуны түрүүнд иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих; зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт, эд юмсыг акт үйлдэн хураан авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах; Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх; Зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж, хэрэгжүүлж ажиллах гэсэн маш тодорхой, хэнд ч ойлгомжтой чиг үүрэггэй газар.
Эцэст нь Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа төрийн алба хаагчдын энэ мэт ёс зүйгүй байдал, хууль бус үйлдэл, өөрийн ажилдаа эзэн болж чадахгүй зэрэг нь төрийн засаг захиргааны нэгжийн анхан шатандаа ийм маягтай байвал иргэд төрд итгэх итгэлгүй болох болно. Тиймээс төрийн албан хаагчдыг чанаржуулж чадавхжуулах, сургаж судлах ажил нь зайлшгүй таны анхаарлын төвд байх ёстой сэдэв болж байна. Ийм мэт төрийн албан хаагчдын хариуцлагагүй үйлдэл, алдаа дутагдлаас болж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль зөрчигдөж, иргэд олон нийтэд буруу зөрүү ойлголт өгөх ноцтой нөхцөл байдал үүсгэж байна. Цаашид ч ийм увайгүй, унхиагүй, хариуцлагагүй, ёс зүйгүй байдал ахин дахин гарахыг үгүйсгэхгүй гэдэг үгээр энэхүү нийтлэлийг өндөрлөе.
 
Хуульч М.Намжилжав 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ККК
28 өдрийн өмнө / 112.72.12.6

60 ТЭРБУМЫН ХҮҮХДҮҮД ИНГЭНЭЭ