Даваасүрэн шиг даварчихсан гишүүнийг дараад өгдөг парламенттай болъё оо

: 17 өдрийн өмнө / 2019-09-06 09:21:14

-За тэгээд авчих юм уу, яах юм? Даваасүрэн гишүүний томорч байгаа, тодорч байгаа гэж жигтэйхэн. Картаа сугалж барьчихаад, гараа дээр гэгч өргөчихөөд танхим нэгт ангийнхныхаа өмнө үнэд орж байгаа нь тэр. Мань эр өөрийгөө сайхан харагдаж байгаа гэж эндүүрсэн. Үнэндээ бол ЭХ-ний сайд энэ нөхөр хэрхэн биеэ үнэлдэгээ л харуулав. Саналаа зарах гээд байгаа юм уу, худалдах гээд байна уу, эсвэл авдаг юмаа авч байж кнопоо дарна гэдгээ харуулав уу? Энэ зунжин нөгөө хэдэн муу хэлүүлж модоор цохиулдаг парламентийнхан маань гацаанаас гарчих санаатай Үндсэн хуулийн өөрчлөлтөд уяатай зуслаа. Надаас эхлээд "Хэдүүлхнээ язгуур хууль ярилаа" гээд зөндөө шүүмжлэв. Содбилэг, Номтойбаяр, Ж.Эрдэнэбат гээд залуус голдуу хуралдаа ирэхгүй. Ирсэн заримынх нь заримдаг цөөнх нь Даваасүрэн шиг шоудаж гоцрох гэж л бараагаа харуулна. Ганболд нарын нусаа арилгаж чаддаггүй зарим нь картаа шургуулчихаад толгой дээгүүр онгоцоор нисээд алга болно. Шургуулсан карт нь толгойгүй хүн шиг үргэлжид татгалзсан санал өгөөстэй. Өдрийн турш ямар чухал асуудал хэлэлцэх нь, ямар санал өгөх нь тэр Ганболд мэтэд ерөөс хамаа алга. Төр нь юу ч биш, түмэн нь хэн ч биш түшээ байна гээд бод доо.

Ажиглаад байхад Үндсэн хуулийг өөрчлөөд миний суудлыг жижгэсгээд, миний эрх мэдлийг бусниулчих вий гэсэн айдас олон гишүүнд байна аа. 99 гишүүнтэй болчихвол энэ мэтийн үнэд орогчдын санал зууд ганц хувь. Кнопоо үнэд хүргэж авлига, албан тушаалаар зардаг нөхдүүд 100 гишүүний өмнө жижигдэхээ мэдээд, жингийн туухайгаа арилжиж чадахгүйгээ ойлгоод хойшоо мөн ч их чангааж байна даа. Тэгдэггүй юм, найзууд аа. Та нарын үеэр Монголын төр дуусахгүй. Цаашаа амьдармаар, урагшилмаар, хөгжмөөр байна. Энэ түүхэн цаг үеийг ашиглан олноороо хэлэлцэж, бөөнөөрөө ярилцаад Үндсэн хуулиа өөрчилмөөр байна. Төрийн гурван өндөрлөгийнхөө нэгийг урагш түлхэж, хариуцлага хүлээх төртэй, үүрэг үүрэх эзэнтэй болмоор байна.

Улс орныхоо асуудлыг 99 шүүлтүүрээр шүүж байж алхдаг болмоор байна. За бусад орны жишгээр бол 100 гаруй гишүүнтэй байсан ч яадгийн. Даваасүрэн, Оюунхорол нарын ганц нэгхэн хүн хор найруулж, хоол хутгаж амжихгүй, тэр олон гишүүний өмнө балчирддаг юм байгаа биз дээ. Үнэндээ бол бид 76 гишүүнтэй нэртэй, ганц хүн тоглочихож, хорлочихож, үнэрхчихэж, худалдчихаж болох хөгийн парламенттай 30 жил гүрийлээ, гурайтлаа. Нэгхэн хүнээс хамаардаг бяцхан парламенттай Одойн вант улс баймааргүй байна! Хэн дуртай нь хилээр туугаад гардаг хэдэн муу адуу шиг энэ парламентийг салхи эргэхэд сарваа даагаа хамаад нутаг эргэдэг сүрэг болгож өгөөч! За тэгээд намайг худалдагдсан гэнэ үү, хулгайлагдсан гэнэ үү, хамаагүй. Олон гишүүнтэй байхын ач холбогдлыг, хараа хяналтгүй шүүхтэй байхын утга учрыг, сонгуулийн холимог тогтолцооны үнэ цэнийг бичсээр байгаа, бичих ч болно. Гацаанд гандаж, гундаж ханав.

Нийтлэлч Р.Эмүжин
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Unshigch
14 өдрийн өмнө / 66.181.189.80

Gishuun nertei nair gesej hamraa sohson edgeer heden durakuud dahin buu uzegdeg.7 uuliin tsaaguur burhan mini.